ИРГЭНИЙ ХЭРЭГТ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ ТУХАЙ

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар:

Иргэн таны нэхэмжлэл /өргөдөл/-тэй хэргийг анхан шатны журмаар буюу Сум , дүүргийн  шүүх хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-т зааснаар:

Иргэн та давж заалдах гомдлоо улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт  таньд холбогдолтой хэргийг шийдвэрлэсэн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах эсхүл Мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

Таны давж заалдах гомдлыг шүүх хүлээн аваад эсрэг талд танилцуулан бичгийн тайлбар авч болно.  Аймаг, нийслэл дэхь Давж заалдах шатны шүүхэд таны гомдлыг хэргийн хамт 3 хоногийн хүргүүлнэ.

Давж заалдах шатны шүүх нь таны гомдолтой хэргийг хүлээн авч хуульд зааснаар 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай бол дахин 30 хоногийн хугацаагаар сунгаж болно.

Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар:

Давж заалдах гомдлыг бичгээр гаргаж дараах зүйлийг заана.

           1.гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа

           2.гомдол гаргаж  буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, /байгууллага бол дарга гарын үсгээ зурж, тамга дарсан байх/

            4.аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа

            5.шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаагаа бичиж гарын үсгээ зурна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлээд магадлал гаргана энэхүү магадлалыг хэргийн талууд эс зөвшөөрвөл Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар

  • Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн,
  • хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар /Улсын Дээд шүүхэд/ гомдол гаргах эрхтэй.

Талуудын нэг анхаарах зүйл бол Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  сайтар анхаарч, ойлгон өөрөө шүүхэд очиж магадлалаа гардан авах хэрэгтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлд зааснаар:

Давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө гомдлоосоо татгалзвал шүүх түүнийг гомдол гаргаагүйд тооцож, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай шүүгч захирамж гаргана.

Шүүх хуралдаанд биечлэн оролцох

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар:

 Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай бичгээр хүсэлт гаргавал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрхтэй.

Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй, ирээгүй байсан ч шүүх хэргийг шийдвэрлэнэ.