Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/80

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Болормаа /томилолтоор/, шүүгдэгч Д.********** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310022761331 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, захчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдийн хамт, урьд:

********** Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

********** Сум дундын 26 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн 01 жил 01 сарын 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн,

********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан ********** овогт **********ийн ********** /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.********** нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо ********** хотхоны 16 тоотод байх хохирогч Д.**********ын байшинд цонхыг нь хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, улмаар уг байшингаас АНУ-ын мөнгөн тэмдэгт болох 5-тын ам доллар 6 ширхэг, 2-тын ам доллар 7 ширхэг, 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг, ЛЖ брэндийн хар өнгийн Андройд гар утас 1 ширхэг, Iphone 4 болон Iphone 5 загварын гар утас тус бүр 1 ширхгийг бага гарын үе дамжиж ирсэн Оюу толгойтой алтан нуухтай, цагаан хаш хөөрөг бүхий сейф 1 ширхэг зэргийг тус тус авч хохирогч Д.**********д нийт 3,281,673.72 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Д.**********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би гэр бүлийн хамтаар гадаад улс руу явсан. ...Намайг гадаад улсад байх үед манай хөршүүд над руу мессеж бичиж мэдэгдээд танайд хулгай орсон байж магадгүй цонх хагарсан байна гэхээр нь эхнэрийн дүү болох Сумхүүг очиж үз гээд явуулсан. ...2023 оны 06 дугаар сарын 08-ны өглөө гэртээ ирээд орж үзэхэд ...бэлнээр 5 ам.долларын дэвсгэрт 6 ширхэг, 2 ам.доллар 7 ширхэг, хүүхдийн хэтэвчид байсан бэлэн 200,000 төгрөг, ЛЖ-ийн хар өнгийн гар утас, iphone 4 болон iphone 5 гэсэн гар утаснууд байсан өгөөд гэрийн вакум цонх ялааны тор, сейф гурван тал нь зурагдсан гадна талын хоёр ширхэг хяналтын камер сууриараа хугарч эвдэрсэн...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Л.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 05-ны 22 цагийн орчим ...эгч Уянга залгаад манай гэрийн цонх хагарсан байна чи нэг очоорой гэсэн. ...Гэрт нь цагдаа нар үзлэг хийж байхад би эгчтэй видео чатаар харилцан гэрийн эд зүйлийг үзүүлэхэд гэр дотроос ганцхан сейф алга болсон байсан. Харин үзлэгийн явцад гэрт байсан сейфийг гадаа гаргаад хаясан байхыг олсон...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Ш.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 05-ны 20 цагийн орчим охин Мөнхсар гаднаас орж ирээд 16 тоот айлын цонх хагарсан байна гэхээр очоод шалгахад цонх хагарсан байдалтай, хулгай орсон шинжтэй байхаар нь шууд гэрийнх нь эзэн ********** гэх хүн рүү залгахад утас нь холбогдохгүй байхаар нь зурвас бичээд, ...цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хавтас хэргийн 23 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажилгүй, байсан тул ...20 цагийн орчим гэрээсээ гараад ...амины орон сууцуудын гадаа очсон. ...Тэгээд ...гэрэлгүй хоёр давхар цагаан өнгийн байшин гэрэлгүй эзэнгүй байгаа юм шиг харагдахаар нь ...зүүн урд хэсэгт байсан хоёр камерыг газар руу харуулсан. ...Тухайн байшинд ороод ...хамгийн эхэнд зурагтын доод талын шургуулгаас  iphone 4 болон iphone 5 гар утаснууд байхаар нь аваад хоёр давхар руу гараад унтлагын өрөөний шургуулгаас LG гийн хар өнгийн андройд гар утас 1 ширхэг, мөн  түрийвч дотроос Вьетнам улсын /10.000/ мөнгөн дэвсгэрт 1 ширхэг 5  ам.доллар 2 ширхэг, 2 ам.доллар 2 ширхэг зэрэг эд зүйлсийг авсан ба мөн төмөр сейф байхаар нь онгойлгох гэд түлхүүр хайсан боловч олдоогүй тул тухайн сейфийг нь 1 давхрын том хаалгатай тагтаар нь гарсан...” /хавтас хэргийн 93, 25-26 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 2 дахь тал/, 

- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хавтас хэргийн 3-14 дэх тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 39-40, 83 дахь тал/,

- www.mongolbank.mn сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 50 дахь тал/,

- Шүүгдэгч Д.**********гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 27 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 30 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 31 дэх тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 32 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 62-78 дахь тал/, болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Д.********** нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо ********** хотхоны 16 тоотод байх хохирогч Д.**********ын байшинд цонхыг нь хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, улмаар уг байшингаас АНУ-ын мөнгөн тэмдэгт болох 5-тын ам доллар 6 ширхэг, 2-тын ам доллар 7 ширхэг, 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг, ЛЖ брэндийн хар өнгийн Андройд гар утас 1 ширхэг, Iphone 4 болон Iphone 5 загварын гар утас тус бүр 1 ширхгийг бага гарын үе дамжиж ирсэн Оюу толгойтой алтан нуухтай, цагаан хаш хөөрөг бүхий сейф 1 ширхэг зэргийг тус тус авч хохирогч Д.**********д нийт 3,281,673.72 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.**********ын: “...2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би гэр бүлийн хамтаар гадаад улс руу явсан. ...Намайг гадаад улсад байх үед манай хөршүүд над руу мессеж бичиж мэдэгдээд танайд хулгай орсон байж магадгүй цонх хагарсан байна гэхээр нь эхнэрийн дүү болох Сумхүүг очиж үз гээд явуулсан. ...2023 оны 06 дугаар сарын 08-ны өглөө гэртээ ирээд орж үзэхэд ...бэлнээр 5 ам.долларын дэвсгэрт 6 ширхэг, 2 ам.доллар 7 ширхэг, хүүхдийн хэтэвчид байсан бэлэн 200,000 төгрөг, ЛЖ-ийн хар өнгийн гар утас, iphone 4 болон iphone 5 гэсэн гар утаснууд байсан өгөөд гэрийн вакум цонх ялааны тор, сейф гурван тал нь зурагдсан гадна талын хоёр ширхэг хяналтын камер сууриараа хугарч эвдэрсэн...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн,

Гэрч Ш.**********ын: “...2023 оны 06 дугаар сарын 05-ны 20 цагийн орчим охин Мөнхсар гаднаас орж ирээд 16 тоот айлын цонх хагарсан байна гэхээр очоод шалгахад цонх хагарсан байдалтай, хулгай орсон шинжтэй байхаар нь шууд гэрийнх нь эзэн ********** гэх хүн рүү залгахад утас нь холбогдохгүй байхаар нь зурвас бичээд, ...цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хавтас хэргийн 23 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Д.**********гийн: “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажилгүй, байсан тул ...20 цагийн орчим гэрээсээ гараад ...амины орон сууцуудын гадаа очсон. ...Тэгээд ...гэрэлгүй хоёр давхар цагаан өнгийн байшин гэрлэгүй эзэнгүй байгаа юм шиг харагдахаар нь ...зүүн урд хэсэгт байсан хоёр камерыг газар руу харуулсан. ...Тухайн байшинд ороод ...хамгийн эхэнд зурагтын доод талын шургуулгаас  iphone 4 болон iphone 5 гар утаснууд байхаар нь аваад хоёр давхар руу гараад унтлагын өрөөний шургуулгаас LG гийн хар өнгийн андройд гар утас 1 ширхэг, мөн  түрийвч дотроос Вьетнам улсын /10.000/ мөнгөн дэвсгэрт 1 ширхэг 5  ам.доллар 2 ширхэг, 2 ам.доллар 2 ширхэг зэрэг эд зүйлсийг авсан ба мөн төмөр сейф байхаар нь онгойлгох гэд түлхүүр хайсан боловч олдоогүй тул тухайн сейфийг нь 1 давхрын том хаалгатай тагтаар нь гарсан...” /хавтас хэргийн 93, 25-26 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хавтас хэргийн 3-14 дэх тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 39-40, 83 дахь тал/, www.mongolbank.mn сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 50 дахь тал/, зэрэг хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.********** нь 2023 оны 06 дугаар сарын 03-аас 05-ны өдрийн хооронд хохирогч Д.**********ын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Д.**********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Д.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Д.********** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Д.**********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жил, 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.**********ын эд хөрөнгөд 3,281,673.72 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад сейфийг буцааж өгсөн тул сейфний үнийг (280,000 төгрөг) хасаж, үлдэх хохирлыг (3,281,673.72-280,000=3,001,673.72 төгрөг) шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2310022761331 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн Голомт банкны карт 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.**********гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********ийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч **********ийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жил, 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********д шийтгэсэн 02 /хоёр/ жил, 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********гээс 3,001,673.72 /гурван сая нэгэн мянга зургаан зуун далан гурван төгрөг, далан хоёр мөнгө/ гаргуулж хохирогч Д.**********д олгосугай.

 

5. Эрүүгийн 2310022761331 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн Голомт банкны карт 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.**********гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.**********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР