Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2019/0630

 

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2019/0630

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: М В ХХК

Хаяг:

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд: Б х ц ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын Б х ц ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2015/732 тоот Б х ц ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нарыг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М В ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... М В ХХК нь Богд Хан уулын Тайны аманд Мөнхтэнгэр-2 Богд Эко жуулчны баазын үйл ажиллагааг 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтмол явуулсаар ирсэн билээ. Улмаар 2012, 2014, 2017 онуудад шилдэг менежменттэй жуулчны баазаар шалгарч, Монгол Улсынхаа аялал жуулчлалын салбарт манлайлан ажилласаар байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 403 дугаар гэрчилгээгээр 2 га газрыг Аялал жуулчлал-ын зориулалтаар манай компанид ашиглуулж, 15/038 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээ-г байгуулсан болно.

Гэтэл 2018 оны 6 дугаар сарын сүүлээс эхлэн Б х ц ХХК гэх нэртэй компани манай баазын орох, гарах гарцыг хааж, жуулчны баазын автозогсоолын талбайд хувийн сууц барих зорилгоор төмөр хашаа босгох ажиллагааг явуулж эхэлсэн. Энэхүү үйлдлийн улмаас манай байгууллагын гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авах мэргэжлийн үйл ажиллагаа тасалдаж, жуулчны баазын орчны нөлөө өөрчлөгдөж, хөрөнгө оруулалт үнэгүйдэж, жуулчны баазын үнэ цэнийг унагаж, газрын ашиглах гэрээн дээрх зориулалтын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байх нөхцөл байдал үүсээд байна. Хамгийн гол нь Тусгай хамгаалалттай газар нутаг дахь, эко аялал жуулчлалын зориулалттай байр, сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013 стандартад тусгагдсан газар ашиглах эрх олгож буй объектуудын хоорондох зайг зөрчиж, манай жуулчны баазын орц, гарц бүхий хэсэгтэй давхцуулж, газар олголт хийсэн байна.

Бидний зүгээс энэхүү үндэслэлийг тухайн этгээдүүдэд хэлж, шаардсан боловч 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1/58 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага өгч, эсэргүүцсэн болно. Энэхүү шаардлагад тусгагдсанаар манай орц гарцыг хааж, мөн хуулиар хамгаалагдсан үйл ажиллагаа явуулах хамгаалалтын бүстэй давхцуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015/732 дугаар тушаалаар Б х ц ХХК-д газар ашиглах эрх олгосон болохыг мэдсэн.

Энэхүү нөхцөл байдлаас болж манай компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 33/18, 34/18 дугаар Зөрчлийг арилгуулж, гэрээ гэрчилгээг цуцлуулах тухай албан тоотуудыг илгээсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хариу ирүүлээгүй тул дахин 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр албан бичгийг хүргүүлсэн ч өнөөдрийг болтол хариу ирүүлээгүй тул ийнхүү шууд шүүхэд хандаж байна. Манай компанийн зүгээс Б х ц ХХК-д тус газрыг ашиглах эрх олгосон захиргааны акттай албан ёсоор танилцаж, хүлээн аваагүй байна.

Гуравдагч этгээдийн манайд хаягласан албан бичигт ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015/732 дугаар тушаалын дагуу тус газрыг ашиглах эрх үүссэн гэсэн бол дээрх 05а/8313 дугаар албан бичгийн хавсралтаар ирсэн 27 хуудас баримтад Б х ц ХХК-д Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаал, түүний хавсралтын 43 дугаар хэсэгт 0.6 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч нь анх хариу тайлбартаа 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн ч тухайн тайлбар болон түүнд хавсаргасан баримтад маргаан бүхий актыг хавсаргаагүй байсан. Иймд маргаан бүхий захиргааны акт буюу Б х ц ХХК-д газар ашиглах эрх олгосон акт нь 2015/732 дугаар тушаал биш, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаал байх тул нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын Б х ц ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гэж өөрчилсөн болно. гэжээ.

Нэхэмжлэгчээс 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... М В ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг үндэслэн, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2015/732 тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар олгосон байх бөгөөд уг гэрчилгээг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2016/038 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г байгуулсан байна.

Иймд тухайн газар дээр 2007 оноос хойш аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй М В ХХК-тай ижил аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон Б х ц ХХК-д Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2015/732 тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх ашгаа шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэгч талаас дээрх актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт ижил зориулалтаар хил залгаа, М В ХХК-ийн аялал жуулчлалын үйл ажиллагаа бусдаас хараат бусаар явуулах эдийн засгийн баталгаа болсон хамгаалалтын зайтай давхардуулан газар ашиглах эрх олгосон нөхцөл байдал нь тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрх, даац, эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ба Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандартыг зөрчсөн үйл ажиллагаа болно. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М В ХХК нь тухайн газарт эко аялал жуулчлалын чиглэлээр 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар ирсэн. Энэ хугацаанд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалт хийсэн. Улмаар 2012, 2014, 2017 онуудад шилдэг менежменттэй жуулчны баазаар шалгарч, Монгол Улсынхаа аялал жуулчлалын салбарт манлайлан ажилласаар байна. Гэтэл 2018 оны 5, 6 дугаар сараас эхлэн манай авто зогсоол, үйл ажиллагаа чөлөөтэй явуулах байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хамгаалалтын бүстэй давхцуулан Б х ц ХХК нь хашаа хатгаж эхэлсэн. Хашаа хатгасантай холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан боловч хүлээн авч шийдвэрлээгүй. Иймд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б х ц ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар 0.6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ гарсан. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу тушаал гарснаас хойш 2 жилийн дараа гэрээ байгуулагдсан байна. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас мэдсэн.

М В ХХК-д газар ашиглах эрх үүссэнээр Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон орон нутагтай газар ашиглах гурвалсан гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд газар ашиглагчийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн бөгөөд 4.3-д ...холбогдох хууль тогтоомжийг мөрдөж мод тарих ажлыг жил бүр зохион байгуулж үр дүнг Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд хүлээлгэн өгнө, 6-д байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас өгсөн даалгаврыг биелүүлэх, 4.8-д гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар хуулийн хугацаанд хүсэлт гаргах эрхтэй" гэж тус тус заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 35.1-д Газар эзэмшигч дараахь эрхтэй, 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй гэж тус тус заасан. Бид хуульд заасан дээрх эрхээ эдлэхийн тулд тодорхой үүргүүдийг хүлээх ёстой. Энэхүү үүргийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1/-д тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, 2/-т ашиглахаар авсан газартаа тогтоосон замаар орж, гарах эрх, үүрэгтэй гэж заасан. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Нөхөн сэргээх, унаган төрхийг хадгалах, хамгаалах үүргийг хэрэгжүүлэхэд стандартын дагуу хамгаалалтын бүс 1 км зайтай байх ёстой. Энэхүү 1 км зай нь байгалийн унаган төрхийг хадгалах, нөхөн сэргээх, хамгаалах боломжийг олгосон хүрээ, хязгаар гэж үзэж байна. Мөн тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулах баталгааг хангасан стандарт нөхцөл юм. Байгалийн унаган төрх, нөөцийг түшиглэн үйл ажиллагаа явуулахын тулд шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Уг хүсэлтээр энэ газарт залгаа хоёр аж ахуйн нэгж аялал жуулчлалын цогцолбор байгуулан байгалийн нөөцөд түшиглэн үйл ажиллагаа явуулах, байгаль орчныг хамгаалах үүрэг хэрэгжих боломжтой юу гэдэг нөхцөл байдал тогтоогдох байсан. Стандартад заасан хэмжээ нь байгалийн унаган төрхийг хамгаалах, тухайн аж ахуйн нэгжийн эдийн засгийн баталгааг хангаж он удаан жил үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдийг хамгаалах зорилготой юм. Энэ нь бусад хууль, тогтоомжид нийцсэн, уялдаа холбоотой байдаг. Бид үүргээ хэрэгжүүлж байж давуу эрхтэйгээр газар ашиглах, гэрчилгээний хугацааг сунгуулах, гэрээ байгуулах эрх маань үүсч байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. М В ХХК-ийн Үндсэн хуульд заасан хөдөлмөр эрхлэх, үйл ажиллагаа явуулах үндсэн эрх хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа нь нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөндөгдсөн болон хөндөгдөж болзошгүй эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд, М В ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 29/18 тоот албан бичгээр Б х ц ХХК-д газар ашиглах тухай эрх олгосон талаар мэдсэн талаарх албан бичгийг ирүүлсэн ба шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байна.

Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны төв байгууллага бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дээд шатны албан тушаалтан гэж байдаггүй тул шүүхэд хандахаар байдаг.

Орц, гарц болон жуулчны баазын хамгаалалтын бүстэй давхцаж буй тухайд, М В ХХК-тай давхцуулж газар ашиглах эрх олгоогүй, тус жуулчны баазын орц гарцыг хаагаагүй болно. Харин нэхэмжлэгч нь өөрсдийн ашиглах эрхтэй газрын гадна талбайд зөвшөөрөлгүйгээр авто зогсоол гаргаж хууль зөрчиж байгаа. Мөн М В ХХК-ийн газар ашиглах эрх 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37 .1-д заасан хүсэлт гаргаагүй, газрын төлбөрийг төлөөгүй зэрэг зөрчил гаргаж байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг үндэслэж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2015/732 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг Б х ц ХХК-д олгосон ба газар давхцуулсан, орц гарц хаасан асуудал байхгүй бөгөөд дундын эзэмшлийн зогсоолын талбай дээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд маргасан гэж үзэж байна.

Өмнөх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1809 дугаар, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 93/19 дугаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах хүсэлтээр Б х ц ХХК-д холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар хандсан нь давхацсан шаардлага байна. Энэ тушаал хүчингүй болсноор гэрчилгээ үндэслэлгүй болох юм.

Б х ц ХХК-д газар ашиглах эрх олгосныг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн гэдгээ 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Үүгээр гомдол гаргах хугацаа дууссан болох нь харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар М В ХХК-ийн эрх, ашиг зөрчигдсөн зүйл байхгүй. Сайд стандартыг мөрдөх ёстой. Стандартыг мөрдөөгүй байна. Шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд үүнийг уламжилъя гэв.

Гуравдагч этгээд Б х ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Гуравдагч этгээдийн манайд хаягласан албан бичигт ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015/732 дугаар тушаалын дагуу тус газрыг ашиглах эрх үүссэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд манай компаниас тус компанид хүргүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1/58 тоот албан бичигт ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгосон 2015/732 тоот гэрчилгээ бүхий манай эзэмшлийн газарт гэснийг гуйвуулсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлага бодит байдалд нийцэхгүй байна.

Өөрсдөө хууль, дүрэм зөрчин гаргасан алдаагаа бусдын алдаа мэт харагдуулах зохисгүй үйлдэл нь бидний төдийгүй хууль, шүүхийн ажилд хүндрэл учруулж байна гэж үзэж байна.

Манай компанийн эзэмшил бүхий газар нь М В ХХК-д олгосон газартай хил орон зайн хувьд давхцах үндэсгүй бөгөөд өөр өөрийн хязгаарт оршин, холбогдох газраас нарийн нягт шалгуулж, дараагийн зөвшөөрлүүдийг авсны үндсэн дээр Богдхан уулын дархан цаазат газрын амралт, аялал жуулчлалын газруудын нийтлэг барьдаг хашаанаас туяхан материалаар тойруулга хийж, үйл ажиллагаа эхлэх гэсэн боловч тус компани манай газарт барьсан бохирын шугамаас болж үйл ажиллагаа эхэл чадахгүй байна.

М В ХХК хашааны нүүртэй тулган угтай байр барьж, уг байртайгаа холбогдсон замаар зочдоо хүлээн авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулж, манай зам талбай, хаалганаас хол байгаа нь хэрэгт авагдсан кадастрын зургаас харахад тодорхой байна.

Хэргийн материалд авагдсан М В ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гаргасан 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 29-18, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 34/18 тоот албан бичгүүдэд дурдсан үйл явдлууд болоогүй бөгөөд гэрэл, цахилгаан авах боломж асуун очсон манай менежер эмэгтэйд эвгүй байдлаар хандан явуулснаас өөрөө манай 2 компанийн хооронд уулзаж, ярилцсан тохиолдол байхгүй болно.

Манайд олгосон газар бусдад олгосон газартай ямар нэгэн давхцал байхгүй. Ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М В ХХК анх тус шүүхэд хандан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015/732 дугаар тушаалын Богд хааны цэцэг ХХК-д холбогдох хэсгийн М В ХХК-ийн орц, гарц болон жуулчны баазын хамгаалалтын бүстэй давхцаж буй хэсгээр хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын Б х ц ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2015/732 тоот Б х ц ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч М В ХХК нь анх Монгол Улсын Байгаль орчны яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 403 дугаар гэрчилгээний үндсэн дээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Тайны аманд 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болон 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус бүр 5 жилийн хугацаагаар тус компанийн газар ашиглах эрхийн хугацааг сунгаж, энэ тухай тэмдэглэлийг газар ашиглах эрхийн гэрчилгээнд хийжээ.

2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 дугаар тушаалаар гуравдагч этгээд Богд хааны цэцэг ХХК-д Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Тайны аманд 0.6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулах эрхийг олгон, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2015/732 дугаар газар ашиглах гэрчилгээг олгосон байна.

3. Үүнтэй холбогдуулан М В ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан Газрын давхцлыг арилгуулах тухай 29/18 дугаар албан бичгийг, 21-ний өдөр Зөрчлийг арилгуулж, гэрээ гэрчилгээг цуцлуулах тухай 33/18 болон 34/18 дугаар албан бичгүүдийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандан тус тус гаргасан байх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацааны дотор хариу өгөөгүй тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ ...улсын тусгай хамгаалалттай газар нутагт ...газар ашиглах эрх олгохдоо ...газар ашиглах зориулалт ... байгалийн нөөцөд түшиглэж ... асуудлыг шийдвэрлэх ёстой. ... ижил зориулалтаар хил залгаа ... хамгаалалтын зайтай давхардуулан газар ашиглах эрх олгосон нөхцөл байдал нь тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц, унаган төрх, даац, эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлж байна. ...Монгол Улсын MNS6426:2013 стандартыг зөрчсөн, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, олон жилийн хөрөнгө оруулалт үнэгүйдэх нөхцөл байдлыг бодитоор бий болгож байгаа тул зөрчигдөж болзошгүй эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргаж байна хэмээн тодорхойлсон маргаж байна.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй болохын хувьд дархан цаазат газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах бүрэн эрхтэй. Ингэхдээ мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасанчлан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг баримтлах ёстой.

5. Хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг болон хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч М В ХХК-ийн ашиглах эрх бүхий газар нь гуравдагч этгээд Богд хааны цэцэг ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй, орц гарцыг хаагаагүй, харин ч М В ХХК-ийн Мөнх тэнгэр-2 жуулчны баазын автомашины зогсоол нь нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын гадна, гуравдагч этгээд Богд хааны цэцэг ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай хэсэгчилсэн байдлаар давхацсан байдал,

бодит байдал дээр гуравдагч этгээд Богд хааны цэцэг ХХК нь өөрийн ашиглах эрх бүхий газар дээрээ ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй, тухай газар нь атраараа байгаа болох нь хэргийн оролцогчдийн тайлбар, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 9 дүгээр сарын 28 болон 11 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргаж өгсөн сансрын ортофото зургаар тогтоогдож байх бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй ...тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц, унаган төрх, даац, эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэх болон компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, олон жилийн хөрөнгө оруулалт үнэгүйдэх нөхцөл байдлыг бий болгож байна гэх тайлбар бодитоор тогтоогдохгүй байна.

6. Маргаан бүхий акт нь Монгол Улсын MNS6426:2013 стандартын 5.2.1-д заасан эдэлбэр газар, бусад цогцолбор, амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын хоорондын харагдах зай 1 км-ээс багагүй байна гэсэн заалтыг зөрчиж байна гэх үндэслэлийн тухайд,

хэдийгээр Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4.1.2-т баримт бичигт энэ журам хамаарахгүй гэж хуульчлан Стандартчлал, хэмжил зүйн газраас батлан гаргасан стандарт нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгддэггүй хэдий ч 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц. Үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS6426:2013 стандартын удирдлага хэсэгт Энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө хэмээн, 2 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт жуулчны үйлчилгээ үзүүлж буй байгууллага, иргэд энэхүү стандартыг мөрдөнө. хэмээн тусгайлан заасан, үүнтэй холбоотойгоор тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас уг стандартыг баримтлан ажиллах үүрэгтэй, зөрчсөн тохиолдолд буруутай этгээдэд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 10/6964, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 10/5030 дугаар албан бичиг болон Стандартчлал, хэмжил зүйн газрын 2019 оны 11/793 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа, энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад стандартыг мөрдөх ёстой. ... шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд үүнийг уламжилъя гэх тайлбарыг гаргаж байх тул хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлан мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэх, маргаан бүхий акттай холбоотойгоор мөн хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийг хэрэгжүүлэх боломжтой эсэх асуудлыг хариуцагч өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байх бөгөөд хууль тогтоомжоор захиргааны албан тушаалтны бүрэн эрхэд хамаарах уг асуудлыг шүүхийн журмаар тогтоох боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын Б х ц ХХК-д холбогдох хэсгийг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2015/732 тоот Б х ц ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын Б х ц ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М