Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2019/0578

 

2019 оны 9 сарын 17 өдөр

Дугаар

128/ШШ2019/0578

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Гомдол гаргагч: Д ХХК

Хаяг: 

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын Улсын ахлах байцаагч Г.Ц-ийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1702000111−(02) тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Д ХХК-иас тус шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын Улсын ахлах байцаагч Г.Ц-ийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1702000111−(02) тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудаст Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад хандан гомдол гаргасан боловч ...гомдолтой танилцаж, Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02-01/282 тоот албан бичгээр өгсөн. Тиймээс бид энэхүү үүсээд буй асуудлыг өөрийн хөрөнгөөр шийдэж, ажил хэвийн явагдаж дууссан тул Улсын ахлах байцаагч Г.Ц-ийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1702000111−(02) тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг үл хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Тус хэлтсийн Улсын ахлах байцаагч Г.Ц нь Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн РЗА ХХК-д холбогдуулан гаргасан гомдлоор Зөрчлийн хэрэг үүсгэн манай ДХХК-иас энэхүү зөрчлийн хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авсан. Энэ зөрчлийн хэргийн холбогдогч нь Д ХХК бус РЗА ХХК тул манай компанид ямар нэгэн хариуцлага оногдуулаагүй.

Харин 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дугаар 07-Ц1710310148/0137 тоот бүхий эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргаж тус даалгаврын хоёр дахь хэсэгт Д худалдааны төвд зөрчлийн үр дагаврыг арилгах, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрчим хүчний хамгаалалтын зурваст Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн угсралтын үйл ажиллагааг явуулж, үндсэн горимд шилжүүлэх ажилд саад учруулахгүй байхыг даалгасан.

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр улсын ахлах байцаагч Г.Ц нь Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-тэй утсаар холбогдон ...улсын байцаагчийн албан даалгавар биелүүлээгүй тул хариуцлага тооцно гэхэд бид РЗА ХХК-тай тохиролцож ажлыг нь хийлгэхээр болсон гэсэн тайлбарыг өгсөн. Бид улсын байцаагчийн албан даалгавар биелүүлээгүй бол тус албан даалгавар бичигдсэний дагуу Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцох байх гэж бодож байтал зөрчлийн хэрэг үүсгэн, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан байна. Өөрөөр хэлбэл зөрчлийн шинжтэй нэг үйл явдалд хоёр хэрэг үүсгэсэн гэж үзэж байна. Шийтгэл оногдуулах үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүрэг, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт , засвар ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм журам, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг зөрчсөн, эсхүл үйлдвэрлэлийн осол гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, эсхүл техникийн гэмтэл гаргахад хүргэсэн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан нь Д ХХК-д хамааралгүй байна. Учир нь улсын байцаагч Г.Ц нь утсаар ярихдаа албан шаардлага биелүүлээгүй тул хариуцлага оногдуулж байна гэж мэдэгдсэн боловч эрчим хүчний нэгдсэн сүлжээ, техникийн нөхцөл, үйлдвэрлэлийн осол гаргасан ажил гүйцэтгэгч РЗА ХХК болон захиалагч Мөнгөн цахиур ХХК нарт холбогдох заалтаар хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. "Д" ХХК-ийг тухайн ажлыг санаатайгаар зогсоосон хэмээн зөрчил шалган шийдвэрлэх үед байцаагчийн зүгээс үзсэн. Гэтэл Б.Н*******ийн мэдүүлэгт 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д ХХК-ийн газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж буй газарт өндөр хүчдэл шилжүүлэх ажлыг хийж байсан компани кран унагаасан. Иймд тухайн ажлыг гүйцэтгэж байсан компаниас ямар ажлыг хийж байхад яагаад кран унасан тухай тодруулж тухайн ажлыг зогсоосон тухай мэдүүлэг байдаг боловч энэ тухай байцаагчийн зүгээс аливаа шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй. 2016 оны газар эзэмших гэрээ гэрчилгээний дагуу тус газрыг Д ХХК эзэмшдэг.

Өөрөөр хэлбэл, РЗА ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй газар нь гомдол гаргагч компанийн эзэмшлийн газар тул газар эзэмшигчээс зөвшөөрөл авч, газрын хэмжээнээс хасуулсан байх ёстой байтал шууд ажлыг эхлүүлсэн тул хянаж өгнө үү хэмээн шийтгэл оногдуулах хуудас гарахаас өмнө мэргэжлийн хяналтын байгууллагад Д ХХК хүсэлтээ гаргасан боловч тус хүсэлтэд хариу өгөлгүйгээр шийтгэлээ оногдуулсан.

Хэрэв төрийн албан хаагчийн албан даалгаврыг цаг тухайд биелүүлээгүй гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах ёстой байсан. Мөн Д ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байтал эрчим хүчний чиглэлээр тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг РАЗ ХХК-д хамаарах заалтаар хариуцлага оногдуулсан.

Энэхүү Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь Д ХХК-д огт хамааралгүй заалт юм. Учир нь тэрхүү Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Д ХХК-ийн эзэмшиж буй газарт хийгдэж буй угсралтын ажлын захиалагч нь Мөнгөн цахиурт ХХК, гүйцэтгэгч нь РЗА ХХК, туслан гүйцэтгэгч нь Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК билээ.

Тиймээс дээрх заалт нь Мөнгөн цахиурт ХХК, гүйцэтгэгч РЗА ХХК, туслан гүйцэтгэгч нь Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК нарт хамааралтай хуулийн зохицуулалт юм. Тиймээс шийтгэлийн хуудаст Д ХХК-ийн яг ямар үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн аль хэм хэмжээг нь зөрчсөн тухай тусгаагүй байгаа юм.

Шийтгэлийн хуудсын 6 дахь хэсэгт Холбогдогч Д ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор угсралтын үйл ажиллагаа явуулахад саад учруулахгүй байх, ажиллагааг хэвийн горимд оруулахад дэмжлэг үзүүлэхийг даалгасугай гэжээ. Энэ нь ахлах байцаагч Г.Ц нь Д ХХК-д энэхүү асуудалтай холбогдуулан даалгасан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дугаар 07-Ц1710310148/0137 тоот бүхий эрх бүхий албан тушаалтны даалгаврын биелэлтийг нөхөн биелүүлэхийг шаардсан байгааг илтгэж байгаа бөгөөд улсын ахлах байцаагчийн албан даалгавар биелүүлээгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх гэж заасны дагуу арга хэмжээ тооцох ёстой байсныг нотолж байгаа юм. Гэтэл улсын ахлах байцаагч Г.Ц нь энэхүү асуудлыг өөр зөрчил мэтээр авч үзэж Д ХХК-д огт хамааралгүй хуулийн заалт ашиглан шийтгэлийн хуудсыг бичсэн байна. Өөрөө өмнө нь албан тайлбар бичихдээ хэрэв өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авна гэж бичсэн атлаа шийтгэлийн хуудас бичихдээ өөр зүйл заалт ашигласан нь хэт нэг талыг барьж асуудалд хандаж байгааг илэрхийлж байна.

Мөн Д ХХК-ийн зөрчил гаргасан гэж үзэж зөрчил шалгах ажиллагаа явуулсан бол бидэнд мэдүүлэг, тайлбар өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах гэх мэт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх холбогдогчийн эрхийг эдлүүлэх талаар ямар нэг арга хэмжээ авахгүйгээр албан даалгавар биелүүлээгүй тул хариуцлага ногдуулна гэж утсаар хэлээд шийтгэлийн хуудсаа шуудангаар илгээсэн байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан зөрчил шалгах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал юм.

Шийтгэлийн хуудасны 10 дахь хэсэгтээ Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 2017 оны гээд сар нь тодорхойгүй буюу балласан, 27-ны өдрийн дотор Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргаж болохыг дурдсугай гэжээ. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг. Энэ дээрх шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлгүй, утга агуулгын илэрхий алдаатай гарсан болохыг илэрхийлж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт хамаарч буй тул бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу улсын ахлах байцаагч Г.Ц-ийн гаргасан Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх журмын дагуу түүний харьяалах дээд шатны захиргаанд гаргасан.

Мөнгөн цахиур ХХК-ийн захиалгаар РЗА ХХК-ийн гүйцэтгэж буй энэхүү өндөр хүчдэлийн шугамын трасс өөрчлөх ажил нь Д ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний дагуу эзэмшиж буй газарт хийгдэхээр байсан бөгөөд бидэнд өмнө нь бичгээр болон амаар огт мэдэгдээгүй байсан. Манай компани тус газарт Д худалдаа үйлчилгээний цогцолбор төвийн дараагийн төсөл болох хүнсний худалдааны төвийн зураг төслийн ажлыг Япон Улсын Никкен Секкей компаниар 1 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр хийж гүйцэтгүүлсэн байсан. Энэ тухайгаа бичиж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гарган энэхүү ажлыг зогсоох, эсхүл өөр байдлаар шийдвэрлэхийг албан бичгээр хандан хүссэн бөгөөд тус албан бичигт өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.

Тиймээс бид хэн хэнийхээ ажлыг хүндэтгэн үзэж РАЗ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, трассыг өөрчлөх зардлыг өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж, урьдчилгаа төлбөрт 10.000.000 /арван сая/ төгрөгийг төлсөн.

Мөн Д ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дэх хэсгийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрх буюу өмгөөлөгч авах, нотлох баримт гаргах зэрэг эрхүүдийг эдлүүлэх ёстой байсан. Гэтэл дээрх эрхүүдийг эдлүүлэлгүйгээр утсаар холбогдон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

Нэгэнт трасс өөрчлөх ажил хийгдэж хэвийн үйл ажиллагаанд шилжсэн, өөрчлөлтийн зардлыг Д ХХК бүрэн гаргаж 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр шийдвэрлэсэн бөгөөд эрчим хүчний дүрэм, аюулгүй ажиллагааны журмыг ханган ажиллах ёстой компани болох РАЗ ХХК нь кран унагааж зөрчил гаргасан тул тус шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын Улсын ахлах байцаагч Г.Ц-ийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1702000111−(02) тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг

хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын ахлах байцаагч Г.Ц нь УБЦТС ТӨХК-ийн РЗА ХХК-д холбогдуулан гаргасан гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэн Д ХХК-иас тус хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байсан. Гэтэл улсын байцаагч Г.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-тэй утсаар холбогдон улсын байцаагчийн албан даалгавар биелүүлээгүй тул хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдэхэд Д ХХК-ийн зүгээс РЗА ХХК-тай тохиролцон шугам сүлжээний трассыг өөрчлөх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул албан даалгаврыг биелүүлж байгаа хэмээн хариу өгсөн боловч Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж тухайн шийтгэлийн хуудсыг шуудангаар хүргүүлсэн.

Шийтгэл оногдуулах үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүрэг, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журам, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг зөрчсөн, эсхүл үйлдвэрлэлийн осол, аваар гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, эсхүл техникийн гэмтэл гаргахад хүргэсэн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан нь Д ХХК-д хамааралгүй байна. Учир нь байцаагч Г.Ц нь утсаар ярихдаа ...албан шаардлага биелүүлээгүй тул хариуцлага оногдуулж байна гэж мэдэгдсэн боловч эрчим хүчний нэгдсэн сүлжээ, техникийн нөхцөл, үйлдвэрлэлийн осол гаргасан ажил гүйцэтгэгч РЗА ХХК болон захиалагч Мөнгөн цахиур ХХК нарт холбогдох заалтаар хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Д ХХК-ийг тухайн ажлыг санаатайгаар зогсоосон хэмээн зөрчил шалган шийдвэрлэх үед байцаагчийн зүгээс үзсэн. Гэтэл Б.Н*******ийн мэдүүлэгт 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д ХХК-ийн газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж буй газарт өндөр хүчдэл шилжүүлэх ажлыг хийж байсан компани кран унагаасан. Иймд тухайн ажлыг гүйцэтгэж байсан компаниас ямар ажлыг хийж байхад яагаад кран унасан тухай тодруулж тухайн ажлыг зогсоосон тухай мэдүүлсэн байдаг боловч энэ тухай байцаагчийн зүгээс аливаа

шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй.

2016 оны газар эзэмших гэрээ, гэрчилгээний дагуу тус газрыг Д ХХК эзэмшдэг. Өөрөөр хэлбэл РЗА ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй газар нь гомдол гаргагч компанийн эзэмшлийн газар тул газар эзэмшигчээс зөвшөөрөл авч, газрын хэмжээнээс хасуулсан байх ёстой байтал шууд ...ажлыг эхлүүлсэн тул хянаж өгнө үү хэмээн шийтгэл оногдуулах хуудас гарахаас өмнө мэргэжлийн хяналтын байгууллагад Д ХХК хүсэлтээ гаргасан байсан. Гэвч тус хүсэлтэд хариу өгөлгүйгээр шийтгэл оногдуулсан юм.

Хэрэв төрийн албан хаагчийн албан даалгаврыг цаг тухайд биелүүлээгүй гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах ёстой байсан. Мөн Д ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байтал эрчим хүчний чиглэлээр тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг РЗА ХХК-д хамаарах заалтаар хариуцлага оногдуулсан.

Д ХХК нь тус газарт дараагийн худалдааны төвийг барихаар хөрөнгө оруулалт хийсэн байсан тул цахилгааны шугам шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байсан РЗА ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан трассыг өөрчилж талуудад ашигтай байдлаар тухайн ажлыг гүйцэтгүүлсэн ба зардал 20 сая төгрөгийг Д ХХК-ийн зүгээс төлсөн. Мөн тухайн ажил 2017 онд дуусаж, эрчим хүчний үндсэн горимд шилжсэн. Иймд хувийн аж ахуй нэгжүүд хоорондоо тохиролцож, улсаас зардал гаргалгүйгээр тус асуудлыг шийдвэрлэсэн байтал шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Д ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дэх хэсгийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрх буюу өмгөөлөгч авах, нотлох баримт гаргах зэрэг эрхүүдийг эдлүүлэх ёстой байсан. Гэтэл дээрх эрхүүдийг эдлүүлэлгүйгээр утсаар холбогдон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан нь хууль бус байх тул гомдлын шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д худалдааны төвийн урд байрлах Мөнгөн цахиурт ХХК-ийн орон сууцны хорооллын барилгын талбайд орсон Суруга А, Б 110 кВ-ын, ТЭЦ-аас Олимп А, Б 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс өөрчлөх ажлыг РЗА ХХК зохих зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх явцад Д худалдааны төвийн захиргаанаас уг ажлыг зогсоосон. Энэхүү Олимп А, Б 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь Төрийн ордон, Хангарьд ордон, Цусны төв, 1 дүгээр төрөх, 1 дүгээр төв эмнэлэг гэх мэт улсын онцгой 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах гол шугам бөгөөд тухайн үед хүчдэл доор хийгдэх төлөвлөгөөт ажил зогссоны улмаас онцгой хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн нэг талын тэжээл тасарч аваарын нөхцөл байдал үүссэн байна. Үүнд Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь /..., Өгөгдсөн горимыг барьж ажиллах, ..., Аваарын зөрчлийг таслан зогсоож, хэвийн горим ажиллагааг сэргээх.../ заалт, Цахилгаан байгууламжийн дүрэм БД43-101-03-ын 1.2.10 дахь Тэжээлийн үүсгүүрийн аль нэгний нь цахилгаан хангамж тасалдахад хүрвэл цахилгаан хангамж тасалдах хугацааны завсарлага нь тэжээлийг автоматаар сэргээн залгах хугацаатай тэнцүү байх ёстой. заалтууд зөрчигдсөний улмаас Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь /Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүрэг, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, загвар ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журам, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг зөрчсөн, эсхүл үйлдвэрийн осол, аваар гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, эсхүл техникийн гэмтэл гаргахад хүргэсэн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./ заалтын дагуу хүчдэл доор хийгдэх төлөвлөгөөт ажилд саад учруулж аваарын нөхцөл байдал үүсгэсэн Д ХХК-д эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц хуулийн хүрээнд шийтгэвэрийн арга хэмжээ авсан байна.

Учир нь РАЗ ХХК нь тухайн шугам сүлжээг зөөхдөө эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг авч, нэгдүгээр зэргийн хэрэглэгч нарын цахилгааныг тасалдуулалгүйгээр, заасан хугацаанд цахилгааны шугамыг зөөх ажиллагаа явуулж байсан. Гэтэл Д ХХК нь тухайн ажлыг зогсоох эрх бүхий байгууллага биш байтал тухайн ажлыг зогсоож саатуулсан тул шийтгэл оногдуулсан. Эрчим хүчний систем бол улс орны хэмжээнд тусгай объект юм. Тус цахилгааны агаарын шугамыг зөөвөрлөх явцад манай компанийн газар дээр дайрч өнгөрсөн тул биднээс зөвшөөрөл авах ёстой хэмээн гомдол гаргагчийн зүгээс тайлбарлаж байх боловч аливаа эрчим хүчний доголдол гарвал Д ХХК-иас зөвшөөрөл авах нь үндэслэлгүй юм. Мөн РЗА ХХК бол гүйцэтгэгч компани бөгөөд Мөнгөн цахиурт ХХК болон Д ХХК нар нь мөн адил захиалагч байгууллагууд тул тухайн кран унасан асуудал Д ХХК-ийн буюу захиалагчийн үүрэгтэй холбогдоно гэж үзэж байна. Магадгүй тухайн цахилгааны шугамыг зөөвөрлөж байхад 0 зогсолт хийсэн бол нэгдүгээр зэрэглэлийн цахилгаан хэрэглэгчид эрчим хүчээр тасрах байсан. Гэтэл тухайн зөөвөрлөх ажлын хугацааг Д ХХК удаашруулсан юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Д ХХК тус шүүхэд хандан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын Улсын ахлах байцаагч Г.Ц-ийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1702000111−(02) тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

1.  Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, Мөнгөн цахиурт ХХК-иас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Д худалдааны төвийн замын эсрэг тал, Нийслэл хүрээ өргөн чөлөөний дагуу орон сууцны хорооллын барилгын ажил явуулах болсонтой холбоотойгоор тус компанийн барилгын ажлын талбайд байрлах 110кВ Суруга А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 2, 3 дугаар тулгуур, 35кВ Олимп А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 2, 3 дугаар тулгуур хоорондын трассыг өөрчлөн, хотхоны талбайг тойруулан шилжүүлэх ажлыг РЗА ХХК зохих зөвшөөрлийн үндсэн дээр 2017 оны 9 дүгээр сараас гүйцэтгэж эхэлжээ.

Улмаар уг ажиллагааг гүйцэтгэх явцад Д ХХК-ийн эзэмшлийн газарт анкер тулгуурыг өргөж байсан кран машин осолдож, цахилгааны тулгуур хугарсан үйлдвэрлэлийн осол гаргасантай холбоотойгоор Д ХХК-ийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хүртэл хугацаанд өөрийн эзэмшил газарт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэсэн асуудлыг тавьжээ.

Энэ хүрээнд кран унаган осол гаргасан үйлдэлд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа 02-07-025/02-00144 дугаар Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

2. Төрийн ордон, Хангарьд ордон, Цусны төв, 1 дүгээр төрөх, 1 дүгээр төв эмнэлэг гэх мэт улсын онц чухал 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг гол шугам болох Олимп А, Б 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлэх төлөвлөгөөт ажил тасалдах нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан Зөрчил арилгуулах тухай 2/2629 дүгээр албан бичгийг хүргүүлснээр тус газрын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2 хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэнТөрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5дугаар зүйлийн 52.2.Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ,-т заасан журмын дагуу хяналт шалгалтын ажлыг эхлүүлж,

2017 оны 11 дүгээр сарын 02, 03, 10-ны өдрүүдэд холбогдогч РЗА ХХК-ийн төлөөлөгч Д.А, Б.Э, Д ХХК-ийн төлөөлөгч Б.Н, Мөнгөн цахиурт ХХК-ийн төлөөлөгч А.Б, УБЦТС ТӨХК-ийн төлөөлөгч Ш.Г нараас мэдүүлэг авчээ.

Улмаар улсын ахлах байцаагч Г.Ц Эрх бүхий албан тушаалтны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07-Ц17103110148/0137 дугаар даалгавраар ... Д худалдааны төвд зөрчлийн үр дагаврыг арилгах, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрчим хүчний хамгаалалтын зурваст УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн угсралтын үйл ажиллагааг явуулж, үндсэн горимд шилжүүлэх ажилд саад болохгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1702000111-(02) дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр Д ХХК-ийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

3. Гомдол гаргагч Д ХХК дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлээ ... Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь гомдол гаргагчид хамааралгүй, хариуцлага хүлээлгэх бол улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлсэн эсэх асуудлаар л

хариуцлага яригдах ёстой хэмээн тайлбарлан маргаж байна.

Гомдол гаргагчийн шаардлагатай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д ХХК нь Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь /..., Өгөгдсөн горимыг барьж ажиллах, ..., Аваарын зөрчлийг таслан зогсоож, хэвийн горим ажиллагааг сэргээх.../ заалт, Цахилгаан байгууламжийн дүрэм БД43-101-03-ын 1.2.10 дахь Тэжээлийн үүсгүүрийн аль нэгний нь цахилгаан хангамж тасалдахад хүрвэл цахилгаан хангамж тасалдах хугацааны завсарлага нь тэжээлийг автоматаар сэргээн залгах хугацаатай тэнцүү байх ёстой гэх заалтуудыг зөрчигдсөний улмаас Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хариуцлагыг Д ХХК-д хүлээлгэсэн хэмээн тайлбарлаж байх боловч хариуцагчийн энэхүү тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болгон тайлбарлаж буй Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүрэг, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, загвар ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журам, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг зөрчсөн, эсхүл үйлдвэрийн осол, аваар гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, эсхүл техникийн гэмтэл гаргахад хүргэсэн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэсэн,

Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм[1]-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт нь Эрчим хүчний үйлдвэрүүд дээр хоногийн туршид тоноглолын ажиллагааг шуурхай удирдах ажил зохион зохион байгуулагдсан байх ёстой бөгөөд дараах зорилтуудыг хангах ёстой. Үүнд:

- Өгөгдсөн горимыг барьж ажиллах

-Тоноглолыг явуулах, зогсоох, сэлгэн залгах

- Аваарийн зөрчлийг таслан зогсоож хэвийн горим, ажиллагааг сэргээх

-Тоноглолыг засварт гаргах, ажлын байр бэлтгэх гэсэн,

Цахилгаан байгууламжийн дүрэм БД43-101-03-ын 1.2.10 дахь заалт нь Тэжээлийн үүсгүүрийн аль нэгний нь цахилгаан хангамж тасалдахад хүрвэл цахилгаан хангамж тасалдах хугацааны завсарлага (тасалдал) нь тэжээлийг автоматаар сэргээн залгах хугацаатай тэнцүү байх ёстой.

I зэрэглэлийн цахилгааны онцгой бүлгийн цахилгаан хангамжид хоорондоо хамааралгүй, харилцан бие биедээ бэлтгэл болон орлох гурав дахь нэмэгдэл тэжээлийн үүсвэр авч үзэх шаардлагатай. Онцгой бүлгийн хэрэглэгчдийн тэжээлийн үл хамааралгүй, харилцан нөөцлөгдөх гурав дахь үүсгүүр, I зэрэглэлийн бусад хэрэглэгчдийн тэжээлийн үл хамааралгүй, харилцан нөөцлөгдөх хоёр дахь үүсгүүрт орон нутгийн ба эрчим хүчний систем (генераторын хүчдэлтэй шин г.м.)-ийн цахилгаан станц, тасралтгїй ажиллагаатай тусгай агрегатууд, аккумуляторын батерай байж болно.

Хэрэв цахилгаан хангамжийн бэлтгэл тэжээл нь технологийн процессийн тасралтгүй чанарыг хангаж чадахгүйд хүрвэл, эсвэл цахилгаан хангамжийн бэлтгэл тэжээл нь эдийн засгийн үр ашиггүй байвал цахилгаан хангамж тасарсан үед ажиллах технологийн нөөцийн бэлтгэлийг харилцан нөөцлөгдөх (нэг нь зогсоход нөгөө нь ажиллах г.м.) технологийн агрегат суурилуулах, технологийн процессийн аваарийн зогсолтгүй ажиллагааг хангах тусгай төхөөрөмж ашиглах замаар хэрэгжүүлж болно. Технологийн тасралтгүй ажиллагаатай, ажлын горимыг сэргээхэд удаан хугацаа зарцуулах онцгой нийлмэл процесс бүхий I зэрэглэлийн хүлээн авагчдийн цахилгаан хангамжийг техник-эдийн засгийн үндэслэл дээр технологийн процессийн онцлогоор тодорхойлогдох нэмэгдэл шаардлагыг тусгасан тэжээлийн үл хамаарах, харилцан нөөцлөгдөх (орлох) хоёр үүсгүүрээс өгөхийг зөвлөж байна.

II зэрэглэлийн хүлээн авагчдийн цахилгааны тэжээл нь тусгай оруулгагүй тэжээгдэж болно. гэсэн агуулгатай байх бөгөөд эдгээр зүйл заалтаар зохицуулж буй харилцаа нь тухайн маргаан бүхий захиргааны актын хувьд гомдол гаргагч Д ХХК-д хамааралгүй, дээрх хууль тогтоомжийн хүрээнд гомдол гаргагч нь тухайн тохиолдолд ямар нэгэн үүрэг хүлээхээргүй, холбогдогчийн гаргасан гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байх тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын Улсын ахлах байцаагч Г.Ц-ийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1702000111−(02) дугаар шийтгэлийн хуудсыг зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр хэмээн үзэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Иймд гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй

байна.

Үүнтэй холбогдуулан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын Улсын ахлах байцаагч Г.Ц нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/653 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч, төрийн албанаас чөлөөлөгдсөн тул тус шүүхийн шүүгчийн 2018 оны 128/ШЗ2018/2405 дугаар захирамжаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг эрх залгамжлагчаар сольсон, мөн улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй үйлдэлтэй нь холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд Д ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 , 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг дэх хэсгийг тус тус үндэслэн Д ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын Улсын ахлах байцаагч Г.Ц-ийн 2017 оны 1702000111−(02) дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М