| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/03043/И |
| Дугаар | 102/ШШ2020/02760 |
| Огноо | 2020-09-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2020/02760
| 2020 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2020/02760 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Дамбадаржаагийн 0 тоот хаягт оршин суух, Х овогт Ш-ын С /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Прадоксийн автобусны буудлын зүүн урд байрлах, Б.Г.Д 198 дугаар Ц /РД: 5908744/-т холбогдох,
198 дугаар Ц-ийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С, хариуцагчийн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сав угаагчаар ажилд орсон. 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байгаад, 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр амарсан. Амралттай байх хугацаандаа ажлаасаа халагдсан. Цуг ажиллах боломжгүй гэж зурвас ирсэн. Цэцэрлэг дээрээ очиход 7 дугаар сарын 6-ны өдөр таныг ажлаас халсан тушаал гарсан учраас ажиллуулахгүй гэсэн, ... яагаад ажиллуулахгүй гэж байгаа юм бэ гэж асуухад нягтлангууд мэдэхгүй, даргын ээж нь эмнэлэгт хэвтсэн тул ээжийгээ сахиж байгаа. Даргатай очиж уулз гэж хэлсэн. Даргатай утсаар яриад ажил дээр ирсэн чинь ажлаас гарсан тушаал гарсан байна. Юунаас болоод халагдсан юм бэ гэж асуухад дарга тантай ажиллах боломжгүй гэдэг хариу өгсөн. Ямар учраас шууд ажлаас халах хэмжээний сахилгын зөрчил гаргасан гэдэг нь одоо ч тодорхойгүй байна. Энэ нь миний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх, Хөдөлмөрийн хуулиудыг тус тус зөрчсөн үйлдэл боллоо. Би өөрөө хулгай хийгээгүй. 2019 оны 11 дүгээр сард хүүхдийн хоолны махнаас амталсан махыг манай тогооч чи хэрэглэх юм уу, яах юм. Хэрэглэхгүй бол нохойндоо өгчихөөрэй гээд 200-300 гр орчим амталсан мах өгсөн. Би махаа авалгүй бойлуурын нүх рүү хийсэн нь миний буруу болсон.
Иймд хариуцагч Б.Г.Д 198 дугаар Ц-ийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн цагаан хэрэглэл угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч С.Н-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус цэцэрлэгт угаагч ажилтай Ш.С нь 2018 оны 12 дугаар сард сав угаагчаар ажилд ороод 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2019 оноос 2020 оны хичээлийн жилд ажиллах 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллах хугацаандаа байгууллагын дотоод журмын 1.13.1-д заасныг зөрчиж, камер анх тавьсан өдөр тогооч Л.Э-тай хамтран хүүхдийн хоолны махнаас хулгайлсан. Ёс зүйн хорооны гишүүдийг байлцуулж камерын бичлэгийг ухрааж үзэхэд хулгай хийж байгаа нь нотлогдсон. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тогооч Л.Э, цагаан хэрэглэлийн угаагч Ш.С нарыг ёс зүйн хорооны хурлаар оруулаад ахуй амьдралыг нь харгалзаж үзээд ажлаас халаагүй, хичээлийн жил дуусгаад нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед нь ёс зүйн хороогоор оруулаад сануулах арга хэмжээ авсан. Ш.С сануулгыг үл тоож, хулгай хийж байх ёстой мэт зан авир гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн. Зөрчил гаргасан үед нь ковид 19 өвчин гарсан байсан тул мөн ажлаас нь халж болохгүй байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч Б.Г.Д 198 дугаар Цт холбогдуулан захирлын 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч ... цагаан хэрэглэлийн угаагч Ш.С нь 2019 оны 11 дүгээр сарын тогооч Л.Э-тай нийлж цэцэрлэгийн хүүхдийн хоолны махнаас хулгайлсан, энэ үйлдэлд нь сануулах арга хэмжээ авсан. Тухайн үед ёс зүйн хороогоор энэ асуудлыг нь хэлэлцээд ахуй амьдралыг нь харгалзаж үзээд ажлаас халаагүй. Мөн ковид 19 өвчин гарсан байсан тул чөлөөлөөгүй. Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Ш.С нь сануулгыг үл тоож, хулгай хийж байх ёстой мэт зан авир гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.
Хариуцагч Б.Г.Д 198 дугаар Ц-ийнзахирлын 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, дотоод журмын 1.13.1-д заасныг үндэслэн тус цэцэглэгийн угаагч ажилтай Ш.С нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Ш.С-г ажлаас чөлөөлөх тухай Б/22 дугаар тушаалаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл ийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, мөн хуулийн 40.1.4-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, эсэхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;, хариуцагч Б.Г.Д 198 дугаар Ц-ийн2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хамт олны хурлаар баталсан цэцэрлэгийн дотоод журмын 1.13-д Чөлөөлөгдөж буй ажилтныг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалж, эрхлэгчийн ажлаас халсан, чөлөөлсөн тушаал гаргана. Хуульд зааснаас гадна дараахь тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална., 1.13.1-д Байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн ашигласан, эд хөрөнгийг шамшигдуулсан, эд хөрөнгийн болон мөнгөн их хэмжээний хохирол учруулсан. Мөн хүүхдийн хоол хүнснээс дур мэдэн авч гарсан, хамтарч хулгайн сэдэлтэй үйлдэл хийсэн. гэжээ.
Хариуцагч Б.Г.Д 198 дугаар Ц-ийн захирлын 2020 оны Б/22 тоот тушаал нь дотоод журмын 1.13.1-д заасныг үндэслэсэн, мөн хариуцагчийн төлөөлөгч С.Н-гийн шүүх хуралдаанд гаргасан ... Ш.С нь цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны махнаас хулгайлсан, ахуй амьдралыг нь харгалзаж үзээд сануулах арга хэмжээ авсан, үүнийг үл тоож хулгай хийж байх ёстой мэт ааш гаргасан тул хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгаад дээрх сахилгын зөрчилд нь хариуцлага тооцож ажлаас чөлөөлсөн гэх тайлбараас үзэхэд тус цэцэрлэгийн цагаан хэрэглэл угаагч Ш.С нь 2019 оны 11 дүгээр сарын 15-нд тогооч Л.Э-тай хамтран хүүхдүүдийн хоолны махнаас хулгайлсан үйлдэлд 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тушаал гаргаж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна. Ш.С нарын дээрх үйлдлийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгууллагын ёс зүйн хороогоор хэлэлцэж, сахилгын зөрчил мөн гэж үзэж хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн, мөн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд Ш.С-д сануулах арга хэмжээ авсан гэх боловч тушаал гаргаж сануулах шийтгэл ногдуулах арга хэмжээ аваагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. гэж заасныг хариуцагч зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.С нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны махнаас хулгайлсан нь тогтоогдсон гэж үзээд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ёс зүйн хороогоор хэлэлцсэн, дээрх зөрчилд 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр буюу 8 сарын дараа ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж хуульд заасан журмыг зөрчжээ.
Нэхэмжлэгч Ш.С, хариуцагч Б.Г.Д 198 дугаар Ц-тэй 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 2019-2020 оны хичээлийн жилийн хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан, зохигчид гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй, энэ талаарх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй тул хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч Б.Г.Д 198 дугаар Ц-ийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь нэхэмжлэлийн үндэслэл тул тухайлан шийдвэрлэх шаардлагагүй. Харин дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ш.С-г Б.Г.Д 198 дугаар Ц-ийн цагаан хэрэглэл угаагчийн ажилд эгүүлэн томилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинд 1,069,682 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг дараахь байдлаар тооцов. Зохигчид хөдөлмөрийн гэрээгээр Ш.С-гийн нэг сарын цалинг 403,479 төгрөг байхаар тохиролцсон, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д нийцүүлж нэхэмжлэгч Ш.С-гийн нэг өдрийн цалинг 18,766 төгрөгөөр тооцож, ажлаас чөлөөлсөн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс шүүх хуралдаан явагдсан 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажлын 57 хоногт 1,069,682 төгрөгөөр тооцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Сг Б.Г.Д 198 дугаар Ц-ийн цагаан хэрэглэл угаагчийн ажилд эгүүлэн томилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинд 1,069,682 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР