| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0030/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/71 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/71
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бат-Орших,
хохирогч С.Алтанхуяг,
шүүгдэгч Ч.Лхагвацэрэн нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Чимэддагвын Лхагвацэрэнд холбогдох эрүүгийн 2310038292141 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрчим хүчний менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо “Роял Грийн Вилла” хотхоны 205 дугаар байрны 401 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Чимэддагвын Лхагвацэрэн /РД:ХБ80120319/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Лхагвацэрэн нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн автобусны буудал дээр хохирогч С.Алтанхуягийг “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохих, гарыг нь мушгих зэргээр биед нь халдан зодож, хохирогчийн биед баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Ч.Лхагвацэрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хүүхдүүдээ хүргэж өгчихөөд Сарнайх руу өгсөж байсан. Автобуснууд 1 дүгээр эгнээгээр түгжрээд зогсож байсан. Би 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү орох гэтэл тухайн автобус оруулаагүй. Би 2-3 удаа орох гэж үзсэн. Автобусны цонхыг нь тогшиж хүүхэдтэй явж байгаа юм. Цаад талын байр руу орох гэсэн юм гэж хэлэхэд оруулаагүй. Би яагаад зам тавьж өгөхгүй байгаа юм гэж бодож жолооч дээр очиж “хүүхэдтэй явж байхад яагаад оруулж болохгүй байгаа юм” гэж хэлэхэд “чи өөрийгөө юу гэж бодоод байгаа юм” гэхэд нь би цээж рүү нь 1 удаа цохисон. Тэгээд жолооч хаалгаа хаагаад эцсийн буудал руу явсан. Эцсийн буудал дээр очоод бид бие биеэ боож би нүүр рүү нь 1 удаа цохисон. Би хүүхдээ машиндаа орхисон байсан тул явах гэтэл хувцаснаас зуураад байсан. Гарыг нь тавиулах гэж мушгисан гэв.
Хохирогч С.Алтанхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө Дэнжийн 1000-аас Зайсан руу явах чиглэлд ажилд гарсан. Зайсанд түгжрээд явж байхад цагаан өнгийн Приус маркийн автомашин урдуур дайраад байхаар нь оруулаагүй. Тэр машин урагш яваад 2, 3 машины урдуур орсон. Намайг буудал дээр очиход нөгөө цагаан Приус зогсож байсан. Намайг хүмүүсээ буулгахад нөгөө машины жолооч орж ирээд “чи муу надад яахаараа зам тавьж өгдөггүй юм” гээд цохисон. Тэгээд нөгөө хүн автобуснаас буух гэхээр нь би зугтаалгахгүй гээд автобусны хаалгаа хаасан. Нөгөө хүнтэй барьцалдсан нь үнэн. Зугтах гэхэд нь хувцаснаас зуурахад нь миний гарыг хүчтэй мушгиж гар их өвдсөн. Би чанга орилж уйлсан. Одоо энэ хүнийг харахаас айж байна. Би тэр өдрөөс хойш 9 хоног ажилдаа яваагүй тул цалингаа авмаар байна гэв.
Хоёр. Эрүүгийн 2310038292141 дугаартай хэргээс:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хохирогч С.Алтанхуягийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
Хохирогч С.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 13 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12356 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, Татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт /хавтаст хэргийн 37 дахь талын ард/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь талын ард/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Лхагвацэрэнгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ч.Лхагвацэрэн нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 9 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн автобусны буудал дээр нийтийн тээвэрт үйлчилгээнд явж байсан автобусны жолооч хохирогч С.Алтанхуягийг “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар цохих, гарыг нь мушгих зэргээр зодож биед нь “баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хохирогч С.Алтанхуягийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
Хохирогч С.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: Зайсангаас дээш өгсөх замд Зайсангийн доор байрлах автобусны буудал дээр тухайн цагаан өнгийн Приус маркын автомашины жолооч байж байсан. Би хажууд нь очиж зогсоод автобуснаас хүмүүсээ буулгаад зогсож байтал тухайн цагаан өнгийн Приус машины жолооч автобусны урд хаалгаар орж ирээд “зам тавьсангүй” гээд миний баруун гар талын нүдний доод талын хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд зугтах гээд байхаар нь би зугтаалгахгүй гээд цамцнаас нь заамдаж барьж аваад цагдаа дуудах гэтэл тухайн үл таних жолооч миний зүүн гарыг маш хүчтэй “тавь” гээд мушгихаар нь маш их өвдөж байсан учир цамцнаас нь тавихад миний гарыг үргэлжлүүлэн мушгиад тавихгүй байсан. ...Гомдолтой байна. толгойны зураг авахуулсан 140,000 төгрөгийг нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 13 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12356 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Алтанхуягийн биед баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдпээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн орчимд би бага насны 2 хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд Тоёота Приус-20 маркийн 07-15 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр орооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн “Сарнайх” дэлгүүрийн урд явж байгаад 2 дугаар эгнээнээс зүүн гар тийш эргэх гэсэн чинь 1 дүгээр эгнээд автобуснууд зогсоод түгжирсэн байхаар нь би цонхоо онгойлгоод гараа гаргаад “баруун эргээд энэ хотхон руу орох гэсэн юм” гээд хохирогч С.Алтанхуягт хэлсэн чинь намайг оруулаагүй. Би дахиад 15 минут түгжрээд зогсож байгаад цонхоо буулгаад тухайн автобусны цонхыг нь тогшоод “энэ хотхон руу орох гэсэн юм, би хүүхэдтэй явж байна” гэж хэлсэн чинь намайг оруулаагүй. Араас машинууд сигналдаад байхаар нь би цааш баруун эргээд автобусны буудал дээр очоод машинаа байрлуулчхаад 1 настай хүүхдээ тэврээд тухайн С.Алтанхуягийн автобусан дээр очоод “чамаас зөндөө гуйж байхад хүүхэдтэй хүнд зам тавьж өгч чадахгүй байна уу” гээд цээж рүү нь гараараа нэг удаа цохисон. Би автобуснаас буух гэсэн чинь С.Алтанхуяг хаалга хаагаад цааш хөдөлгөөнд оролцоод явсан. Би хаалгаа онгойлгох гэсэн чинь онгойлгохгүй тэр чигтээ цааш яваад Зайсангийн эцэс дээр очоод би буух гэсэн чинь “чи яалаа гэж намайг цохиж байгаа юм” гээд надтай барьцалдаж аваад миний хоолойг боохоор нь би тавиулах гээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон чинь тавихгүй байсан. Би дахиад гарыг нь тавиулах гээд мушгиж байж тавиулахаар нь би автобуснаас нь буугаад явсан. Би өөрөө цагдаа дээрээ очих уу гэсэн чинь үгүй гээд байсан. Хүүхэд маань уйлаад байсан учраас би шууд автобуснаас нь буугаад цааш явсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Лхагвацэрэн нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн автобусны буудал дээр хохирогч С.Алтанхуягийг “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохих, гарыг нь мушгих зэргээр зодож биед нь “баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Шүүгдэгч Ч.Лхагвацэрэнгийн дээрх хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Лхагвацэрэн нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Лхагвацэрэн нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 34 дэх тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лхагвацэрэнг 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ч.Лхагвацэрэнд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, 4 хүүхэдтэй, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгдөг гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02/ хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Лхагвацэрэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Лхагвацэрэнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Алтанхуягийн биед “баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.
Хохирогч С.... нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд “...толгойн томографийн зураг авахуулсан 140,000 төгрөгийг нэхэмжилнэ, мөн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Ч.Лхагвацэрэн нь шүүхийн шатанд хохирогч С.Алтанхуягийн эзэмшлийн Хаан банкны харилцах данс руу 140.000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч С.Алтанхуяг нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардал, ажилүй байсан хугацаанд дутуу авсан цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ч.Лхагвацэрэнгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч Ч.Лхагвацэрэн нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржгон овогт Чимэддагвын Лхагвацэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лхагвацэрэнг 02/ хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Лхагвацэрэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ч.Лхагвацэрэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Лхагвацэрэнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лхагвацэрэн нь 140,000 төгрөгийг хохирогч С.Алтанхуягт төлсөн болохыг дурдсугай.
6. Хохирогч С.Алтанхуяг нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардал, ажилүй байсан хугацаанд дутуу авсан цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ч.Лхагвацэрэнгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Ч.Лхагвацэрэн нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Лхагвацэрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР