Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2310023771558 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2005 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдпэх ялыг 2 дахин багасгаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Боржигон овогт Батхшигийн Мөнх- /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам “*******” сургуулийн урд талын Арцат цайны газрын ажилтан О.*******ын гар утсаар ярьж байхдаа түүний утасны арын хавчуургад байсан Хаан банкны ******* дугаарын дансны виза картыг авч, уг картаас үргэлжилсэн 20 удаагийн үйлдлээр буюу Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 334,500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.*******т 334,500 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2310023771558 дугаартай хэргээс:  

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Хохирогч О.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хаан банкны 2023 оны 7 дугаар сарын 24-ний 29/6948 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

О.*******ын эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дахь тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 28-70 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 73, 78 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74, 80 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэгийн 75 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам “*******” сургуулийн урд талд байрлах Арцат цайны газрын ажилтан хохирогч О.*******ын гар утсаар ярьж байхдаа түүний утасны арын хавчуургад байсан Хаан банкны ******* тоот дансны виза картыг авч, уг картаас үргэлжилсэн 20 удаагийн гүйлгээгээр нийт 334,500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 334,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Хохирогч О.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд 17-18 орчим насны 2 эрэгтэй хүүхэд манай ажил дээр орж ирээд “дарга руугаа яриадахъя” гээд миний утсыг гуйж ярьсан. Тухайн үед би утсаа юм бодолгүй өгчихсөн юм. Миний утасны арын хавчуургад миний Хаан банкны виза карт байсан юм. Тэгээд гэртээ ирээд мэдэгдэл ирдэг сим картаа утсандаа хийгээд хартал миний картаас аль хэдийн зарлага гараад эхэлчихсэн, нийт 900.000 гаруй төгрөгнөөс 474.000 төгрөг үлдсэн байна. Миний картаас яг хэдэн төгрөг зарлагдсан гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Маргааш нь Хаан банкнаас очиж өөрийн зарлагыг ялгаж карт алдагдсан үеийн зарлагыг тооцож байж хэлье. Миний гар утсыг гуйж авсан хоёр хүүхэд жаахан харагдаад байсан. Нэг нь үсээ дээрээ боосон, өмссөн хувцсыг нь санахгүй байна. Тэр хоёроос өөр хүнд би утсаа өгөөгүй. Миний карт миний гар утасны гэрийн гадна шургуулдаг халаасанд байсан юм. Миний карт уг нь нууц дугаартай, гэхдээ чип уншдаг болохоор кодгүй зарлаг хийж болдог. Манайд бол байхгүй. Ойр орчимд байж магадгүй байх. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би дансны хуулгаа банкнаас харж байгаад илүү дэлгэрэнгүй мэдүүлэг өгч болно...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн: “надтай хамт барилга дээр ажиллах уу” гэж хэлэхээр нь би зөвшөөрч 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 32-ийн тойрогт уулзахад тэрээр “Яармагийн 2 дугаар буудал дээр ажил зуулчилдаг газар байгаа тийшээ хамт явъя” гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Бид хоёр ажил зуулчилдаг газар очоод ойролцоо байдаг барилга руу ажилд зуучлуулж очсон юм. Замдаа ажилд очих газраа хайж байгаад цайны газар руу орж нэг эгчийн гар утсаар нь гуйж байгаад ажилд очих газрынхаа хүн рүү  ярьсан. Тэгээд ажилд очих газар руу алхаж явж байгаад надад нэг банкны карт үзүүлээд “саяны эгчийн гар утасны ард байсан картыг нь авчихсан, энэ картаар юм идье” гэж хэлсэн. Бид хоёр ажил дээрээ очоод хувцсаа солиод өмсөөд байж байх үед “хоёулаа хамт дэлгүүр рүү явъя” гэж хэлээд дэлгүүр рүү хамт явж, тэндээсээ 1 сэндвич 4 ширхэг пирожки, 1 ундаа, кекс зэрэг зүйлсийг худалдан авсан. Төлбөрийг нь тэр эгчээс олж авсан картаараа хийсэн. Тухайн үед нь би д хандаж” энэ картаа хая, хүний мөнгө хамаагүй уншуулж болохгүй” гэж хэлсэн боловч “үгүй надаа байж байг” гэж хэлээд хаяагүй. Тэгээд ажилд орох газрынхаа хүн рүү утсаар ярих гэсэн боловч утсаа авахгүй байсан болохоор нь ын 2 найзтай нь миний утсаар ярьж байгаад Яармагийн “Томьёо” гэх нэртэй сургуулийн хажууд уулзацгаасан. Бид нар Яармагийн гүүр рүү алхаж явж байх үед замдаа дэлгүүр рүү Тэлмэнтэй хамт ороод том печень, вафли 1 том ундаатай аваад гараад ирсэн. Тэр дэлгүүрээсээ буцаж ороод бид 4 том Нонгшим гоймон 4 ширхгийг идсэн. Тухайн үед тооцоогоо хулгайлан авсан картаараа хийсэн. Бид 4 алхаж явсаар байгаад Саппарогийн буудал дээр очсон бөгөөд би гэр рүүгээ харих гээд автобусанд суухад утсаар над руу залгаад “буцаад хүрээд ир” гэхээр нь би буцаж явж очсон юм. Намайг буцаж очих үед “би мөнгөтэй болчихсон орой хамт сагс тоглоё” гэж хэлээд намайг дагуулаад бид дөрөв Хархорин зах руу явах  замдаа би оос “картаа хаясан уу” гэхэд “хаячихсан” гэж хэлсэн. Хархорин зах дээр очоод бэлэн 40.000 төгрөгөөр өөртөө пүүз, 15.000 төгрөгөөр өмд, 4 ширхэг оймс 10,000 төгрөгөөр худалдан аваад нэгийг нь надад өгсөн. цааш явж байгаад цохиж хугалахад бэлэн болгосон Сээр авчихсан байсан ба бид цохиж тоглож байгаад хугалсан. Тэгээд цааш явж байгаад 32-н тойргийн буудал дээр очоод орой 20 цагийн орчимд бид нар салцгаасан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хаан банкны 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “...2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ******* дансны 949628**** 1321 картаар 6 терминал дээр 20 удаагийн нийт 334,500 төгрөгийн гүйлгээ ПОС дээр contactless хэлбэрээр уншуулж гүйлгээ гарсан байна. Гүйлгээ хийсэн терминалын мэдээллийг доорх хүснэгтээс хүргүүлж байна. 16169239. 16169597 терминал дугаартай ПОС нь Голомт банкны терминал байна байршил нь гарах боломжгүй болно..." гэсэн 29/6948 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

О.*******ын эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2023 оны 6 дугаар сарын 14-ний өглөө ажлаа хувааж аваад заасан ажлын газар руу очиход захирал нь байхгүй байсан ба ирэхгүй болохоор нь цайны газар руу орж цайны газрын эгчийн утсаар захирал руу нь залгаж ярьсан. Би утсаар ярьчхаад гар утсыг нь буцааж өгөхдөө гар утасны ард талд кейсэнд байсан Хаан банкны виза картыг авчихсан. Тухайн виза картын чипээр нь уншуулж гүйлгээ хийж, нийт 300,000 төгрөгийн худалдан авалт хийсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам “*******” сургуулийн урд талд байрлах Арцат цайны газрын ажилтан хохирогч О.*******аас гар утсаар нь яриад өгье гэж гуйж аваад утасны арын хавчуургад байсан Хаан банкны ******* тоот данстай виза картыг авч, уг картаас 20 удаагийн гүйлгээгээр нийт 334,500 төгрөгийг хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд “Би Баянгол, Баянзүрх дүүрэгт эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа ба эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татагдсан...” гэсэн тайлбарыг гаргасны улмаас шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулсан боловч тус шүүх хуралдаанд улсын яллагчийн Улсын ерөнхий прокурорын Цахим бүртгэлийн нэгдсэн сиситемын “Яллагдагчийн бүртгэл” хэсгээс гаргасан баримтаар шүүгдэгч Б.******* нь Улаанбаатар хотын бусад дүүрэгт эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татагдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.******* нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдпэх ялыг 2 дахин багасгаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн нь тогтоогдож байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөөлөгч У.Батцэцэгээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

Хаан банкны 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 29/6948 тоот албан бичиг /хавтаст хэргийн 18 дахь тал/-ээр О.*******ын эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нийт 20 удаагийн гүйлгээгээр 334,500 төгрөгийн зарлага гарсан болох нь тогтоогдож байна.

Хохирогч О.******* нь мөрдөн байцаалтын шатанд “хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийн материалтай танилцахгүй” гэсэн тайлбарыг мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Нарангэрэлд утсаар мэдэгдсэн тэмдэглэл үйлдсэн /хавтаст хэргийн 90 дэх тал/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Боржигон овогт *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******ыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогч О.*******т 334,500 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч,  хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ОДБАЯР