Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1124

 

  2023        11           08                                      2023/ШЦТ/1124     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2023/1005/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч Н.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2309000002047 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн эхийн хамт Сүхбаатар дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

- 2020 оны 3 сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 225 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- 2020 оны 9 сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 785 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

- 2021 оны 5 сарын 31-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 315 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 6 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 718 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, нийт эдлэх ялыг 3 жилээр багасгаж шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар 10 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Н.Б.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 13-р хороо, *** гудамжинд хохирогч Ц.Т-г ямар нэгэн шалтгаангүйгээр зодсоны улмаас биед нь зүүн гайморын хөндийн ар хана, ухархайн дотор ханын нийлмэл хугарал, духанд язарсан шарх, дух 2 өвдөгт зулгаралт, 2 нүдний зовхи, алимны салстад цус хуралт шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд: “Би Ц.Т-г гадаа гарч зодсон зүйл байхгүй. 2 хоногийн дараа уулзахад “гомдол, санал байхгүй, цагдаад хэлээгүй ганц шил архи аваад өгчих” гэхээр нь архи авч өгсөн. Сарын дараа намайг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч дуудаад “утас нь алга болсон гэж байна” гэхээр нь би “утсыг нь аваагүй. Ийм зүйл болсон” гэж тайлбар хэлсэн. Ц.Т миний чих рүү цохисноос болоод юм сонсохгүй байгаа. Тухайн үед 2, 3 хоноод зүгээр болчих байх гэж бодсон.Одоо болтол зүгээр болохгүй байна. Ц.Т намайг эхэлж цохисон. Дараа нь миний чих рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Ц.Т-г цохисон...хийсэн хэргээ хүлээж байна” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023.08.03-ны өдөр Н.Б, далий Лхамаа, гэлжгий Энхүүш, өөр нэг танихгүй залуу бид нар 19 цагаас хойш бараг 4 шил архи хувааж уусан байх нэлээн согтчихсон. Тэгээд уусан архи ч дуусаад Н.Б бид хоёроос бусад нь шал согтуу тасарчихсан байсан тэгээд би гэртээ харилаа гээд Лхамаагийнхаас гараад шатаар буух гэж байтал араас нэг хүн түлхээд би газар унасан чинь чирээд гудамж руу оруулж байгаад нүүр нүдгүй балбаж эхэлсэн тэгээд би яагаад байгаа юм бэ гэхэд яагаад пээдийгээд байна аа ална за чамайг гээд Н.Б намайг зодоод байсан. Тэгээд би арай гэж зугтаад шууд цагдаа дээр ирж гомдол өгөөд шүүх эмнэлгийн тогтоол авч яваад үзүүлсэн. Дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй, дээрх гэмтлийг Н.Б намайг зодсоны улмаас үүсэн гэмтэл байна. 3 дугаар эмнэлэгт үзүүлж КТГ зураг авхуулсан өөрөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй, өөрөө гэрээр эмчилсэн. Би гар утсаа олчихсон Лхамаагийн гэрийн орон доор унагаачихсан байна лээ би гомдол санал байхгүй. Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-17 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 9848 дугаартай: “Ц.Т-н биед зүүн гайморын хөндийн ар хана, ухархайн дотор ханын нийлмэл хугарал, духанд язарсан шарх, дух, 2 өвдөгт зулгаралт, 2 нүдний зовхи, алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22 дахь тал)

Н.Б-н яллагдагчаар өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр оройн 8-9 цагийн үед Мөнхөө гэх манай найз Лхамаагийнд хүрээд ир ганц шил юм ууя гээд дуудахаар яваад очсон чинь Ц.Т, Лхамаа, гэлжгий Энхээ, Төгсөө гэх залуу нар байсан. Тэгээд бид нар 4 шил хувааж уусан тэгээд би нилээн согтчихсон байсан тэгээд Ц.Т-тэй гэнэт маргалдаад эхэлсэн яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна гэнэт Ц.Т нилээн чанга дуутай над руу дайраад байж байснаа гэнэт нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа 1 удаа зүүн нүд рүү нь нилээн хүчтэй цохисон чинь зүүн нүд нь шууд хавдаад том болчихсон тэгээд би гараад явсан. Тэгээд 2 хоногийн дараа уулзсан чинь нүд зүгээр болчихсон ганц шил архи аваад өг гэхээр нь би авч өгчихөөд салаад явсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч харамсаж байна. Би учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2023.08.03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, *** гудамжинд хохирогч Цэрэндолгорын Ц.Т-г “пээдийлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн ар хана, ухархайн дотор ханын нийлмэл хугарал, духанд язарсан шарх, дух 2 өвдөгт зулгаралт, 2 нүдний зовхи, алимны салстад цус хуралт шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.Б-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, бусдын эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулж зодож цохиж байгаа балмад түрэмгий, хэрцгий догшин гэмт зан байдал нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ц.Т нь хохирол төлбөрийн талаар нэхэмжилсэн зүйл хавтаст хэрэгт байхгүй, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэсэн хариу ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Н.Б-г бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Ц.Т нь цаашид шүүгдэгч Н.Б-с өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болон бусад хохирол, хор уршгийн тухайд нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчаас: “шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар 10 сар 12 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх боловч энэ хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүний 10 сар 12 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ял руу шилжүүлэх” саналыг гаргажээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Н.Б-н тухайд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 сарын 31-ний өдрийн 315 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 /зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 / гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ гэмт хэргүүдэд нийт 6 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 718 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, нийт эдлэх ялыг 3 жилээр багасгаж шийдвэрлэсэн байх ба энэ хэргүүддээ ялаа эдэлж байх үед Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №289 дугаартай захирамжаар түүний дээрх гэмт хэргүүдэд ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 10 сар 12 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Б нь тэнсэн суллагдсан хяналтын хугацаанд буюу 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-н урьд үйлдсэн гэмт хэрэгт эдлээгүй үлдсэн 10 сар 12 хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

Н.Б-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Б-н Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 сарын 31-ний өдрийн 315 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 /зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 / гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ гэмт хэргүүдэд нийт 6 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 718 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, нийт эдлэх ялыг 3 жилээр багасгаж шийдвэрлэсэн байх ба энэ хэргүүддээ үлдсэн ялаа эдэлж байх үед Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №289 дугаартай “хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаас үндсэн ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 12 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг өдрөөр тооцон, хорих ялаар сольж, нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 01 /нэг/ жил 02 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнийг цагдан хорьсугай.

5. Хохирогч Ц.Т нь цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болон бусад хохирол, хор уршгийн тухайд шүүгдэгч Н.Б-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.БОЛДБААТАР