Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2020/01030

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар багт оршин суух, Ө овогт Г-ын Ц -ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт оршин суух, Ө овогт О-ын Г -т холбогдох

“3,250,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Гтай харилцан тохиролцож 11250000 төгрөгийн үнэ бүхий рапсны үр худалдсан. Тухайн үедээ Г нь “Рапсны үр”-ийн төлбөрийг өнөө маргаашдаа шилжүүлье гэснээр 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны хххх тоот данснаас “Гаас рапсны үнэ” гэх гүйлгээний утгаар 8000000 төгрөгийг миний эзэмшлийн Хаан банкны хххх1 тоот данс руу шилжүүлсэн хэдий ч үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Үлдэгдэл рапсны төлбөр 3250000 төгрөгийг Г нь удаахгүй, өнөө маргаашгүй мөнгө орж ирэхээр төлнө гэх тайлбарыг хэлсээр өнөөдрийг хүрч байна. Миний бие тухайн үедээ бичгээр ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй ба бүрэн итгэлцлийн үндсэн дээр “Рапсны үр”-ийг худалдсан ба ийнхүү миний бие рапсны үр худалдсаныхаа төлөө өнөөдөр мөнгөө эргүүлэн авч чадахгүйд хүрч санхүүгийн хувьд хохироод байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу О.Г нь хэлэлцэн тохирсон үнийг бүрэн барагдуулах үүргээ биелүүлэхгүй байх тул рапсны үлдэгдэл төлбөр болох 3250000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Г шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Миний бие О.Г нь Г.Ц-оос рабс авсан үлдэгдэл төлбөр 3,250,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 15-н гэхэд бүрэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч О.Г-д холбогдуулан 3,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Зохигчид 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр рапсны үр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид рапсны үрийг 11,250,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байх бөгөөд, хариуцагч О.Г 8,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөр болох 3,250,000 төгрөгийг төлөөгүй байна.

Талууд гэрээ байгуулагдсан хийгээд, үлдэгдэл төлбөрийн талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүсчээ.

Дээрхи амаар харилцан тохиролцсон гэрээний дагуу худалдагч Г.Ц нь худалдан авагч О.Г-аас худалдсан рапсны үрийн үнийг шаардах эрхтэй. Харин хариуцагч төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй юм.

Иймд хариуцагч О.Гаас 3,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц-д олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч О.Г-аас 3,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 66,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБАСҮРЭН