| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/02503/И |
| Дугаар | 102/ШШ2020/02930 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2020/02930
| 2020 10 07 | 102/ШШ2020/02930 | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Дархан сум тоотод оршин суух Боржигон овогт А О /РД: *, утасны дугаар: */
Хариуцагч: Баянгол дүүрэг * 20 тоотод оршин суух овогт Г Г /РД:*, утасны дугаар:*/
Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С
хариуцагчийн төлөөлөгч О.Г
гэрч А.А
нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.О миний бие 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо тоотын улсын бүртгэлийн Ү-*, гэрчилгээний дугаар * бүхий 45,61 м.кв квадрат талбайтай 2 өрөө орон сууцны байрыг Агаас 50,000,000 төгрөгөөр худалдан авч 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 00707950 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ авч, өөрийн өмч болгосон. Гэтэл өөрийн өмчийн байрандаа орох гэтэл г Г нь “Бид н.Ад 10,000,000 төгрөг зээлдүүлж хүүний мөнгөндөө сууж байгаа. А бидэнд зээлсэн мөнгөө эргүүлж төлөөгүй учраас энэ байрнаас гарахгүй” гэсээр өнөөдрийг хүрлээ. Миний хувьд, өөрийн өмчөө эзэмших, байрандаа амьдрах эрхийг хязгаарлаад байна. Бид энэ хүний үйлдлээс болж хохироод байна. Иймд орон сууцыг чөлөөлж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.О нь орон сууцыг дүү А.Агаас 50 сая төгрөгөөр худалдан авч 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн. Бэлэглэлийн гэрээ байгуулсан ч гэсэн мөнгийг нь өгсөн. Ах дүүс байсан учир үнийг нь багасгаад 50,000,000 төгрөгөөр 2 өрөө байрыг авсан. А.А нь А.От 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 1 жилийн түрээсийн төлбөр 7,800,000 төгрөгийг төлсөн байсан. А.А нь А.От мөнгийг өгөөд та нартай гэрээ байгуулж, гэрээгээр суулгаж байсан асуудал бол байсан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй гэж заасан. Энэ тохиолдолд Г.Гыг эзэмшигч гэж үзэхгүй юм байна. А.Оийн хувьд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрх үүссэн. Иймд өмчлөгч нь бусад этгээдийн хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан үүний дагуу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Г.Гоос орон сууцыг чөлөөлж өгнө үү.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г миний бие 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр орон сууц хөлслөх холимог гэрээ хийж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо тоотын орон сууц болох 2 өрөө байрыг эзэмшигч А.Ад зээлийн гэрээ хийж 13,500,000 төгрөгийг зээлдүүлж, түүний 1 сарын хүү болох 675,000 төгрөгийн хүүнд А.Агийн байрыг түрээслэж суухаар тохиролцсон. Түрээсийн гэрээ хийхэд байр “Т ББСБ” ХХК-ийн барьцаанд тавигдсан байсан. Гэрээ 2019 оны 5 сард дуусгавар болоод А.Атай * дугаарт холбогдоход хөдөө ажилтай явна, хот ороод гэрээгээ дахин 1 жилээр сунгая гэж хэлсэн. Ингээд 4-5 удаа холбогдтол 1 жил сунгасан та нар байрандаа санаа зоволтгүй сууж бай гэсэн. 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр бид холбогдоод цааш суухгүй боллоо танд 2 сарын өмнө мэдэгдэх гэсэн юм гэтэл надад наад байр чинь хамаагүй ээ, би наад байрыг чинь зарсан гэж хэлээд утсаа тасалсан. Маш олон удаа холбогдох гэж оролдсон боловч нэг ч хариу өгөөгүй. Зуучилсан компанитай ярьтал одоо наад байр чинь манайд хамаагүй гэсэн. Ингээд Баянгол дүүргийн шүүхэд хандаж А.Аг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу олж уулзсан. А.Атай уулзахад “Одоо надад мөнгө байхгүй ээ, би наад байрыг чинь өөрийн төрсөн эгч А.От зарсан. Зарахдаа түрээсийн 6,500,000 төгрөг өгсөн. Иймд надад өгөх мөнгө байхгүй” гэсэн. Одоогоор бид гэрээний дагуу уг байранд байна. Одоо гар гэж байнга утсаар мэдэгддэг. Гэтэл бид нялх бага насны 2 хүүхэдтэй, эхнэр маань ажил хийдэггүй тул бид гараад очих газар байхгүй. А.Агаас 13,500,000 төгрөгөө буцааж авч, бид дахин байр түрээсэлж суух боломжтой байдаг. А.А, түүний төрсөн эгч А.О нар байр зээлийн гэрээтэй барьцаанд байхад бэлэглэлийн гэрээ хийж нэр шилжүүлж, авсан тохиолдлыг намайг илт дээрэлхэж, залилж байна гэж бодож маш их гомдолтой байгаа. Бидэнд огт хэлэхгүй л гэнэт нэг өдөр байр чөлөөл гэсэн. А.Отэй гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Г.Год холбогдуулан Баянгол дүүрэг 5 дугаар хороо тоотод байршилтай 45.61м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.
Дээрх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “орон сууцыг А.Агийн өмчлөлд байх үед түүнд мөнгө зээлж, уг мөнгөнийхөө хүүгийн төлбөрт орон сууцанд амьдарч байсан, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, А.А нь орон сууцаа худалдаж байгаагаа мэдэгдээгүй, түүнээс мөнгөө аваагүй” гэсэн үндэслэлээр орон сууцыг чөлөөлөхөөс татгалзаж байна.
Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр А.Агаас А.От шилжүүлж, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч А.От өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдов.
Мөн хариуцагч Г.Г нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр А.Атай “Орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээ”-г байгуулж, 13,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж, сарын 5 хувийн хүүтэй, хүүгийн төлбөрт орон сууцыг хөлслөхөөр тохирч, маргаж буй орон сууцанд амьдарч байсан болох нь, уг гэрээг нэг жилийн хугацаагаар сунгасан болох нь гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан үйл баримт тогтоогдсон гэж үзэв.
Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл А.А, Г.Г нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна”, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар орон сууц хөлслөх гэрээний хөлслүүлэгчийн эрх, үүрэг нь шинэ өмчлөгч А.От шилжсэн байна. Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлж байгаа хэдий боловч өмчлөх эрх нь хөлслүүлэгчид хэвээр хадгалагдаж байгаа тул тухайн эд хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ /худалдах, бэлэглэх гэх мэт/ байгуулах эрхтэй. Иймд орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусаагүй үед орон сууцны өмчлөх эрх гуравдагч этгээдэд шилжсэнээр хөлслүүлэгчийн эрх, үүрэг нь хуулийн дагуу шинэ өмчлөгчид шилжих бөгөөд ингэснээр хөлслөгч нь шинэ өмчлөгч буюу шинэ хөлслүүлэгчийн эсрэг шаардлага гаргах эрхтэй болох ба орон сууц шинэ өмчлөгчид шилжсэнээр хөлслөгчийг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд А.А, Г.Г нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний нөхцөлөөр А.О, Г.Г нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Энэхүү гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дууссан байх ба гэрээний хугацааг Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.2 дахь хэсэгт заасан журмаар сунгаагүй, мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацааг сунгасанд тооцох үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь орон сууцыг буцааж өгөх үүрэгтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсноор хариуцагч орон сууцыг эзэмших эрхгүй болно. Иймд хариуцагчийн “нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд А.Агаас 13,500,000 төгрөгийг аваагүй байгаа нь бусдын өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй.
Орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсны дараа хөлслөгч орон сууцнаас гараагүй бол тухайн орон сууцны өмчлөгч нь эзэмших эрхээ сэргээлгэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхтэй. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл юм. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу А.О нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрх бүхий этгээд, хариуцагч Г.Г нь орон сууцыг эзэмших эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 5 дугаар хороо тоотод байршилтай 45.61м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч Г Гын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА