| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0467/З |
| Дугаар | 221/МА2026/0483 |
| Огноо | 2026-07-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2026/0483
Д.Уын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0271 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.У
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Б ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0467/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0271 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан иргэн Д.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/307 дугаар захирамжийн нэхэмжлэгч Д.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Б ХХК нь Эрчим хүчний яамнаас олгосон ТЗ-5.1.МПа даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд маргаан бүхий газрыг дайран өнгөрч буй дулааны шугам, түүний хамгаалалтын бүсэд хамаарах объектын хэвийн, аюулгүй ажиллагааг хангах чиг үүрэгтэй этгээд юм. Тус дулааны шугамаас +300 цельс градус халуун уурыг аж ахуйн нэгжүүдэд түгээдэг бөгөөд хот байгуулалтын нэгдсэн санд дулаан болоод уурын шугам нь ижил утгаар тэмдэглэгддэг болно. Гэтэл анхан шатны шүүхээс "уурын шугамын чиглэлээр үйл ажиллагаа явуулах"- аар тухайлан газар эзэмших ёстой мэтээр дүгнэлт хийж, зөвхөн газрын мэдээллийн нэгдсэн санд гуравдагч этгээдийн ажил үйлчилгээ эрхлэх эрх бүхий дулааны шугам бүртгэгдээгүй гэх нөхцөл байдлыг үндэслэн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үгүйсгэсэн дүгнэлт хийснийг зөвшөөрөх боломжгүй байна.
2.2. Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/1198 дугаартай албан бичгээр маргаан бүхий газар нь цэвэр, бохир усны, дулааны, нам хүчдэлийн цахилгаан, холбооны шугам болон үерийн суваг, өндөр хүчдэлийн цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд давхцалтай байгааг дурдаж, энэхүү давхцалыг үзүүлсэн зургийг хавсарган, нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн байдаг. Үүнээс гадна маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11-13-02/052/180 дугаартай "Шугам сүлжээний ашиглалтын төлөв байдлын тухай" дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаартай Мөрдөгчийн мэдэгдэлд “иргэн Д.Уын эзэмшлийн газрын байршилд дараах инженерийн шугам сүлжээнүүд байрлаж байна. Үүнд: 3. Дулаан хангамжийн 2хф100мм-ийн хос шугамууд тус тус байрлаж байна. ... Д.Уын Амины орон сууц зориулалтаар олгогдсон 582 м.кв газрыг уур, дулаан, цахилгааны инженерийн шугам сүлжээнүүд дээр давхцуулан олгосон нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дэх заалт, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.6 дахь заалтыг хангахгүй байна." гэж дурдсан байдаг. Дээр дурдсан нотлох баримтуудаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК-ийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах учиртай дулааны шугам нь нэхэмжлэгчийн газрыг дайран өнгөрч байгаа нөхцөл байдал бүрэн нотлогддог болно.
2.3. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1- д газрын мэдээллийн сан нь газрын кадастрын зураг, кадастрын судалгааны материал, газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын чанарын үнэлгээний дүн, эдийн засгийн үнэлгээний дүн, болон газрын улсын бүртгэлээс бүрдэхээр зохицуулсан байдаг. Үүнээс үзвэл газрын мэдээллийн санд аливаа газар дээрх болон дор байрлах шугам сүлжээний талаарх мэдээллийг огт бүртгэдэггүй байна. Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/71 дугаартай албан бичигт "... уур, дулаан, цэвэр усны дамжуулах, түгээх,... газрын хамгаалалтын зурвасууд нь тус газрын мэдээллийн санд байхгүй тул давхцуулан шалгах боломжгүй байна. Иймд тус хамгаалалтын зурвасуудыг хариуцах эрх бүхий байгууллагаас тодруулах нь зүйтэй юм" гэж тодорхой дурдсан байхад анхан шатны шүүхээс "газрын мэдээллийн санд байхгүй" гэх ганц өгүүлбэрийг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосноор нь хэргийн үйл баримтыг бүрэн, бодитой тогтоож чадсангүй.
2.4. Маргаан бүхий газар нь дулааны шугам болон бусад инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцаж байгаа учир тус газрыг аливаа этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах нь Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд нийцэхгүй юм. Тийм ч учир хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга инженерийн шугам сүлжээ бүхий газарт нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэр нь анхнаасаа хууль бус захиргааны акт байсан юм. Б ХХК-ийн зүгээс анхнаасаа газрын эрхийн давхцалаар маргаагүй, харин хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга холбогдох хууль, дүрмийг зөрчиж иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь дулааны шугамын хэвийн, аюулгүй ажиллагааг хангах боломжгүй болгож, гуравдагч этгээдийн үндсэн үйл ажиллагаагаа явуулах эрхийг хязгаарласан талаар эрхий бүхий байгууллагад удаа дараа гомдол гаргасны үр дүнд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон билээ.
2.5. Өөрөөр хэлбэл, тухайн дулааны шугам нь маргаан бүхий газартай бодитоор давхцаж байгаа, энэ нөхцөл байдал нь дулааны шугам сүлжээний аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр байгаа, нөгөө талаар нэхэмжлэгч нь эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах боломжгүй бөгөөд дулааны шугам сүлжээ нь өндөр температур, даралт бүхий эрчим хүчний объект бөгөөд түүний хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, хүн байнга оршин суух зориулалтаар газар ашиглах нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах эрсдэлтэй нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үр дүнд тогтоож, өөрийн хууль бус шийдвэрээ залруулах арга хэмжээ авсан байхад анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Нэхэмжлэгч нь өөрийн албан ёсны хаягийн өөрчлөлтийг хариуцагч төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, үүний улмаас сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн аваагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.
2.6. Үүнээс гадна захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11-13-02/052/180 дугаартай "Шугам сүлжээний ашиглалтын төлөв байдлын тухай" дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаартай Мөрдөгчийн мэдэгдэл зэрэг баримтаар маргаан бүхий газар нь дулааны шугам болон бусад инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцаж байгаа, улмаар уг газрыг эзэмшүүлэх шийдвэр нь Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг зөрчиж буй болох нь тогтоогдсон. Иймд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, формаль эрх зүйн шаардлага хангасан, аливаа эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг батлан гаргажээ. Хэдийгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлах болсон нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй боловч дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж, газар эзэмших эрхийг хүчинтэй хэвээр үлдээх боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх нээлттэй байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Д.Уаас “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/307 дугаар захирамжийн Д.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлэн, төлбөрөө төлөн хуульд харшлах зүйлгүй эзэмшсээр ирсэн ... газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл байгаагүй” гэж тайлбарлан маргасан бол хариуцагчаас дээрхийг эс зөвшөөрч “...Д.Уын эзэмшлийн газар нь уур, дулаан, цахилгааны инженерийн шугам сүлжээ, цэвэр усны шугам дээр давхцуулан олгосон хамгаалалтын зурвас дотор байх тул зөрчлийг арилгасан” гэж тайлбарласан байна.
2.3. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/250 дугаар захирамжаар иргэн Б.Бд тус дүүргийн 20 дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар 582 мкв газар эзэмших эрхийг олгосон байх бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/54 дугаар захирамжаар Д.У нь Б.Бгаас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Шугам сүлжээний ашиглалтын төлөв байдлын тухай 11-13-02/052/180 дугаар дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Уын эзэмшлийн 0000416** дугаартай гэрчилгээтэй, 582 м.кв газар нь Уур, дулаан, цахилгааны инженерийн шугам сүлжээ, цэвэр усны шугам дээр давхцуулан олгосон, хамгаалалтын зурвас дотор байх тул зөрчлийг арилгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор хариу ирүүлэхийг мэдэгдэж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүргүүлсэн” мэдэгдэл зэргийг үндэслэн маргаан бүхий акт гарчээ.
2.5. Маргаан бүхий газар нь холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүстэй 30.1 м.кв талбайгаар, бохир усны хамгаалалтын бүстэй 264.9 м.кв талбайгаар, цэвэр усны хамгаалалтын бүстэй 223.8 м.кв талбайгаар, цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүс /6-10 кВ/-тэй 129 м.кв талбайгаар, цэвэрлэх байгууламжийн хамгаалалтын бүстэй 530 м.кв талбайгаар тус тус давхацсан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 2/71 дугаар албан бичгээр нэгэнт тогтоогдсон, гуравдагч этгээдийн засвар үйлчилгээ хийдэг уурын шугам нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээгүүр дамжин өнгөрдөг нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар мөн тогтоогдсон байна.
2.7. Дээрхээс үзвэл, эрчим хүчний шугам сүлжээний болон цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээний доорх газар, түүний хамгаалалтын зурваст хамаарах газарт “амины орон сууцны” зориулалтаар газар эзэмшүүлж, ашиглуулах боломжгүй тул хариуцагчийн Д.Ут газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон үйл ажиллагаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн, энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.
2.8. Гэхдээ нэхэмжлэгч Д.У нь газар эзэмших эрхийг шударгаар олж авсан тул шударга эзэмшигч болохын хувьд хариуцагчаас маргаан бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдолд Газрын тухай хуульд заасан журмын дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх (мөнгөөр, эсхүл өөр газар олгох буюу газрын байршлыг шилжүүлэх гэх мэт.) үүрэгтэй.
2.9. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар гуравдагч этгээдэд нөхөх олговор олгох, эсхүл хуульд заасан журмаар хохирлын асуудлыг шийдвэрлэх замаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.10. Харин анхан шатны шүүх эрчим хүчний шугам сүлжээний болон цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээний доорх газар, түүний хамгаалалтын зурвас газартай маргаан бүхий газар давхцалтай болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон талаар дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй болсныг дурдах нь зүйтэй.
2.11. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3, 13 дугаар зүйлийн 13.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.6, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.8, 17.8.4, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/307 дугаар захирамжийн Д.Ут холбогдох хэсгийг хариуцагчаас нэхэмжлэгч Д.Ут хуульд заасан журмын дагуу нөхөх олговор олгох эсхүл хохирлын асуудлыг шийдвэрлэтэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Засаг даргын захирамжийн Д.Ут холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.С-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Сэргэлэнгийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА