Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 1006

 

МАГАДЛАЛ

 

2018.04.27                                                 Дугаар 1006                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Д.С, Д.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/00380 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Н, Ц.Э, Ц.Э нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 42 970 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн    гүйцэтгэлийг хангуулах, шударга барьцаалагч болохыг тогтоолгох, барьцааны орон сууцыг эрхийн хязгаарлалтгүйгээр шилжүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Ц, Д.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Э-д 15 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр 5 тоотын 40 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-22050164463 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж, зээлийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээ хийсэн. Энэ гэрээг 2 удаа сунгаж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл Ц.Э  2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан бөгөөд тэрээр зээл болон хүүг төлөөгүй байсан юм. Ц.Э гийн төрсөн хүүхдүүд болох Ц.Э, Ц.Э, С.Н нар нь эх Ц.Э гийн орон сууцыг хэн аль нь өвлөж аваагүй учраас зээл болон барьцааны гэрээний дагуу нас барагчийн үүргийг хариуцах этгээд тодорхой биш болж бид хохирсоор байгаа юм. Бидний хувьд зээл болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үүссэн учраас нас барагч Ц.Э гийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай болсон. Түүний хүүхдүүд нь хууль ёсоор хөрөнгийг нь өвлөн авахыг хүсэхгүй байгаа тул нас барагчийн бидний өмнө хүлээсэн үүргийг хариуцах этгээдийг тодруулах шаардлагатай болоод байна. Нэхэмжлэгч бидний хувьд хууль зүйн мэдлэг дутмагаас болж Ц.Э гийн барьцаа хөрөнгө болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр явсан боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахын тулд нас барагчийн үүргийг хариуцах этгээдийг тодорхой болгох шаардлагатай, энэ асуудлаар нэхэмжлэлийн шаардлага байхгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Одоогийн байдлаар барьцааны хөрөнгө болох дээрхи орон сууцанд С.Н  амьдарч байгаа бөгөөд талийгаач Ц.Э гийн төрсөн хүүхдүүд нь өв нээгдээд 4 жил болж байхад хэн нь ч өв залгамжлагчийн гэрчилгээ аваагүй байгаа нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргаагүй байх тул тэднийг өвөөс татгалзсан гэж үзэх үндэстэй байгаа юм. Уг орон сууцанд одоо амьдарч байгаа С.Н  болон төрсөн хүүхдүүдийг нь нас барагчийн бидний өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцах этгээд гэж үзэх үндэслэлтэй юм. Нэхэмжлэгчийн хувьд Ц.Э тай хийсэн барьцааны гэрээний дагуу эд хөрөнгийн барьцаа нь эд хөрөнгийн эрх ба тухайн эд хөрөнгө хэний ч өмчлөлд шилжсэнээс үл хамааран хүчинтэй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар бидэнд байгаа болно. Гэхдээ хариуцагч нар нас барагчийн өвийг хүлээн аваагүй, өв залгамжлагчийн эрхийн гэрчилгээ аваагүй ч гэсэн тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа учраас хуулиас үүдэх үүргийг хариуцах этгээд гэж үзэж Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 157 дугаар зүйлийн 157.4, 193 дугаар зүйлийн 193.1, 193.2, 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ц.Э гийн орон сууцыг барьцаалж 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр     15 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай гэрээ хийж уг гэрээг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж зээлдүүлсэн зээлийн гэрээний дагуу зээл, хүү. алдангийг төлөх үүргийг хариуцах этгээдээр Ц.Э, Ц.Э, С.Н  нарыг тогтоож, зээлийн барьцаа хөрөнгийг худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжилсэн 23 580 000 төгрөгөөс эхний удаа 5 580 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлэхдээ, Одоогийн байдлаар барьцааны хөрөнгө болох орон сууцыг С.С, С.М, С.М нар өвлөн авч, өв залгамжлагчийн гэрчилгээ авсан бөгөөд уг орон сууцанд С.Н  2014 оноос амьдарч байгаа юм. Барьцааны зүйл болох дээрхи орон сууцнаас үүргийн гүйцэтгэлд зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй зээл 15 000 000 төгрөг төлөгдөөгүй хүүний 13 560 000 төгрөг алданги 7 420 000 төгрөг нийт 35 980 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүнийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 5 тоот 40 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн барьцаанд тавигдсан энэ байр нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсвэл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж хуульчлан заасан байдаг. Зээлдүүлэгч Д.С, Д.Ц бид нар барьцааны гэрээ байгуулахдаа барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Э байсан бөгөөд уг гэрчилгээ нь алдаатай, буруу эсэхийг мэдээгүй, буюу мэдэх боломжгүй байсан тул албан ёсны эрх бүхий үл хөдлөх хөрөнгийн газрын гэрчилгээг үнэн зөв гэж итгэж байсан тул орон сууцны шударга барьцаалагч болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү. Орон сууцыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шилжүүлж өгөхийг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн өвлөгч С.Н  болох нь тодорхой болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Н-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбогдуулан Ц.Э, Ц.Э нарыг энэ хэрэгт хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна.

Иймд С.Н-ээс 35 980 000 төгрөгийг нэхэмжилж байсан юм. Одоо нэхэмжлэлийн үнийн дүнгээ 6 990 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Нийт үнийн дүнгээ    42 970 000 төгрөг болгож нэхэмжилж байна. Энэ нь зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үнийн дүнгээс 6 990 000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэжээ. Хариуцагч   Ц.Э, Ц.Э нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эдгээр зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь Ц.Э  болон Д.С, Д.Ц нарын хооронд байгуулагдсан. Гэрээний нэг тал болох Ц.Э  нас барсан. Барьцааны гэрээ нь хүчингүй болсон. Үл хөдлөх хөрөнгийг С.Н өөрийн аав н.С-д оногдох хэсгээс бусад өвлөгч нарын хамт өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Харин үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, С.Н-ийн нэр дээр шилжээгүй байгаа. Ц.Э-д оногдох хэсэг нь тогтоогдоогүй. Ц.Э гийн үүргийг эрх залгамжлагч нь шилжүүлж аваагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар зохигч болох хүн нас барсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байх тул 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэгэхээр Ц.Э-д оногдох хэсгийг С.Н  өвлөж аваагүй тул түүний үүргийг хариуцахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 159 дүгээр зүйлийн 159.5, 175 дугаар зүйлийн 175.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт 42 970 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 16 дугаар байрны 5 тоот 40 м.кв талбайтай сууцыг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууцны шударга барьцаалагч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийг эрхийн хязгаарлалтгүйгээр шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь Ц.Э, Ц.Э нарт холбогдох Ц.Э тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15 000 000 төгрөгийн зээл, хүү, алдангийг төлөх үүргийг хариуцах этгээдээр тогтоож, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 16 дугаар байрны 5 тоот 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч нараас 5 580 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534 840 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Сэдэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.С би Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/00380 тоот шүүхийн захирамжийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус шүүх уг захирамждаа доорх зүйлийг үндэс болгрож, нэхэмжлэгч Д.С миний нэхэмжлэлийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

1. Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 5 тоот 3 өрөө байрыг нэг хүний өмчлөлөөр байрны өмчлөгч Б.С 2008 оны 12 дугаар сарын 02-нд нас барсан. Тухайн үед Б.С нь гэр бүлийн баталгаатай эхнэр Ц.Э  болон өргөж авсан хүүхэд С.С нар уг байранд амьдарч байсан. Б.С болон гэр бүл Ц.Э  нар нь н.С-г албан ёсны гэрчилгээтэйгээр өргөж авсан байдаг. Б.С-г нас барсаны дараа түүний эхнэр Ц.Э  түүний байрыг нэг хүний өмчлөгчтэйгээр өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч Б.Э 2009 оны 6 сард олгосон байдаг. Ц.Э  нь үл хөдлөх хөрөнгийн газрыг өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нэг хүний өмчлөлтэйгээр уг байрны гэрчилгээг авсан байдаг. Нотариатч Б.Э 2009 оны 6 сард Ц.Э-д өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Ц.Э г өвлөх эрхийн гэрчилгээг авснаас хойш 6 жилийн дараа Б.С-ийн охин н.Н, нотариатч Б.Э-г шүүхэ өгч тухайн үед 17 настай байсан Ц.Э , Б.С 2-ын өргөн авсан хүүхэд С.С-ийг Б.С-ийн байрны өвлөх эрхийн гэрчилгээнд оруулаагүй байна гээд нотариатч Б.Э-г шүүхэд өгч, явцын дунд С.Н  нотариатч Б.Э нар шүүх дээр эвлэрч Ц.Э-д 2009 оны 6 дугаар сард олгосон өвлөх эрхийн 16 тоот гэрчилгээг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүгчийн 264 дүгээр захирамжаар хүчингүй болгосон. Б.С-ийн эхнэр Ц.Э  2013 оны 10 дугаар сарын 25-нд нас барсан. Ц.Э г нас барангуут түүний амьдарч байсан, өмчлөлийн байрыг аваад, эрхлэн суугаад 4 болсон С.Н  нь сүүлд 2013 оны 10 дугаар сарын 25-нд нас барсан. Ц.Э гийн байрыг өвлөн авсан бөгөөд нас барагчийн эд хөрөнгийг ямар нэгэн маргаангүйгээр хүлээн авч өрх гэрийн аж ахуйг цаашид бодит байдлаар үргэлжлүүлэн хөтлөж байгаа нь үйл ажиллагаагаараа бодитоор илэрхийлж байна. Үүний иргэний эрхзүйлд үггүй үйлдэл гэж нэрлэдэг. Ц.Э гийн өмчлөлийн байр, эд хөрөнгийг хүлээн авлаа гэрээ биш, хүлээс авахаа татгалзсаны буюу Засаг даргад мэдэгэх үүрэгтэй бөгөөд хэрэв мэдэгдээгүй бол өвийн эд хөрөнгийг хүлээн авснаар хуульчилсан байдаг.

Иймд Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Н  нь Ц.Э гийн байрны өвийг авсан гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Баянгол дүүргийн 16 дугаар байрны 5 тоот 3 өрөө байрыг өвлөж аваагүй талаар нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй байна. Энэ байрны өмчлөгч Б.С 2008 оны 12 сарын 02-ны нас барсаны дараа уг байрны өвийг 2009 оны 6 дугаар сард аваад 2016 он хүртэл 6 жил гаруй хугацаанд албан ёсны өвлөгч байгаад 2016 оны 01 дүгээр сар хүртэл, хүчин төгөлдөр хэвээр байсан болно. Энэ 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн 264 тоот захирамж нь Ц.Э гийн Б.С-ийн байрны өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноос хойш, Ц.Э г уг байрны өвлөгч биш гэсэн шийдвэр биш гэдгийг Захиргааны хэргийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар захирамжаар 4 дэх хуудасны 12 дугаар мөрөнд Ц.Э гийн нэр дээр нэг хүний өмчөөр бүртгэгдсэн бүртгэл гэрчилгээг шүүхээс хүчингүй болгох нь зүйтэй байна. Энэ шийдвэр нь Ц.Э  нь Б.С-ийн байрны хууль ёсны өвлөгч биш гэж үзсэн шийдвэр биш гэж захирамжид тэмдэглэгдсэн.

Иймд Ц.Э  нь Б.С-ийн  байрны хууль ёсны өмчлөгч болох нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т нас барагчийн эхнэр нөхөр, үрчилж авсан хүүхэд гэж заасны дагуу Ц.Э  нь уг байрны өвлөгч болно. Шүүгчийн захирамжаар Ц.Э гийн байрны өвийг аваагүй гэдэг нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасантай нийцэхгүй байна.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 38771 дүгээр захирамжаар Б.С-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 5 тоот 3 өрөө байрны хууль ёсны өв залгамжлагч болох төрсөн хүүхэд болох С.С, С.М, С.Н, С.М нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж чадаагүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлээ татан авсан тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймээс хариуцагч нар нь Б.С-ийн байрны өвийгн авах эрхгүй болгохоо шүүхийн дээрх захирамжаар баталгаажуулсан байдаг. Гэтэл дээрх Б.С-ийн хүүхдүүд болох С.С, С.М, С.Н, С.М нар нь нотариатч н.А-ийн өвлөх эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус гэрчилгээ тул хүчингүй болгож өгнө үү.

Мөн нотариатч н.А нь Б.С-ийн байрны өвийг тогтоохдоо түүний албан ёсны эхнэр Ц.Э г өвлөх эрхийн гэрчилгээнд зориуд оруулаагүй байна. Эсвэл С.Н  эх Ц.Э г зориуд нуун дарагдуулж өвлөх эрхийн гэрчилгээнд оруулаагүй байна. 2015, 2016 онуудад Б.С-ийн гэр бүл Ц.Э г түүнтэй  гэр бүл болж байсан гэрлэлтийн баталгааг үл хөдлөх хөрөнгийн газраас авч байсан нь хэргийн материалд хавсаргагдсан байх гэж бодож байна. Захиргааны хэргийн шүүх дээр болон 2015 оны Сүхбаатар дүүргийн шүүх, Баянгол дүүргийн шүүхийн хэрэгт Б.С-ийн эхнэр Ц.Э тай гэр бүлээ батлуулж байсан болон Б.С-ийн төрсөн болон өргөж авсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээнүүдийг үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар хүргүүлсэн байдаг. Иймд Б.С-ийн байрын өвийг шүүгч шалгаж үзээгүй, өвийг шалгахдаа цаг хугацааны дарааллаар эхлээд Б.С-ийн байрны өв, үүний дараа 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Ц.Э гийн байрны өв гэж нээгдэх ёстой. Иймд шүүгч Б.С-ийн байрны өвийг цаг хугацааны дарааллаар шалгаж үзээгүй. Иймд нэхэмжлэлийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Мөн уг байрны өвийг авсан С.С нь Ц.Э гийн хүүхэд байсаар байхад түүний өвийг авсан хүмүүс байхгүй захирамжид бичигдсэн байдаг.

3. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т зааснаар орон сууцыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч нараас 5 580 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзлыг батлаад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг гаргасан тул хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар нь хариуцагч С.Н, Ц.Э, Ц.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42 970 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шударга барьцаалагч болохыг тогтоолгох, барьцааны орон сууцыг эрхийн хязгаарлалтгүйгээр шилжүүлэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Ц.Э, Ц.Э нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагууд нь хариуцагч С.Н-тхолбогдоно гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр Ц.Э  нь нэхэмжлэгчээс 15 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр 5 тоотын 40 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-22050164463 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан, гэрээг 2 удаа сунгасан, Ц.Э  2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан, Ц.Э-д 2009 оны 6 дугаар сард олгосон өвлөх эрхийн 16 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар нотариатч Б.Энхээд холбогдуулан гаргасан С.Н, С.С, С.М, С.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 264 дүгээр захирамжаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Түүнчлэн Ц.Э-д 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000076247 тоот гэрчилгээг Нийслэл дэх Захиргаааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон, нэхэмжлэлд заасан орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 005 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр С.Н, С.С, С.М, С.М нар өвлөн авсан, орон сууцанд С.Н  амьдарч байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Дээрх үйл баримтууд, талуудын тайлбараас үзэхэд зээлийн барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг бодитойгоор эзэмшиж байгаа гэх үндэслэлээр зээлийн төлбөр гаргуулах, барьцааны зүйлээр үүргийг хангуулахаар С.Н-ээс шаардсаныг хангах үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

Учир нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч нь өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх бөгөөд хариуцагч С.Н-ийн өвлөн авсан өвийн хэмжээ тодорхойгүй байгаа тохиолдолд түүний үүрэг мөн тодорхойгүй болох юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/00380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сэдэдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2018/04300 дугаар захирамжаар нэхэмжлэгч     Д.Сэдэд нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

 ШҮҮГЧИД                                                  Д.БАЙГАЛМАА

 

М.НАРАНЦЭЦЭГ