Шүүх хуралдааныг нээх
Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлаж мэдэгдэж, танхимд байгаа хүмүүст суухыг зөвшөөрнө.
Шүүх хуралдааны ирц ба түүнд оролцох эрхийг шалгах
Шүүх хурадааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй этгээдэд мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг даргалагчид илтгэн танилцуулна .Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана.
Зохигч, оролцогч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдох
Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.
Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана.
Хариуцагч, түүний төлөөлөгч өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад барит нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.
Орчуулагч, хэлмэрчийн үүргийг тайлбарлах
Шүүх хуралдаан даргалагч орчуулагч, хэлмэрчид түүний үүрэг, буруу орчуулж хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
Гэрчийг гаргах
Шүүх хуралдаанд дуудагдсан гэрчийг шүүх хуралдааны танхимаас түр гаргана. Гэрчүүдийг хооронд нь харилцуулахгүй байлгах талаар шүүх хуралдаан даргалагч арга хэмжээ авна.
Шүүх бүрэлдэхүүнийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлах
Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид тайлбарлан өгнө.
Хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах
Шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгнө.
Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх
Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ.
Хэрэг хэлэлцэж эхлэх
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ.
Зохигч, оролцогч мэтгэлцэх
Зохигч, хэргийн бусад оролцогч мэтгэлцэх, тайлбар гаргахын өмнө шүүх хуралдаан даргалагч тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулна.
Нотлох баримт шинжлэх, асуулт тавих дараалал
Гэрч, зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээс шүүх хуралдаанд оролцогч дараахь дарааллаар асуулт тавина.
Шүүх хуралдаан даргалагч
Шүүгч иргэдийн төлөөлөгч
Нотлох баримт гаргаж буй этгээд
Нотлох баримтыг эсэргүүцэж буй этгээд
Гэрчийн мэдүүлгийг сонсох
Шүүх хуралдаан даргалагч гэрчийг шүүх хуралдааны танхимд оруулж, түүний үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна. Гэрч бүрийг тус тусад нь асууна. Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа эцэг, эх, харгалзан дэмжигч, эсхүл сурган хүмүүжүүлэгчийг оролцуулна. Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг сонссоны дараа түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргана.
Бичмэл болон эд мөрийн баримтыг шинжлэх
Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна. Хуульд заасан төр, байгууллага, хувь хүний нууцтай холбогдсон баримтыг шүүх хуралдаанд танилцуулахгүй.
Шинжээчийн дүгнэлт сонсгох
Шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.
Хэргийн оролцогчоос нэмж тодруулах
Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах
Иргэдийн төлөөлөгч, маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана. Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалгааны улмаас бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болно.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орох
Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно.