| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/02338/И |
| Дугаар | 102/ШШ2020/02539 |
| Огноо | 2020-09-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2020/02539
| 2020 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2020/02539 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг тоотод оршин суух Б О/РД:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороонд байрлах Г Б Х З Х Х /утасны дугаар: 99073687/
Ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоолгох, ажилгүй байгаа хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О
хариуцагчийн төлөөлөгч А.А
нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бат-Очир овогтой Оминий бие 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвд залуучуудын хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд туршилтын 3 сарын хугацаанд ажиллахаар тухайн өдрийн Б/48 тоот тушаалаар томилогдсон ба 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний үндэслэл болон 1.12 дахь заалтын дагуу тушаалгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан болно. 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/27 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “хүүхэд асрах чөлөө авсан” гэж заасны дагуу чөлөөтэй байсан Б.Дуламсүрэн нь ажил, албан тушаалдаа эргэж орох өргөдөл гаргасан. Уг өргөдлийг үндэслэн тухайн өдөр надад хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл нь хүний оронд туршилтын хугацаанд ажиллаж байгаа гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/23 тоот тушаалын үндэслэл болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ”, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 “талууд харилцан тохиролцсон” зэрэг зүйл заалтуудыг үндэслэсэн нь үндэслэлгүй хууль зөрчсөн гэж үзэж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б Г Д Х З Х Х хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвд залуучуудын хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд туршилтын 3 сарын хугацаанд ажиллахаар тухайн өдрийн Б/48 тоот тушаалаар томилогдсон ба 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний үндэслэл болон 1.12 дахь заалтын дагуу тушаалгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан болно. Жирэмсний амралтаа авсан байсан Б.Дуламсүрэн нь ажил, албан тушаалдаа эргэж орох өргөдөл гаргасан. Уг өргөдлийг үндэслэн тухайн өдөр надад хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл нь хүний оронд туршилтын хугацаанд ажиллаж байгаа гэсэн нь үндэслэлгүй тушаал гарсан гэж үзэж байна. Мөн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/23 тоот тушаалын үндэслэл болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 талууд харилцан тохиролцсон зэрэг зүйл заалтуудыг үндэслэн ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй хууль зөрчсөн гэж үзэж байна. Бүхэл бүтэн 7 сарын хугацаанд туршилтаар ажиллуулна гэсэн заалт байхгүй, мөн намайг ажилд томилохдоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд ажиллуулж байгаа гэдгийг хэлээгүй учраас хугацаагүй гэрээгээр ажиллаж байсан гэж бодож байсан. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч тал болох Бат-Очир овогтой Одончимэгийн ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоолгох, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/23 тоот тушаалын эх хувийг нотлох баримтаар гаргуулах, ажилгүй байгаа хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн .хаал-ал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, бичилтийг шллгүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Баянгол дүүргийн Г Б Х З Х Хэлтсийн дэргэдэх З Х Т нь анх 3 албан тушаал дээр 3 ажилтантай үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр тус төвийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн Ажлын албаны нарийн бичиг З овогто У өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн ба түүний оронд Залуучуудын хөгжлийн төвийн сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.А үндсэн ажилтнаар томилсон. Энэ хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан Залуучуудын хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Д оронд хэлтсийн даргын Б/26 тоот тушаалаар ажлын байрны сул орон тоонд Ц овогтой А-г 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллууж байгаад 10 дугаар сарын 01-ны өдрөөс түүний албан тушаалыг өөрчлөн Залуучуудын хөгжлийн төвийн Зорилтот бүлгийн залуучууд, г.сгалт хариуцсан мэргэжилтнээр үндсэн орон тоон дээр томилогдон ажиллаж эхэлсэн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний Б овогтой Онь хэлтсийн даргын Б/48 тоот тушаалаар хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвд Залуучуудын хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Дуламсүрэнгийн оронд ажлын байрны сул орон тоон дээр туршилтын 3 сарын хугацаанд томилогдон ажиллаж байсан. Туршилтын 3 сарын хугацаа өнгөрсөн ч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай санал аль аль тал гаргаагүй учраас анх ажилд томилсон Б/48 тоот тушаалаар цааш үргэлжлүүлэх ажиллаж байсан. Хүүхэд асрах чөлөөтэй Б.Дуламсүрэн нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр эргэн ажилдаа орох хүсэлтээ гаргасан бөгөөд энэ өдөр нэхэмжлэгч Б.О Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Д албан тушаалд нь үргэлжүүлэх 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллуулж эхэлсэн бөгөөд мөн өдөр нэхэмжлэгч Б.О-г үүрэгт ажлаас нь харилцан тохиролцсоны үндсэн дээр чөлөөлсөн болно.
Хариуцагчийн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Онь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар томилогдон ажиллаж байсан. Туршилтын хугацаа өнгөрсөн ч гэсэн талууд аль аль нь хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргаагүй учраас ахин 3 сараар сунгаж нийт 6 сар туршилтын хугацаагаар ажиллуулсан. Амаржсаны амралтаа авсан ажилтны оронд ажилд томилсон гэдгээ хэлээгүй хууль зөрчиж тушаал гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Амаржсаны амралтаа авсан гэх ажилтан маань 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа буцаж орох хүсэлтийг гаргасан учраас Б.О 1 сарын өмнө мэдэгдэж 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлсөн тул хууль зөрчөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч Б.Онь хариуцагч Б Г Д Х З Х Х холбогдуулан ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлага гаргажээ.
Б Г Д Х З Х Х хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/48 тоот тушаалаар Б.Одончимэгийг Залуучуудын хөгжлийн төвийн залуучуудын хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр 3 сарын туршилтын хугацаагаар томилж, харин 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлж байжээ.
Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ. Иймд дээрх тохиролцоо зохигчийн хооронд хийгдсэн, энэ талаар маргаагүй, хуульд заасан шаардлага хангасан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.
Ажил олгогч нь дээрх хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон гэж үзэн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өдөр тушаал гаргаж, Б.Одончимэгийг ажлаас чөлөөлсөн байна.
Дээрх тушаалын үндэслэлээ “хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан эргэн ажилдаа орох болсонтой холбогдуулан туршилтын хугацаагаар ажиллаж байсан Б.Одончимэгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон” гэж тайлбарлажээ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно”, 231.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэж заасны дагуу туршилтын хугацаа тогтоож, Б.О-г 3 сарын хугацаагаар ажилд томилсон нь хуульд нийцсэн байна. Уг хугацааг 2020 оны 1 дүгэр сарын 15-ны өдөр дуусгавар болгож, талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг тодорхойлсон байна. Иймд туршилтын хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй болно.
Хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болох бөгөөд хугацаатай гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй”, 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай”, 23.2.3-т “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаа”-гаар тохиролцож болно. Зохигч нь хөдөлмөрийн гэрээний хугацааг “хугацаагүй” байхаар тохиролцсон атлаа “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар” гэрээний хугацааг тохиролцсон мэтээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж үзсэн нь буруу байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй.
Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны /2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2,054,036 : 3 сар = 684,679 төгрөг, 684,679 төгрөг : 21.5 ажлын өдөр= 31,846 төгрөг /нэг өдрийн цалин/, 31,846 төгрөг х 80 өдөр /ажилгүй байсан хугацаа/ = 2,547,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлохдоо ажлаас халагдсан 5 сарыг оруулахгүй 2020 оны 2, 3, 4 дүгээр сарын цалингийн дундажаар тогтоох нь хуульд нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлж, бичилт хийх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Г Д Х З Х Х хэлтсээс 2,547,680 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Б О олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Б.О ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сар бүрээр тооцон нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Б Г Д Х З Х Х хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б Г Д Х З Х Х хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 55,713 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА