Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/02440

 

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/02440

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Экспресс тауэрын 10 давхарт “М О Г” ХХК /РД:*/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг байршилтай “Б” ХХК / РД:*/

 

79,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н,

                                   хариуцагчийн төлөөлөгч Д.Г, Э.Г

                                   нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М О Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь манай компанитай 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “14-45” тоот нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “Б” ХХК нь шатахууныг зээлээр  авч, тохирсон хугацааны дотор төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон. “Б” ХХК нь гэрээний дагуу нефтийн бүтээгдэхүүнийг манай байгууллагаас тухай бүр зээлээр авч байсан боловч одоог хүртэл төлбөрөө барагдуулахгүй бөгөөд нийт төлбөрийн үлдэгдэл  нь 52,800,000 төгрөг болсон байна. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг үндэслэн “Б” ХХК-иас гэрээний үүрэг болох 52,800,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгч “М О Г” ХХК ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч “М-О” ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Б” ХХК-иас 52,800,000 төгрөгийг нэхэмжилсэн нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн төлбөрийн нэхэмжлэл байсан болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т зааснаар хариуцагч төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаандаа биелүүлээгүй  тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 26,400,000 төгрөг болж байгаа юм. Иймд дурдсан гэрээний дагуу төлбөр зохих 52,800,000 төгрөг, түүнд тооцогдох алданги 26,400,000 төгрөг, нийт 79,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг  хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “М О Г” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Б” ХХК-тай нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Тухайн гэрээгээр худалдагч тал “М О Г” ХХК нийт 30,000 литр шатахууныг худалдан авагч тал “Б” ХХК-д нийлүүлэх, “Б” ХХК нь литр тутмыг 1760 төгрөгөөр тооцож төлөх үүрэг хүлээсэн. Гэрээ байгуулагдсанаас хойш нийт 8 удаа буюу 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 3000 литр, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2000 литр, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 6000 литр,  2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 3000 литр, 2014 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 3000 литрээр удаа, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000 литр шатахууныг авсан. Манай байгууллагаас  төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч талууд харилцан тохиролцож төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөхөөр хойшлуулсан. Нийт 30000 литр шатахууны үнэ болох 52,800,000 төгрөг, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 3 дугаар зүйлийн 3.4, 3.19 дэх хэсэгт заасны дагуу алданги 26,400,000 төгрөгийг “Б” ХХК нь “М О Г” ХХК-д төлөх үүрэгтэй. Энэхүү үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байх тул хариуцагчаас 79,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “М О Г” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 52,800,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанд хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. “Б” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдаж, гадаад дотоод худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Э.Г миний хувьд тус компанийг 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Л.Н-с шилжүүлэн авсан бөгөөд түүнээс хойш компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа. Энэхүү хугацаанд “М О Г” ХХК манай компанид ямар нэг байдлаар төлбөр барагдуулах талаар мэдэгдэж байгаагүй бөгөөд компанийн баримт бичиг, тайлан тооцоонд нэхэмжлэгч байгууллагаас бараа бүтээгдэхүүн авсан баримт байхгүй юм. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14-45 тоот гэрээг манай компани байгуулаагүй, барааг худалдан аваагүй тул гэрээний үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘’М-О ХХК нь ‘’Б’’ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг болох 52,800,000 төгрөг, алданги 26,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.  “Б” ХХК нь 2012 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Бетон зуурмагийн үйлдвэрлэл, барилгын материал чиглэлээр байгуулагдсан. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Л.Нарангэрэлээс “Б” ХХК-ийг шилжүүлэн авч байсан. “Б” ХХК-ийг үүсгэсэн болон Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн байгаа. Энэхүү Л.Нарангэрэлээс ‘’Б’ ХХК-ийг шилжүүлэн авсан хугацаанаас хойш ‘’М-Ойл’’ ХХК нь манай ‘’Б’’ ХХК-нд өр төлбөртэй гэж мэдэгдээгүй бөгөөд шүүхээс 2019 онд анх эрэн сурвалжлахад  ‘’Б’’ ХХК-ний өмнөх хувьцаа эзэмшигч өр төлбөртэй байсан гэдгийг мэдсэн. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдрөөс хойш ‘’М-О ХХК нь ‘’Б’’ ХХК-нд түлш зээлээр өгсөн баримт байхгүй. Мөн өр төлбөрөө барагдуулна уу гэсэн мэдэгдэл хүргүүлээгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан гэрээг “Б” ХХК байгуулаагүй болохоор гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэгч тал тодорхойлж байна. 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хариуцагчийн зүгээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлж байна. “Б” ХХК-ийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Ч  тухайн гэрээн дээр гарын үсэг зурсан байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн газраас гаргуулсан нотлох баримтаас үзэхэд 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлээр “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Л.Н, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр буюу маргаан бүхий гэрээ байгуулагдсанаас хойно буюу жилийн дараах бүртгэлээр Э.Г гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэгдсэн байна. Үүнээс үзэхэд маргаан бүхий гэрээний хугацаанд “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Л.Нарангэрэл ажиллаж байсан. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд зааснаар төлөөлөн удирдах зөвлөл нь зөвхөн компанийн гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулдаг. Харин Компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь бусад этгээдтэй компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор гэрээ байгуулах эрх зүйн болон хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн, 16.2 дахь хэсэгт зааснаар Компанийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана. 16.2.4 дэх хэсэгт зааснаар хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрэмд заавал тусгах ёстой гэсэн заалт байдаг. Уг хуулийн 75.2 дахь хэсэгт хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно гэж тус тус заасан. Дээрх зохицуулалтаас үзэхэд хязгаарлагдмал хариуцлагатай компани төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бол үүнийгээ компанийн дүрэмд заавал тусгасан байх ёстой бөгөөд Улсын бүртгэлийн тухай хуульд заааснаар 15 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. “Б” ХХК-ийн мэдээлэлд төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар заагаагүй, ийм мэдээлэл байхгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, Э.Чимэддагва гэж “Б” ХХК-д ажиллаж байгаагүй байдаг.  Үүнээс үзэхэд маргаан бүхий нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56  дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хэрэгт авагдсан баримтаас харахад нефтийн бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгсөн баримт байхгүй байна.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч “М О Г” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 79,200,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч гэрээ байгуулагдаагүй, гэрээний дагуу эд хөрөнгө хүлээж аваагүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр “М О Г” ХХК нь ОХУ-ын ГОСТ шаардлага болон Евро олон улсын стандартыг хангасан 1 литр нь 1760 төгрөгийн үнэ бүхий 30,000 литр дизель түлш нийлүүлэх, “Б” ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, гэрээнд заасан нөхцөлөөр үнийг төлөх үүрэг хүлээсэн байх ба хариуцагч “Б” ХХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Э.Чимэддагва гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ. Дээрх гэрээнд гарын үсэг зурсан нэр бүхий этгээд тухайн компанид ажилладаггүй, ТУЗ-ийн дарга байхгүй гэж хариуцагч маргасан бөгөөд хариуцагчийн хуулийн этгээдийн дүрэмд ТУЗ-тэй байх талаар заагаагүй, эрх бүхий албан тушаалтанд Э.Ч бүртгэлгүй болох нь тогтоогдож байх боловч гэрээг “Б” ХХК-ийн тамгаар баталгаажуулсан байх тул тухайн гэрээний нэг талыг “Б” ХХК гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох тул гэрээнд гарын үсэг зурсан этгээд нь “Б” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш байх нь хэлцэл хийгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд дээрх гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. Энэхүү гэрээний худалдагчийн гол үүрэг нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариу үүрэг болгож худалдан авагч үнийг төлөх үүрэгтэй.

 

Дээрх гэрээний үүргээ худалдан авагч биелүүлсэн үндэслэлээр үүргийн гүйцэтгэлд 52,800,000 төгрөг, алдангид 26,400,000 төгрөг шаардсан боловч хэрэгт авагдсан баримтуудаар 30,000 литр түлшийг хариуцагчид нийлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан зарлагын падаан нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд энэ нь “М О Г” ХХК-иас бараа, материал гарсан болохыг тодорхойлох баримт ба худалдан авагч “Б” ХХК-д хүлээлгэн өгснийг нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл хүлээн авагч нь тодорхойгүй, зарлагын баримтаар гарсан бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлэх зорилгоор гаргаж, хариуцагчид хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.   

 

Мөн “М О Г” ХХК-ийн санхүүгээс “өглөг, авлагын тооцоо” гэсэн баримтыг ирүүлсэн ба авлагад тусгасан төлбөртэй холбоотой баримтуудыг ирүүлээгүй, худалдан авагчтай тооцооны үлдэгдлийн баталгаа хийж, тооцоо нийлсэн акт үйлдээгүй байх тул баталгаажсан авлага гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-д холбогдох 79,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М О Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,950 төгрөгийг орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ГАНДИЙМАА