| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0081/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/94 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/94
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бат-Орших,
хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шажин овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2310000002119 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-нийы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* хотхоны ******* тоотод оршин суух хаягтай,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1987 оны Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Шажин овогт *******ын ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 27-ноос 28-ныг шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* хотхоны 2-р байрны ******* тоот гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ө.*******г цохих, өшиглөх зэргээр биед нь халдан зодож, баруун нүдний алимны доргилт салстын цус харвалт, зовхинд няцарсан шарх, дух, хоёр нүдний зовхи, хамар, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй тул мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2310000002119 дугаартай хавтаст хэргээс:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэт /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,
Хохирогч Ө.*******гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,
Хохирогч Ө.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* тоотод байх гэртээ өөрийн гурван хүүхдүүдийн хамт унтаж байтал нөхөр ******* нь гаднаас шөнийн 5 цагийн орчимд гэртээ согтуу орж ирээд над руу болон хүүхдүүд рүү агсам тавьж эхлээд хардаж “намайг цагдаад өгдөг, намайг ирж авсангүй” гэх мэтээр хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд би буйдан дээр унтаж байтал хүрч ирээд миний дээрээс миний бие, толгой, хөл хэсэг рүү удаа дараа цохиж өшиглөсөн. Би дараа нь арай гэж зугтаагаад гэрийн утсаар 102 залгах гэж байтал дундуур нь ******* ороод салгах гээд байж байтал ******* *******ий хоолойг хоёр гараараа боогоод зогсож байхыг хараад би очоод арай хийж салгахад миний нүдний баруун хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиход би арагшаагаа буйдан руу унасан. Буйдан руу унахад дээрээс нэмж миний нүүр рүү дахин гараараа цохиод байсан. ...Би нөхөр *******тай эвлэрч эргэн хэвийн амьдралдаа орсон. Одоо бид хоёрт ямар нэгэн асуудалтай зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 27 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч М.******* нь мөрдөн байцаалтад Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар өөрийн гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэх /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Гэрч Б. нь мөрдөн байцаалтад Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар өөрийн гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэх /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13772 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө.*******гийн биед баруун нүдний алимны доргилт салстын цус харвалт, зовхинд няцарсан шарх, дух, хоёр нүдний зовхи, хамар, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13774 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.*******ий биед зүүн тавхайд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө 3, 4-р хороололд найз тэй хамт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж тэндээсээ бид хоёр салаад би шууд гэр рүүгээ явсан. Тэгээд би өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 11-р хороо ******* будда 2-р орц ******* тоотод байх гэртээ орж ирэхэд шөнийн 2 өнгөрч байсан бөгөөд гэр рүүгээ ороод юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд өглөөний 5 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн үүдэнд сууж байсан, өөр санаж байгаа зүйл байхгүй байна...мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 56 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 56 дахь талын ард/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах тодорхойлолт /хэргийн 57 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 57 дахь талын ард/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 58 дахь тал/, Татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт /хэргийн 58 дахь талын ард/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 59 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байсан болон шилжүүлсэн тухай лавлагаа /хэргийн 59 дэх талын ард/, ял шалгах хуудас /хэргийн ******* дахь тал/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 68-71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* хотхоны 2-р байрны ******* тоотод үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ө.*******г цохих, өшиглөх зэргээр биед нь халдан зодож “баруун нүдний алимны доргилт салстын цус харвалт, зовхинд няцарсан шарх, дух, хоёр нүдний зовхи, хамар, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэт /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,
Хохирогч Ө.*******гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,
Хохирогч Ө.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* тоотод байх гэртээ өөрийн гурван хүүхдүүдийн хамт унтаж байтал нөхөр ******* нь гаднаас шөнийн 5 цагийн орчимд гэртээ согтуу орж ирээд над руу болон хүүхдүүд рүү агсам тавьж эхлээд хардаж “намайг цагдаад өгдөг, намайг ирж авсангүй” гэх мэтээр хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд би буйдан дээр унтаж байтал хүрч ирээд миний дээрээс миний бие, толгой, хөл хэсэг рүү удаа дараа цохиж өшиглөсөн. Би дараа нь арай гэж зугтаагаад гэрийн утсаар 102 залгах гэж байтал дундуур нь ******* ороод салгах гээд байж байтал ******* *******ий хоолойг хоёр гараараа боогоод зогсож байхыг хараад би очоод арай хийж салгахад миний нүдний баруун хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиход би арагшаагаа буйдан руу унасан. Буйдан руу унахад дээрээс нэмж миний нүүр рүү дахин гараараа цохиод байсан. ...Би нөхөр *******тай эвлэрч эргэн хэвийн амьдралдаа орсон. Одоо бид хоёрт ямар нэгэн асуудалтай зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 27 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч М.******* нь мөрдөн байцаалтад Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар өөрийн гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэх /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Гэрч Б. нь мөрдөн байцаалтад Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар өөрийн гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэх /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13772 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө.*******гийн биед баруун нүдний алимны доргилт салстын цус харвалт, зовхинд няцарсан шарх, дух, хоёр нүдний зовхи, хамар, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13774 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.*******ий биед зүүн тавхайд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө 3, 4-р хороололд найз тэй хамт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж тэндээсээ бид хоёр салаад би шууд гэр рүүгээ явсан. Тэгээд би өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 11-р хороо ******* будда 2-р орц ******* тоотод байх гэртээ орж ирэхэд шөнийн 2 өнгөрч байсан бөгөөд гэр рүүгээ ороод юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд өглөөний 5 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн үүдэнд сууж байсан, өөр санаж байгаа зүйл байхгүй байна...мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.
Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.*******, хохирогч Ө.******* нар нь 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан хууль ёсны гэр бүл бөгөөд тэдний дундаасаа 3 хүүхэд төрсөн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ эхнэр болох хохирогч Ө.*******г үл ялих зүйлээр шалтаглан толгой, нүүр хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед “баруун нүдний алимны доргилт салстын цус харвалт, зовхинд няцарсан шарх, дух, хоёр нүдний зовхи, хамар, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, баруун шуунд цус хуралт” бүхий гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.Чинзориг нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1987 оны Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан болох нь тогтоогдож байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяраас “шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, эвлэрсэн тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Чинзоригоос “эрүүгийн хариуцлагын хувьд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэхэд гэр бүлийн асуудал нэг хүнээс болдоггүй. Аливаа асуудал хоёр талтай байдаг. ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирол төлбөр төлүүлэхэд оршдог. Шүүгдэгч дахин гэмт хэрэг үйлдэхгүй, гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа учраас эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаж байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Б.*******т ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох хэдий ч хохирогчийн Ө.*******гийн “гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй.Би нөхөр *******тай эвлэрч эргэн хэвийн амьдралдаа орсон..” гэсэн мэдүүлэг, бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.*******гийн биед “баруун нүдний алимны доргилт салстын цус харвалт, зовхинд няцарсан шарх, дух, хоёр нүдний зовхи, хамар, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.
Хохирогч Ө.******* нь шүүхийн шатанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн бичгээр тайлбар гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шажин овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР