Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/03248

 

 

 

 

 

               2020           10               29   

       102/ШШ2020/03248

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * тоотод оршин суух Ховогт МБ /РД:**, утасны дугаар: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг * тоотод оршин суух Ховогт Э Т /РД: **, утасны дугаар: */

 

Гэм хорын хохиролд 1,205,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б

                                хариуцагчийн төлөөлөгч М.У

                                иргэдийн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ

                                нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 16-7 тоотод оршин суудаг бөгөөд зундаа өөрийн эзэмглийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын зүүн дэнж Гялалзахын 1-11-1 тоот хашаа байшиндаа гарч зусдаг билээ. Эрүүл мэндийн хувьд 70 хувь группт байдаг бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Отгонтэнгэр рашаан сувилалд эмчлүүлэхээр гэр бүлийн хамт явсан хойгуур Тоёота Приус маркийн 68-73 УНТ улсын дугаартай машиныг жолоодож явсан Э.Т хашааны зүүн талаас маш хурдтайгаар мөргөж ороод байшингийн зүүн урд тал болох байшингийн суурь, мод, шал мөн ДДИШ антен, ургаа моднууд зэрэг ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Сувиллын  хугацаа дуусгалгүй сонссон даруйдаа 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрөө Завханаас гарч 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатарт ирээд 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хэрэг хариуцсан Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн газрын ахмад байцаагч н.О холбогдох үнэлгээний “Ашид билгүүн” газарт үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээ 1,482,000 төгрөгийн хохиролтой гэж гарсан. Энэ бол нүдэнд харагдах хохирол, гэвч байшингийн урд перантны суурь тэр чигээрээ эвдэрч  илүү их материал, хөдөлмөр хөлс хүч үнэлгээн тусгагдаагүй анхны үнэлгээгээ хохирол барагдуулахыг хүсч, бидэнд нийт 1,482,000 төгрөг болон үнэлгээний 103,000 төгрөг, 20,000 төгрөг, нийт 123,000 төгрөгийн, нийт 1,605,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж үлдэгдэл  мөнгийг 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон ч одоог болтол нэг ч төгрөг өгөөгүйгээр үл барам холбогдохгүй, холбогдоод хохирлоо нэхэмжлэхээр шүүхдээд ав гэж загинасан. Иймд бидний хохирлыг даруй барагдуулж өгнө үү. Тухайн үед хашаанд хүүхдүүд, ач хүү байгаагүйд баярлаж байна. 10 жил ургасан мод үндсээрээ хугарч, цементен зам хагарч, 8 метр урттай байшингийн перант /урт балкон/ эвдэрсэн.

 

Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 7 сард хөдөө яваад ирэхэд энэ хүний нөхөр нь манай хашааг дайрсан байсан. Манай хашаанд байсан 10 жил ургасан гацуурыг мөргөсөн. 3 метр ургасан гацуур ямар үнэтэй вэ гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Үнэлгээний газар бол харин хамгийн багаар үнэлсэн. Би энэ хүмүүсээс манайхыг хохиролгүй болгоод өгөөч гэж зөндөө гуйсан боловч өөдөөс загнаад байсан учраас шүүхэд хандсан. Би өөрөө группэд байдаг болохоор эвдэлсэн зүйлийг засаж янзлах эдийн засгийн боломж тааруу хүн. Иймд миний мөнгийг гаргуулж өгөхийг хүсэж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.У шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Элдэвдоржийн Т нь 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Гачууртад эхнэр, хадам ээж, 2 хүүгийн хамт айлд очсон. Намайг машинааас юм буулгах хооронд М.У миний машиныг барьж хөдлөөд 10 метр орчим газар яваад зогссон гэдэг. Миний нөхөр болох Э.Т эпилепсия буюу унаж татах өвчтэй, сэтгэц мэдрэлээр 70 хувийн группт байдаг. Энэ ослыг гаргах үедээ уналт таталт өгснөөс болсон явдлыг санахгүй, 30 минутын дараа сэргэж, эхнэр буюу надад ослын талаар хэлсэн байдаг. Энэ хооронд би машиныг хулгайлсан, ийм өвчтэй хүн барьж байгаа талаар 102-т буюу цагдаагийн байгууллагад 2 удаа дуудлага өгсөн. Болсон явдлын талаар гэр бүлийнхэндээ мэдэгдэж, аав, ээжтэйгээ 8-10 м.кв талбайтай нурсан, эвдэрсэн хашааг нөхөхөөр тус айлын ээж болох айлаас 20-иод хатсан байдалтай 2-н банз авчирч хөршийнх нь хүнтэй хашааг барьж, хөршийн хүнд нь 20,000 төгрөг өгсөн. Эвдэрсэн зүйлүүдийг мужаантай ирж янзалж өгөхөөр санал тавьсан боловч гэрийн эзэгтэй үнэлгээ хийлгэнэ гэсэн. Тухайн үед хохиролд 400,000 төгрөг өгсөн. Ингээд үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ гаргасан нь зах зээлийн бодит үнэтэй тохирохгүй өндөр үнэлгээ гаргасан. Жишээ нь: Гацуур нь 1,2 метр өндөртэй 10 жилийн насжилттай гэж гэрийн эзэгтэй өөрөө хэлж байсан. Гэтэл үнэлгээ тогтоохдоо гацуурыг 3 метр өндөртэй 500,000 төгрөг гэсэн байна. Одоогоор ийм өндөр үнэтэй гацуур монголд байхгүй байна. Зах дээр 1-2 метр өндөртэй 9-12 жилийн насжилттай гацуур 150,000-200,000 төгрөг байна. Хоёрдугаарт, ажлын хөлс 1 өдөр нь 170,000 төгрөг байхад 440,000 гэсэн байна. Тээврийн зардал 200,000 төгрөг гэсэн байна. Бид өөрсдийн машинаар хүргэж өгөхөд үнэгүй болно. 50 ширхэг 2-н банз багц багцаараа 130,000-150,000 төгрөг байна. Нэхэмжлэгч М.Б нь зөвхөн мөнгө л авна, та нартай ярихгүй гэсэн. Нэхэмжилсэн моднууд одоо ч хэвээрээ ургаж байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэмж 200,000 төгрөг өгөхийг зөвшөөрнө.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Э.Тд холбогдуулан гэм хорын хохиролд 1,205,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаа “гэмтэл учирсан эд хөрөнгийг сэргээн засварлах үнэ 1,482,000 төгрөг, үнэлгээчний ажлын хөлс 103,000 төгрөг, үнэлгээчний дуудлагын үнэ 20,000 төгрөг нийт 1,605,000 төгрөгийн хохирол учирснаас хариуцагчийн төлсөн 400,000 төгрөгийг хасаж 1,205,000 төгрөг” гэж тодорхойлсон байна.  

 

Хариуцагч Э.Т нь 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын замд  68-73 УНТ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Гачууртын зүүн дэнж Гялалзахын 11-1 тоотын хашаа, байшингийн суурь, ургаа модыг мөргөн зам тээврийн осол гаргаж М.Бд эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь талуудын тайлбар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ЗТО-409/0017281 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоогдсон ба хариуцагчийн гэм буруу болон гэмтэл учирсан эд хөрөнгийн талаар зохигч маргаагүй, харин нэхэмжилж буй хохирлын хэмжээ зах зээлийн бодит үнээс өндөр тогтоогдсон гэж хариуцагч маргав.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ. Эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах гэдгийг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу гэмтсэн эд хөрөнгөтэй адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг ойлгоно.    

 

Дээрх ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын үнэлгээг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Ашид билгүүн” ХХК-иар тогтоолгосон байх ба хашаа болон саравч засварлах, мод суулгах ажлын хөлсийг 440,000 төгрөг, материалын зардал 842,000 төгрөг, тоног төхөөрөмж, тээврийн зардлыг 200,000 төгрөг нийт 1,482,000 төгрөг гэж тогтоожээ. Үнэлгээчин үнэлгээ тогтоохдоо эд хөрөнгийн бодит байдалтай танилцаж модон хашааны дай хугарсан, хашааны банз хугарсан, гацуур болон жимсний мод хугарсан, байшингийн үүдний саравч эвдэрсэн болохыг зургаар харуулж, ажлын гүйцэтгэлийн үнэ, барилгын материалын үнийг barilga.mn, 100 айл дахь барилгын материалын дэлгүүрийн үнэ ханшийг судалж зах зээлийн дундаж ханшаар хохирлыг хэмжээг тогтоосон гэжээ. Энэхүү үнэлгээг хариуцагч зах зээлийн бодит үнээс өндөр тогтоогдсон гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэв. Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс өндөр тогтоогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээчний дуудлагын үнийг 20,000 төгрөг гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 10,000 төгрөг төлжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 10,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 1,195,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х овогт Э Тгаас 1,195,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х овогт МБд олгож, нэхэмжлэлээс 10,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,470 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 33,230 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА

 

                  ШҮҮГЧИД                                                              Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ