Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/106

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Сонинмөнх, хохирогч О.**********, шүүгдэгч Г.**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ийн **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310019042003 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол **********ийн өргөн чөлөө гудамж 44 дүгээр байрны 04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ийн ********** /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.********** нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны гадна талбайд байрлуулсан иргэн О.**********гийн эзэмшлийн Тоёота Приус 41 маркийн ********** УЕВ улсын дугаартай автомашины кирлон хэсэгт өшиглөж гэмтээсний улмаас бусдын өмчлөх эрхэд 860,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Хохирогч О.**********: “...Тухайн шөнө ирээд зогсоол байхгүй болохоор нь бусдын машиныг хаагаад машинаа тавьсан. Тэгээд өглөө эрт дуудаж магадгүй гэж бодсон боловч утас унтарсан байсныг анзаараагүй, ...5 цаг 10 минутад цонхоороо харахад ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. Тэгээд утсаа цэнэглээд 8011-тэй дугаар залгасан байсан. Тэгээд гараад очиход миний машиныг хонхойлгосон байсан. Миний урд талын машин ч хөдлөөгүй байсан. Өөрөөр хэлбэл тэндээс ямар ч машин гарах боломжгүй байсан. Тэгээд утсаа авахгүй байхаар ажлаасаа орой ирээд камер шүүж үзээд ярихад ажилтай байсан уучлаарай гэсэн. Мөн засварын газар очиход будаг нь ховхорсон байгаа учраас манайх засах боломжгүй, үнэлгээ хийдэг газар очиж үнэлгээгээ хийлгээд шүүхээр явж нэхэмжил гэсэн...” гэв.

 

Шүүгдэгч Г.**********: “...Калл про компанид ажиллаж эхлээд тухайн өдрийн өглөө 3 хоногийн өмнөөс төлөвлөсөн ажлаар буюу гадаадаас ирэх хүн тосохоор нисэх буудал явах байсан. Тухайн өдрийн өглөө аавын машинаар явахаар 04 цаг 45 минутын үед сэрээд аавын машин хаасан машин руу 6-8 удаа залгаад авахгүй байсан. Тэгээд би уур хүрээд өшиглөж гэртээ ороод ажил руугаа яриад нөхцөл байдлаа хэлээд таксигаар тосож авах уу гэхэд ажлын хариуцлага алдлаа гээд өөр хүнд миний ажлыг шилжүүлсэн...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч О.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр орой 00 цагийн үед өөрийн эзэмшлийн ********** УЕВ улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээ байрны урд талын автомашины зогсоол дээр голд нь тавьсан. Тухайн үед машин гарах байх гэж бодоод цонхоороо харахад машин гарах шинжгүй байгаагүй. Тэгээд өглөө үүрээр утасны цэнэг дуусаад цэнэглээд утсаа асаахад 80116991 дугаарын утас 05:25 минутад 1 удаа дуудлага ирсэн байсан. Тэгээд би цонхоороо машинаа харахад миний машины урд талын карлан хонхойсон харагдсан ба хүүхдэдээ хэлээд гараад харахад цохиод хонхойлгосон байсан. 09 цагийн үед хотхоны гадна камерыг шүүхэд цэнхэр өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй хар саравчтай малгайтай залуу машины хажуу эргэлдэж байгаад миний урд карланыг эргээд өшиглөсөн байсан..” /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35а байрны 1001 тоот буюу аавынхаа гэрээс 05 цагийн орчим гараад аавын машин буюу хөдлөх гээд зогсоол гаргах гэхэд урд талд нь цагаан өнгийн Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл хааж байрлуулсан байсан. Тэгээд утасны дугаар руу нь залгахад утсаа авахгүй байсан ба 5-6 удаа залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь уур хүрээд баруун урд талын карланы хэсгийг нь баруун талын хөлөөрөө өшиглөж хонхойлгочхоод буцаж аавынхаа гэрт орж машины түлхүүрийн өгөөд гараад такси бариад яваад өгсөн...” /хавтаст хэргийн 32-33, 37-38 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

- Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 17-19 дэх тал/,

- Шүүгдэгч Г.**********ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 39 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтас хэргийн 44 дэх тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.********** нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны гадна талбайд байрлуулсан иргэн О.**********гийн эзэмшлийн Тоёота Приус 41 маркийн ********** УЕВ улсын дугаартай автомашины крылон хэсэгт өшиглөж гэмтээсний улмаас бусдын өмчлөх эрхэд 860,300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.**********гийн: “...2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр орой 00 цагийн үед өөрийн эзэмшлийн ********** УЕВ улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээ байрны урд талын автомашины зогсоол дээр голд нь тавьсан. Тухайн үед машин гарах байх гэж бодоод цонхоороо харахад машин гарах шинжгүй байгаагүй. Тэгээд өглөө үүрээр утасны цэнэг дуусаад цэнэглээд утсаа асаахад 80116991 дугаарын утас 05:25 минутад 1 удаа дуудлага ирсэн байсан. Тэгээд би цонхоороо машинаа харахад миний машины урд талын карлан хонхойсон харагдсан ба хүүхдэдээ хэлээд гараад харахад цохиод хонхойлгосон байсан. 09 цагийн үед хотхоны гадна камерыг шүүхэд цэнхэр өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй хар саравчтай малгайтай залуу машины хажуу эргэлдэж байгаад миний урд крылоныг эргээд өшиглөсөн байсан..” /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Г.**********ийн: “...2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35а байрны 1001 тоот буюу аавынхаа гэрээс 05 цагийн орчим гараад аавын машин буюу хөдлөх гээд зогсоол гаргах гэхэд урд талд нь цагаан өнгийн Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл хааж байрлуулсан байсан. Тэгээд утасны дугаар руу нь залгахад утсаа авахгүй байсан ба 5-6 удаа залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь уур хүрээд баруун урд талын крылоны хэсгийг нь баруун талын хөлөөрөө өшиглөж хонхойлгочхоод буцаж аавынхаа гэрт орж машины түлхүүрийн өгөөд гараад такси бариад яваад өгсөн...” /хавтаст хэргийн 32-33, 37-38 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-24 дэх тал/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 17-19 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Г.********** нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Г.********** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Г.********** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч О.**********гийн эд хөрөнгөд 860,300 төгрөгийн хохирол учирсан хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 2310019042003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********ийн **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийн **********ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.**********ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**********ээс 860,300 /найман зуун жаран мянга/ төгрөг гаргуулж, хохирогч С.**********д олгосугай.

 

6. Эрүүгийн 2310019042003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР