Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/110

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Болормаа, хохирогч Б.*********, шинжээч Э.********* /цахимаар/, гэрч С.*********, шүүгдэгч З.*********, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********овогт *********ы *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310036292126 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, “*********” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********* хотхоны 88 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********овогт *********ы ********* /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч З.********* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********* хотхоны 88 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*********тэй маргалдаж улмаар толгой руу цохих, гуяыг нь базах, хөлийн шилбийг хазах зэргээр эрүүл мэндэд нь халдаж баруун шилбэнд няцарсан шарх цус хуралт, зулгаралт, хоёр гуянд цус хуралт баруун сарвуу зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шинжээч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Б.*********: “...2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр найз ********* гэртээ уриад би найз Алтанзулын хамт очиж хоол идээд, пиво ууж сууж байхад ********* орой 10 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн бөгөөд ирэхдээ пиво авч ирсэн. Тэгээд электрон тамхинаас болж гэнэт эхнэртэйгээ маргалдсан. Тухайн электрон тамхийг нь аваад хойшоо шидсэн. Тэгээд эхнэртэйгээ муудалцаад эхнэрийнхээ дагз руу 3-4 удаа маш хүчтэй цохисон. Тэгэхээр нь боль гэж хэлэхэд чамд миний амьдрал ямар хамаатай юм гээд гар хүрч зодсон. Сууж байхад үснээс зулгааж босгоод толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би доошоо унасан тэгэхэд гуяны дотор талаас маш хүчтэй базсан. Мөн баруун шилбэнээс маш хүчтэй хазсан. Одоо хүртэл шүдний ором байгаа. Арилахгүй шүдний сорви үлдсэн. Би хазуулаад боль боль гэж маш чанга хэлэхэд болиод энэ хүн гарч явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..” гэв.

 

Шинжээч Э.*********: “...2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 22 цаг 33 минутад Бадамсүрэнгийн *********ийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор амбулаториор үзлэг хийсэн. ...Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. ...Баруун шилбэнд үүссэн няцарсан шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл нь хазах үед үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь хазах үед үүсэхгүй.. ...Баруун шилбэнд үүссэн няцарсан шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэв.

 

Гэрч С.*********: “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр энэ хэрэг болсон бөгөөд 5 дахь өдрийн орой хүүхдүүдээ аваад зуслан руу явсан. Хагас сайн өдөр хоолоо хийж байгаад Нандиа болон Алтанзул руу яриад хүүхдүүдээ аваад агаар салхинд гарангаа манайд ирэхгүй юу гэж хэлэхэд хүүхдүүдээ аваад манай гэрт ирсэн. Тэгээд ирэхээр нь хоолоо хийгээд хоорондоо юм яриад байж байсан. Манай нөхөр ажилдаа явсан байсан, орой 10 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Тухайн үед хоолоо идээд юм уусан байсан учраас халаалт бол байсан. Манай хүн ирэхдээ хүний 3 пиво, сөжүтэй авч ирсэн. Тэгээд нэлээд муудсан. Би электрон тамхи татахад манай хүн эмзэглээд бид хоёр муудалцаад маргалдаад ********* хурааж авсан. Тэгээд би ширээний ард сууж байхад Нандиа чи яагаад манай найз руу дайрч давшлаад уурлаад байгаа юм гээд ширээний цаанаас босож ирээд *********г унагаасан. Тэгээд бужигнаад байсан. Хүүхдүүд гараад ирэхээр нь хүүхдүүдээ нөгөө өрөөнд оруулаад, энэ хоёрыг салгаад Нандиа болиоч яагаад байгаа юм гэхэд манай хүнийг есөн шидээр нь дуудаад энэ мууг ална, энийг зодно гэж байсан. Бид хоёр 2004 оноос хойш найзалсан. Анх танилцаж байхад манай хүнийг өшиглөөд, ганц цохилтоор унагаана гэдэг байсан. Тухайн өдөр *********гийн нүүр рүү 4-5 удаа цохисон, мөн өшиглөөд байх шиг байсан, хоолойг нь боосон байх шиг байсан. ********* бид хоёр боль, 13 настай охин нь хүртэл ээж та боль гэж байсан. Энэ үед Алтанзул буйдан дээр унтаж байсан. Нэг харахад хамаг хувцсаа тайлсан манай гэрийн хойморт шээгээд зогсож байсан. ********* Нандиа үсдэж чирсэн зүйл болоогүй, ********* цаашаа босоод зугтаад гүйгээд байсан. Бичлэг нь хүртэл байгаа. Хөл хазахыг хараагүй. Би хүүхдүүдтэйгээ Нандиаг босгож ирж салгасан...” гэв.

 

          Шүүгдэгч З.*********: “...Тухайн өдөр манай эхнэр, найз Алтанзул, ********* нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг санаачилж очсон мэтээр мэдүүлгээ өгсөн байсан. Намайг ажлаасаа ирэхэд манай гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд би хоолоо идээд ширээний ард сууж байхад надад пиво задалж өгч хамт юм яриад сууж байсан. Улмаар ********* тасралтын байдалтай буйдан дээр унаад эргэж босож ирээд тамхи татсан. Тэгэхээр нь та нарын ууж идэх асуудал хэрээс хэтрээд тамхи татаж байна гээд эхнэртэйгээ тамхины асуудлаар багахан маргаан үүсгэсэн. Тэгээд би тамхийг нь хурааж авч болиулах шаардлага тавихад ********* намайг түлхэж унагааж над руу дайрч давшилсан. Энэ үед Алтанзул манай том өрөөний шалан дээр шээсэн. Ингээд хүүхдүүдээ дуудаж утсаа аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. *********, Алтанзул нарыг манайхаас явах шаардлага тавьсан боловч яваагүй, харин ********* над руу дайрсан учраас би өөрөө хувцсаа аваад явсан...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр найз *********гийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо ********* хотхоны 88 тоотод байх гэрт нь Алтанзулын хамт очсон юм. ...Тэгээд *********, Алтанзул бид гурав Сэнгүр нэртэй 0,5 литрийн лаазтай пиво хүний 3 ширхгийг уусан юм. Тухайн үед уугаад байж байхад нөхөр З.********* гаднаас ганцаараа орж ирсэн бөгөөд бид нар тухайн пивыг уугаад хамт ярилцаад сууж байсан чинь ********* нөхөр З.*********тэй маргалдаад, хэрэлдээд байсан. Тэгж байгаад З.********* нь эхнэр *********гийн толгой руу хоёр удаа алгадсан юм. Тэгээд би З.********* рүү яагаад манай найзад гар хүрч байгаа гээд хэлсэн чинь намайг сууж байхад босож ирээд гараас барьж аваад үснээс зулгаагаад толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд үргэлжлүүлээд үсдэж байгаад миний зүүн талын гуяны дотор хэсгээс гараараа базаад, үснээс татсан чигээрээ миний баруун талын хөлийн шилбэ хэсэгт хазсан юм. Тэгээд би боль гээд орилсон чинь болихоор нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тухайн үед  ...харин ********* хараад байж байсан юм...” /хавтас хэргийн 19, 70-71 дэх тал/ гэсэн, 

 

Гэрч С.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр бүл Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо ********* хотхоны 88 тоотод байх гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 29-нд очсон юм. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай найзууд болох Нандин- Эрдэнэ охин Энэрэлийн хамт, Алтанзул нь охин Есүйгийн хамтаар манай гэрт ирсэн юм. Тухайн үед манай нөхөр гадуур ажилтай гээд явчихсан байсан бөгөөд орой 22:00-23:00 цагийн орчим гэртээ ирсэн санагдаж байна. Тухайн үед нөхрийг ирэхээс өмнө найз *********, Алтанзул бид гурав 01 литрийн хүний 4, 4 ширхэг пиво уусан бөгөөд нөхрийг ирэх гэж байхаар нь дахиад пиво захисан юм. ...Тэгээд нөхөр, ********* бид гурав пиво ууж сууж байгаад ********* бид хоёр электрон тамхи татаад сууж байсан чинь манай нөхөр уурлаад миний татаж байсан электрон тамхийг аваад гал тогоо руу шидсэн чинь манай найз ********* намай өмөөрч манай нөхөр рүү уурлаад тэр хоёр хэрэлдсэн. Тухайн үед ********* манай нөхрийн нүүр рүү нь цохиод, алгадаад байх шиг байсан. Тэгээд манай нөхөр сандал дээрээсээ хойшоо унаад манай нөхрийн дээр гараад тэр хоёр ноцолдоод байсан. Тэгээд болиоч гээд *********ийг араас татаад салгасан юм.  ...Тэгээд ********* нь манай нөхөр рүү уурлаад тэр хоёр хэрэлдээд, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд манай нөхөр удаагүй гэрээс гараад явчихсан байсан Тэгээд хэсэг хугацааны дараа *********ийн хөлийг нь хазчихсан байна гээд надад хэлж байсан...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр найз Б.*********ийн хамт найз болох С.*********гийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********* хотхоны 88 тоотод байх гэрт очсон юм. ...Тэгээд бид гурав хоол цай идчихээд 0,5 литрийн хүний 4 ширхэг пиво уусан юм. Тэгээд орой нөхөр нь ирсэн бөгөөд нөхөр нь ирэхдээ бас пиво авч ирсэн бөгөөд бид гуравтай нийлээд пиво ууж суусан юм. Тэгээд юм ярьж сууж байгаад зочны буйдан дээр суугаад утсаар яриад сууж байгаад унтсан юм. Тэгээд л өглөө сэрсэн тэр дунд юу болж байгааг огт мэдээгүй юм. Тэгээд өглөө босоод З.********* нь Б.*********ийг зодож, цохисон гэдгийг нь мэдсэн бөгөөд Б.*********ийн хөл гар нь хөхөрчихсөн байсан. ...Би тухайн орой огт мэдээгүй маргааш өглөө нь Б.********* З.*********д зодуулсан гээд надад хөхөрсөн, няцарсан шархнууд үзүүлж байсан. С.*********гийн гэрт очихоос өмнө биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй юм...” /хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч З.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...********* босож ирээд гал тогооны ширээний ард суугаад халааснаасаа электрон тамхи татаад байхаар нь би эхнэр, ********* хоёрт хандаад та хэд гэрт ирчхээд хүүхдүүдийн хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тамхи татаад ингэж муухай согтуурхаад байж болохгүй, ууж идэж болно хэм хэмжээтэй баймаар байна, ...хүний гэрт ирчхээд биеэ зөв авч явмаар байна, энэ үйлдэл чинь нэг бус удаа давтагдаж байна, намайг доромжлоод байгаа юм уу гэж хэлсэн. ...Эхнэрийнхээ электрон тамхийг шүүрч аваад угаалтуур руу шидчихсэн чинь ********* ширээний цаанаас босож ирээд намайг хэл амаар доромжлоод ...манай найзыг дээрэлхдэг хэн бэ гээд миний нүүр нүдгүй цохиж эхэлсэн бөгөөд би сандалтайгаа хойш унасан, газар унасан байх үед ********* дээр гарчхаад үснээс зулгаагаад нүүр нүдгүй цохиод хөлөөрөө нүүр рүү өшиглөөд байхаар нь холдуулах гээд аль нэг хөлөөс нь хазсан...” /хавтаст хэргийн 27-29 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12606 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.*********ийн биед баруун шилбэнд няцарсан шарх, цус хуралт, зулгаралт хоёр гуянд цус хуралт, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,  

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 45-47 дахь тал/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтас хэргийн 72 дахь тал/ гэсэн,

- Шүүгдэгч З.*********гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 52 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч З.********* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********* хотхоны 88 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*********тэй маргалдаж улмаар толгой руу цохих, гуяыг нь базах, хөлийн шилбийг хазах зэргээр эрүүл мэндэд нь халдаж баруун шилбэнд няцарсан шарх цус хуралт, зулгаралт, хоёр гуянд цус хуралт баруун сарвуу зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.*********ийн: “...Би ...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр найз *********гийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо ********* хотхоны 88 тоотод байх гэрт нь Алтанзулын хамт очсон юм. ...Тэгээд *********, Алтанзул бид гурав Сэнгүр нэртэй 0,5 литрийн лаазтай пиво хүний 3 ширхгийг уусан юм. Тухайн үед уугаад байж байхад нөхөр З.********* гаднаас ганцаараа орж ирсэн бөгөөд бид нар тухайн пивыг уугаад хамт ярилцаад сууж байсан чинь ********* нөхөр З.*********тэй маргалдаад, хэрэлдээд байсан. Тэгж байгаад З.********* нь эхнэр *********гийн толгой руу хоёр удаа алгадсан юм. Тэгээд би З.********* рүү яагаад манай найзад гар хүрч байгаа гээд хэлсэн чинь намайг сууж байхад босож ирээд гараас барьж аваад үснээс зулгаагаад толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд үргэлжлүүлээд үсдэж байгаад миний зүүн талын гуяны дотор хэсгээс гараараа базаад, үснээс татсан чигээрээ миний баруун талын хөлийн шилбэ хэсэгт хазсан...” /хавтас хэргийн 19, 70-71 дэх тал/ гэсэн, 

Гэрч С.*********гийн: “...Нөхөр, ********* бид гурав пиво ууж сууж байгаад ********* бид хоёр электрон тамхи татаад сууж байсан чинь манай нөхөр уурлаад миний татаж байсан электрон тамхийг аваад гал тогоо руу шидсэн чинь манай найз ********* намай өмөөрч манай нөхөр рүү уурлаад тэр хоёр хэрэлдсэн. Тухайн үед ********* манай нөхрийн нүүр рүү нь цохиод, алгадаад байх шиг байсан. Тэгээд манай нөхөр сандал дээрээсээ хойшоо унаад манай нөхрийн дээр гараад тэр хоёр ноцолдоод байсан. Тэгээд болиоч гээд *********ийг араас татаад салгасан юм.  ...Тэгээд хэсэг хугацааны дараа *********ийн хөлийг нь хазчихсан байна гээд надад хэлж байсан...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч З.*********гийн: “...********* ширээний цаанаас босож ирээд намайг хэл амаар доромжлоод ...манай найзыг дээрэлхдэг хэн бэ гээд миний нүүр нүдгүй цохиж эхэлсэн бөгөөд би сандалтайгаа хойш унасан, газар унасан байх үед ********* дээр гарчхаад үснээс зулгаагаад нүүр нүдгүй цохиод хөлөөрөө нүүр рүү өшиглөөд байхаар нь холдуулах гээд аль нэг хөлөөс нь хазсан...” /хавтаст хэргийн 27-29 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12606 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.*********ийн биед баруун шилбэнд няцарсан шарх, цус хуралт, зулгаралт хоёр гуянд цус хуралт, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Б.*********ийн эрүүл мэндэд учирсан баруун шилбэнд няцарсан шарх, цус хуралт, зулгаралт хоёр гуянд цус хуралт, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт  бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч З.*********гийн түүнийг хазсан, базсан идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч З.*********гийн хохирогч Б.*********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  З.*********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч З.********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг холбогдсон, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “биед баруун шилбэнд няцарсан шарх, цус хуралт, зулгаралт хоёр гуянд цус хуралт, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 6,850,000 төгрөгийн эмчилгээ хийлгэх тухай Синдерелла клиник эмнэлгийн дүгнэлтийг гаргаж өгсөн боловч дээрх баримтаар хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлыг тодорхойлох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хоёрдугаар зэрэглэлд /хавтас хэргийн 72 дахь тал/ хамаарч байна гэж дүгнэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 2310036292126  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.*********гийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд “...Би тамхийг нь хурааж авч болиулах шаардлага тавихад ********* намайг түлхэж унагааж над руу дайрч давшилсан, ...*********, Алтанзул нарыг манайхаас явах шаардлага тавьсан боловч яваагүй, харин ********* над руу дайрсан учраас би өөрөө хувцсаа аваад явсан...” гэж мэдүүлсэн боловч энэ нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд тооцогдох үндэслэл болохгүй бөгөөд дээрх нөхцөлийг шүүхээс гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн  шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.********* нь шүүгдэгчтэй гэр бүлийн харилцаатай буюу эхнэр, нөхөр байх бөгөөд түүний мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс агуулгын хувьд зөрүүтэй байсан тул шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болохыг тэмдэглэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********овогт *********ы *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ы *********г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч З.*********д шийтгэсэн 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.********* нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой хохирогч Б.*********эс эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 6,850,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.********* сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хохирогч Б.********* энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2310036292126  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.*********гийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР