МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 15 өдөр                                                                                                                                                        Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Монгол Улсын шүүхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."дагнасан шүүх" гэж эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулсан шүүхийг;

3.1.2."нөлөөллийн мэдүүлэг" гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг;

3.1.3."шүүгч" гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг;

3.1.4."шүүх" гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг.

4 дүгээр зүйл.Шүүхийн эрхэм зорилго

Хэвлэх

4.1.Шүүх дараах эрхэм зорилготой байна:

4.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлж, хамгаалах;

4.1.2.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх;

4.1.3.хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх;

4.1.4.шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ

5 дугаар зүйл.Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал

Хэвлэх

5.1.Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.

5.2.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.

5.3.Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно.

5.4.Шүүх нь Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу нийлүүлэх эд хөрөнгө, зээл, тусламж, олон улсын болон хүмүүнлэгийн тусламжийн төсөл, хөтөлбөрөөс бусад хэлбэрээр хандив, санхүүгийн туслалцаа авахыг хориглоно.

5.5.Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй байна.

5.6.Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана. Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.

5.7.Шүүхийн төсөв Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, дагнасан шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/, Шүүхийн сахилгын хороо /цаашид "Сахилгын хороо" гэх/-ны төсвөөс бүрдэнэ.

5.8.Шүүхийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдал болон судалгаа, мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байх ба түүний эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

5.9.Шүүх өөрийн байртай байх бөгөөд шүүх, шүүхийн захиргааны байгууллагын байр төрийн хамгаалалтад байна.

5.10.Шүүхийн байранд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээс өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

5.11.Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.

6 дугаар зүйл.Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах

Хэвлэх

6.1.Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

6.2.Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.

6.3.Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.

6.4.Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, эсхүл харшилсан гэж үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний талаарх саналаа Улсын дээд шүүхэд гаргана.

7 дугаар зүйл.Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх

Хэвлэх

7.1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

8 дугаар зүйл.Мэтгэлцэх зарчим

Хэвлэх

8.1.Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна.

8.2.Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана.

8.3.Шүүх хуралдааны үеэр мэтгэлцэх журмыг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар зохицуулна.

9 дүгээр зүйл.Гэм буруутайд тооцож үл болох

Хэвлэх

9.1.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.

10 дугаар зүйл.Шүүхийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо

Хэвлэх

10.1.Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.

11 дүгээр зүйл.Шүүн таслах ажиллагаа явуулах хэл

Хэвлэх

11.1.Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.

11.2.Монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал хүн өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.

12 дугаар зүйл.Шүүхийн үйл ажиллагаанээлттэй, ил тод байх

Хэвлэх

12.1.Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна.

12.2.Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна.

12.3.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдааны явцын дууны, дуу-дүрсний бичлэгийг зохих журмын дагуу баталгаажуулж, архивт хадгална.

12.4.Шүүх өөрийн цахим хуудастай байх бөгөөд шийдвэр, үйл ажиллагаагаа олон нийтэд тогтмол мэдээлнэ.

12.5.Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлнэ. Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журмыг Ерөнхий зөвлөл батална.

12.6.Төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр нэвтрүүлж болох бөгөөд холбогдох журмыг Ерөнхий зөвлөл батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГМОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО

13 дугаар зүйл.Шүүхийн тогтолцоо

Хэвлэх

13.1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлнэ.

13.2.Монгол Улсын шүүхийн тогтолцоо зохион байгуулалтын хувьд бие даасан байх бөгөөд Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ.

13.3.Шүүхийг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулж болох бөгөөд дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

13.4.Анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг тойргийн зарчмаар байгуулахад энэ хуулийн 14.3-т заасныг харгалзахаас гадна шүүхэд хандах иргэний эрхийн баталгааг хангах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байна.

14 дүгээр зүйл.Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах

Хэвлэх

14.1.Шүүхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан журмын дагуу зөвхөн хуулиар байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.

14.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

14.3.Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтооход түүний харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл, тоог харгалзан үзнэ.

14.4.Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх энэ хуулийн 13.4, 14.3-т заасан шалгуур үзүүлэлтийг Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхтэй зөвшилцөн батална.

15 дугаар зүйл.Шүүхийн бүрэлдэхүүн

Хэвлэх

15.1.Бүх шатны шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ.

15.2.Шүүхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлнэ.

15.3.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний бүрэн эрх, шүүгчийн нийтлэг бүрэн эрхийг энэ хуулиар, шүүгчийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой бүрэн эрхийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухайлсан хуулиар зохицуулна.

15.4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч томилогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа танхимын тэргүүн орлон гүйцэтгэнэ.

15.5.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч сонгогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа танхимын тэргүүн, эсхүл шүүгч орлон гүйцэтгэнэ.

15.6.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч адил шатны өөр шүүхэд томилолтоор ажиллаж болно. Томилолтоор ажиллахтай холбоотой харилцааг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар зохицуулна.

16 дугаар зүйл.Шүүгчийн нийтлэг бүрэн эрх

Хэвлэх

16.1.Шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.шүүх хуралдааныг даргалах;

16.1.2.шүүх хуралдааныг товлон зарлаж, оролцогчдыг тогтоох;

16.1.3.шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах;

16.1.4.хэрэг, маргааныг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох;

16.1.5.хуульд зааснаар дангаар хянан шийдвэрлэх хэрэг, маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэх;

16.1.6.шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах;

16.1.7.энэ хуулийн 20.1-д заасан Нийт шүүгчийн чуулганд оролцох;

16.1.8.шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг, журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хуралдааны дэг зөрчсөн хэргийн оролцогч болон бусад этгээдэд хуульд заасан арга хэмжээ авах, шийтгэл оногдуулах;

16.1.9.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэх, хуульд зааснаар Ерөнхий шүүгчийг орлох;

16.1.10.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх;

16.1.11.багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх;

16.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.

16.2.Шүүгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, бусад мэдээлэл, тэдгээрийн хуулбарыг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргуулан авах эрхтэй бөгөөд тухайн этгээд шүүгчийн шаардсан баримт бичиг, мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.

16.3.Шүүгч энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийг үрэгдүүлэхгүй байх, эх хувиар авсан баримт бичгийг буцааж өгөх үүрэг хүлээнэ.

17 дугаар зүйл.Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

17.1.Ерөнхий шүүгч энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх;

17.1.2.энэ хуулийн 19.1-д заасан Шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

17.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах;

17.1.4.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдолд шүүхийн Тамгын газраас хариу өгч байгаа ажиллагаанд хяналт тавих;

17.1.5.шүүгчид энэ хуулийн 72.1.10-т зааснаас богино хугацааны чөлөө олгох эсэхийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх, хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг дангаар олгох;

17.1.6.танхимын тэргүүний ажлыг уялдуулах;

17.1.7.шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар Шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл хийх;

17.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

17.2.Ерөнхий шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцохдоо давуу эрх эдлэхгүй.

17.3.Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.

18 дугаар зүйл.Танхимын тэргүүний бүрэн эрх

Хэвлэх

18.1.Танхимын тэргүүн энэ хуулийн 16.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.танхимыг тэргүүлж, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангахад танхимын шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлыг уялдуулан зохион байгуулах;

18.1.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй асуудлаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд шүүхийн Тамгын газарт туслалцаа үзүүлэх;

18.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

18.2.Танхимын тэргүүн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо давуу эрх эдлэхгүй.

18.3.Танхимын тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.

19 дүгээр зүйл.Шүүгчдийн зөвлөгөөн

Хэвлэх

19.1.Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид "Зөвлөгөөн" гэх/ ажиллана.

19.2.Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

19.2.1.тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг хуульд өөрөөр заагаагүй бол тогтоох;

19.2.2.шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох;

19.2.3.шүүгчийг мэргэшүүлэх сургалтын саналаа энэ хуулийн 24.1-д заасан Хүрээлэнд хүргүүлэх;

19.2.4.тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох;

19.2.5.энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах;

19.2.6.энэ хуулийн 17.1.7-д заасан мэдээлэлтэй танилцах;

19.2.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

19.3.Энэ хуулийн 19.2.5-д заасан журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана:

19.3.1.шүүх хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан даруй хуваарилалтыг хийх, Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй хамгаалалттай байх, хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдэд шууд өгөх боломжтой байх;

19.3.2.цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх.

19.4.Энэ хуулийн 19.2.5-д заасан журам олон нийтэд нээлттэй байна.

19.5.Зөвлөгөөн ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит зөвлөгөөнийг улиралд нэгээс доошгүй удаа, ээлжит бус зөвлөгөөнийг тухайн шүүхийн шүүгчдийн гуравны нэг, эсхүл танхим, эсхүл Ерөнхий шүүгчийн саналаар хуралдуулна.

19.6.Шүүгч Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцах, санал гаргах, хуралдаанд оролцох тэгш боломжоор хангагдах бөгөөд шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй, шуурхай, үндэслэл бүхий байна.

19.7.Зөвлөгөөн хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.

19.8.Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

20 дугаар зүйл.Нийт шүүгчийн чуулган

Хэвлэх

20.1.Бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдаан /цаашид "Нийт шүүгчийн чуулган" гэх/-ыг хоёр жил тутам зохион байгуулна.

20.2.Нийт шүүгчийн чуулганаар дараах асуудлыг шийдвэрлэнэ:

20.2.1.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах;

20.2.2.шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах;

20.2.3.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонсох;

20.2.4.энэ хуулийн 19.2.5-д заасан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах;

20.2.5.шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцэх, зөвлөмж гаргах.

20.3.Нийт шүүгчийн чуулган хуралдааны дэгээ өөрөө тогтооно.

20.4.Нийт шүүгчийн ээлжит бус чуулганыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл бусад шүүхийн Ерөнхий шүүгчдийн гуравны нэг, эсхүл нийт шүүгчийн тавны нэгээс доошгүйн саналаар хуралдуулна.

20.5.Нийт шүүгчийн олонх оролцсоноор чуулганыг хүчинтэйд тооцох бөгөөд асуудлыг чуулганд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэнэ.

20.6.Нийт шүүгчийн чуулганд шүүгч биечлэн оролцох боломжгүй тохиолдолд түүнийг цахимаар санал өгөх боломжоор хангана.

20.7.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигч шүүгчийг нууц санал хураалтаар сонгоно.

20.8.Нийт шүүгчийн чуулганы шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

20.9.Нийт шүүгчийн чуулганыг Улсын дээд шүүхийн Зөвлөгөөнөөс сонгосон хоёр, нийслэлийн эрүү, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг /цаашид "Ажлын хэсэг" гэх/ зохион байгуулна.

20.10.Ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулж дуусах хүртэл ажиллах бөгөөд ахлагчаа дотроосоо нууц санал хураалтаар сонгоно. Ерөнхий зөвлөлийн ажлын алба Нийт шүүгчийн чуулганы зохион байгуулалтын асуудлаар Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх бөгөөд чуулганы баримтыг архивлах асуудлыг хариуцна.

20.11.Нийт шүүгчийн чуулган даргалагчаа дотроосоо сонгоно.

20.12.Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх асуудлын саналыг тоолох үүрэг бүхий тооллогын комисс ажиллана. Тооллогын комиссын бүрэлдэхүүнд хяналтын болон давж заалдах шатны шүүхээс тус бүр хоёр, анхан шатны шүүхээс гурван шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Комиссын даргыг гишүүд дотроосоо сонгоно.

20.13.Энэ хуулийн 20.2.3-т заасан тайланг Нийт шүүгчийн чуулганаар сонсохдоо хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд дүгнэлт, шийдвэр гаргахгүй.

21 дүгээр зүйл.Шүүхийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, албан хэрэг хөтлөлт

Хэвлэх

21.1.Шүүх соёмбо, өөрийн нэр бүхий тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэгтэй байх бөгөөд албан бичгийн болон шүүхийн шийдвэрийн хэвлэмэл хуудас хэрэглэх, хуульд нийцүүлэн баталсан албан хэрэг хөтлөх журамтай байна.

22 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр

Хэвлэх

22.1.Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.

22.2.Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална.

22.3.Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна.

22.4.Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна:

22.4.1.анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр;

22.4.2.давж заалдах шатны шүүх магадлал;

22.4.3.хяналтын шатны шүүх тогтоол.

22.5.Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

22.6.Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй.

22.7.Шүүх бүрэлдэхүүнд оролцсон бүх шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна.

22.8.Хуульд өөрөөр заагаагүй бол бүх шатны шүүх шийдвэрээ шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санд байршуулна. Шүүхийн шийдвэрийг эмхэтгэн хэвлэж болно.

22.9.Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлнэ.

22.10.Олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ.

22.11.Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана.

23 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

Хэвлэх

23.1.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

23.2.Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

23.3.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

23.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.

24 дүгээр зүйл.Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн

Хэвлэх

24.1.Шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн /цаашид "Хүрээлэн" гэх/ Улсын дээд шүүхийн дэргэд ажиллана.

24.2.Хүрээлэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах чиг үүрэг бүхий бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий зөвлөл, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус хороотой байна.

24.3.Хүрээлэнгийн бүтэц, орон тоо, ажиллах журам, шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн батална.

24.4.Зөвлөгөөн болон шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг зургаан сар хүртэл хугацаагаар Хүрээлэнд судлаачаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно.

24.5.Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар сургалтын хөтөлбөр, арга зүйд тусгахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГУЛСЫН ДЭЭД ШҮҮХ

25 дугаар зүйл.Улсындээд шүүх, түүний бүрэн эрх

Хэвлэх

25.1.Улсын дээд шүүх Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн.

25.2.Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэн, захиргааны хэргийн зэрэг дагнасан танхимтай байна.

25.3.Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөн шүүгчээс бүрдэнэ.

25.4.Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана.

25.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч энэ хуулийн 25.2-т заасан танхимын аль нэгд харьяалагдана.

25.6.Улсын дээд шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.

25.7.Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.7.1.хуулиар тусгайлан харьяалуулсан тохиолдолд хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

25.7.2.энэ хуулийн 25.7.1-д заасан болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх;

25.7.3.хуульд заасан үндэслэлээр Улсын дээд шүүхийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг томилох;

25.7.4.хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох;

25.7.5.Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:

25.7.5.а.анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;

25.7.5.б.хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;

25.7.5.в.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

25.8.Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.8.1.хуульд тусгайлан заасан тохиолдолд Улсын дээд шүүхэд хэрэг, маргааны төрлөөр дагнасан танхим байгуулах, бүрэлдэхүүнийг батлах;

25.8.2.давж заалдах шатны шүүхэд шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхим байгуулах асуудлыг тухайн шүүхийн Зөвлөгөөний саналыг үндэслэн хэлэлцэж, шийдвэрлэх;

25.8.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүхийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалтай холбогдсон хууль тогтоомжийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид хүргүүлэх, бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хууль санаачлагчид уламжлах;

25.8.4.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;

25.8.5.хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;

25.8.6.энэ хуулийн 73.2-т заасан Ерөнхий зөвлөлийн саналын дагуу, эсхүл энэ хуулийн 6.4-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах;

25.8.7.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах;

25.8.8.улс төрийн намын бүртгэл хөтлөх;

25.8.9.хуульд заасан бусад бүрэн эрх.

26 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан

Хэвлэх

26.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн 25.7.3, 25.7.4, 25.8-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.

26.2.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл энэ хуульд заасны дагуу түүний албан үүргийг нь орлон гүйцэтгэж байгаа Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн даргална.

26.3.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

26.4.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар асуудлыг нийт шүүгчийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

26.5.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан дэгээ өөрөө тогтооно.

27 дугаарзүйл.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

27.1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч энэ хуулийн 17.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

27.1.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнийг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, даргалах;

27.1.2.Улсын дээд шүүхийг гадаад харилцаанд төлөөлөх;

27.1.3.Улсын дээд шүүхийн шүүгчид гадаад, дотоод ажлын томилолт олгох;

27.1.4.танхим хоорондын ажлыг уялдуулан зохион байгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бусад шаардлагатай гэж үзсэн асуудлыг хэлэлцүүлэхээр танхимд хуваарилах;

27.1.5.Зөвлөгөөнд танилцуулснаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга, Хүрээлэнгийн захирлыг томилох, чөлөөлөх;

27.1.6.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газартай Улсын дээд шүүхийг төлөөлөн харилцах;

27.1.7.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан өргөдөл, гомдолд албан бичгээр хариу өгөх;

27.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

28 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн танхимын бүрэн эрх

Хэвлэх

28.1.Улсын дээд шүүхийн танхим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцүүлэн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн харьяаллыг тогтоох;

28.1.2.хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол залруулга хийх;

28.1.3.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд оруулах;

28.1.4.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнийг зарлан хуралдуулах талаар Ерөнхий шүүгчид санал гаргах;

28.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

ТАВДУГААР БҮЛЭГДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

29 дүгээр зүйл.Давж заалдах шатны шүүх, түүний бүрэн эрх

Хэвлэх

29.1.Давж заалдах шатны шүүх нь аймаг, нийслэлийн болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс бүрдэнэ.

29.2.Давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно.

29.3.Давж заалдах шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болно. Танхимыг тухайн шүүхийн Зөвлөгөөний саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн батална.

29.4.Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч энэ хуулийн 29.3-т заасан танхимын аль нэгд харьяалагдана.

29.5.Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

29.5.1.хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх;

29.5.2.хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

29.5.3.хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн харьяаллын талаар доод шатны шүүх хооронд гарсан маргааныг шийдвэрлэх;

29.5.4.шүүн таслах ажиллагааны практикийг судалж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

29.5.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГАНХАН ШАТНЫ ШҮҮХ

30 дугаар зүйл.Сум буюу сум дундын, дүүргийн болон захиргааны хэргийн шүүх, түүний бүрэн эрх

Хэвлэх

30.1.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх болон аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт анхан шатны шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлнэ.

30.2.Анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно.

30.3.Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болно.

30.4.Энэ хуулийн 30.3-т заасан танхимыг тухайн шүүхийн Зөвлөгөөний саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн батална.

30.5.Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийж болох бөгөөд нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл батална.

30.6.Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

30.6.1.хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

30.6.2.анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

30.6.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

ДОЛДУГААР БҮЛЭГШҮҮГЧИД ТАВИХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА

31 дүгээр зүйл.Шүүгчид тавих болзол, шаардлага

Хэвлэх

31.1.Шүүгч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:

31.1.1.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

31.1.2.шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй;

31.1.3.шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх;

31.1.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;

31.1.5.шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх.

31.2.Шүүгчээр томилогдон ажиллахад харшлах өвчний жагсаалт болон энэ хуулийн 40.2.2-т заасан эрүүл мэндийн шалтгааныг тогтоох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.

31.3.Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ хуулийн 31.1-д зааснаас гадна анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан байна.

31.4.Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 31.1-д зааснаас гадна дараах шаардлагын аль нэгийг хангасан байна:

31.4.1.шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан;

31.4.2.прокурор, эсхүл өмгөөлөгчөөр дагнан 10-аас доошгүй жил ажилласан;

31.4.3.магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуульд 10-аас доошгүй жил багшилсан.

31.5.Сүүлийн зургаан жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байсан хүнийг шүүгчээр томилохыг хориглоно.

31.6.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь энэ хуулийн 31.4.1-д заасан шүүгч байна. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан байна.

НАЙМДУГААР БҮЛЭГШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТОМИЛОХ

32 дугаар зүйл.Шүүгчийг сонгон шалгаруулах журам

Хэвлэх

32.1.Хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах, шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажлыг Ерөнхий зөвлөл нээлттэй, ил тод, хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг баримтлан зохион байгуулна.

32.2.Ерөнхий зөвлөл дараах хугацаанд шүүгчийн сонгон шалгаруулалтын зарыг өөрийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ:

32.2.1.шүүгч энэ хуулийн 47.6-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол тэтгэвэр тогтоолгох өдрөөс 120-оос доошгүй хоногийн өмнө Ерөнхий зөвлөлд мэдэгдэх бөгөөд сул орон тоо гарахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө;

32.2.2.шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэхээр бол сул орон тоо гарахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө;

32.2.3.энэ хуулийн 32.2.1, 32.2.2-т зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн сул орон тоо гарсан бол тухайн өдрөөс хойш 14 хоногийн дотор.

32.3.Энэ хуулийн 32.2-т заасан зард шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх болзол, шаардлага, өргөдөл, хавсралт баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, сонгон шалгаруулах хугацаа, журам, газрыг тодорхойлсон байна.

32.4.Энэ хуулийн 32.2-т заасан зарыг тухайн шүүгчийн ажиллах аймаг, нийслэлийн өдөр тутмын хэвлэлд нийтэлж болно.

32.5.Ерөнхий шүүгч тухайн шатны шүүхийн шүүгч, эсхүл өөрөө шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэхээс 120-оос доошгүй хоногийн өмнө, бусад үндэслэлээр шүүгчийн сул орон тоо гарсан бол Ерөнхий зөвлөлд ажлын таван өдрийн дотор мэдэгдэнэ.

33 дугаар зүйл.Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх

Хэвлэх

33.1.Энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан иргэн энэ хуулийн 32.2-т заасны дагуу зарыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүгчид нэрээ дэвшүүлж, өргөдөл гаргах эрхтэй.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасны дагуу өргөдөл гаргагч нь энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан болзол,