| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 111/2025/0047/З |
| Дугаар | 221/МА2026/0650 |
| Огноо | 2026-09-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0650
| 2026 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 221/МА2026/0650 | Улаанбаатар хот |
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ш” ХХК,
Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Хариуцагч Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/25 дугаартай тогтоолоор батлагдсан “Баянхонгор аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтыг, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 96 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга “Ш” ХХК-д газрын төлбөр 139.979.710 төгрөг ногдуулсан үйл ажиллагааг хүчингүй болгож, газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 111/ШШ2026/0060 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч,
хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
хариуцагч Бөмбөгөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр.
Хэргийн индекс: 111/2025/0047/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ш” ХХК-иас Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/25 дугаартай тогтоолоор баталсан “Баянхонгор аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 96 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга “Ш” ХХК-д газрын төлбөр 139.979.710 төгрөг ногдуулсан үйл ажиллагааг хүчингүй болгож, газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/25 дугаартай тогтоолоор батлагдсан “Баянхонгор аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах” хэмээн тодруулсан.
2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 111/ШШ2026/0060 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.16, 4.1.19, 12 дугаар зүйлийн 12.1.1, 27 дугаар зүйл, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Ш” ХХК-ийн “Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Баянхонгор аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 6/25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын Баянхонгор сумаас бусад сумын хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоосон хэсгийг, мөн Бөмбөгөр сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 96 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, Бөмбөгөр сумын Засаг дарга “Ш” ХХК-д газрын төлбөр 139.979.710 төгрөг ногдуулсан үйл ажиллагааг хүчингүй болгож, газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх ... хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан хэм хэмжээний акт батлан гаргах ажиллагааны зайлшгүй шаардлагыг буруу хэрэглэсэн. Захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахдаа төслийг боловсруулах, олон нийтийн оролцоог хангах, эрх ашиг нь хөндөгдөх этгээдээс санал авах, хэлэлцүүлэг хийх, нөлөөллийн шинжилгээ хийх зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн болохыг хариуцагч нотлох үүрэгтэй. Гэтэл тухайн үед Google drive системийг ашиглан хэлэлцүүлэг хийсэн гэх боловч ямар иргэд оролцсон болох нь огт тодорхойгүй. Энэ талаарх баримт байгаа боловч тухайн санал асуулга нь хэм хэмжээний актын төсөлд холбогдох этгээдүүдийн саналыг хуульд заасан журмын дагуу авсан эсэхийг нотлохгүй байна. Түүнчлэн Бөмбөгөр сумын хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдийн оролцоог бодитой хангасан эсэх, гарсан саналд үндэслэн төслийг өөрчилсөн эсэхийг нотлох баримт хэрэгт байхгүй. Ийм байхад шүүх зөвхөн цахим санал асуулга явуулсан гэх нөхцөл байдлыг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн шаардлага бүрэн хангагдсан гэж үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэх үндэслэлтэй.
3.2. Шүүхийн шийдвэрийн 17, 18 дахь талд дүгнэснээс үзэхэд шүүх өөрөө газар ашиглах гэрээ байгуулагдаагүй, газар ашиглах гэрчилгээ олгогдоогүй, газрын төлбөрийг нэмэгдүүлэн шаардах эрх үүсээгүй, 2025 оны 96 дугаар албан бичиг нь захиргааны акт мөн болох, уг акт нь Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох зохицуулалттай нийцээгүй болохыг тогтоосон байна. Маргаан бүхий актыг хуульд нийцээгүй болохыг тогтоосон атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй байна.
Мөн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүхийн өмнө нь хийсэн “газрын төлбөрийг нэмэгдүүлэн шаардах эрх тухайн үед үүсээгүй” гэсэн эрх зүйн дүгнэлттэй шууд зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, хэрэв газрын төлбөрийг нэмэгдүүлэн ногдуулах эрх үүсээгүй гэж шүүх үзсэн бол тухайн төлбөрийг төлөх ёстой гэсэн дүгнэлт хийх эрх зүйн үндэслэл байхгүй.
3.3. Мөн энэхүү маргаантай холбоотой асуудлаар Улсын дээд шүүхийн 2017 оны 191, 2022 оны 11 дугаартай тогтоолд ... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр бус, талбайдаа бодитоор үйл ажиллагаа явуулж, олборлолт хийж буй ашиглаж байгаа хэсэгтээ 2 дахин өсгөж төлнө, үлдсэн ашиглаагүй хэсэг дээрээ төлөхгүй агуулгаар хууль тайлбарласан байх тул манай үйлчлүүлэгч компани нь тухайн ашиглаж буй уурхайн кэмпийн 3 га талбай дээрээ газрын төлбөрийг ногдуулж төлөх ёстой байхад нийт ашиглаагүй талбайн хэмжээгээр төлбөр төлөх агуулгаар хариуцагч маргаж байгаа нь үндэслэлгүй ба шүүх үүнийг үндэслэлгүй гэдгийг дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч талаас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,
3.1. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг “И” нэртэй газарт 1684.89 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-015170 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Эдэлбэр газар олгох тухай” 16 дугаар захирамжаар “Ш” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 1684.89 га талбайд газрын хэвлийн баялгийг ашиглуулах эдэлбэр газар олгож, 0233611 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” /гэрээнд газрын төлбөрийн хэмжээг 1 жилд 240,000 төгрөг байхаар тогтоосон/-г байгуулж, мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр 0233611 дугаартай гэрчилгээг олгож, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шинэчлэн байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийн хэмжээг 960,000 төгрөг байхаар тогтоосон.
3.2 Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Баянхонгор аймгийн сумдын Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 6/25 дугаар тогтоолоор “...аймгийн хэмжээнд мөрдөгдөх Газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр тооцож, ... Баянхонгор сумаас бусад сумын Хот тосгон бусад суурин газрын төлбөрийн хувь хэмжээг 2 дугаар хавсралтаар шинэчлэн баталсан”.
3.3 Улмаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 96 тоот албан бичгээр нэхэмжлэгч “Ш” ХХК-д “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6/25 дугаар тогтоолын дагуу Газрын удирдлагын цахим системд бүртгэгдсэн газруудад газрын төлбөр ногдуулалт үүсгэсэн ба танай компани 2022-2025 оны газрын төлбөр 139,979,710 төгрөгийн нэхэмжлэл үүссэнийг төлж барагдуулна уу... газар ашиглах эрхийн хугацаа 2025 оны 6 дугаар сард дуусахаар байгаа тул хугацаа сунгуулах албан хүсэлтээ холбогдох материалын хамт ирүүлэх”-ийг мэдэгдсэн үйл баримт тус тус тогтоогдсон.
4. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/25 дугаартай тогтоолоор батлагдсан “Баянхонгор аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.
Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу аливаа этгээдээс хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар маргаж буй тохиолдолд шүүхээс хэрэгжүүлэх хяналтын цар хүрээ нь нэгдүгээрт, тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцэж буй эсэх, хоёрдугаарт, тухайн маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй эсэхийг шалгах хүрээнд хэрэгжинэ.
4.2. Маргаан бүхий Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны “Баянхонгор аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 6/25 дугаартай тогтоол батлагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно”, 6 дугаар зүйлийн 1-д “Газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг дараахь байдлаар тооцож тодорхойлно: ...3/ энэ хэсгийн 1, 2-т зааснаас бусад газрын төлбөрийг нэг га газрын суурь үнэлгээний хувиар”,
6 дугаар зүйлийн 3-т “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”,
7 дугаар зүйлийн 1-д “Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр дараахь хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно” гээд 5/ энэ хэсгийн 1-4-т зааснаас бусад газрын төлбөрийн хязгаар 0.01-0.03 хувь”, 7 дугаар зүйлийн 4-т “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно” хэмээн зааж,
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар "Бусад сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ"-г баталсан бөгөөд хөдөө, аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтад хамаарах газрын хувьд нэг га газрын суурь үнэлгээг 16,000,000 төгрөг байхаар тогтоосон байсан.
4.3. Тухайн тохиолдолд, хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1а/472 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримт болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/5630 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/25 дугаар тогтоолыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61, 62 болон 64 дүгээр зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актын төслийг боловсруулж, санал авах ажиллагааг хийж, улмаар баталж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлсэн. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн.
Тогтоолын 2 дугаар хавсралтаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас бусад сумын хот, тосгон бусад суурин газрын газрын төлбөрийн хувь хэмжээг Засгийн газрын 182 дугаар тогтоолоор тогтоосон 1 га газрын суурь үнэлгээг 0.15 хувиар өсгөсөн дүнгээр буюу 1 га газрын төлбөрийг 24,000,000 төгрөгөөр тогтоосон нь Захиргааны ерөнхий хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн байх тул тус тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Энэ асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 96 дугаартай албан бичиг болон “Ш” ХХК-д газрын төлбөр 139.979.710 төгрөг ногдуулсан үйл ажиллагааг хүчингүй болгож, газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах” шаардлагын тухайд:
5.1. Монгол Улсад иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой нийтлэг харилцааг Газрын тухай хуулиар зохицуулах хэдий ч, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газарт “тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн газар ашиглах эрх”-ийн агуулгыг Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг системчлэн тайлбарлах замаар тодорхойлох ёстой болохыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2022 оны 001/ХТ2022/0011 болон 2025 оны 001/ХТ2025/0058 дугаар тогтоолоор удаа дараа тайлбарласан.
Энэ дагуу, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18, 4.1.19-д зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай буюу "уурхайн талбай" нь ашигт малтмал олборлох геологийн тогтцын хэсэг буюу "уурхайн эдэлбэр"-тэй ижил ойлголт биш бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан журмын дагуу олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд
“газар, түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох эрхийг буюу уг газрыг энэ зорилгоор ашиглах эрхийг шууд олгож байгаа гэж үзнэ, энэ тохиолдолд, ашигт малтмал ашиглах эрх нь газар ашиглах эрхийн агуулгатай салшгүй холбоотой тул хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолтын үйл ажиллагаа явуулахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл журмаар газар ашиглах шийдвэр гаргуулахыг шаардахгүй, эрх бүхий этгээдээс нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг үндэслэн уурхайн эдэлбэрт газар ашиглах тухай гэрээг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах, уг гэрээний дагуу Газрын төлбөрийн тухай хуульд заасан журмаар газрын төлбөр төлөх харилцаа сумын Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд үүсэх учиртай”.
Өөрөөр хэлбэл, “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг ашиглах, тухайлбал олборлох үйл ажиллагаа явуулах уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр газар ашиглах эрхтэй. Харин Засаг дарга нь тухайн уурхайн эдэлбэр газрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох чиг үүргийг хэрэгжүүлэх ... Улмаар газрын төлбөрийг дээрх хууль тогтоомжид заасан журмын дагуу олгогдсон уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж, төлөх” үүрэгтэй.
5.2. Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч сумын Засаг дарга нь нэхэмжлэгчид “уурхайн эдэлбэр”-ээр бус харин ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон “уурхайн талбай”-н хэмжээгээр газар эзэмшүүлж, улмаар тухайн хэмжээгээр “газрын төлбөр төлүүлэх” мэдэгдлийг Бөмбөгөр сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 96 тоот албан бичгээр хүргүүлсэн нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй.
5.3. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн хувьд Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т “Газрын төлбөрийг эзэмшил, ашиглалтад олгосон газрынх нь нийт хэмжээгээр тооцно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн талбайн “уурхайн эдэлбэр” газрын хэмжээг хариуцагч сумын Засаг даргаас бодитоор тодорхойлсон тохиолдолд үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран газрын төлбөрийг төлөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид уурхайн талбайн хэмжээгээр газар эзэмшүүлсэн ч “уурхайн эдэлбэр” газрын хэмжээг тодорхойлоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” хэмээн тус тус зааснаар маргаан бүхий захиргааны актыг гаргах хүрээнд хариуцагчаас тогтоосон байвал зохих энэхүү нөхцөл байдлыг шүүхээс нөхөн гүйцэтгэж, “уурхайн эдэлбэр” газрын хэмжээг тогтоож, төлбөрийг нөхөн тооцоолох боломжгүй.
Тухайн үйл баримт нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.
5.4. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасанчлан, хэргийн нөхцөл байдлыг тодруулж уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр газрын төлбөрийг хуульд нийцүүлэн дахин тогтоох шаардлагатай гэж үзэж, Бөмбөгөр сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 96 дугаартай албан бичгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 111/ШШ2026/0060 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...мөн Бөмбөгөр сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 96 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, Бөмбөгөр сумын Засаг дарга “Ш” ХХК-д газрын төлбөр 139.979.710 төгрөг ногдуулсан үйл ажиллагааг хүчингүй болгож, газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах” гэснийг хасч өөрчлөн, 2 дахь заалтаар “Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.19, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т заасныг үндэслэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 96 тоот албан бичиг болон холбогдох үйлдлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 (гурав) сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 3 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 96 тоот албан бичиг хүчингүй болохыг дурдсугай” гэж тус тус нэмж, 2 дахь заалтын дугаарыг 4 болгож, бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА