Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 703

 

 

 

 

 

 

 

2020          5              28                                           2020/ДШМ/703

 

Г.От холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

хохирогч М.Э,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/773 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Г.От холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Гын О, 1982 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Г.О нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “...” банкны АТМ-д алдаатай гүйлгээний улмаас үлдээсэн иргэн М.Эын бэлэн мөнгийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 16.2 дугаар зүйлд нотолбол зохих асуудлыг тусгасан ба, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг  нотолно гэж тус тус заасныг хангаагүй гэж үзэж 1. Хэрэгт цугларсан баримтыг үзвэл хохирогч М.Эоос “...” банкны теллертэй утсаар холбогдоход ярьсан ярианы гэх бичлэг, уг бичлэгийг буулгасан гэх тэмдэглэл зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн байна. Гэвч уг бичлэгт хохирогчтой ярьсан гэх хүн нь банкны ажилтан мөн эсэхийг нягтлан шалгаагүй, улмаар тухайн өдөр хохирогч М.Этой ярьсан гэх банкны ажилтныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Мөн хохирогч М.Эын хэрэгт өгсөн ярианы бичлэгт банкны ажилтан мөнгөн дэвсгэртийн тоог хэлсэн, уг дүнгээр хохирлыг тооцсон гэх боловч хохирогчоос хэрэгт өгсөн ярианы бичлэгийн эх сурвалжийг нягтлан шалгаагүй байх тул уг дүнгээр хохирлыг шууд тооцох боломжгүй, эргэлзээгүй тогтоосон гэж үзэхгүй. Түүнчлэн банкны бэлэн мөнгөний машинд хохирогчийн хийсэн гэх мөнгөн дүнг дэвсгэртээр банкны ажилтан хэлж өгсөн гэх ба “...” банкнаас бэлэн мөнгөний машинд мөнгөн дүнг уншсан баримтыг хэрэгт нотлох баримтаар цуглуулаагүй, хохирлын дүнг эргэлзээгүй тогтоох шаардлагатай. 2. Хохирогч М.Эын хэрэгт ирүүлсэн ярианы бичлэгийг буулгасан тэмдэглэл /хх44/-д  “...хохирогч: бичлэгээ хуулбарлан авъя, сонсъё гэвэл ...а хандах вэ гэхэд, ажилтан: хуулийн хүрээнд та цагдаагийн зөвшөөрлөөр манайд хүсэлт гаргана, тэгэх юм бол хуулбарлаад авч болно” гэж тэмдэглэгдсэн байна. Хохирогчийн лавлагааны ажилтантай ярьсан гэх ярианы бичлэгийг тус хэрэгт хөндлөнгийн байгууллага болох банкнаас хэрэгт нотлох баримтаар цуглуулах ажиллагааг хийгээгүй. 3. Мөн хохирогч М.Эын тухайн цаг хугацаанд 1.760.000 төгрөг байсан гэх мэдүүлгийн эх сурвалжийг санхүүгийн баримтаар тогтоогоогүй байна. Иймд “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлох, тогтоох ажиллагааг хийгээгүй гэж үзнэ. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, ...а, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-”ыг нотолно гэж заасан. Прокурорын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх23-24/, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 220 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан газрыг “...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ... банкны Атм-д...” гэх ба, бэлэн мөнгөний машины дугаар байхгүй, тус хороон дахь үйлчилгээ үзүүлж буй бэлэн мөнгөний машинуудын аль хаяг, байршилд хамаарах, ямар дугаартай машинаас бусдын эд хөрөнгийг завшсан гэж буй нь тодорхойгүй, гэмт хэрэг гарсан газрыг тогтоож, нотлоогүй байна. 5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол…” гэж заажээ. Прокурорын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 220 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллагдагч Г.О нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “...” банкны АТМ-д алдаатай гүйлгээний улмаас үлдээсэн иргэн М.Эын бэлэн мөнгийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн ...” гэж бичсэн, харин яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...яллагдагч Г.Оын үйлдсэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан” гэжээ. Дээрхээс үзвэл, прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэг зөрчилтэй, яллагдагчийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас бусдын эд хөрөнгийг завшсан гэж буруутгаж байгаа эсэх, эсхүл гээгдэл эд хөрөнгийг завшсан гэж буруутгаж байгаа эсэх нь тодорхой бус зөрчилтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзнэ. Иймд дээрх зөрчлүүдийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж дүгнэн прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Хохирогч М.Э нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны 20 цаг 14 минутад бэлэн мөнгөний машинд орлогын мөнгийг хийсэн боловч гүйлгээ хийгдээгүй учраас хохирогчийн дансанд мөнгө ороогүй, улмаар дансанд гүйлгээ хийгдсэн талаарх баримт банкнаас гарах боломжгүй. Бэлэн мөнгөний машин гэдэг нь харилцагчдын бэлэн мөнгөний эрэлт хэрэгцээг хангах, данс руу бэлэн мөнгө орлогодох, бэлэн мөнгө зарлагадан гаргах, картын үлдэгдэл шалгах, мөнгө шилжүүлэх үйлчилгээ үзүүлэх зориулалттай автомат машин. Уг автомат машин нь мөнгийг тоолсон хэдий ч орлогын гүйлгээ хийгдээгүйн улмаас тодорхой хугацааны дараа мөнгийг буцааж гаргасан. Тухайн машинд орлогын гүйлгээ хийгдсэн буюу хохирогчийн мөнгө данс руу нь орсон тохиолдолд түүний дансанд мэдээлэл орох байсан. Харин хохирогч маргааш нь ... банкны тусгай дугаарын утас руу залгаж мөнгө ороогүй, хичнээн төгрөгийг автоматаар тоолсныг асуусан бөгөөд энэхүү бичлэг нь ... банкны утсанд хадгалагдан үлдсэн. Энэ бичлэг нь хохирогчийн бэлэн мөнгөний автомат машинд хийсэн мөнгөн дүн болон, гүйлгээ хийгдээгүй болохыг нотлох баримт бөгөөд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуулийн шаардлагыг хангасан тул банкны ажилтныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйлс, баримт бичиг, бусад баримтыг мөрдөгч...авч хавтас хэрэгт тусгаж хавсаргана” гэж зааснаар мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батсайхан нь хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн ... банкны ажилтан ярьсан ярианы бичлэг бүхий сиди хуурцагт хуульд заасны дагуу үзлэг хийж, хураан авч, тэмдэглэл үйлдэж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол үйлдэн хуурцгийг хэрэгт хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэж, мэдээллийг тусгасан дууны, дүрсний бичлэгийг хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн байх тул хохирогчийн лавлагааны ажилтантай ярьсан гэх ярианы бичлэгийг банкнаас гаргуулан авах шаардлагагүй юм. 3. Хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг хяналтын камерын бичлэг болон хохирогчийн ярианы бичлэг зэрэг баримтуудаар давхар нотлогдсон тул тусгай санхүүгийн баримт авах шаардлагагүй. 4. Хавтас хэргийн 17 дугаар талд авагдсан ... банкны албан бичгээр хохирогч М.Э нь Жанцан ... банкны АТМ-923 дугаартай бэлэн мөнгөний машинд орлогоо 20 цаг 14 минутаас 17 минутын хооронд хийсэн болох нь тогтоогдож, ... банкны албан бичгээр шүүгчийн захирамжид дурдсан “...бэлэн мөнгөний машины дугаар байхгүй, тус хороо дахь үйлчилгээ үзүүлж буй бэлэн мөнгөний машинуудын аль хаяг, байршилд хамаарах, ямар дугаартай машинаас бусдын эд хөрөнгийг завшсан гэж буй нь тодорхойгүй, гэмт хэрэг гарсан газрыг тогтоож, нотлоогүй” гэх заалт нь үгүйсгэгдэж байна. Бэлэн мөнгөний байршил дугаар нь мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “923 гэсэн хар өнгийн бичиглэлтэй бэлэн мөнгөний машинд гүйлгээ хийж байгаа саарал өнгийн ноосон малгайтай, хөх өнгийн өвлийн куртиктэй, баруун гарын ядам хуруундаа бөгжтэй эрэгтэй хүн бэлэн мөнгөний машинд картаа хийгээд мөнгөний хайрцагийн тагийг онгойлгон бэлэн мөнгө хийгээд тагийг хаагаад АТМ-ын хажуу талын товчлуурыг дарж байгаа дүрс бичлэг байв” гэх тэмдэглэлээр давхар нотлогдсон. 5. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа хэргийн товч утгыг, тогтоох хэсэгт бичсэн заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл хэсэг заалтаар зүйлчлэгдэх...” тухай заалтад нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжээс “гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт үйлдэлд яллагдагч Г.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч М.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Миний хувьд өөрөөс шалтгаалах тайлбар, мэдүүлгээ өгсөн. Тухайн үед ажлын ачааллаас болоод үйлдлээ дутуу хийгээд гараад явсан. 1.000 төгрөгийн дэвсгэртээс бусад дэвсгэртийг автомат машин өөрөө тоолоод мөнгөн дүнгээ дэлгэцэнд харуулдаг. Тиймээс би болчихлоо гээд гараад явсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...нотолбол зохих байдлууд нотлогдоогүй. ...хохирлыг зөв тогтоогоогүй” гэсэн үндэслэлүүдийг зааж Г.От холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Оыг “2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 20.10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “...” банкны АТМ-д алдаатай гүйлгээний улмаас үлдээсэн иргэн М.Эын бэлэн мөнгийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан ба мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн хохирлыг үндэслэлтэй тогтоож чадаагүй байна.

Учир нь, ... банкны АТМ-д хохирогч хэдэн ширхэг хэдэн төгрөгийн дэвсгэртийг хийж тоолуулан гүйлгээг дутуу хийснээс бэлэн мөнгө буцаж гарч ирсэн талаар ... банкнаас тодорхой нотлох баримтыг гаргуулах ажиллагаа хийгдээгүй, эсхүл хийгдэх боломжгүй тухай баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулаагүй байх тул гэмт хэргийн хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тооцох боломжгүй байна.

Мөн хохирогчийн “... банкны ажилтан надад 1.760.000 төгрөг гэж хэлсэн” гэсэн мэдүүлгийг түүний гаргаж өгсөн ярианы бичлэгээр давхар нотлогдсон эсэх нь эргэлзээтэй, тухайн ярианы бичлэгийг ... банкнаас гаргуулан авах ажиллагаа огт хийгдээгүй, эсхүл хийгдэх боломжгүй талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзнэ.  

Иймд хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурор М.Амарзаяагийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/773 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/773 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Амарзаяагийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Ц. ОЧ