Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/103

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А .Мөнхтүшиг,

улсын яллагч У.Анхжаргал,

         шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М. овогт Б. Цд холбогдох эрүүгийн 2302 00000 0452 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М. овогт Б. Ц, /РД: УП./,

Монгол Улсын иргэн, 19.. оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..... дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 15-69 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвийн 3 дугаар давхарт байрлах өрөөнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 2790, 485 дугаарт багтсан, улаан өнгийн хуванцар савтай, 0,75 г/см3 хэмжээтэй, шилэн болон хуванцар савтай, нийт 60 мл хэмжээтэй, “Бензин, Давсны хүчил нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 438 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвийн 3 дугаар давхарт байрлах өрөөнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 2790, 485 дугаарт багтсан, улаан өнгийн хуванцар савтай, 0,75 г/см3 хэмжээтэй, шилэн болон хуванцар савтай, нийт 60 мл хэмжээтэй, “Бензин, Давсны хүчил нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан үйл баримт байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн  1 дүгээр тал/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн  2-7 дугаар тал/, Хэргийн газрын үзлэгийн явцад эд зүйл хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 516 дугаартай прокурорын тогтоол, /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

Гэрч Б.Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Давсны хүчил, Хүхрийн хүчил гэх бодисуудыг буруу ашиглавал хүн, амьтан, байгаль орчинд хор нөлөөтэй бодис юм...” гэх /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

Гэрч Н.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Ц нь дарханы ширээг надаас 2017 оноос хойш түрээслэн алт мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулж байгаа. “...алт мөнгөний дархчууд ямар бодис ашигладаг эсэхийг би мэдэхгүй...”  гэх, /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/393 тоот албан бичгийн 1-р хавсралтын шинжээч Ш.Нямдэлгэрийн “...Шинжилгээнд ирүүлсэн ...“Бензин 2”, “Давсны хүчил 3, 6” гэж хаягласан бодис нь бензин, давсны хүчил (HCI) байна. Бензин, Давсны хүчил нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан бодисын жагсаалтын 3 дугаар хавсралтын дугаар 2790, 485 дугаарт багтсан байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.А., Н.Ц. нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Ц.мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Химийн хорт бодис нь хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд хохирол учруулах эрсдэлтэй тул зөвхөн Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, ашигласан үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан.

Иймд шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч Б.Цд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

Шүүгдэгч Б.Цд тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

Гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа омо гэсэн бичиглэлтэй улаан өнгийн хуванцар тагтай шилэн савтай давсны хүчил гэх 10 грамм “Тунсаа”, “Bonaqua” гэх бичиглэлтэй хуванцар усны саванд хийсэн 30 грамм 23,8 хувийн агуулгатай давсны хүчил /HCL/ шингэн уусмал зүйлийг устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарыг иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М. овогт Б. Ц.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Цд оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “омо” гэсэн бичиглэлтэй улаан өнгийн хуванцар тагтай шилэн савтай давсны хүчил гэх 10 грамм “Тунсаа”, “Bonaqua” гэх бичиглэлтэй хуванцар усны саванд хийсэн 30 грамм 23,8 хувийн агуулгатай давсны хүчил /HCL/ шингэн уусмал зүйлийг устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.

         6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

         7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   П.АРИУНБОЛД