Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан, Д.Баасандорж нар хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбуу, түүний өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд,

шүүгдэгч Д.Тодномбат, Д.Тодням, тэдгээрийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг,

шүүгдэгч Б.Мөнгөнчимэг, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В, Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Юмхүү овогт Даваасүрэнгийн Тодномбат, Боржигон овогт Батцоожийн Мөнгөнчимэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Юмхүү овогт Даваасүрэнгийн Тодням нарт холбогдох эрүүгийн 1910008220776 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэс заслын эмч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хансвилл хотхоны 103-р байрны 203 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Юмхүү овогт Даваасүрэнгийн Тодномбат /РД:ФА84102571/

2. Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, одоо “Ази Фарма” ХХК-д эмч төлөөлөгч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хорооллын 6 дугаар байрны 66 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батцоожийн Мөнгөнчимэг /РД:УШ91113023/

3. Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлэг, эрүүл мэндийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн хэсэг гудамж, Дуганын буланд хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Саруул хороолол 116 дугаар байрны 80 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Юмхүү овогт Даваасүрэнгийн Тодням /РД:ФБ88102916/

 

                                    Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Тодномбат нь 2019 оны 3 дугаар 26-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод каннам” гоо заслын эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 30 настай эмэгтэй Г.Одмаад өөх соруулах хагалгаа хийхдээ “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Эрүүл мэндийн тухай хуулийн 19.13 дугаар заалт, Монгол улсын эрүүл мэндийг хамгаалах технологи, эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавих шаардлага MNS5604:2006 стандартыг зөрчиж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас уушги, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүсч, улмаар Г.Одмаа эмчлэгдэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан,

Шүүгдэгч Б.Мөнгөнчимэг нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Тод каннам” гоо заслын эмнэлэгт мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж байхдаа 30 настай, эмэгтэй Г.Одмаад өөх соруулах мэс засал хийхдээ “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамж, орчны мэдээгүйжүүлгийн удирдамж”-ийг баримтлаагүй, “Эрүүл мэндийн технологи цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг MNS 6206:2010 стандарт”-ын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчиж мэдээгүйжүүлэлтийн түвшинөө зөв сонгож, нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүй, мэдээгүйжүүлэх сувилагчгүй мэс засал хийгдэж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс уушги, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүсч, улмаар Г.Одмаа эмчлэгдэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан,

Шүүгдэгч Д.Тодням нь “ТОДББ” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа Тодканнам эмнэлэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдаагүй тусламж үйлчилгээ үзүүлж, тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулалгүй Эрүүл мэндийн тухай хуулийн 19.13, 20.2.1 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Тод каннам” гоо заслын эмнэлэгт 30 настай эмэгтэй Г.Одмаад өөх соруулах хагалгаа хийгдэж, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Тодномбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирогчоос уучлалт гуйж байна. Маш харамсалтай зүйл болсон. Хохирогчийг эмнэлэгт байх 7 хоногийн хугацаанд маш их хичээсэн. Хэрэг гарснаас хойш ажилгүй боллоо, аав маань осолд орж хүнд хагалгаанд орлоо, маш их мөнгөний өрөнд орлоо. Тодруулж хэлэхэд энэ хэргийн талаар сошиал орчинд олон мэдээлэл гарсан. Намайг мэргэжлийн бус хүн, тусгай зөвшөөрөлгүй байсан юм шиг ярьдаг. Би мэс заслын эмч. Учир дутагдалтай хууль, дүрэм, журам нь эргэлзээтэй байдаг. Мэргэжлийн хяналтаас жил болгон ирж эмнэлгийн үйл ажиллагааг шалгадаг. Өөх соруулах мэс заслын талаар дүрэм, журамтай болохгүй бол болохгүй гэж бид нийгэмлэг байгуулсан. Надаас хойш төгсөж гарсан олон дүү шавь нар байна. Анх гоо сайхны мэс заслын эмнэлэг 2-3 байсан, одоо 20-30 болж нэмэгдсэн байна. Бүгд гоо сайхны мэс засал хийж байгаа. Надад хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байна гэв.

            Шүүгдэгч Б.Мөнгөнчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Түрүүчийн шүүх хурал дээр бүх зүйлийг тодорхой ярьсан. Болсон зүйлийн хувьд эмэгтэй хүн, ээж хүний хувьд харамсаж байна. Би стандартын дагуу бүх зүйлийг хийсэн гэж үзэж байгаа гэв.

            Шүүгдэгч Д.Тодням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн. Хохирогчид эмгэнэл илэрхийлж байна. Хувь хүний ёс зүйн хувьд хариуцлага хүлээж байгаа. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд маш олон удаа дуудагдаж байцаагдлаа. Тэр болгонд өөрийнхөө зүгээс бүх зүйлийг хэлж прокурор, шүүхийн шатанд сөрөг байр суурьтай оролцож байгаагүй гэв.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гүндсамбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнөх мэдүүлэгтээ бүх зүйлийг тайлбарласан. Энэ гурваас охиныхоо амийг нэхэж байна. Охиныг минь алсан гэж боддог. Сая ярьж байгаа зүйлийг нь сонслоо. Мэс засал хийж байхад нь миний охины зүрх зогссон байсан байна. Маш их гомдолтой байна. Насан туршдаа гомдож явна. Би 4 жил 8 сар хууль шүүхэд итгэж явж байна. Маш их гомдолтой байна гэв.

           Эрүүгийн 1910008220776 дугаартай хэргээс:

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбуугийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 10 дахь тал/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 11-16 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 17-26 дахь тал/,

Шүүгдэгч Д.Тодномбат нь “ТОДББ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 130-135 дахь тал/,

Шүүгдэгч Б.Мөнгөнчимэг нь “ТОДББ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай “Ажилд томилох тухай” захирлын тушаал /хэргийн 1 дүгээр хавтас 153-154, 155 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 32-34, 5 дугаар хавтас 29-30 дахь тал/,

Гэрч Э.Нацагдоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 40-41 дэх тал/,

Гэрч Н.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 42-43 дахь тал/,

Гэрч З.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 44-45 дахь тал/,

“ТОДББ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Иргэний хариуцагчаар татах тухай Мөрдөгчийн тогтоол /хэргийн 5 дугаар хавтас 31 дэх тал/,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч эмч Б.Байгалмаагийн гаргасан 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 87-92 дахь тал/,

Шинжээч эмч Б.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 50-51 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Амартүвшин, Ж.Ганцэнгэл, Т.Номинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 855 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 56-64 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Ундармаа, Б.Ариунзул, Г.Энхбаатар, Н.Хүрэл-Очир, Ц.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1341 дугаартай дүгнэлт /хэргийн 5 дугаар хавтас 43-61 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээч эмч Б.Мөнх-Одын гаргасан 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 05/331 дугаартай /хэргийн 1 дүгээр хавтас 66-68 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13/7103 дугаартай албан бичиг /хэргийн 6 дугаар хавтас 222 дахь тал/,

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/1657 дугаартай албан бичиг, хавсралт /хэргийн 6 дугаар хавтас 225-228 дахь тал/

Монголын нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгээс гаргасан Эмнэлзүйн удирдамж /хэргийн 3 дугаар хавтас 235-239 дэх тал/,

Эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлага MNS 5604:2006 стандарт /хэргийн 3 дугаар хавтас 240-242 дахь тал/,

Арьс, эмчилгээний гоо заслын оношилгоо, эмчилгээний түгээмэл үйлдлүүд MNS 5603:2006 стандарт /хэргийн 3 дугаар хавтас 243-250 дахь тал/,

Зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамжийн “Орчны мэдүүгүйжүүлгийн удирдамж” /хэргийн 4 дүгээр хавтас 42-47 дахь тал/,

Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг MNS 6206:2010 стандарт /хэргийн 4 дүгээр хавтас 94-97 дахь тал/,

Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын танилцуулгын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 01/38 дугаартай /хэргийн 1 дүгээр хавтас 202-208 дахь тал/,

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 01412071 дугаартай шийтгэлийн хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 210 дахь тал/,

2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 0141331 дугаартай шийтгэлийн хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 209 дэх тал/,

“ТОДББ” ХХК-тай холбоотой баримтууд Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 184, 187 дахь тал/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 186 дахь тал/, мэс засал/мэс ажилбар хийлгэх тусгай зөвшөөрлийн хуудас / хэргийн 1 дүгээр хавтас 188-189 дэх тал/, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 211-213 дахь тал/, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага /хэргийн 1 дүгээр хавтас 214-215 дахь тал/, шалгалт хийсэн тэмдэглэл, баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 216-242 дахь тал/, Тод Каннам гоо сайханы мэс заслын эмнэлгийн захирал Д.Тоднямын 2015 онд баталсан Өөх соруулах мэс заслын PS-11 удирдамж /хэргийн 2 дугаар хавтас 24-31 дэх тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 6 дугаар хавтас 46-47 дахь тал/,

Амь хохирогч Г.Одмаад хийсэн эмчилгээний баримтууд: мэдээгүйжүүлэгчийн эмчийн үзлэг, мэдээ айлдуулахын явж сэрээх үеийн хяналтын хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 190 дэх тал/, үйлчлүүлэгч Г.Одмаагийн түүх /хэргийн 1 дүгээр хавтас 191-193 дахь тал/, эмчийн үзлэгийн журнал /хэргийн 1 дүгээр хавтас 199 дэх тал/,мэдээгүйжүүлгийн эмчийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 194 дэх тал/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 195 дахь тал/, шинжилгээний хариунууд /хэргийн 1 дүгээр хавтас 196-198 дахь тал/,

Тод каннам гоо сайхны эмнэлгээс хураан авсан амь хохирогч Г.Одмаагийн өвчний түүх, бусад баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 75-86 дахь тал/,

Амь хохирогч Г.Одмаагийн төрсний болон нас барсны гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 99-100 дахь тал/,

Амь хохирогч Г.Одмаагийн хувийн байдалтай холбоотой баримтууд Бусад /хэргийн 1 дүгээр хавтас 101-107 дахь тал/, “Рөүс оф шарон” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 108 дахь тал/,

Хохирлын баримтууд оршуулгын болон буяны ажлын зардлын баримтууд /хэргийн 2 дугаар хавтас 70-206 дахь тал/, зээлийн гэрээ /хэргийн 2 дугаар хавтас 208-215 дахь тал/, хагалгааны төлбөрийн баримтууд /хэргийн 2 дугаар хавтас 216-219 дэх тал/, дэлгүүрийн орлогын тооцоо /хэргийн 2 дугаар хавтас 220-222 дахь тал/, хоолны газрын орлогын түүвэр тооцоо /хэргийн 2 дугаар хавтас 224-250, 3 дугаар хавтас 1-219 дэх тал/, эмчилгээнд гарсан зардал /хэргийн 4 дүгээр хавтас 151-158 дахь тал/, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гаргасан иргэний нэхэмжлэл /хэргийн 4 дүгээр хавтас 199-219 дэх тал/, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хохирлын нэмэлт баримт /хэргийн 5 дугаар хавтас 212-216, 223-224 дэх тал/, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар гаргасан иргэний нэхэмжлэл /хэргийн 6 дугаар хавтас 104 дэх тал/,

Шүүгдэгч Д.Тодномбатын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 119-120 дахь, 6 дугаар хавтас 249-250 дахь тал/,

Шүүгдэгч Б.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 32-33, 5 дугаар хавтас 123, 6 дугаар хавтас 241-242 дахь тал/,

Шүүгдэгч Д.Тоднямын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 116-117 дахь тал/,

Шүүгдэгч Д.Тодномбатын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Оюунцэцэгийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 48-49 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 112 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 113 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 114 дэх тал/, төрийн албан хаагчийн анкет /хэргийн 1 дүгээр хавтас 115-118 дахь тал/, эмчлэх эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 119 дэх тал/, Бакалавр, магистрын дипломын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 120, 123 дахь тал/, мэргэжлийн дипломын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 121 дэх тал/, мэргэшлийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 122 дахь тал/, бусад /хэргийн 1 дүгээр хавтас 124-129, 4 дүгээр хавтас 56-67 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 3 дугаар хавтас 2, 6 дугаар хавтас 127 дахь тал/,

Шүүгдэгч Б.Мөнгөнчимэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 139 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 140, 142 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 141 дэх тал/, төрийн албан хаагчийн анкет /хэргийн 1 дүгээр хавтас 143-146 дахь тал/, Бакалаврын дипломын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 149 дэх тал/, эмчлэх эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 150 дахь тал/, мэргэшлийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 151-152 дахь тал/, ажил байдлын тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 147-148 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 156, 6 дугаар хавтас 184 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 3 дугаар хавтас 3 дахь тал/, гэрч Б.Наранцэцэгийн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 7 дахь тал/, гэрч П.Цэцэгсүрэнгийн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 8 дахь тал/, “Ач” анагаах ухааны их сургуулийн тодорхойлолт /хэргийн 4 дүгээр хавтас 49-50 дахь тал/,

Шүүгдэгч Д.Тоднямын хувийн байдалтай холбоотой баримтууд Бакалавр, магистрын дипломын хуулбар /хэргийн 5 дугаар хавтас 126, 137-142 дахь тал/, төгсөлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5 дугаар хавтас 127-129 дэх тал/, БНСУ-ын эмнэлгийн удирдлагын холбооны даргын гэрчилгээ /хэргийн 5 дугаар хавтас 134-136 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 6 дугаар хавтас 118 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 6 дугаар хавтас 119 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 6 дугаар хавтас 120 дахь тал/ зэрэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнгөнчимэгийн өмгөөлөгч Б.Болортуяагаас гаргаж өгсөн Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны MNS 6330:2017 стандарт,

Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг Монгол Улсын MNS 6204:2010 стандарт,  

Монголын Мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Н.Хүрэл-Очирын бичгээр гаргасан тодорхойлолт /хэргийн 5-р хавтас 37 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг, Д.Тодням нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Тод каннам” гоо заслын эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11-13 цагийн орчимд Г.Одмаад өөх соруулах мэс засал хийх явцад хохирогчийн зүрх зогссон байх ба тус эмнэлэгт амилуулах тусламж үзүүлэн улмаар Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэж эмчилгээ хийсэн боловч 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр амь хохирогч нь “уушги, тархины судасны бүлэнт бөглөөдөс” хүндрэлийн улмаас нас барсан болох нь:

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбуугийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 10 дахь тал/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 11-16 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 17-26 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Амартүвшин, Ж.Ганцэнгэл, Т.Номинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 855 дугаартай: Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн өмнөд, доод, хоёр хажуу, цээжний хоёр хажуу, нуруу, гуяны хоёр хажуугийн биеийн гадаргуугийн 30-35%-г хамарсан арьс, зөөлөн эд, доорх, булчингийн цус хуралт, хоёр ташаа, хоёр цавь, хоёр гуяны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь өөх соруулах мэс заслын хагалгаанаас үүссэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Дээрхи гэмтлийн улмаас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.2-т зааснаар амь тэнссэн байдал, 3.3.1-т зааснаар шокын хүнд хэлбэр /III-IV/, 3.3.2-т зааснаар янз бүрийн шалтгаант ком/II-III/, 3.3.9-т зааснаар захын цусны эргэлтийн улмаас тархи, уушгины судасны хий өөхөн ба эдийн бөглөөдөс үүссэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй, цуснаас сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон мансууруулах бодис илрээгүй болно. Талийгаач Г.Одмаад “Тодканнам” гоо сайхны эмнэлэгт хагалгаа хийсэн эмч нарын буруутай эсэхийг шинжээч эмч тогтоохгүй. Талийгаач нь хэвлийн өмнөд, доод, хоёр хажуу, цээжний хоёр хажуу, нуруу, гуяны хоёр хажуугийн өөх соруулах мэс заслын улмаас тархины хатуу хальсны хөндийнүүдийн бүлэнт бөглөөдөс үүсэж тархины кома-д орж нас баржээ...гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 56-64 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Ундармаа, Б.Ариунзул, Г.Энхбаатар, Н.Хүрэл-Очир, Ц.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1341 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...Өөх соруулах мэс заслын эмчилгээг гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмч /өөх соруулах чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн байх/ хийнэ. Д.Тодномбат эмч өөх соруулах мэс засал хийх чиглэлээр мэргэшсэн гэх баримт ирүүлсэн материалд байхгүй байна. Арьс, гоо заслын эмч нь ерөнхий мэс заслын эмчийн нарийн мэргэжил эзэмшээгүй байдаг тул өөх соруулах мэс засал хийх боломжгүй. Монгол Улсад Өөх соруулах мэс засал хийх стандарт одоогоор батлагдаагүй байна. Тухайн үед эмч Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн болон өөрийн эмнэлгийн даргын баталсан эмнэлзүйн зааврыг баримталж мэс засал хийсэн байна. Өөх соруулах мэс заслын үед судасны өөхөн болон бүлэнт бөглөөдөс үүсэх хүндрэл гарч болох ба эмч дээрх хүндрэл үүснэ гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй болно. Уушги, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүссэний дараа тухайн эмнэлэгт хийгдсэн суурь болон лавшруулсан амилуулах тусламж нь зохих стандартын дагуу явагджээ. “Тодканнам” гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс заслын хагалгаа хийлгэсэн амь хохирогч Г.Одмаагийн нас барсан үйлдэлд мэс заслын эмч, мэдээгүйжүүлгийн эмч нар буруутай эсэхийг шинжээч эмч тогтоохгүй. Амь хохирогч Г.Одмаа нь өөх соруулах мэс заслын явцад уушги, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүссэний улмаас нас баржээ. Тодканнам эмнэлгийн удирдлагын зүгээс анхаарал хандуулбал зохих асуудлууд харагдаж байна, тухайлбал, эмч нарыг мэргэшүүлэх тал дээр онцгой анхаарах, мэс заслын өрөө тасалгаа болон мэдээгүйжүүлгийн аппарат тоноглолыг шинэчлэх, стандартын түвшинд хүргэх. Мөн хувийн эмнэлгүүдэд мэргэшлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох ажлыг чанаржуулж, зохих хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулахад онцгой анхаарах хэрэгтэй байна...гэсэн дүгнэлт /хэргийн 5 дугаар хавтас 43-61 дэх тал/,

          Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Б.Байгалмаагийн гаргасан 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл дээр бичигдсэн нь Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар /9011215013, РД-5336953/ тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаар нь ЭХ-13/22/3567, 2015 оны 11 дүгээр сарын 01-нд ТОДББ ХХК-ний захирлаар Даваасүрэн Тодням томилогдсон, үйл ажиллагааны чиглэл нь “Гоо сайхны нөхөн сэргээх мэс засал”, үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэр нь Баянзүрх дүүрэг 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 12/2 байр, 1 давхарт 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл явуулах хүчинтэй хугацаа бүхий тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон байна. Энэ тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд “Гоо сайхны нөхөн сэргээх мэс засал”-ын тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан байна. Энэ дээд, доод зовхи татах мэс засал, хацарт хонхор үүсгэх мэс засал, хөх томруулах, чихний дэлбээний хэлбэр засах, үс шилжүүлэн суулгах, шанаа яс багасгах, эрүүний буланг нарийсгах, ооч засах, нүүр өргөх, ортогнатик, эрүүний салаагаар тайрах мэс засал, хамар өндөрлөх, өөх шилжүүлэн суулгах, өөх соруулах мэс засал зэрэг хийгдэх эмчилгээ үйлчилгээний нэр төрлийг эмнэлгийн даргаар баталгаажуулж баталсан байна. “Тодканнам” эмнэлэг нь “Гоо сайхны нөхөн сэргээх мэс засал” чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Монгол Улсын Эрүүл мэндийг хамгаалах технологи Эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлага МNS 5604:2006 стандартад зааснаар өөх соруулах мэс ажилбарыг аппаратын тусламжтайгаар арьс гоо заслын эмч хийнэ гэж заасан байгаа. Арьс болон эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох арьсны өвчний үзлэг, оношилгоо, сэвх нөсөө, үү ургацаг, ботокс, РRР эмчилгээ, өөх соруулах, ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ зэргийг хийх зөвшөөрөлгүй.

Клеиний уусмал нь нийлмэл найрлагатай эмийн бэлдмэл ба найрлагад орсон эмүүдийн харилцан нөлөөлөл, хэрэглэх тун, шинжилгээний аргачлал, үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл нь Монгол улсад батлагдаагүй. Энэ клеинийн холимог уусмалыг хэрхэн найруулж, хэдэн мл-р хийгдсэн нь мэс заслын тэмдэглэл дээр бичигдээгүй байна. ... Эмч Тодномбат нь хүний их эмч, ерөнхий болон бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн үнэмлэхтэй. БНСУ-д 2-3 сар дамжаанд суралцаж гэрчилгээ авсан байгааг мэргэшсэн гэж үзэхгүй. Гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын мэргэшээгүй эмч байна.

Мэс заслын эмч Д.Тодномбат нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 сарын 450 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-1Б эмчийн үзлэгийн бүртгэл байхгүй, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн шинжилгээнүүдийн цаг, минут бичигдээгүй, биохимийн шинжилгээн дээр АСАТ-399.4, АЛАТ-393.2, Амилаза-239.0 үзүүлэлтүүд байх хэмжээнээсээ ихэссэн. Цусны дэлгэрэнгүй шинжилгээн дээр цагаан эсийн тоо 26.7*10 ихэссэн, тробоцитын тунах хурд-198 буурсан зэрэг өөрчлөлттэй. Зүрх зогссоны дараа үеийн шинжилгээ байх магадлалтай. Ийм шинжилгээтэй өөх соруулах хагалгаанд орохгүй.

Мэдээгүйжүүлэгийн их эмч Б.Мөнгөнчимэг нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 сарын 450 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1 хавсралт 5А мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэрээх үеийн хяналтын хуудас дээр: Төлөвлөж хийгдэх хагалгаа: хэвлий нуруу, гуяны өөх соруулах төлөвлөгөөт хагалгаа гэж төлөвлөсөн мөртлөө мэдээгүйжүүлэлтийн түвшин Т12 /хүйс умдаг хоёрын хооронд/ хийгдсэн байгаа нь мэдээгүйжүүлэлтийн түвшинөө зөв сонгож хийгдээгүй тул өвдөлт мэдрэгдээд нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүйгээс ерөнхий унтуулгын дор өөх соруулах мэс засал хийгдсэн байна. Зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамж, орчны мэдээгүйжүүлгийн удирдамжийг баримтлаагүй, Эрүүл мэндийн технологи цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг МNS 6206:2010 стандартын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчсөн байна...гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 87-92 дахь тал/,

Шинжээч Б.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Тод каннам эмнэлэг нь гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг НЭМГ-аас 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авсан байна. Тод Каннам гоо сайхны эмнэлэг дараах тусламж үйлчилгээний нэр төрлийн жагсаалтыг эмнэлгийн даргаар баталгаажуулсан байна. Үүнд: дээд, доод зовхи татах, мэс засал, хацар, хонхор үүсгэх мэс засал, хөх томруулах, чихний дэлбээний хэлбэр засах, үс шилжүүлэн суулгах, шанаа яс багасгах, эрүүний буланг нарийсгах, ооч засах, нүүр өргөх эрүүний салаагаар тайрах мэс засал, хамар өндөрлөх, өөх шилжүүлэн суулгах, өөх соруулах мэс засал зэргийг хийж байсан байна. Харин Монгол Улсын Эрүүл мэндийг хамгаалах технологи, эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавих шаардлага MNS56042006 стандартад зааснаар “өөх соруулах ажилбарыг аппаратын тусламжтайгаар арьс гоо заслын эмч хийнэ” гэж заасан байдаг. Үүнээс харахад “Тод каннам” гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлд заасан өөх соруулах мэс ажилбарыг хийхгүй гэдгийг дүгнэлтдээ тусгасан байгаа. ...Мэс заслын эмч Д.Тодномбат нь эмнэлгийн үйлчилгээнд баримтлан ажилладаг анхан шатны маягт бүртгэлийг батлагдсан тушаалын дагуу хөтөлж бүртгээгүй. Биеийн жингийн индекс, өөхлөлтийн байдлыг тодорхойлоогүй, зурж тэмдэглээгүй, шаардлагагүй үйлчлүүлэгчийг өөх соруулах мэс засалд оруулсан. Өөх соруулах мэс заслын эмнэлзүйн заавар МУ-д батлагдаж гараагүй. Энэ мэс заслыг хийх мөрдөж ажиллах эмнэлзүйн зааврыг Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн болон өөрийн эмнэлгийн даргын баталсан эмнэлзүйн заавраар хийгдсэн нь мэс заслын тэмдэглэл дээр бичигдсэн байгаа талаар дугнэлтэндээ тусгасан. Мэдээгүйжүүлгийн их эмч Б.Мөнгөнчимэг нь төлөвлөж хийгдэх хагалгаа нь хэвлий, нуруу, гуяны өөх соруулах төлөвлөгөөт хагалгаа гэж төлөвлөсөн мөртлөө мэдээгүйжүүлэлтийн түвшин Т12-д /хүйс, умдаг хоёрын хооронд/ хийгдсэн байгаа нь мэдээгүйжүүлэлтийн түвшинөө зөв сонгож хийгээгүй тул өвдөлт мэдрэгдээд нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүйгээс ерөнхий унтуулгын доор өөх соруулах мэс засал хийгдсэн байна. Мэдээгүйжүүлэгийн өмнөх үзлэгийг хагалгаанд орохоос өмнө 1 цаг 50 минутад буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт үзлэг хийгдэж хоол сойх гэж тэмдэглэсэн. Мэдээгүйжүүлэлтийн явцын тэмдэглэл эмчийн бичсэн мэдээгүйжүүлгийн явцын тэмдэглэл хоёр дээр бичигдсэн цаг, минут нь 5-10 минутын зөрөөтэй бичигдсэн байгаа зэрэг зөрчил илэрсэн. Дээрх алдаанаас зөрчлийг үзэхэд их эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нар нь Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал журмын хэрэгжилт хангалтгүй байгаа нь эмнэлгийн мэргэжилтэн хуульд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 50-51 дэх тал/,

           Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/1657 дугаартай албан бичигт: Гүндсамбуу овогтой Одмаа нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Яаралтай түргэн тусламжийн тасагт ирж, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Үндсэн онош: Зүрх зогсох, тодорхойгүй /ӨОУА-I49.6/, Хүндрэл: Ком, тодорхойгүй /ӨОУА-R40.2/ оношоор хэвтэн эмчүүлж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цаг 50 минутад зүрх зогсож нас барсан...гэсэн албан бичиг, хавсралт /хэргийн 6 дугаар хавтас 225-228 дахь тал/

Амь хохирогч Г.Одмаад хийсэн эмчилгээний баримтууд: мэдээгүйжүүлэгчийн эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явж сэрээх үеийн хяналтын хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 190 дэх тал/, үйлчлүүлэгч Г.Одмаагийн түүх /хэргийн 1 дүгээр хавтас 191-193 дахь тал/, эмчийн үзлэгийн журнал /хэргийн 1 дүгээр хавтас 199 дэх тал/,мэдээгүйжүүлгийн эмчийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 194 дэх тал/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 195 дахь тал/, шинжилгээний хариунууд /хэргийн 1 дүгээр хавтас 196-198 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбуугийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: Миний охин Г.Одмаа нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тод Каннам” гоо сайхны эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 11 цагт хоёр гуя болон хэвлий хэсгийн өөх соруулах мэс ажилбарт орсон. Тэгээд мэс ажилбар нь явагдаж байх хугацаанд нь зүрх нь 20 орчим минут зогссон байсан. Уг нь ар гэрийнхнээс нь мэс ажилбарт орж байх үед нь эмнэлгийн гадаа хүлээж байсан боловч ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй цаг хугацаа өнгөрөөсөн байсан. ...Тэгээд тэр өдрөө буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд Улсын нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн очиж эмчлэгдэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг 50 минутад нас барсан. Нэгдүгээр эмнэлэгт байх хугацаандаа 6 өдрийн турш ухаан орохгүй байж байгаад нас барсан.

...Миний охин Г.Одмаа нь бага байхдаа эцэг эхийнхээ гар дээр БНСУ-д өсөж хүмүүжсэн. Айлын ганц охин бөгөөд сургуульд 8 настайдаа Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 17 дугаар бүрэн дунд сургуульд элсэн орж, 3 дугаар анги хүртлээ суралцаад дараагаар нь Солонгос улсад 4-9 дүгээр анги хүртлээ суралцаад буцаж Монгол Улсад ирээд 10-11 дүгээр ангиа Орхон аймгийн Ийгл сургуульд элсэн орж, тэндээ суралцаж төгссөн. Дараагаар нь Солонгос Улсын Каунти дээд сургуулийг ОУ-ын хуульзүйн мэргэжлээр суралцаж төгссөн. Ингээд сургуулиа төгсөж ирээд Хосбаяртай хамтран амьдраад дундаасаа 2013 онд охин Нандин-Эрдэнийг төрүүлж, 2016-2017 онд гэр бүл болсон байсан. Зан байдлын хувьд миний охин их уян, зөөлөн шударга, хөдөлмөрч хүүхэд, өөрийн хийе гэсэн зүйлээ заавал хийдэг, их зорилготой, ажилсаг охин байсан. Маш их гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 32-34, 5 дугаар хавтас 29-30 дахь тал/,

           Гэрч Э.Нацагдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тод каннам гоо сайхны эмнэлэгт 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дадлагажигч эмчээр ажиллаж байсан. ...2019 оны 3 дугаар сарын 26-ны өглөө ажил дээрээ ирээд Г.Одмаа гэх эмэгтэй өөх соруулах хагалгаа хийгдэх байсан учраас би хагалгааны өрөө болон тоног төхөөрөмжүүдийг бэлдэж тавьсан. ...Өвчтөн бүтэн унтсаны дараагаар Д.Тодномбат эмч өөрөө бие даан хариуцаж өөх соруулах мэс заслыг хийж эхэлсэн. Миний хувьд хагалгааны багажийг бэлдэж өгөх, авч өгөх, шаардлагатай зүйлүүдэд тусалж, харах байдлаар оролцдог. Мэс заслыг Д.Тодномбат эмч бие даан өвчтөний хэвлийн доод хэсэгт зүслэг хийсэн санагдаж байна. Тэгээд зүслэг хийсний дараагаар өөх задлах уусмалыг хэвлий хэсэг рүү оруулж, өөх задалсны дараагаар өөхийг соруулах ажиллагаа явагдсан. Энэ хугацаанд хагалгаа дууссан. Гэтэл өвчтөн Г.Одмааг Д.Тодномбат эмч ажиглаж байгаад гэнэт “зүрх зогсчихсон юм биш үү” гэж хэлээд намайг Тодномбат эмч зүрх сэргээх аппарат буюу “Дефибриляторыг авчир” гэхээр нь эм тариа байрладаг агуулахын өрөөнөөс авчраад түүнийг залгаад цэнэглэтэл намайг “амьсгал өгдөг мишокийг базаж амьсгал өг” гэж хэлсэн. Амьсгалыг өгөөд дараагаар Б.Мөнгөнчимэг эмч дефибрилятороор тог цохиулж, зүрхний сэрэлт амжилтыг сэргээхээр 15-20 минут орчим болоход өвчтөн Г.Одмаагийн зүрх сэргэж эхэлсэн. Зүрх сэргэсэн боловч өөрөө сэрээгүй учраас дараагаар шууд 103-т дуудлага өгч тэндээсээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээнд хүргэгдсэн. ...Өвчтөн Г.Одмаагаас 2,5литр орчим өөх соруулсан. Тухайн соруулсан өөхийг асгасан гэж байсан. Хэн, хаана асгасан талаар мэдэхгүй. Ер нь бол соруулсан өөхийг асгадаг...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 40-41 дэх тал/,

Гэрч Н.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн: Би талийгаач Г.Одмаа болон охин Нандин-Эрдэнийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-18-9 тоотод 6 жил амьдарч байгаа юм. Ингээд амьдарч байх хугацаанд манай эхнэр Г.Одмаа нь сүүлийн 1 жилийн орчмоос “жаахан турмаар байна” гэх зүйлийн талаар яриад байдаг болсон. Тэгээд гэнэт нас барахаасаа 20 орчим хоногийн өмнөөс эхлэн “өөх соруулах хагалгаа байдаг юм байна” гэж дурсаж эхэлсэн. Би бодохдоо энэ талаар өөрөө их судалсан юм шиг байна лээ. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 20-ны 00 цагийн үед Улаанбаатар хотод ирээд ахындаа амарчхаад маргааш нь бид хоёр БНХАУ-ын Эрээн хот руу ажлынхаа ачаа барааг татахаар явахаар ирсэн. Өглөө босчхоод гадуур ажил төрөл хөөцөлдөөд өөрийнх нь судалсан 2-3 эмнэлгээс хамгийн ойр нь Тод Каннам гоо сайхны эмнэлэг байсан учраас надад хэлэхээр нь “тухайн өөх соруулдаг зүйлийг нь судлаад үзье” гэж хэлээд эхнэрийнхээ хамт 13 цагийн үед уг Тод Каннам гоо сайхны эмнэлэг рүү ороод Тодномбат гэдэг ерөнхий мэс заслын эмч хүлээн авч, бид хоёрыг өрөөндөө уулзсан. Уулзахад Тодномбат эмчид манай эхнэр өөрийн санаа бодол, хаанаас ямар байдлаар өөх соруулах талаараа ярилцаж асууж үзүүлсэн. Тэгтэл эмч Тодномбат гэдэсний хэсгээс чинь авч болно, мөн эхнэр Г.Одмаагийн биеийн жин дээр зогсоож байгаад нэг цаас хэвлэж гаргаад тэр нь хүний өөх тос, илүү дутууг нь хардаг юм шиг байгаа юм, би тэгж ойлгосон. “Нийт жингээс чинь 7 кг өөх байна, энэ чинь бүхий хэсэгт чинь байгаа, харин гэдэсний хэсгээс чинь бол боломжоор авч болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “аюулгүй байдал талаас ямар эрсдэл байна, хүндрэл бэрхшээл байгаа юу” гэж өөрөөс нь асууж тодруулж асуусан. Тэгтэл Тодномбат эмч “гэдэсний хэвлий хэсгийг заагаад өндөгний хирээний хоёр зүсэлт хийнэ, тэр хоёр дээр 2/2 оёдол тавина, хүндрэл гэвэл хөхөрч болно, хоёр оёдол задарч болно, өөр ямар ч хүндрэл байхгүй” талаар хэлсэн. Мөн би “ямар мэдээ алдуулалттай орох вэ, норкозтой орох юм уу” гэж асуухад “үгүй ээ, гоо сайхны хагалгаа зөвхөн нугасаар мэдээ алдуулна, норкоз огт хийгдэхгүй” гэж надад хэлж ойлгуулсан. “Үнэ хөлс нь нийт 4,5 сая төгрөг болно, эмчийн мэдлийн 1,0 сая төгрөг хөнгөлөөд нийтдээ 3,500,000 төгрөгөөр хийлгэх”-ээр тохирсон. Тэгээд 1.500.000 төгрөгийг урьдчилгаа болгож өгөөд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11:00 цагийн үед хагалгаанд орохоор тохирсон. Энэ үед “ямар шинжилгээ өгөх вэ” гэхэд “цусаар ДОХ, Тэмбүү өвчний шинжилгээ өгнө” гээд шинжилгээг авчхаад “хагалгаанд орох өдрөө шээсээ авчраарай” гэж хэлээд явуулсан. Ингээд эмнэлгээс гараад тэр өдрийнхөө орой нь вагонд сууж Эрээн хот руу яваад бараагаа цуглуулаад тэндээ 2 хоносон, замдаа 2 хоног болсон гэдэг чинь бид хоёр 4 хоног явж байгаад 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буцаж ирээд, ирсэн өдрөө манай эхнэр Г.Одмаа өөрөө Тодномбат эмнэлэг рүү яриад “хугацааг нь наашлуулж өнөөдөр болох уу” гэж 3 удаа асуусан гэтэл “хариу хэлнэ” гээд хүлээлгэж байгаад болохгүй талаар хэлсэн. Тэгтэл тэнд байгаа бид хоёрын ажил төрөл хэцүүдээд байхаар нь би түрүүлж явахаар болоод эхнэртээ хандаж “хөнгөн хагалгаа юм чинь гайгүй биз дээ” гэхэд бас өөрөө тэгж хэлээд “чи түрүүлээд ажил төрлөө амжуул” гэж хэлэхээр нь орой 17 цагийн үед Эрдэнэт хот руу яваад эхнэр үлдсэн.

2019 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед эхнэр Г.Одмаа руу залгаад ярихад “өөрийнхөө нүүрийг будаад, одоо гарахдаа бэлдээд сууж байна” гэж хэлэхээр нь би дэмжээд “зоригтой байгаарай, зүгээр” гэж тайвшруулсан. Гэтэл өөдөөс “би удахгүй 2 хоног болчхоод чам дээр очно” гээд яриад өнгөрсөн. Би ажил төрлөө хийж байгаад 11 цагийн үед залгасан чинь “одоо орох гэж байна” гэсэн дараагаар нь 11:30 залгаад утас нь авахгүй байхаар нь хамт явсан эгч Мөнхжаргал залгахад “сая орчихлоо, би гадаа нь байна” гэж хэлсэн. Тэгээд анх эмчийн хэлснээр 2 цаг орчим болно” гэсэн болохоор 13 цагаас эхлээд эгч рүү утасдаад яаж байгаа талаар нэлээн олон удаагийн давтамжтай залгаж ярихад “болоогүй байна, сураггүй байна, гарч ирээгүй” талаар хэлсэн. Ингэсээр байгаад 15 цагт эмнэлгийн ажлын утас руу залгаад “манай эхнэр өнөөдөр наад эмнэлэгт чинь хагалгаанд орж байгаа, ямар ч сураг алга, юу болсон, яасан талаар асуухад бүх зүйл зүгээр санаа зоволтгүй, наркозыг гарахыг хүлээж байна” гэхээр нь жаахан тайвшраад байж байтал 15:40 минутад эгч Мөнхжаргал над руу залгаад “Хосоо нэг л бишээ эмчтэй нь уулзлаа, эмчтэй нь ярих уу” гэж надад хэлсэн. Тэгээд би уг утсаар нь эмч Тодномбаттай ярьсан чинь “надад жижиг хүндрэл гарсан, зүрх нь жаахан зогссон, 1-р эмнэлгээс түргэний машин ирж байгаа аюулгүй байдлын үүднээс 1-р эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг руу авч явна, бид нар арга хэмжээ аваад зүрхийг нь эргээд ажиллуулсан” гэхээр нь сонин санагдаад эгч рүү эргэж утасдаад “яг тэр хагалгааны өрөө рүү очоод шалгаадах” гэж хэлсэн. Тэгтэл эгч хагалгааны өрөө рүү хүчээр ороод хөлийг нь барьж үзээд “ямар ч байсан хөл нь дулаан байна” гэж надад хэлсэн. Тэгээд амьд байгааг нь мэдээд би ч гэсэн жаахан тайвшраад хадам ээж Аюушд хэлээд охинтойгоо шууд машинаараа Улаанбаатар хот руу гараад шууд 1-р эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт иртэл маш хүнд байдалтай сэхээн амьдруулах тасагт байсан. Түүнээс хойш Тодномбат эмч нь сэхээн амьдруулах тасагт өөрөө байхаар нь түүнтэй эхний өдөр нь юм яриагүй. Маргаашнаас нь “юу болоод наркоз хийчхэв” гэж ярилцаад эмчилгээг харж 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 08:19 минутад ухаан орохгүй байсаар байгаад нас барсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 42-43 дахь тал/,

Гэрч З.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гадуур ажил төрөлтэй явж байхад дүү Одмаа нь нөхрийнхөө хамт Эрээнээс ирээд нөхөр Хосбаярыг Эрдэнэт хот руу явуулчхаад өөрөө манай гэрт ирчихсэн байсан. Би ажлаа амжуулчхаад өдөр 3-4 цагийн үед гэртээ ирсэн чинь Одмаа ирчихсэн байсан. Ингээд надад маргааш Одмаа нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тод Каннам гоо сайхны эмнэлэг орж хагалгаанд орно, биеийнхээ өөх соруулах талаараа хэлсэн. Гэхдээ энэ талаараа өмнө нь надад Эрээн рүү явж байхдаа хэлж л байсан. Ингээд жаахан хоёулаа ойр дотно байдаг учраас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тод Каннам гоо сайхны эмнэлэг дээр анх удаа очсон. Эмнэлэг дээр очоод Одмаа үлдэгдэл төлбөрийг бүрэн тушаагаад эмч Тодномбаттай уулзсан. Тэгээд дээшээ 3 давхарт гараад хэвтэх өрөө гаргаж өгөөд тэндээ сууж бэлтгэлээ хангаж байгаад 12 цагийн үед Одмааг хагалгааны өрөө рүү аваад орсон бөгөөд би гадна талд нь суугаад хүлээсэн. Гэтэл 1 цаг орчмын дараагаар би үүдэнд байсан хүнээс нь “одоо хагалгаа нь юу болж байгаа” талаар асуухад “өвчтөндөө бүтэн наркоз хийгээд бид нар унтуулсан байгаа шүү” гэж хэлэхээр нь би “яагаад тэгсэн юм бол наркоз хийхгүй гэж хэлээ биз дээ” гээд асуутал “бага зэргийн өвдөлт мэдрээд байсан учраас бүтэн наркоз хийж унтуулсан” талаар тайлбарлаж байсан. Түүнээс хойш хүлээгээд 3 давхартаа сууж нэлээн удтал намайг “та доошоо 2 давхарт хүлээгээд сууж бай” гэж хэлээд доош нь буулгасан. Тэндээ дахиад 30-40 минут болоод үүдний сувилагчаас асуутал “хагалгаа бол дуусчихсан, бүтэн унтуулга нь гараагүй байна, сэрэхээр нь өрөө рүү нь оруулаад танд хэлнэ” гэж хэлсэн. Энэ хугацаанд өөрийн утсыг цэнэглээд үлдээсэн байсан учраас хартал талийгаачийн нөхөр Хосбаяр над руу 2 дуудлага хийгээд намайг авахгүй байсан болохоор шууд эмнэлгийн дугаар руу дуудлага хийгээд үүдний хүнтэй утсаар ярихад үүдний сувилагч нь “хагалгаа дуусчихсан байгаа, наркоз гараагүй байна, та санаа зоволтгүй” талаар тайлбарлаж хэлж байсан. Тэгтэл удаагүй 2 эмч бууж ирээд “таныг өрөөндөө дуудаад уулзъя гэж байна” гэж хэлэхээр нь хамт Тодномбат эмчийн өрөөнд ортол надад Тодномбат эмч “хагалгаа амжилттай болоод дуусахын алдад өвчтөний маань зүрх нь зогсож, бид нар авах ёстой арга хэмжээгээ бүгдийг нь авсан, та санаа зоволтгүй, одоо сэрэхгүй байна, тийм болохоор бид нар 1 дүгээр эмнэлгийн зөвлөх эмч дуудсан, түргэний машинаар 1 дүгээр эмнэлэгт хүргэж өгнө” гээд хүлээж байсан. Энэ талаар сонсоод “би орж хармаар байна” гээд хамт хагалгааны өрөө рүү ороход 1-р эмнэлгийн зөвлөх эмч, унтуулгын эмч гээд хүмүүс тойроод зогсчихсон, ухаангүй, аппарат залгасан одоо амьсгалж байна, зүгээр санаа зоволтгүй гэж надад тэр талаараа тайлбарлаад хэлж байсан. Тэр хооронд нөхөр нь залгахаар нь хагалгаа хийсэн эмчтэй нь утсаар яриулсан. Ингээд “хэвийн байгаа бид нар сэрэхийг нь хүлээж байна, санаа зовох зүйлгүй” гээд гаргаад гадаа хүлээж байтал 30 орчим минутын дараа түргэн тусламжийн машин ирээд Тодномбат эмч, нойрсуулагчийн эмч нарын хамт би суугаад хамтдаа 1 дүгээр эмнэлэг дээр 16 цагийн үед ирээд шууд эрчимт эмчилгээ рүү аваад орсон. Түүнээс хойш ухаан орохгүй байсаар байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 44-45 дахь тал/,

 

Шүүгдэгч Д.Тодномбат нь “ТОДББ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд: 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус эмнэлэгт “Мэс заслын эмч”-ээр 10 жилийн хугацаатайгаар байгуулав. /хэргийн 1 дүгээр хавтас 130-135 дахь тал/,

Шүүгдэгч Б.Мөнгөнчимэг нь “ТОДББ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай/й “Ажилд томилох тухай” захирлын тушаал: 2013 оны 3 дугаар сарын 01-ний /өдөр тус эмнэлэгт “мэдээгүйжүүлгийн эмч”-ээр туршилтын хугацаагаар 3 сар буюу 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулав. /хэргийн 1 дүгээр хавтас 153-154, 155 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээч эмч Б.Мөнх-Одын гаргасан 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 05/331 дугаартай: Шинжилгээнд хүргүүлсэн Гүндсамбуугийн Одмаагийн гарын хээний дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд хүргүүлсэн гарын хээний дардас нь санд бүртгэгдээгүй байна. Харьцуулах шинжилгээнд тэнцэх Гүндсамбуугийн Одмаагийн гарын хээний дардас нь нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирохгүй байна. /хэргийн 1 дүгээр хавтас 66-68 дахь тал/,

Монголын нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгээс гаргасан Эмнэлзүйн удирдамж /хэргийн 3 дугаар хавтас 235-239 дэх тал/,

Эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлага MNS 5604:2006 стандартад: Өөх сорох ажиллагааг Арьс гоо заслын их эмч гүйцэтгэнэ гэх. /хэргийн 3 дугаар хавтас 240-242 дахь тал/,

Арьс, эмчилгээний гоо заслын оношилгоо, эмчилгээний түгээмэл үйлдлүүд MNS 5603:2006 стандарт /хэргийн 3 дугаар хавтас 243-250 дахь тал/,

Зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамжийн “Орчны мэдүүгүйжүүлгийн удирдамж” /хэргийн 4 дүгээр хавтас 42-47 дахь тал/,

Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг MNS 6206:2010 стандарт /хэргийн 4 дүгээр хавтас 94-97 дахь тал/,

         “ТОДББ” ХХК-тай холбоотой баримтууд Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 184, 187 дахь тал/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 186 дахь тал/, мэс засал/мэс ажилбар хийлгэх тусгай зөвшөөрлийн хуудас / хэргийн 1 дүгээр хавтас 188-189 дэх тал/, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 211-213 дахь тал/, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага /хэргийн 1 дүгээр хавтас 214-215 дахь тал/, шалгалт хийсэн тэмдэглэл, баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 216-242 дахь тал/, Тод Каннам гоо сайхны мэс заслын эмнэлгийн захирал Д.Тоднямын 2015 онд баталсан Өөх соруулах мэс заслын PS-11 удирдамж /хэргийн 2 дугаар хавтас 24-31 дэх тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 6 дугаар хавтас 46-47 дахь тал/,

Тод каннам гоо сайхны эмнэлгээс хураан авсан амь хохирогч Г.Одмаагийн өвчний түүх, бусад баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 75-86 дахь тал/,

Амь хохирогч Г.Одмаагийн төрсний болон нас барсны гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 99-100 дахь тал/,

Амь хохирогч Г.Одмаагийн хувийн байдалтай холбоотой баримтууд Бусад /хэргийн 1 дүгээр хавтас 101-107 дахь тал/, “Рөүс оф шарон” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 108 дахь тал/,

 

Шүүгдэгч Д.Тодномбатын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ..2019 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 11 цагаас мэс заслын цагийг авсан байсан учраас Г.Одмаа хагалгаанд орохоор төлбөр тооцоо хийгээд бэлэн ирсэн байсан. Хагалгаа эхлэхэд мэдээгүйжүүлэгчийн эмч Мөнгөнчимэг хагас нугасны мэдээ алдуулалтаар хийхээр төлөвлөсөн байсан чинь Одмаагийн мэдээ алдалтыг шалгахад хүйсээс дээшээ мэдээ алдаагүй, мэдрээд байсан болохоор Мөнгөнчимэг эмч “унтуулах уу” гэхээр нь өвчтөн Г.Одмаатай ярилцаад бүтэн унтуулахаар шийдээд түүнийг унтуулсан. ...Хамгийн эхлээд хэвлий хэсгийн өөхийг соруулж дуусгаад 1-2 оёдол тавьсан. Дараагаар нь гуяны дотор болон гадна хэсгийн өөхийг соруулж дуусгаад оёдол тавих гэж байтал “хүний бие муудлаа, зүрхний цохилт мэдрэгдэхгүй байна, захын цусан дахь хүчил төрөгчийн ханамж буугаад байна” гэхээр нь хагалгаагаа дуусгаад шууд зүрхэнд массаж хийгээд Нацагдоржоор цахилгаан цохиулдаг төхөөрөмжийг авчруулаад тогонд залгаад бэлдсэн. Түүний дараа Мөнгөнчимэг эмч зүрхэнд цохиулаад үргэлжлүүлээд дахин массаж хийгээд дахин цахилгаанаар цохиулах арга хэмжээг 6-7 удаа авсан.

...Монгол Улсын хэмжээд өөх соруулах стандарт одоогоор байхгүй. Гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын эмч нарын нийгэмлэгээс баталсан стандарт байдаг. Тодканнам гоо сайхны эмнэлгийн захирлаас баталсан удирдамж стандартыг мөрдлөг болгож ажилладаг. Анх 2012-2013 оны үед Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл авахад эмнэлэгт хийгдэх мэс заслын жагсаалтыг шаардахад манай байгууллагаас өөх соруулах мэс заслын тусламж үйлчилгээний жагсаалтыг өгч манай эмнэлэг гоо сайхны мэс заслын тусгай зөвшөөрөл авч байсан. Үүний дараа жил болгон Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт шалгалт ирж үзээд өөх соруулах үйл ажиллагааг хориглоогүй. Мөн Улсаас баталсан стандарт байхгүй учир нийгэмлэг болон өөрийн байгууллагаас баталсан стандарт, удирдамжийг мөрдөж болно гэсний дагуу бид нар мөрдлөг болгож ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтаас гаргасан дүгнэлтэд “өөх соруулах мэс заслыг арьс заслын эмч хийнэ” гэсэн стандартыг мөрдлөг болгож, намайг энэ стандартыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь учир дутагдалтай байсан. Учир нь мэс заслыг мэс заслын эмч хийх эрхтэй, стандарт дээр өөх соруулах мэс заслыг арьс, гоо заслын эмч хийнэ гэж байгаа нь дутагдалтай юм. Уг стандартан дээр үйлдлийг хэн хийх бэ гэдэгт арьс заслын мэс заслын эмч хийнэ гэж оруулаагүй нь алдаа байна.

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмж хэлэхэд миний хувьд мэс заслын эмчийн зүгээс цаг тухай бүрт нь хийх ёстой үйлдлүүдийг хийж гүйцэтгэж, зүрх зогссон байдлыг түрүүлж мэдэж, амь хохирогчийг сэхээн амьдруулах яаралтай тусламжийн тасагт цаг алдалгүй авсан. Мөн мэс засал болохоос хангалттай хугацааны өмнө амь хохирогчийг үзэж, зөвлөгөө өгч, шаардлагатай шинжилгээнүүдийг төлөвлөж гарч болох эрсдэлийн талаар тайлбарлаж өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 119-120 дахь, 6 дугаар хавтас 249-250 дахь тал/,

Шүүгдэгч Б.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Тодканнам гоо сайхны эмнэлэгт мэдээгүйжүүлгийн эмчээр ажилд ороод 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр ажлаас гарсан. ...Мэдээгүйжүүлэлт, өөх соруулах мэс засал хоёр нь өөр өөр ойлголттой, тус тусдаа салбар. Миний хариуцаж ажиллаж байсан мэдээгүйжүүлэлт нь тусдаа Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас баталсан нэг стандартыг мөрдөж ажилладаг. Өөх соруулах стандартын талаар би мэдэхгүй. Үйлчлүүлэгч нарыг эмчлэх, мэс заслын тов зааг зэргийг ерөнхий эмчээр ажиллаж байсан Тодномбат эмч хариуцан ажиллаж байсан.

...Үйлчлүүлэгч Одмаа нь хагалгаанд орохынхоо өмнө Тодномбат эмч дээр үзлэг хийлгэсэн. Ингэхдээ Тодномбат эмчийн зүгээс шаардлагатай шинжилгээнүүдийг зөвлөөд хагалгаанд орохоор ирэх өдрөө хоол сойсон буюу урд өдрийнхөө оройноос хойшоогоо хоол идэхгүй байхыг зөвлөөд явуулсан байсан. Ингээд хагалгаанд орох өдрөө буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн үүрээр БНХАУ-аас вагоноор ирээд эмнэлэгт хагалгаанд орохоор ирсэн байсан. Энэ үед би мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэгийг хийсэн. Шаардлагатай шинжилгээнүүд дээр өөрчлөлт байгаагүй учраас хагалгаанд оруулахаар болсон. Хагалгааны үед нугасны хөндийн мэдээгүйжүүлгийг L4-L5 түвшинд хатгаж мэдээгүйжүүлэлтийг хийсэн боловч Т-10 буюу хүйсний түвшинөөс дээшлээгүй учраас ерөнхий унтуулгад шилжүүлсэн. Хагалгааны явцад зүрх амьсгал, амин эрхтний үзүүлэлт хэвийн байсан. Хагалгаа дуусахын өмнөхөн 13 цаг 05 минутад даралт, пульс үзсэний дараагаар зүрх гэнэт зогссон. Зүрх гэнэт зогссоны дараагаар авсан арга хэмжээг өмнөх мэдүүлэг дээрээ өгсөн.

...2019 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 30 настай, эмэгтэй Г.Одмаа нь тус "Тод Каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орохоор ирсэн. Ингээд өвчтөнийг хагалгааны өрөө рүү оруулсан. Хагалгааны өрөөнд оруулаад өвчтөний амин үзүүлэлтийг үзээд нугасны хөндийн мэдээгүйжүүлгийг 0,5 хувийн Бупивакайн 4 миллитрийг мэдээгүйжүүлэхэд хэрэглэсэн. Тэгээд үүний дараагаар мэс заслын оронд дээр дээш харуулж хэвтүүлээд түвшинг шалгасан чинь мэдээгүйжүүлгийн түвшин умдгийн түвшинд байсан. Ингээд 5 минут орчим хүлээгээд дахин шалгаад үзэхэд хүйсийн түвшинд байсан. Тэр үед мэс заслын эмч Д.Тодномбат өөх задлах тариагаа өвчтөн Г.Одмаад тарьсан байх нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийснээс 20 орчим минутын дараа дахин түвшин шалгасан, энэ үед түвшин дээшлээгүй, хагалгаа хийлгэх хэсэг хүртэл мэдээ алдахгүй байсан учраас Д.Тодномбат эмч, өвчтөн Г.Одмаа бид 3 хоорондоо мэдээгүйжүүлэг нь хагалгаа хийлгэх түвшинд хүрэхгүй байна, тийм болохоор ерөнхий мэдээ алдуулалтанд шилжүүлэхгүй бол болохгүй байна хагалгаа үргэлжлэх боломжгүй байна гэж хэлтэл өвчтөн өөрөө зөвшөөрөөд харилцан ярилцаад ерөнхий унтуулгад шилжсэн. ...Хагалгааны явцад өвчтөний даралт пульс тогтвортой, ерөнхий эмч Тодномбат мэс заслыг хийж байсан, ингээд хагалгаа дуусахын алдад 13:05 минутад өвчтөний даралт пульсийг үзсэний дараагаар Пульсоксиметр буюу өвчтөний захын цусны хүчил төрөгчийн агууламжийг хэмжигч доголдож эхэлсэн. Энэ үед Пульсоксиметр нэг гараас нь нөгөө гарт хийж шалгаж үзсэн. Энэ хооронд гэнэт мониторт зүрхний цохилт фиприляци болж зүрхний цохилт мэдэгдэхгүй болсон. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 32-33, 5 дугаар хавтас 123, 6 дугаар хавтас 241-242 дахь тал/,

Шүүгдэгч Д.Тоднямын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад, мөн шүүх хуралдаанд гэрчээр болон иргэний хариуцагчаар хэд хэдэн удаа болсон зүйлийн талаар ярьж хэлсэн учраас надад хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй. ...Би 2013 оноос 2022 оны хүртэл “Тод ББ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад хувиараа бизнесс эрхэлж байна. Өнөөдрийн байдлаар “Тод ББ” ХХК-тай хамааралтай ажил хөдөлмөр эрхэлсэн зүйл байхгүй. “Тод Каннам” эмнэлгийн үйл ажиллагааг 2019 оны 5 дугаар сард “Нийслэлийн Эрүүл мэндийн газар”-ын даргын шийдвэрээр үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлсэн ба өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа сэргээгдээгүй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 116-117 дахь тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

       

           Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Тодканнам эмнэлэг нь 2013 онд Баянзүрх дүүрэгт хаяг дээр тусгай зөвшөөрөл авсан. Эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр тусгай зөвшөөрөлд заагдаагүй Хан-Уул дүүргийн 15 хороонд ирж хаягаа солих хүсэлт өгөөгүй атлаа үйл ажиллагаа явуулсан. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шалгалтын танилцуулга дээр тусгай зөвшөөрөлд байхгүй хаягт үйл ажиллагаа явуулсан байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл, зар сурталчилгаа явуулахгүй байх үүрэг өгсөн. Үүгээр хаяг солиулах хүсэлтээ гаргасан байсан гэсэн шүүгдэгч Д.Тоднямын мэдүүлэг нотлогдохгүй байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани Монгол Улсын хууль, дүрэм журмыг баримтална. Д.Тодномбат нь мэс заслын эмч,  арьс гоо заслын чиглэлээр мэргэшээгүй эмч байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Иймээс шүүгдэгч Д.Тоднямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбуу 663.128.419 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Д.Тодномбат 70.000.000 төгрөг төлсөн. Оршуулгын зардал 59.591.536 төгрөг, хагалгааны төлбөр 3.500.000 төгрөг, шатахууны төлбөр 2.316.838 төгрөг, шатахуун 5.108.769 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг 174.900.000 төгрөгөөр тооцсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоогийн мөрдөж байгаа 660.000 төгрөгөөр тооцсон. Хүний амын дундаж наслалтаар Орхон аймагт эмэгтэй хүн 83 нас гэж тооцсон, амь хохирогч 30 настай байсан, хохирогчид ашигтайгаар тооцож шийдвэрлэнэ гэж заасныг баримталсан гэсэн дүгнэлт гаргасан.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамхандаас: Хэргийн зүйлчлэл дээр улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Тодням эмнэлгийн захирал байсан, тусгай зөвшөөрөлгүй, эмнэл зүйн заавар батлагдаагүй өөх соруулах мэс ажилбарыг зөвшөөрөлгүй явуулсан нь тогтоогдож байна. Монгол Улсад батлагдаагүй эмнэл зүйн зааврыг баталж хууль бус үйл ажиллагаа хийлгэсэн. Хүний нөөцийн асуудлаар мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулах хэмжээнд бүдүүлээгүй байна. Гоо заслын эмчээр энэ үйл ажиллагааг явуулах байсан, мэргэжлийн сувилагчгүй үйл ажиллагаа явуулсан нь хууль тогтоомж ноцтой зөрчсөн байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 20.27 дугаар зүйлд заасан эрх. үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн хуулийн 19.10, 19.14, 19.20 дугаар зүйлийн 4, 5, 17-д заасныг зөрчсөн нь тогтоогдож байна. Мөн МNS:56042006, MNS:6206202 стандартыг зөрчсөн байна. Шинжээчийн 3 удаагийн дүгнэлт, өөрийнх нь баталсан жагсаалтаар нотлогдож байна. Энэ хууль тогтоомжийг зөрчөөгүй бол хүний амь нас хохирохгүй байсан.

         Д.Тодномбатын тухайд эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор үзүүлж чадаагүй. Төрөлжсөн буюу өөх соруулах мэс заслаар мэргэшээгүй мөртлөө мэс заслын үйл ажиллагаа явуулж хүний амь нас хохирсон байна. Өөх соруулах мэс засалд оруулах шаардлагагүй хүнийг мэс засалд оруулсан гэсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. Анхан шатны эмчийн хөтлөх маягтыг хөтлөөгүй гэсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ зөрчлүүдээр Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4 дүгээр зүйлийн 1-28.4 дүгээр зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн МNS:56042006 стандартыг зөрчсөн байна. Энэ бүгдээр эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлээгүй байна.

          Б.Мөнгөнчимэгийн тухайд мөн зохих ёсоор хууль биелүүлээгүй улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй. Мэргэжлийн сувилагчгүйгээр мэдээгүйжүүлэлтийн үйл ажиллагааг хийж чадаагүй. Үүнд сувилагчгүй орсон асуудал нөлөөлсөн. Стандарт зөрчсөн, мэдээгүйжүүлгийн түвшин буруу тодорхойлсон гэсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Мэдээгүйжүүлэг бүрэн хийгдээгүй байхад мэс засал эхлүүлсэн нь тогтоогдож байна. Хүйснээс дээш түвшинг шалгалгүй мэргэжлийн үйл ажиллагааг зохих ёсоор явуулж чадаагүй байна. Хохирогчийн зүрх зогссоныг мэс засал хийж байгаа эмч мэдсэний дараа мэдэж байгаа нь хяналтын үйл ажиллагааг хариуцлагагүй хийсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймээс Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 3, 28.4 дүгээр зүйлийн 1, 28.4 дүгээр зүйлийн 3, 36.1 дүгээр зүйлд заасан эрх үүргээ зохих ёсоор үзүүлж чадаагүй гэж дүгнэхэд хүргэж байна. Мөн MNS:62062010 стандарт зөрчсөн байна. Хохирлын тухайд улсын яллагчийн санал үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнөөдрийн түвшнээр тооцож байгаа нь зөв. Гэм буруутай этгээдээс гаргуулах санал гаргасан. 

            Хохирогч хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжав: Эмнэлэг дээр зөвшөөрөл авсны дараа үйл ажиллагаа явуулсан бол ийм үйл явдал болохгүй байсан байна. Б.Мөнгөнчимэгийн хувьд буруугүй гэж мэтгэлцэж байгаа боловч тухайн үед төлөвлөгөөт хагалгааны дагуу явъя гэсэн бол хүний амь нас эрсдэхгүй байсан байна. Д.Тодномбатын хувьд гэм буруугаа зөвшөөрч байгаа тул хэлэх зүйл байхгүй. Хохирлын хувьд 2019 онд батлагдсан Өмгөөллийн тухай хуульд зааснаар бид үйлчлүүлэгчийн гаргаж байгаа байр суурийг дэмжиж үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж энэ иргэний хүсэлтийг илэрхийлж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заасан. 663.128.419 төгрөгийг гэм буруутай этгээдээс хувьд тэнцүүлэн гаргуулах санал гаргасан.

          Шүүгдэгч Д.Тодномбат, Д.Тодням нарын өмгөөлөгч Э.Ганбат Д.Оюунчимэг нараас: шүүгдэгч Д.Тодномбатын хувьд гэм буруу болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

          Хохирогчийн амь нас Д.Тодномбатын гэм буруутай үйлдэлтэй холбоотой хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Тодномбатыг ялласан.

         Харин Д.Тоднямыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж ялласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.  Эмнэлэг хаяг байршлаа зохих байгууллагад мэдэгдсэн, зөвшөөрөл гарах гэж удсан. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон асуудал байхгүй.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалтгаант холбоотой хохирогч нас барсан гэж яллаж байгаа атлаа Д.Тоднямыг энэ хэргийг субъект болгоогүй. Эмнэлгийн ажилтан байх ёстой.        

         Шүүгдэгч Д.Тоднямын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү.

Иргэний хуулийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан. Оршуулгын зардлын зарим баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, оршуулахтай холбоотой зайлшгүй зардалд хамаарахгүй баримтууд байсан.

           Амь хохирогчийн хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон боловч баримтаа өгөхгүй байгаа. Хүүхдийн эцэг нь байгаа учраас эцэг дээр нь тогтоогдсон байж магадгүй. Баримт байхгүй учраас 5 сая төгрөг тэжээгчээ алдсаны тэтгэмжид төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг гэр бүлийн гишүүн нэхэмжлэх эрхтэй. Гүндсамбуу, Аюуш нар амь хохирогчийн төрсөн эцэг, эх нь боловч гэр бүлийн гишүүн биш. Тиймээс цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Иргэний хариуцагчийн хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж төлнө гэж байгаа. Олох байсан орлого, ээж аавыгаа тэжээх байсан нэхэмжлэл гэдгийг төлөх боломжгүй гэсэн санал гаргасан.

            Шүүгдэгч Б.Мөнгөнчимэгийн өмгөөлөгч Б.Болортуяагаас: Б.Мөнгөнчимэг нь амь хохирогч Г.Одмаад хэсэгчилсэн буюу нугасны мэдээ алдуулалтыг Монгол Улсын MNS 6204:2010 “Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг”-ийн стандартын дагуу хийсэн. Гэвч мэдээ алдалтын түвшин зохих түвшинд хүрээгүй учраас хохирогч Г.Одмаатай зөвшилцөөд бүтэн унтуулгыг мөн стандартын дагуу хийсэн. Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь “өөх соруулах мэс заслын явцад уушги, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүссэний улмаас нас барсан” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл мэдээгүйжүүлэлтийг зохих стандартын дагуу хийсэн. Хагалгаа дуусаж байхад хохирогчийн зүрх гэнэт зогссон. Б.Мөнгөнчимэгийн үйлдлээс хохирогчийн амь нас хохироогүй. Иймд Б.Мөнгөнчимэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Мөнгөнчимэгийг цагаатгаж өгнө үү гэсэн  дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

             Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадна өөр ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай. Тухайлбал: гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болно.

           Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн мэргэжилтэн” гэж ангаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эмч зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг” ойлгоно гэж заасан.

          Шүүгдэгч Д.Тодномбат нь хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны магистрын зэрэгтэй, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, бөөрний мэс засал судлалаар мэргэшсэн /хэргийн 1-р хавтас 119-122 дахь тал/, шүүгдэгч Б.Мөнгөнчимэг нь хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны бакалаврын зэрэгтэй,  эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, “мэдээгүйжүүлэг судлал”-аар мэргэшсэн /хэргийн 1-р хавтас 150-152 дахь тал/ байна. Иймд шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нар нь “эмнэлгийн мэргэжилтэн” гэх тусгай субьектд хамаарч байна.

          Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй гэж заасан ба уг үүргээ зөрчсөн тохиолдолд “эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй” гэж үзнэ.

           Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон дээр дурдсан ойлголтуудын хүрээнд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дүгнэхэд:

           Шүүгдэгч Д.Тодномбат нь хүний их эмч мэргэжилтэй, бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн хэдий ч гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын мэргэшээгүй бөгөөд хохирогч Г.Одмаад 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: биеийн өндөр 165 см, биеийн жин 61 кг гэснээс үзэхэд биеийн жингийн индекс, өөхлөлтийн байдлыг тодорхойлоогүй, шаардлагагүй үйлчлүүлэгчийг өөх соруулах мэс засалд оруулсан.  Хохирогчид өөх соруулах мэс хийхдээ “Клеиний уусмал” гэх нийлмэл найрлагатай эмийн бэлдмэл хэрэглэсэн ба уг бэлдмэлийн найрлагад орсон эмүүдийн харилцан нөлөөлөл, хэрэглэх тун, шинжилгээний аргачлал, үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл нь Монгол улсад батлагдаагүй эм бэлдмэл хэрэглэсэн байна.

          “Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг МNS 6206:2010 стандартын 9-д хагалгааны өмнө хийгдэх шинжилгээнүүдийг 1-р хүснэгтээр үзүүлэв. 1-р хүснэгтэд хийгдэх 13 төрлийн шинжилгээг заасан. 14.1-д өвчтөн ухаангүй болж, хамгаалах урвалууд нь дарангуйлагдах тул урьтал унтуулгын үед мэдээгүйжүүлэгч эмч өвчтөний амин үзүүлэлтийг хэвийн байлгаж аюулгүй байдлыг хангана, 15.9-д мэдээгүйжүүлгийн турш амьсгалыг гар юм уу автомат аргаар удирдаж хүчилтөрөгч хангамжийг тогтмол хянана гэж заажээ.

           Мэдээгүйжүүлгийн их эмч Б.Мөнгөнчимэг нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 сарын 450 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1 хавсралт 5А мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэрээх үеийн хяналтын хуудас дээр: Төлөвлөж хийгдэх хагалгаа: хэвлий нуруу, гуяны өөх соруулах төлөвлөгөөт хагалгаа гэж төлөвлөсөн мөртлөө мэдээгүйжүүлэлтийн түвшин Т12 /хүйс умдаг хоёрын хооронд/ хийгдсэн байгаа нь мэдээгүйжүүлэлтийн түвшинөө зөв сонгож хийгдээгүй тул өвдөлт мэдрэгдээд нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүйгээс ерөнхий унтуулгын дор өөх соруулах мэс засал хийгдсэн. Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг МNS 6206:2010 стандартын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчсөн, 9-д хагалгааны өмнө хийгдэх шинжилгээ хийгээгүй хагалгааг үргэлжлүүлсэн байх ба өвчтөний амин үзүүлэлтийг хэвийн байлгаж аюулгүй байдлыг хангах, мэдээгүйжүүлгийн турш амьсгалыг гар юмуу автомат аргаар удирдаж хүчилтөрөгч хангамжийг тогтмол хянаж чадаагүй байна.

         Шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нар нь эмнэлгийн мэргэжилтний хувьд  хохирогч Г.Одмаад өөх соруулах хагалгааг хийхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарын гэм буруутай үйлдлээс Г.Одмаагийн амь нас хохирсон шууд шалтгаант холбоотой байна.

           Тусгай мэдлэг бүхий, энэ хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй хууль сануулагдсан шинжээчийн гаргасан дээрх дүгнэлтийг үндэслэлгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж дүгнэх нөхцөл байдал хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянаж хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн Монголын Мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Н.Хүрэл-Очирын бичгээр гаргасан /хэргийн 5-р хавтас 37 дахь тал/ тодорхойлолт нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж няцаах үндэслэл бүхий баримт болж чадахгүй тул шүүгдэгч Б.Мөнгөнчимэгийн өмгөөлөгч Б.Болортуяагаас гаргасанНийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Б.Байгалмаагийн гаргасан 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Иймд  Б.Мөнгөнчимэгийг цагаатгаж өгнө үү гэх саналыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

           Шүүгдэгч Д.Тодномбат, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг нараас хэргийн үйл баримт болон гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарыг эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

          Хан-Уул дүүргийн Прокурорын газраас:

          шүүгдэгч Д.Тоднямыг “ТодББ” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа Тодканнам эмнэлэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдаагүй тусламж үйлчилгээ үзүүлж, тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулалгүй Эрүүл мэндийн тухай хуулийн 19.13, 20.2.1 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Тод каннам” гоо заслын эмнэлэгт Г.Одмаад өөх соруулах хагалгаа хийгдэж, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

         Хэргийн баримтаас үзэхэд: шүүгдэгч Д.Тодням нь 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “ТодББ” ХХК-ийн захирлаар томилогдсон, тус компани нь “гахайн аж ахуй эрхлэх, хүнсний дэлгүүр, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, авто машины засвар, үйлчилгээ, гоо сайхны мэс засал, чанарын удирдлагын стандартын сургалт, зөвлөгөө өгөх” гэсэн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагджээ. “ТодББ”ХХК-ийн “Тодканнам” эмнэлэг нь Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гоо сайхны нөхөн сэргээх мэс засал хийх тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр авсан байх ба тусгай зөвшөөрөл нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хүчинтэй, Баянзүрх дүүргийн  2-р хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 13/2 байр, 1 давхарт үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй байжээ. /хэргийн 1-р хавтас 186-187 дахь тал/

Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын танилцуулгын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 01/38 дугаартай хяналт шалгалтын танилцуулга: Тодканнам эмнэлэг нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдаагүй тусламж үйлчилгээ үзүүлсэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2.1-т заасан Тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй. байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19.13 дахь заалтуудыг зөрчсөн. ...Тод каннам эмнэлэг нь үйл ажиллагааны чиглэлд заагдсан тусламж үйлчилгээ үзүүлээгүй, арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмчгүй байгаа нь эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээнд сөргөөр нөлөөлж мэргэжлийн алдаа гаргах магадлалтай байна. /хэргийн 1 дүгээр хавтас 202-208 дахь тал/,

         Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 01412071 дугаартай шийтгэлийн хуудсанд: Тод каннам эмнэлэг нь эмийн хадгалалт, хамгаалалтын журам зөрчсөн гэх үндэслэлээр 500,000 төгрөг торгосон. /хэргийн 1 дүгээр хавтас 210 дахь тал/,

         Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 0141331 дугаартай шийтгэлийн хуудсанд: Тод каннам эмнэлэг нь дотоод хяналт хангалтгүй, журмаа мөрдөж ажиллаагүй зөрчсөн гэх үндэслэлээр 1.000,000 төгрөг торгосон. /хэргийн 1 дүгээр хавтас 209 дэх тал/  зэрэг баримтаас дүгнэхэд:

          Шүүгдэгч Д.Тодням нь “ТодББ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Тодканнам” эмнэлгийг тусгай зөвшөөрөлд заасан газарт үйл ажиллагаа явуулаагүй, байгууллагын хүний нөөц, боловсон хүчинг хууль тогтоомжид заасан мэргэшлийн хүмүүсээр бүрдүүлээгүй, эмнэлгийн байрны чанар стандартыг хангуулж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа хэдий ч гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Тоднямыг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

          2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

           Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас:

Шүүгдэгч Д.Тодномбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасах,

Шүүгдэгч Б.Мөнгөнчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

“ТодББ” ХХК-аас 57,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбууд олгох” дүгнэлт гаргасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамхандаас: Хүнд нөхөгдөшгүй хохирол учирсан, хохирогч маань асар их гомдолтой байгаа. Уг мэс заслыг мэргэжлийн бус этгээд хийсэн, мэргэжлийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул улсын яллагчийн гаргасан ялын дүгнэлтийг үндэслэлгүй” гэсэн саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжаваас: Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдийг цээрлүүлэх. Энэ хэргийн хор уршиг арилахгүй, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй. Улсын яллагч 2 жилийн хорих ялын санал гаргаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж байгаа нь ялын зорилгод нийцэхгүй байна” гэсэн саналыг,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбуу: Маш их гомдолтой байна. Энэ хүмүүсээс охиныхоо амийг нэхнэ. Хуульд заасан 1-5 жилийн хорих ялаас дээд хэмжээгээр нь ял оногдуулахыг хүсэж байна. Сэтгэл санааны хохирлоо барагдуулж авмаар байна гэсэн саналыг,

Шүүгдэгч Д.Тодномбатын өмгөөлөгч Э.Ганбатаас “Д.Тодномбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрт төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, улсын яллагчаас гаргасан 2 жилийн хорих ял оногдуулах, Өршөөлийн хуульд хамруулах ялыг дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн санал,

Шүүгдэгч Д.Тодномбатын өмгөөлөгч Д.Оюунчимэгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Д.Тодномбат нь 81.277.000 төгрөгийг төлсөн, мөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Тодномбатын эмчлэх эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, улсын яллагчийн гаргасан 2 жилийн хугацаагаар хорих ялын дүгнэлтийг зөвшөөрч байна” гэсэн санал,

Шүүгдэгч Б.Мөнгөнчимэгийн өмгөөлөгч Б.Болортуяагаас “Б.Мөнгөнчимэг нь гэм буруутай эсэх нь эргэлзээтэй. Эмнэлгийн салбарт эрсдэл үүссэн. Б.Мөнгөнчимэг нь 1 настай хүүхэдтэй, одоо 6 сартай жирэмсэн. Улсын яллагч Б.Мөнгөнчимэгийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гээд торгох ялын дээд хэмжээгээр ялын дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг.

Шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна.  /6 дугаар хавтас 127 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хэргийн 6 дугаар хавтас 134 дэх тал/ батлагдаж байх тул тэднийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.         

 

         Шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нар ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа, Д.Тодномбат нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, шүүгдэгч нарын хувийн байдлыг нь харгалзан үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэхийн зэрэгцээ ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, гэмт үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон үр дагаврыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарын эмчлэх эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

         Энэ гэмт хэрэг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гарсан бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна.

         Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар оногдуулсан 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх ялыг 1 жил 06 сарын хугацаагаар тус тус хорих ялаар тогтоов.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ... жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт  хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан.

         Шүүгдэгч Б.Мөнгөнчимэг нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 01 нас 7 сартай хүүхэдтэй, мөн одоо жирэмсэн тул түүнд биечлэн эдлүүлэхээр тогтоосон 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Хохирол төлбөрийн талаар:  

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Гэмт хэргийн улмаас Г.Одмаагийн амь нас хохирсон тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу түүний төрсөн эцэг С.Гүндсамбууг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

 

Хохирлын баримтууд: оршуулгын болон буяны ажлын зардлын баримтууд /хэргийн 2 дугаар хавтас 70-206 дахь тал/, зээлийн гэрээ /хэргийн 2 дугаар хавтас 208-215 дахь тал/, хагалгааны төлбөрийн баримтууд /хэргийн 2 дугаар хавтас 216-219 дэх тал/, дэлгүүрийн орлогын тооцоо /хэргийн 2 дугаар хавтас 220-222 дахь тал/, хоолны газрын орлогын түүвэр тооцоо /хэргийн 2 дугаар хавтас 224-250, 3 дугаар хавтас 1-219 дэх тал/, эмчилгээнд гарсан зардал /хэргийн 4 дүгээр хавтас 151-158 дахь тал/, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гаргасан иргэний нэхэмжлэл /хэргийн 4 дүгээр хавтас 199-219 дэх тал/, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хохирлын нэмэлт баримт /хэргийн 5 дугаар хавтас 212-216, 223-224 дэх тал/, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар гаргасан иргэний нэхэмжлэл /хэргийн 6 дугаар хавтас 104 дэх тал/, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах нэхэмжлэлдээ нийт 605.702.812 төгрөг нэхэмжилсэн /хэргийн 7 дугаар хавтас /, боловч шүүхийн хэлэлцүүлэгт:

  1. оршуулгын болон буяны ажилд 59.591.536 төгрөг,
  2. Банкны зээлийн төлбөр 228.141.276 төгрөг,
  3. Хагалгааны төлбөр 3.500.000 төгрөг,
  4. Өмгөөлөгчийн хөлс 9.000.000 төгрөг,
  5. Хоолны газрын олох байсан орлого 9.360.000 төгрөг,
  6. Дэлгүүрийн олох байсан орлого 11.760.000 төгрөг,
  7. Хүүхдийн тэтгэмж 132.000.000 төгрөг,
  8. Эцэг эхийн тэтгэмж 120.000.000 төгрөг,
  9. Сэтгэл санааны хохирол 152.350.000 төгрөг,
  10.  шатахууны зардал нийт 7.425.607, нийт 733.128.419 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Д.Тодномбатын төлсөн 70.000.000 төгрөгийг хасаж тооцоод 663.128.419 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн.

         Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус зааж зохицуулсан. Энэ гэмт хэргийн улмаас Г.Одмаагийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбууд энэ гэмт хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол учирсан гэж үзнэ.

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас:

           1. оршуулгын болон буяны ажилд 59.591.536 төгрөг нэхэмжилснээс амь хохирогчийг оршуулснаас хойших буюу 21, 49 хоногийн буяны үйл нь заншлын шинжтэй ёслол тул хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд хамаарахгүй тул 17.040.527 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 42.551.009 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

2. Амь хохирогч Г.Одмаагийн Тодканнам эмнэлэгт төлсөн хагалгааны төлбөр 3.500.000 төгрөг,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгаас Улаанбаатар руу ирж, буцсан шатахууны зардал нийт 7.425.607 төгрөг,

4. сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 84.800.000 төгрөг, нийт 138.276.616 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

          Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж заасан.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улсын Дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заажээ.

Амь хохирогч Г.Одмаа нь 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 2019 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр нас баржээ. /хэргийн 1 дүгээр хавтас 99-100 дахь тал/

Тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээ нь 48.000.000 төгрөг болж байна.

Үндэсний статистикийн хорооноос 2019 онд Орхон аймагт оршин суудаг эмэгтэй хүний дундаж наслалтыг 82.83 нас гэж тогтоосон ба амь хохирогч 29 настай байхдаа амь хохирсон, зөрүүг 53 жилийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, 84.800.000 төгрөгөөр тооцох нь хохирогчид ашигтай гэж үзлээ. 

          Шүүхээс нийт 138.276.616 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд үүнээс шүүгдэгч Д.Тодномбатын төлсөн 70.000.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 68.276.616 төгрөгийг иргэний хариуцагч “ТодББ”ХХК-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбуу  нь  амь хохирогчийн хүүхдийн тэтгэмж 132.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч амь хохирогчийн асрамжид байсан хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

          Мөн банкны зээлийн төлбөр 228.141.276 төгрөг нэхэмжилсэн. Хаан банктай Г.Одмаа нь 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдөр 150.000.000 төгрөгийг “Хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлийн гэрээ” байгуулсан ба хамтран зээлдэгчээр Н.Хосбаяр гэрээ байгуулсан байна. Иймд шүүхээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүгдэгч нараар төлүүлэх эсэхийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 9.000.000 төгрөг, хоолны газрын олох байсан орлого 9.360.000 төгрөг, дэлгүүрийн олох байсан орлого 11.760.000 төгрөг, эцэг эхийн тэтгэмж 120.000.000 төгрөг, нийт 150.120.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.           

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тодномбат, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаанд завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Д.Тодномбатаас 11.277.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбууд төлсөн байна.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамхандаас “нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа гаргадаг. Шүүгдэгч нараас хохирол төлбөрийг гаргуулах ёстой” гэсэн тайлбар гаргасан.

          Шүүгдэгч Д.Тодномбат нь “ТОДББ” ХХК-д мэс заслын эмчээр, шүүгдэгч Б.Мөнгөнчимэг нь мэдээгүйжүүлгийн эмчээр тус тус хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа /хэргийн 1 дүгээр хавтас 130-135, 153-154, 155 дахь тал/ буюу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад гэм хор учруулсан байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан.

          “ТОДББ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Иргэний хариуцагчаар татсан /хэргийн 5 дугаар хавтас 31 дэх тал/, иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Тодбилгүүнд шүүхээс хавтаст хэргийн материал танилцуулан шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй байна. Иймд иргэний хариуцагч “ТодББ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн эдгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 Шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нар нь “ТодББ” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм учруулсан байна. Иймд шүүхээс хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн 138.276.616 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 57.000.000 төгрөгийг /тавин долоон сая төгрөг/ иргэний хариуцагч “ТодББ” ХХК-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбууд олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг, Д.Тодням нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шинжээч Б.Байгалмаа нь ажлын хөлс 566.037 төгрөг нэхэмжилсэн /хэргийн 1-р хавтас 96-97 дахь тал/ боловч тэрээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1.  Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Тоднямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Тоднямыг цагаатгасугай.

 

2. Юмхүү овогт Даваасүрэнгийн Тодномбат, Боржигон овогт Батцоожийн Мөнгөнчимэг нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тодномбатын эмчлэх эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 03 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнчимэгийн эмчлэх эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 03 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тодномбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 02 жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 01 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар,

         шүүгдэгч Б.Мөнгөнчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 02 жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 01 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар, тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тодномбатад биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Мөнгөнчимэгт биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнчимэгт оногдуулсан 01 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнчимэг нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Мөнгөнчимэгт мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнчимэгт оногдуулсан 02 жилийн хугацаагаар эмчлэх эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс, шүүгдэгч Д.Тодномбатад оногдуулсан 02 жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

9.  Шүүгдэгч Д.Тодномбатад авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс тоолсугай.

 

10. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Тодномбатаас амь хохирогчийн оршуулгын зардал болон хагалгааны төлбөр, гэм хорын нөхөн төлбөрт нийт 81.277.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбууд нөхөн төлснийг дурдаж,

иргэний хариуцагч “ТодББ” ХХК-аас 57.000.000 төгрөг /тавин долоон сая төгрөг/ гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гүндсамбууд олгосугай.

 

11. Шинжээчийн ажлын хөлс 566.037  төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг, Д.Тодням нар нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Тоднямд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Тодномбатад авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Мөнгөнчимэгт авсан авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР