Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/02743

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/02743

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг тоотод оршин суух Чонос овогт Аюушийн Л /РД:**/

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо өөрийн байр Н Ш Ш Г Г

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э

          хариуцагчийн төлөөлөгч Ц.Т

                                нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00949 дүгээр шийдвэрээр "Ц Б Ө Э” ТББ-аас 105,552,208 төгрөг гаргуулж “Ү Ч” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуулъд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална’’'’ гэж заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн зарчмыг дагаж мөрдөхөөс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэлд хамаарч байгаа бусад хууль, тогтоожийн зохицуулалтад нийцүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны дагуу хэрэгжүүлэх ёстой. Дээрх шүүхийн шийдвэрт зааснаар тухайн төлбөрийг хариуцах эрх бүхий этгээд нь гагцхүү “Ц Б Ө Э” ТББ юм. Тиймээс шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тус байгууллагаас төлбөр барагдуулах ажиллагааг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой болохоос тус байгууллагын үүсгэн байгуулагчаас төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар “Төрийн бус байгууллагын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг төрийн бус байгууллага хүлээхгүй” бөгөөд нөгөө талаар хуулийн этгээдийн хүлээх хариуцлагыг иргэн хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм. Гэтэл Н Ш Ш Г Гнь дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулсан харилцааг шууд зөрчиж дан ганц төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хууль бус ажиллагааг хэрэгжүүлж иргэн миний өмчлөлийн хөрөнгөд удаа дараагийн үйлдлээр халдаж, намайг хохироож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зорчсон тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Монгол Улсын иргэн “хөдлөх, үл хөдлох хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” бөгөөд хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Эд хөрөнгө өмчлөх эрх нь тухайн хөрөнгийг бусдад худалдах, түрээслэх, бэлэглэх, барьцаалах зэргээр захиран, зарцуулах байдлаар илэрхийлэгдэнэ. Харин шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэн А.Л миний энэхүү эд хөрөнгөө захиран, зарцуулах үндсэн эрхэд дараах байдлаар халдаж хууль бус ажиллагааг хэрэгжүүлсэн. Н Ш Ш Г Гнь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/4402 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн Ү-** дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн * давхарт байрлах А.Л миний өмчлөлийн тоот автозогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Мөн өдрийн 4/4403 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн Ү-2204042696 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой, Гачууртын зам гудамж, 121 дүгээр байранд байрлах А.Л миний өмчлөлийн 13 тоот авто зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас А.Л миний эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарласнаар миний Үндсэн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөнөөс гадна хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн зарчмыг мөн адил зөрчиж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19250054/05 дугаар Цалин хөлс бусад орлогоос суутгал хийх тухай тухай тогтоолоор А.Л миний тэтгэврийн орлогоос сар бүр 50 хувийг суутгаж авахыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг гуравдагч этгээдэд хамааруулан хэрэгжүүлсэн хууль бус шийдвэр юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно, Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх" гэж заасныг дараах байдлаар зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэх газраас иргэн А.Л намайг төлбөр төлөгч “Ц Б Ө Э” ТББ-д холбогдөх асуудлаар шийдвэр гүйцэтгэх газарт ирж уулзах талаар мэдэгдсэний дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр очиж уулзсан. Гэтэл тус өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үүрэг болгосны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь миний биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийж 223/0203 тоот акт үйлдэж А.Л миний хувийн эд хөрөнгүүдийг бүртгэж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх ... эрхтэй. Харин төлбөр төлөгч байгууллагыг үүсгэн байгуулсан этгээдийн биед болон эд хөрөнгөд үзлэг хийх эрхийг хуулиар олгоогүй юм. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагч “Ү Ч” ХХК, нөгөө талаас төлбөр төлөгч нь “Ц Б Ө Э” ТББ бөгөөд А.Л миний бие огт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш юм. Тиймээс А.Л миний биед болон хувийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Ц Б Ө Э” ТББ-ын тэргүүн А.Л намайг төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж, улсын хилээр нэвтэрч болзошгүй гэж илт үндэслэлгүйгээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий гүйцэтгэгчид хүргүүлснээр Улсын ерөнхий гүйцэтгэгч гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Ийнхүү А.Л миний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дараах байдлаар холбогдох хуулийг илтэд зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх талаар зохицуулсан бөгөөд хуулийн 59.1 дэх хэсэгт зааснаар “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй ... төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно” гэжээ. Үүнд: эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн; хөрөнгөө нуун дарагдуулсан; төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэх үндэслэлүүд хамаарна. Миний бие шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дуудсан цаг тухайд нь очиж тайлбар өгч, саналаа илэрхийлсээр ирсэн бөгөөд 70 насыг гарсан би шаардлагатай тохиолдолд өөр улсад эмнэлэгт үзүүлэхээс бусад үндэслэлээр гадаадад ч зорчих шаардлага байхгүй билээ. Тиймээс А.Л намайг төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаадад зорчиж болзошгүй гэж үзсэн шийдвэр гүйцэтгэгчийн санал үндэслэлгүй бөгөөд холбогдох баримтаар нотлогдохгүй байна. Хуулийн дээрх зохицуулалт нь 50 сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх хуудаст бичигдсэн төлбөр төлөгч бүрт заавал авч хэрэгжүүлэх ёстой гэх ойлголт биш бөгөөд гагцхүү хуульд заасан зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл бий болсон тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зөрчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлэхээр” зохицуулжээ. Гэтэл А.Л миний зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгч бус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч С.Бямбарагчаа газрын үсэг зурж ерөнхий гүйцэтгэгчид хүргүүлсэн нь хуулиар зохицуулсан журмыг зөрчсөн үйлдэл болсон. Мөн Улсын ерөнхий гүйцэтгэгчийн 66 дугаар тогтоолд АЛ миний гадаадад зорчих эрхийг хуульд заасан 3 үндэслэлийн аль үндэслэлээр түдгэлзүүлж буй нь тусгагдаагүй бөгөөд туйлын ойлгомжгүй байгаа нь миний эрхийг хууль бусаар зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд Үндсэн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж хэрэгжүүлсэн дээрх хууль бус ажиллагааг хүчингүй болгож зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 9.4.2 дахь хэсэгт зааснаар “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж”, 9.4.7 дахь хэсэгт зааснаар “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож иргэний эрхийг хамгаална”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т “Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй' гэж, 122.5 дахь хэсэгт “Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана” гэж тус тус заасан нь нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/4402 дугаар албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/4403 дугаар албан тоотуудаар А.Л миний өмчлөлийн хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр, Цалин хөлс бусад орлогоос суутгал хийх тухай 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19250054/05 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 223/0203 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 66 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Т шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00949 дугаар шийдвэрээр “Ц Б Ө Э” ТББ-аас 104,694,784 төгрөг гаргуулж “Ү Ч” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19250054 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус төрийн байгууллагын тэргүүн, удирдах  зөвлөлийн дарга, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд А.Лт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, өмчлөл, эзэмшилд нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох байгууллагаас тодруулахад бүртгэлгүй талаар хариу ирүүлсэн. Төлбөр төлөгчийн банкин дахь харилцах болон хадгаламжийн данснаас суутгал хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд үлдэгдэл хүрэлцэхгүй болон данс эзэмшдэггүй нь банкуудаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон. Төлбөр төлөгч “Ц Б Ө Э” ТББ-ын итгэмжлэлгүйээг төлөөлөх этгээд, хувьцаа эзэмшигч А.Лт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохой Гачууртын амны 121 дүгээр байрны 13 тоот авто зогсоолын захиран зарцуулах эрхийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/4403 дугаар албан бичгээр, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр туул гол гудамж 63а байрны зоорийн давхрын 14 тоот авто зогсоолын захиран зарцуулах эрхийг 2020 оны 2 дугаар сарын 4/4402 дугаар албан бичгээр түдгэлзүүлж, Нийгмийн даатгалын сангаас олгож буй өндөр насны тэтгэвэрээс суутгал хийхээр 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 199250054/05 дугаар тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Төлбөр төлөгч “Ц Б Ө Э” ТББ-ын итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, хувьцаа эзэмшигч А.Лын гадаадад зорчих эрхийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 66 тоот тогтоолоор түдгэлзүүлсэн. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгуулллагыг гадаад дотоодод төлөөлөх бүрэн эрхтэй”, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж тус тус заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Цалин хөлс, бусад орлогоос суутгах хийх тухай 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19250054/05 дугаар тогтоол, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар тогтоол, төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг хийсэн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 223/0203 тоот акт, Хан-Уул дүүрэг давхрын тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй автозогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 4/4402 тоот шийдвэр, Баянзүрх дүүрэг * тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй автозогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 4/4403 тоот шийдвэрийг хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00949 дугаар шийдвэрээр “Ц Б Ө Э” ТББ-аас 104,694,784 төгрөг гаргуулж “Ү Ч” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон байна.     

 

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна” гэж заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх”, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх” шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авч, зохих байгууллагад хүргүүлжээ. Энэхүү арга хэмжээнүүдийг авсан асуудлаар талууд маргаагүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

Энэхүү арга хэмжээг авсан боловч шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч биелүүлээгүй байх ба төлбөр төлөгч “Ц Б Ө Э” ТББ-ын үүсгэн байгуулагч А.Лын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 4/4402, 4/4403 тоот шийдвэрээр түдгэлзүүлж, 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 223/0203 тоот акт үйлдэж А.Лын биед үзлэг хийж, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19250054/05 дугаар тогтоолоор “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх” арга хэмжээ авч А.Лын тэтгэврээс суутгал хийхийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст мэдэгджээ.

 

Дээрх арга хэмжээнүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ бөгөөд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлдэг албадлагын арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор төлбөр төлөхийг шаардсан шийдвэр гүйцэтгэгчийн хугацаатай мэдэгдлийг баталгаажуулах буюу төлбөр төлөгчийг төлбөрийн чадваргүй болох, эд хөрөнгөө бусдад шилжүүлэх зэрэг эрсдлээс сэргийлэх урьдчилсан арга хэмжээ гэж ойлгоно. Тодруулбал, зөвхөн төлбөр төлөгчид холбогдуулан төлбөр төлөгчийн эд хөрөнгө, үйл ажиллагааны хүрээнд хамааруулан хийгддэг үйл ажиллагаа болно.

 

Төлбөр төлөгч гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж тодорхойлсон байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх үндэслэл болсон гүйцэтгэх баримт бичигт “төлбөр төлөгч-хуулийн этгээд”-ийг “Ц Б Ө Э” ТББ гэж тодорхойлжээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг төлбөр төлөгч “Ц Б Ө Э” ТББ-ын эд хөрөнгө, үйл ажиллагаанд хамааруулан явуулах нь хуульд нийцнэ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах боломжтой эсэх асуудлыг зохицуулсан байна. Үүнийг төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах бүхий л арга хэмжээ, үйл ажиллагааг явуулсан боловч хөрөнгө нь хүрэлцээгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулж болох эсэхийг холбогдох хуульд хэрхэн зохицуулсан байгаагаас хамаарч шийдвэрлэвэл зохино. Харин шийдвэр гүйцэтгэгч нь “Ц Б Ө Э” ТББ-ын эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа, тодорхойлолт гаргуулах, төлбөр төлөгч болон бусад этгээдээс төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, төлбөр төлөгчийн үйл ажиллагаанд холбогдох санхүүгийн болон бусад баримт бичигт үзлэг хийх, хөрөнгийг эрэн сурвалжлах гэх мэт хуульд заасан ажиллагаануудыг хийгээгүй /төлбөр төлөгчийн хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэх эсэх нь тодорхойгүй/, төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, түүний эд хөрөнгийн хариуцлагын талаар холбогдох хуульд хэрхэн зохицуулсаныг үл харгалзан төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь буруу байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэрийг тогтоол хэлбэрээр гаргах бөгөөд А.Лын биед ямар үндэслэлээр үзлэг хийх болсон талаар шийдвэр гаргалгүйгээр дуудан ирүүлж үзлэг хийж тэмдэглэл үйлдсэнийг хууль зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд А.Лын өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, тэтгэврээс суутгал хийсэн шийдвэрүүд болон биед үзлэг хийсэн актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Мөн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор А.Лын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2/8533 тоот албан бичгийг үндэслэсэн гэжээ. Тухайн албан бичигт шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн саналыг хүргүүлж байгаа талаар дурдаагүй байх ба энэхүү шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж заасан журмын дагуу гарсан болохыг хариуцагч баримтаар нотлоогүй болно. Үүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан ямар үндэслэлээр А.Лын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн болох нь тодорхойгүй, энэ талаар шийдвэртээ заагаагүй байна. Иймд дээрх арга хэмжээг авахдаа хуульд заасан журам зөрчсөн, шийдвэрийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цалин хөлс, бусад орлогоос суутгах хийх тухай 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19250054/05 дугаар тогтоол, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар тогтоол, төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг хийсэн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 223/0203 тоот акт, Хан-Уул дүүрэг * тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй автозогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 4/4402 тоот шийдвэр, Баянзүрх дүүрэг * тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй автозогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 4/4403 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Лт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА