Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 520

 

 

 

 

 

 

    2020            4             28                                       2020/ДШМ/520                                                

 

                                       А.Хд холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

өсвөр насны шүүгдэгч А.Хгийн хууль ёсны төлөөлөгч Х.Ариунтуяа, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолыг өсвөр насны шүүгдэгч А.Хгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1902008730372 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Алаг морьт овгийн Ариунтуяагийн А.Х, 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 117 дугаар гудамжны 5а тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УП02311823/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

Өсвөр насны шүүгдэгч А.Х нь 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 117-5А тоотод байрлах гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт 18,3916 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачлал” их дэлгүүрийн орчим иргэн Д.Мөнхтунгалагийн халааснаас “Самсунг галакси А7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 756.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Алаг морьт овгийн Ариунтуяагийн А.Хг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, өсвөр насны шүүгдэгч А.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ дахин багасгаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Хд энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/441 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Хд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Хгийн цагдан хоригдсон 100 (нэг зуу) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн Samsung гэх бичигтэй цэнхэр өнгийн флаш диск 1 ширхэг, хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий цагаан өнгийн СD 1 ширхэг, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан ажиллагааг дүрс бичлэгээр бэхжүүлсэн СD 1 ширхэг зэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа “цоолж нүхэлсэн Voyage гэсэн бичиглэл бүхий шошготой хуванцар сав 1 ширхэг, тогоо мэт хэлбэр оруулсан тугалган цаас, тамхины иш, цагаан өнгийн хуванцар тавиур, цаас болон тугалган цаасанд боож гялгар уутанд хийсэн нийт 18,3916 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис зэргийн устгах, NZ1147988 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хуйлж соруул мэт болгосон АЕ5809348 серийн дугаартай Монгол Улсын 5 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг зохих байгууллагад шилжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Хгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул өсвөр насны шүүгдэгч А.Хд урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж шийдвэрлэжээ.  

Өсвөр насны шүүгдэгч А.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт амьдардаг. Ээж минь өрх толгойлсон, хөдөлмөрийн чадвараа алдсан, дүү маань 13 настай, хөгжлийн бэрхшээлтэй. А.Х би өөрөө уушигны  сүрьеэтэй гэж оношлогдон эмчийн хяналтад орсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул миний хувийн байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өсвөр насны шүүгдэгч А.Хгийн хувьд гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй. Хувийн байдлынхаа талаар давж заалдах гомдолдоо тодорхой бичсэн байна. Түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайн гэмт хэрэгт нь хуульд заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 1 жил байгаа. Иймд ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь ял шийтгэлийг нь эдлүүлэхээр зааж өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 4 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдардаг. 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай. Одоо 3 хүүхдээ асраад, ажилгүй гэртээ байгаа. Миний охин А.Х уушигны  сүрьеэтэй. Иймд хувийн байдлыг нь харгалзаж үзээд ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгч А.Х нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай хоёр гэмт хэрэгт холбогдсон. Нэмж нэгтгэх асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч А.Х нь 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 117-5А тоотод байрлах гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт 18,3916 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Лхагвасүрэнгийн “...Дөлгөөн бид хоёрыг баривчилсан цагдаа нар А.Хгийн гэрт орж нэгжлэг хийхэд мансууруулдаг өвс гарч ирсэн гэж байсан. ...” /1 хх 56-57/,

өсвөр насны шүүгдэгч А.Хгийн “...Би 2019 оны 9 дүгээр сард байх, Чимгээ гэх танилынхаа хамт Төв аймгийн Жаргалант суманд байх нэг амралтын газар очиж амарсан юм. ...Чимгээ бид хоёр тэр залуучуудтай юм яриад сууж байхад Батболд гэж өөрийгөө танилцуулсан залуу нь нэг цэвэр усны сав гаргаж ирээд хажуу талд нь нүхэлж цоолоод цорго шиг юм хийж, тэрэндээ өвс хийгээд асаагуураар шатааж гарсан утааг нь сорж байснаа хамт явсан хоёр найздаа өгөхөд нөгөө хоёр нь ээлжлээд сорж байснаа намайг сорж үзэх үү гэхээр нь би сонирхоод ганц хоёр удаа сорж үзсэн. ...би Батболд гэж өөрийгөө танилцуулсан залуугаас түрүүнийхээ зүйлээс жоохоныг надаа өгчих гэж гуйсан чинь машиныхаа багажаа онгойлгоод надад гялгар ууттай жоохон өвс өгсөн. ...2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ... би гэнэт Батболд гэх залуугаас авсан өвсөө санаад надад өвс байгаа хэрэглэж үзэх үү гэж Лхагваа, Дөлгөөнөө, Тамираа нараас асуухад тэд нар зөвшөөрч, би амралтын газар байхад Батболд гэдэг залуугийн өвс татсан аргаар Лхагваа, Дөлгөөнөө, Тамир нарын хамт өвсөө татсан. Удалгүй цагдаа нар орж ирээд манай гэрт нэгжлэг хийж, надад байсан өвсийг хурааж авсан. ...Хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг хүмүүс өвс гэж хэлдэг юм байна лээ. ...Энэ ургамал /өвс/-ын талаар хүмүүсийн дам яриа болон интернетээс олж мэдсэн. ...” /1 хх 124-125/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Цаас болон тугалган цаасанд боож, гялгар уутанд хийсэн ургамал өвс мэт зүйл, цоолж нүхэлсэн хуванцар сав, /нүхэнд нь хуйлж хийсэн АЕ5809348 гэсэн серийн дугаартай 5 төгрөгийн мөнгөн дэвсгэрт/, тогоо мэт хэлбэрт оруулсан тугалган цаас, тамхины иш, цагаан өнгийн хуванцар тавиур мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. ...Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. ...” гэх дүгнэлт,

гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 64, 65-67/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгийн явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий цагаан өнгийн СД 1 ширхэг /1 хх 12, 13-17, 18/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлс үзлэг хийж битүүмжилэн хамгаалсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 19-21/ зэрэг нотлох баримтуудаар,

2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачлал” их дэлгүүрийн орчим иргэн Д.Мөнхтунгалагийн халааснаас Самсунг галакси А7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 756.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Мөнхтунгалагийн “...Би ...“Ачлал” их дэлгүүрийн усан оргилуурын урд хоёр хүүхэдтэйгээ алхаад явж байхдаа халааснаасаа Самсунг Галакси А-7 загварын гар утсаа хулгайд алдсан. ...” /1 хх 172/,

өсвөр насны шүүгдэгч А.Хгийн “...Зүүн талынх нь халаасанд нь гар утас нь харагдаад байхаар нь авчихсан юм. ...Миний авсан гэх гар утас Самсунг А-7 загварын гар утас байсан. ...Би тухайн үед Мөнхбаяр, Отгонболд, Чингис гуравтай хамт явж байсан. Гэхдээ намайг хүний халааснаас гар утас авч байхыг тэр гурав харж амжаагүй. ...” /1 хх 239/,

эд зүйл түр хураан авсан тэмдэглэл “...А.Хгаас Самсунг галакси А-7 загварын бор шаргал өнгийн гар утсыг түр хураан авсан. ...” /1 хх 229/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...Д.Мөнхтунгалагт Самсунг галакси А-7 загварын бор шаргал өнгийн гар утсыг хүлээлгэн өгсөн. ...” /1 хх 230/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...гар утас-756.000 төгрөг” гэсэн тайлан /1 хх 231-232/ зэрэг хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг өсвөр насны шүүгдэгч А.Х мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, өсвөр насны шүүгдэгч А.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Үүнээс гадна анхан шатны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан үндэслэл, журмын дагуу хуулийг зөв хэрэглэж, өсвөр насны шүүгдэгч А.Хгийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоосон байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцсэн байх тул өсвөр насны шүүгдэгч А.Хгийн “...сүрьеэтэй гэж оношлогдон эмчийн хяналтад орсон. ...ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэдийгээр өсвөр насны шүүгдэгч А.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг учиртай.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний удмын санд нөхөж баршгүй гэм хортой, зуршил болгодгоор уг гэмт хэргийн нийгмийн хор аюул, хор уршиг илэрдэг.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг нь тухайн хүн өөрөө хэрэглээд зогсохгүй, эргэн тойрны хүмүүс найз нөхдийг уг гэмт хэрэгт уруу татах, даган дуурайж хэрэглэх зэргээр зуршил бий болгох хор хөнөөлийг агуулж байдаг.

Мөн өсвөр насны шүүгдэгч А.Х нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн, өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх нөхцөл болно.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.Хгийн үйлдсэн хэргүүдэд оногдуулахаар заасан төрөл, хэмжээний дотор гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, эдлэх хорих ялуудыг хоёр дахин багасгаж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.

 Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч А.Хгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч А.Хгийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ