| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0054/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/69 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг,
шүүгдэгч А.Эрдэнэ, түүний орчуулагч Э.Энхзориг, өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтан овогт Алтанцоожийн Эрдэнэд холбогдох эрүүгийн 2303005910487 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 2005 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн 1-р курсийн оюутан, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт амьдардагч, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 31-А байрны 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Алтан овогт Алтанцоожийн Эрдэнэ /РД: УМ05271154/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.Эрдэнэ нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн тойргоос урагшаа явах замд “Тоуоtа Магк-2” маркийн 75-59 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Л.Баярааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч А.Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Л.Баяраагаас уучлалт хүсэж байна. Болсон явдалд гэмшиж, харамсаж байна. Миний хайхрамжгүй үйлдлээс болж ийм явдал болсон гэв.
Хоёр. Эрүүгийн 2303005910487 дугаартай хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 5-11 дэх тал/,
“Тоуоtа Маrк-2” маркийн 75-59 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн болон явган зорчигийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Хохирогч Л.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Хаш-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 24 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Гэрч Э.Даваадуламын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
Гэрч Д.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Хохирогч Л.Баяраа нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №10927 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 173 дахь тал/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-58 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1109 дугаартай Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 162-167 дахь тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 153 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дахь тал/, Эрүүл мэндийн даатгааар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 90 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 92 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 94, 170 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 95 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 118 дахь тал/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт /хавтаст хэргийн 168 дахь тал/, сертификат /хавтаст хэргийн 169 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Эрдэний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч А.Эрдэнэ нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн тойргоос урагшаа явах замд “Тоуоtа Магк-2” маркийн 75-59 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Л.Баярааг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун шагайн гадна хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, зүүн мөрний үений мултрал, зүүн тохой, баруун шагайн дотор талын няцарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун шуу, бугуй, сарвууны ар, зүүн сарвууны 3-5 дугаар хуруу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, цээж, гуянд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 5-11 дэх тал/,
“Тоуоtа Маrк-2” маркийн 75-59 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн болон явган зорчигийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Хохирогч Л.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн: Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа 2 хорооллын хойд замаар найз Даваадуламын хамт алхаж явсан. Бид ертөнцийн зүгээр замын зүүн талаас баруун тийш чиглэлтэй явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан. Тэгэхэд замын хойноос ирж байсан автомашин нилээн зайтай харагдсан бөгөөд надтай хамт явсан найз түрүүлээд гүйгээд гараад явсан. Би араас нь алхаж явахад хол явсан автомашин их хурдтай ойртоод ирсэн. Тэгэхээр нь би хойшоо ухрахад гэнэт шарваад хөндөлдөж орж ирээд намайг мөргөсөн, би машинд мөргүүлээд унасан. ...Миний эрүүл мэндтэй холбоотой 2,380,000 төгрөгийн хохирол гарсныг төлж барагдуулсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Гэрч Э.Даваадуламын мөрдөн байцаалтад өгсөн: ...Баяраа бид хоёр манай нөхрийг таксинд суулгаж өгөхөөр Буянт-Ухаа 2 хорооллын зүүн талын замаар явган хүний зохицуулдаггүй гарцаар замын зүүн тийш гарч манай нөхрийг таксинд суулгаж өгөөч буцаад Баяраагийнх руу орохоор замын зүүн талаас баруун тийш зам хөндлөн явган хүний гарцаар гарч явсан. Тэгээд урдаас хот руу явах чиглэлийн зорчих хэсгийг бид хоёр алхаж гараад хойноос урагш явах чиглэлийн зорчих хэсэг рүү би Баяраагаас түрүүлээд алхаад орсон, тэгэхэд нилээн хол зайнаас 2, 3 автомашин ирж байгаа нь харагдсан бөгөөд би гүйгээд замын баруун тийш гарчихсан. Тэгээд эргээд харахад Баяраа автомашинд мөргүүлээд унаж байгаа нь харагдсан. Би гүйгээд очиход Баяраа харагдах байдал хэвийн байсан, машины жолооч нь 18-19 орчим насны эрэгтэй, нүдний шилтэй эрэгтэй хүн байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Хаш-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “Ослын талаар манай үеэл дүү А.Эрдэнэ надад хэлсэн бөгөөд би өөрийн Т.Марк-2 маркийн 75-59 УБР улсын дугаартай автомашиныг дүү А.Эрдэнийн байрны гаднах зогсоолд байрлуулсан байсан. Тэгтэл Эрдэнэ миний машиныг жолоодож явахад нь хүн урдуур нь гүйгээд мөргүүлсэн талаар хэлсэн. ...Би автомашинаа жолоодох зөвшөөрлийг дүүдээ өгсөн. Манай үеэл дүү А.Эрдэнэ автомашин жолоодож яваад осол гаргаж хүн мөргөсөн болохоор дүү өөрөө хариуцна гэж бодож байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 24 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Баяраа нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.321.000 төгрөгийн үйлчилгээ авсан...яллагдагчаас гаргуулж өгнө үү...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Гэрч Д.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...Би А.Эрдэний эмээ нь байгаа юм. Хохирогчид хохирол төлж барагдуулсан бөгөөд удаа дараа эмнэлэгт эргэж байсан хамгийн сүүлд нь гэрт нь очиж эргэсэн. Эмнэлэг дээр боолтонд ирэхэд бензины мөнгө, нийт 6.500.000 төгрөг зарцуулсан, сүүлд бензины 100.000 төгрөг өгсөн, мөн боолтны материалын мөнгө төлж явсан хохиролтой холбоотой хохирол төлсөн баримтаа хэрэгт хавсаргуулна. Хохирогчийн талтай байнга холбоотой байсан. Мөн би сүүлд хохирогчтой уулзахад намайг ахиад хагалгаанд орох шаардлагатай гэдэг талаар хохирогч талаас хэлэхээр нь би боолт хохирогч Л.Баяраа болон түний эхнэр нарт өөр эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн, тэгээд ахиж холбоо бариагүй байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “Тоуоtа Маrк-2” маркийн 75-59 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Бүлтгэрийн Хаш-Эрдэний эзэмшилд гэх. /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Хохирогч Л.Баяраа нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №10927 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Баяраагийн биед баруун шагайн гадна хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, зүүн мөрний үений мултрал, зүүн тохой, баруун шагайн дотор талын няцарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун шуу, бугуй, сарвууны ар, зүүн сарвууны 3-5 дугаар хуруу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, цээж, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн байцаалтад өгсөн: Дээрх гэмтлийн баруун шагайн үений орчмоор өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдах, хавдах зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд уг гэмтлийг авсан хүн мэдэхгүй хөдөлгөөнд оролцох боломжгүй ба гадна хавчаар я хугарсан нь тулгуурын үүрэг гүйцэтгэхгүй тул алхах, хөдөлгөөн хийх боломжтой хэдий ч гэмтэл авсан хүнд зовуурь шаналгаа өгнө...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 173 дахь тал/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтэд: Уг тээврийн хэрэгсэл нь баруун, зуун гар талын их гэрлийн тусгалын адал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Уг автотээврийн эрэгсэл нь ерөнхий байдал иж бүрдэл байхгүй урд салхины шил цуурж хагарсан, дуут дохио байхгүй, баруун талын толь хугарсан, баруун талын урд карло хонхойж урагдсан нь бүрэн бүтэн байдал хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал иж бүрдэл байхгүй, урд алхины шил цуурж хагарсан, дуут дохио байхгүй, баруун талын толь хугарсан, баруун талын урд карло хонхойж урагдсан нь бүрэн бүтэн байдал хангахгүй байна. Тоормос бүрэн ажиллагаатай байна. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай. Тоормосны хүч зүүн талдаа 1.90кН, баруун талдаа 1.60кН зөрүү нь 16% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.60кН, баруун талдаа 1.60кН, зөрүү нь 0% (стандарт <30%) буюу тоормосны стенд дээр зогссон. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай. Уг тээврийн хэрэгсэл нь баруун, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Итали улсад үйлдвэрлэсэн 12999/L2/R маркийн багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 600сd, хол дээрээ 600сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 600сd, хол дээрээ 600сd (стандарт 10.000-225.000сd) байна. /хавтаст хэргийн 49-58 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1109 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд: Жолооч А.Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Явган зорчигч Л.Баяраа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоодохгүй байна. Жолооч А.Эрдэнэ нь дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байна. /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 162-167 дахь тал/,
Шүүгдэгч А.Эрдэнийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би тухайн өдөр өөрийн нагац эгч Хаш-Эрдэнийн эзэмшлийн Т.Марк-2 маркийн 75-59 УБР улсын дугаартай автомашиныг жолоодоод Бөхийн өргөөнөөс шинэ Нисэх онгоцны буудал руу явсан ба Яармагийн тойрог өнгөрөөд шинэ Нисэх рүү явж байсан. Тухайн үед найз Амартүвшингийн хамт явж байсан. Тэгэхэд явган хүний гарцаар эмэгтэй хүн замын зүүн талаас баруун тийш эхлээд гарсан араас нь эрэгтэй хүн мөн зүүнээс баруун тийш гарч явсан. Би зам хөндлөн гарч явсан хүнийг хараад хурдаа хассан, тэгэхэд эрэгтэй хүн нь миний машиныг хараад буцаад баруунаас зүүн тийш гүйсэн, би зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байсан. Би тэр хүнийг гүйхийг хараад яахаа мэдэхгүй 2 дугаар эгнээ рүү эгнээ байраа солиод орсон, тэгэхэд нөгөө явган зорчигч буцаад 2 дугаар эгнээ рүү гүйгээд ороод ирсэн. Би ахиад хажуу тийш 3 дугаар эгнээ рүү орох гэхэд машинаа зогсоож чадалгүй явган зорчигчийг машиныхаа баруун урд хэсгээр буюу жолоочийн тал хэсгээрээ мөргөөд, 1 дүгээр эгнээ рүү ороод зогссон. Явган зорчигч 2, 3 дугаар эгнээний голд хэвтэж байсан. Ослын дараа машинаасаа буугаад харахад машинд мөргүүлсэн эрэгтэй хүний хөлөнд нь шарх харагдсан, би дээрээс нь даавуу тавих гэхэд нөгөө хүн “хэрэггүй” гэж хэлсэн. Би түргэн тусламж болон цагдаа дуудах гэхэд хажуугаар явж байсан хүн цагдаа дуудаж байхаар нь дуудлага өгөөгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 153 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж буй үйлдлээ хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, тухайн хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирч, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог.
Шүүгдэгч А.Эрдэнэ нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн тойргоос урагшаа явах замд үеэл эгч Б.Хаш-Эрдэний эзэмшлийн “Тоуоtа Магк-2” маркийн 75-59 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Л.Баярааг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун шагайн гадна хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, зүүн мөрний үений мултрал, зүүн тохой, баруун шагайн дотор талын няцарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун шуу, бугуй, сарвууны ар, зүүн сарвууны 3-5 дугаар хуруу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, цээж, гуянд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Эрдэнэ, түүний өмгөөлөгч А.Бүдханд нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Эрдэнэ нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 83 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас түүний цагдан хоригдсон хоногийг хасаж тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бүдхандаас “миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, мөн тэрээр чонон шөрвөс гэх өвчтэй ба энэ өвчин нь 3 янзаар илэрдэг. Шүүгдэгчийнх гадны нөлөөт буюу удмаар дамждаг юм байна. Эрүүл мэндийн хувьд гадаа орчинд удаан байх боломжгүй тул ихэнх цагийг гэртээ өнгөрөөдөг нийгэмшиж чадаагүй хүүхэд. Улсын яллагчийн гаргасан торгох ялын саналыг зөвшөөрч байна. А.Эрдэнэ нь нар, салхинд удаан явж болдоггүй тул ар гэрийнхэн нь тээврийн хэрэгсэл авч өгсөн тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын саналыг харгалзан үзнэ үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /450.000-5.400.000 төгрөг/ торгох, хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэнэ гэж заасан. Тухайн зүйл хэсэгт нэмэгдэл ял буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл заавал оногдуулахаар заагаагүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно гэж заасан.
Шүүгдэгч А.Эрдэнэ нь хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн хэдий ч “Тоуоtа Магк-2” маркийн 75-59 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022 онд техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, уг гэмт хэргийн улмаас “баруун шагайн гадна хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, зүүн мөрний үений мултрал, зүүн тохой, баруун шагайн дотор талын няцарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун шуу, бугуй, сарвууны ар, зүүн сарвууны 3-5 дугаар хуруу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, цээж, гуянд зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нөхцөл байдлыг харгалзан А.Эрдэнэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Эрдэнэд ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэхийн зэрэгцээ шүүгдэгч нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн 1-р дамжаанд суралцдаг, өөрийн тогтсон орлогогүй хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эрдэнэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Эрдэнэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, суралцаж байгаа сургуульдаа явахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, уг ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.Эрдэнэд мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.Эрдэнэд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр /хавтаст хэргийн 127, 141-142 дахь тал/ хүртэл нийт 5 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
3. Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч А.Эрдэнийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Л.Баяраад Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №10927 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...баруун шагайн гадна хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, зүүн мөрний үений мултрал, зүүн тохой, баруун шагайн дотор талын няцарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун шуу, бугуй, сарвууны ар, зүүн сарвууны 3-5 дугаар хуруу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, цээж, гуянд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл /хавтаст хэргийн 39-41 дэх тал/ учирсан байна.
Хохирогч Л.Баяраа нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 1,162,186 төгрөгийн /хавтаст хэргийн 162-165 дахь тал/ баримтыг гаргаж нэхэмжилсэн ба шүүгдэгч А.Эрдэнэ нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 7,545,336 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.
Хохирогч Л.Баяраагийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,321,000 төгрөг гарсан талаарх нэхэмжлэл баримтаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн лавлагааг /хавтаст хэргийн 28 дахь тал/ ирүүлсэн ба шүүгдэгч А.Эрдэнэ нь 1,321,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн Төрийн банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Иймд хохирогч Л.Баяраа нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.Эрдэнээс нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Хохирогчийн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч А.Эрдэнэ нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Алтан овогт Алтанцоожийн Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Эрдэнэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, суралцаж байгаа сургуульдаа явахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.Эрдэнэ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.Эрдэнэд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнийн цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч А.Эрдэний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 сар 25 хоногийн /нэг сар хорин тав хоног/ хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнэ нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 7,545,336 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,321,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.
8. Хохирогч Л.Баяраа нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.Эрдэнээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчийн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР