Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/122

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

улсын яллагч Г.Билгүүн,

         шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Ч Ад холбогдох эрүүгийн 2302 00000 0410 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө овогт Ч А /РД:/,

Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, хувиараа дарханы үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 80Б байрны 58 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.А нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвийн 5 дугаар корпус буюу Уран дарханы цогцолборын 1 дүгээр давхарт байрлах зааланд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 26 дугаарт багтсан “UMEIKE” гэх бичиглэлтэй хуванцар, цагаан өнгийн савтай 700 грамм цианид агуулсан холимог, жагсаалтын 161 дугаарт багтсан, “Bright Star Diamond” гэх бичиглэлтэй, хуванцар, цагаан өнгийн савтай 250 грамм Натрийн карбонатын уусмал, жагсаалтын 485 дугаарт багтсан, “Jacobs” гэх бичиглэлтэй шилэн савтай, ногоон хуванцар тагтай, 400 грамм Давсны хүчил зэрэг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 397 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ч.А нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвийн 5 дугаар корпус буюу Уран дарханы цогцолборын 1 дүгээр давхарт байрлах зааланд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 26 дугаарт багтсан “UMEIKE” гэх бичиглэлтэй хуванцар, цагаан өнгийн савтай 700 грамм цианид агуулсан холимог, жагсаалтын 161 дугаарт багтсан, “Bright Star Diamond” гэх бичиглэлтэй, хуванцар, цагаан өнгийн савтай 250 грамм Натрийн карбонатын уусмал, жагсаалтын 485 дугаарт багтсан, “Jacobs” гэх бичиглэлтэй шилэн савтай, ногоон хуванцар тагтай, 400 грамм Давсны хүчил зэрэг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвийн 5 дугаар корпус буюу Уран дарханы цогцолборын 1 дүгээр давхарт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн “...уг байрны зүүн талаасаа 5 дугаар корпус буюу баруун талаасаа 3 дугаар хаалганд “Уран дарханы цогцолбор” гэх хаягтай гаднаас ордог саарал өнгийн төмөр онгорхой хаалгаар ороод зүүн хэсэгт алт мөнгөний дарханы үйл ажиллагаа, алт мөнгөн эдлэлийн худалдаа эрхэлдэг үйлчилгээний 3 тасалгаатай том заал байлаа. ...Тус заалны урд хэсэгт 2x4,5 метрийн хэмжээтэй металл хүрээтэй шилэн ханаар тусгаарласан иргэн Ч.Аий алт мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулдаг гэх өрөө байв. ...тухайн өрөөнд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрүүлэх зорилгоор үзлэг хийхэд М.Өнөржаргал нь тус өрөөнд байгаа химийн бодисуудыг өөрөө гаргав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-5 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэгийн явцад эд зүйл хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 524 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,

Гэрч Б.Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Давсны хүчлээр алт, монетон эдлэлийг өнгөлдөг, азот, хүхрийн хүчлээр мөнгө, зэс, гууль бусад төмөрлөгийн зүйлийг өнгөлдөг. Тунсаа гэх бодисыг өнгөлгөө болоод гагнуурын холбоос болгож ашигладаг, мөнгөний байван, мөнгөний өнгөлгөөнд ашигладаг. Лимоны хүчлийг мөн өнгөлгөөний зориулалтаар ашигладаг юм. Энэ нийтлэг ашигладаг бодисууд юм аа. ...Химийн бодисын төрөл буюу Азот, Давсны, Хүхрийн хүчлүүд нь хөдөлмөрийн бүтээмж өндөр, цаг хугацаа хэмнэсэн болохоор дархчууд өргөнөөр ашиглаж байгаа” гэх /хавтаст хэргийн 19- 20 дугаар тал/,

Гэрч Н.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ч.Аг мэднэ, миний түрээслэн авсан талбайд, урд хэсгийг буюу 12м2 талбайг сарын 300,000 төгрөгөөр түрээсэлдэг, бид ажил хэргийн холбоотой. А надаас 2015 оноос хойш түрээслэн алт мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулж байгаа. ...гэрээ цаасаар байгуулаагүй, аман гэрээ байгуулсан. ...алт мөнгөний дархчууд ямар бодис ашигладаг эсэхийг мэдэхгүй” гэх /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/400 дугаартай “...Хариулт 3: Дээж-1 буюу цианид агуулсан холимог нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 26 дугаарт багтсан.

Дээж-2 буюу натрийн карбонатын уусмал. ...Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 161 дугаарт багтсан.

Дээж-4 буюу давсны хүчил нь ... Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан.

Дээж-5 төмөр хайлш, Дээж 6,7 Лимоны хүчил Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад ороогүй.

Дээж-8. Натрийн тетраборат нь Монгол Улсын Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын талаарх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад одоогоор манай улсын ангилалд хамруулсан 3155 бодисын жагсаалт батлагдсан байдаг. Натрийн тетраборат нь энэ жагсаалтад багтаагүй ч олон улсын химийн хор аюулын ангиллаар нүд цочроох 2-р ангиллын (Н319), нөхөн үржихүйд хортой 1В ангилал (H360FD)-fl хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33-39 дүгээр тал/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06/6238 дугаартай “...Чойсүрэндоржийн А (РД:АЯ75080611) нь тус яамнаас химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрлийг авч байгаагүй болно” гэсэн албан бичиг,

Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...энэ бодис нь химийн хорт аюултай бодисын жагсаалтад багтсан хортой бодис юм, бодисуудыг хор аюулын зэрэглэлээр ангилдаг бөгөөд нэгдүгээр ангилал буюу хамгийн хортой ангилалд давсны хүчил багтдаг юм. Хор хөнөөлийн хувьд амьсгал боогдуулна, амьсгалын систем, зам гэмтээх, нүд цочроох, арьсанд хүрсэн тохиолдолд шууд түлдэг аюултай хор аюултай бодис юм. Тасалгаанд ил задгай саванд байлгавал ууршиж амьсгалын зам, систем гэмтээдэг. ...Химийн хорт аюултай бодисыг их бага хэмжээнээс нь хамаарч хор аюулыг нарийн тодорхойлох боломжгүй, өөрөөр хэлбэл 10 мл хэмжээтэй давсны хүчил нь хүний арьсанд болон амьсгалын замд нөлөөлөх бүрэн боломжтой юм. Жишээлбэл,10 мл хэмжээтэй давсны хүчлийг хүн андуурч уусан тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай юм. ...Натрийн корбанат, Цианад нь харьцангуй шүлтлэг бодис ба РН 10 дээш байвал хор аюулын хувьд харьцангуй гайгүй. Энэ нь үйлдвэрийн хувьд яригдаж байгаа асуудал. Түүнээс хувь хүний хувьд ашиглах ямар ч боломжгүй. Аюултай бодис байгаа юм. Эдгээр бодисуудыг алт, мөнгөний уусгалд ашигладаг, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана” гэх /хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/,

Гэрч Н.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...1993 онд бүрэн дунд боловсрол эзэмшээд тус ондоо Улаанбаатар хотод ирж Урлах эрдэм сургуульд суралцан 2 дугаар зэрэгтэй алт мөнгөний дархан болж төгссөн. Тус сургуулиа төгссөнөөс хойш ахуйн үйлчилгээний салбарт хувиараа алт мөнгөний дархан хийж байгаа. ...2023 оны 4 сараас эхлэн Урт цагаан дээр ажлаа хийхгүй байж байгаад саяхнаас ганц нэг очиж ажиллаж байсан” гэх /хавтаст хэргийн 83-84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Тайлбарлуулах шаардлага байхгүй” гэх,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газрын үзлэгийн явцад эд зүйл хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, гэрч Б.А, Н.Ц, А.Д, Н.Ө нарын мэдүүлэг, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/400 дугаартай дүгнэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичиг, шүүгдэгч Ч.Агийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Химийн хорт бодис нь хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд хохирол учруулах эрсдэлтэй тул зөвхөн Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, ашигласан үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан.

Иймд шүүгдэгч Ч.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч Ч.Ад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,   

Шүүгдэгч Ч.Ад тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

Гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй.

Шүүгдэгч Ч.Агээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 850,000 төгрөг /хавтаст хэргийн 28 дугаар тал/-ийг гаргуулж Улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  1.UMEIKE гэх бичиглэлтэй хуванцар, цагаан өнгийн савтай 700 грамм шингэн уусмал 1 гэх тоогоор дугаарлан, 2. Bright Star Diamond гэх бичиглэлтэй, хуванцар, цагаан өнгийн савтай 250 грамм шингэн уусмал, 3. Terelj гэх бичиглэлтэй хуванцар савтай, шар өнгийн 100 грамм шингэн уусмал, 4.Jacobs гэх бичиглэлтэй шилэн савтай, ногоон хуванцар тагтай, 400 грамм шингэн уусмал, 5. Nescafe Gold гэх бичиглэлтэй шилэн савтай, шаргал хуванцар тагтай, 80 грамм шингэн дотроо хөөсөрсөн бөмбөлөг зүйлтэй уусмал, 6. Bon aqua гэх бичиглэлтэй хуванцар усны саванд хийсэн 130 грамм шингэн уусмал, 7. Good Burry гэх бичиглэлтэй, цагаан өнгийн тагтай, хуванцар сав дүүрэн 1,2кг нунтаг, цагаан өнгийн бодис, 8. Offee-mate гэх бичиглэлтэй, цагаан өнгийн тагтай, шилэн савны дундуур хийсэн 0,5 кг нунтаг цагаан өнгийн бодис устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгаж,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарыг иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Ч Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Ад оршин суух газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Ч.Агээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нийт 850,000 төгрөг гаргуулж Улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1.UMEIKE гэх бичиглэлтэй хуванцар, цагаан өнгийн савтай 700 грамм шингэн уусмал 1 гэх тоогоор дугаарлан, 2. Bright Star Diamond гэх бичиглэлтэй, хуванцар, цагаан өнгийн савтай 250 грамм шингэн уусмал, 3. Terelj гэх бичиглэлтэй хуванцар савтай, шар өнгийн 100 грамм шингэн уусмал, 4.Jacobs гэх бичиглэлтэй шилэн савтай, ногоон хуванцар тагтай, 400 грамм шингэн уусмал, 5. Nescafe Gold гэх бичиглэлтэй шилэн савтай, шаргал хуванцар тагтай, 80 грамм шингэн дотроо хөөсөрсөн бөмбөлөг зүйлтэй уусмал, 6. Bon aqua гэх бичиглэлтэй хуванцар усны саванд хийсэн 130 грамм шингэн уусмал, 7. Good Burry гэх бичиглэлтэй, цагаан өнгийн тагтай, хуванцар сав дүүрэн 1,2 кг нунтаг, цагаан өнгийн бодис, 8. Соffee-mate гэх бичиглэлтэй, цагаан өнгийн тагтай, шилэн савны дундуур хийсэн 0,5 кг нунтаг цагаан өнгийн бодис устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.

         7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

         8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    П.АРИУНБОЛД