Шүүх хуралдааны нийтлэг журам
Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй. Шүүх хуралдаан нь тогтоосон дэг, хуульд заасан журам дарааллын дагуу явагдах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг үе шат юм.
Шүүх хуралдаанд оролцогч мэдүүлэг, тайлбар өгөх, дүгнэлт гаргахдаа суудлаасаа босно. Хуралдаанд оролцогч өвчний улмаас хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр суугаагаараа үг хэлэх буюу мэтгэлцэхэд оролцож болно.
Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч хуралдааны танхимд орж ирэх, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үед танхимд байгаа бүх хүн суудлаасаа босно.
Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
3өрчлийн улмаас хэргийн оролцогч, гэрч, шинжээчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан тохиолдолд шүүх хуралдааныг хуралдаан даргалагчийн захирамжаар тодорхой хугацаагаар хойшлуулах, эсхүл тэдгээрийн тайлбар, мэдүүлгийг сонсохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч үзвэл үргэлжлүүлэн явуулна. Уг этгээд хүсвэл шүүх хуралдааны үйл ажиллагааны талаар тэмдэглэлээс танилцуулж болно.