Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч Н.Б,

Шүүгдэгч Х.Б,

Нарийн бичгийн дарга Л.О нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Баатархишигт холбогдох *********** тоот эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уулын өрөмдөгч тэсэлгээчин мэргэжилтэй, *** ХХК-д уулын өрөмдөгч, тэсэлгээчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** аймаг *** сум 1-р баг *-** тоотод оршин суух хаягтай, *** овогт ***ийн *** /РД:хх********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б*** нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *** аймгийн *** сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг *** эмийн сангийн гадна бусдын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж шунахай сэдэлтээр завшиж бусдад 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б*** нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *** аймгийн *** сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг *** эмийн сангийн гадна бусдын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж шунахай сэдэлтээр завшиж бусдад 650,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. 2023 оны 10 сарын 09-ний өдөр *** аймгийн *** сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст иргэн Г.М***аас гаргасан гомдол мэдээллийг бүртгэлийн №268 /1100-4711/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

2. Үүрэн холбооны Юнител ХХК-ийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн ...**************** имей кодтой утсанд ******** дугаарыг 2023 оны 10 сарын 14-ний өдрөөс хийж ашигласан байна... гэх албаны хариу бичиг /хх-ийн 7-р хуудас/

3. Хүрэлсүхийн ***ийн Хаан Банк дахь ******** дансанд гүйлгээ хийгдсэн дэлгэрэнгүй хуулга 2023 оны 10 сарын 07-ны өдөр 15 цаг 10 минутад А-53 утгаар 150,000 төгрөгийн орлого орсон тухай мэдээлэл /хх-ийн 10-р хуудас/

4. "Капитал зууч" үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 10 сарын 12-ны өдрийн самсунг А53 маркийн 64 гв багтаамжтай гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 10 сарын 05-ны өдрийн байдлаар 650,000 төгрөг байна. Үнэлгээчин Я.Б******* гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-17-р хуудас/,

5. Хохирогч Г.М***ын “... 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байгаад 13 цагийн орчим эм авахаар гэрээсээ гараад "***" нэртэй эмийн санд ороод худалдан авалт хийх гэсэн чинь оочиртой байхаар нь хүлээлгийн сандал дээр нь утсаараа оролдоод сууж байгаад оочир нь гайгүй болчихоор нь эмээ аваад гарсан. Тэгээд би *** гэдэг нэртэй хүнсний дэлгүүр лүү орж юм авчхаад тооцоогоо хийх гэсэн чинь утас байхгүй болохоор нь гэртээ үлдээчихсэн юм байх гээд тооцоогоо хийчхээд ирээд үзсэн чинь гэрт байхгүй байсан. Тэгэхээр нь СӨХ-ийн камерыг шүүгээд үзсэн чинь бас утсаа хаясан зүйл байхгүй байсан. Тэгэхээр нь *** эмийн сангийн камерыг шүүгээд үзсэн чинь миний хажууд хүлээлгийн сандал дээр сууж байсан хүүхэдтэй эмэгтэй миний утсыг аваад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. Тухайн эмэгтэйтэй уулзсан чинь би авах нь авсан тэгээд айсандаа гарч ирээд эмийн сангийн үүдэнд орхичихсон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

6. Иргэний нэхэмжлэгч Ч.Д***ын “...Миний бие *** аймгийн *** сумын 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** худалдааны төвийн гар утас худалдааны 2-1-р лангууг ажиллуулдаг ба 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үл таних 30 орчим насны эрэгтэй хүн манай лангуун дээр ирээд цагаан өнгийн Самсунг А53 загварын гар утасныхаа "Кодыг мартчихсан, гаргуулах гэсэн юм" гэж хэлсэн ба би үзэж байгаад "7 хоногийн дараа код нь гарах боломжтой юм байна" гэж хэлэхэд "Удаан хүлээж чадахгүй, зарчихъя" гэхээр нь 150,000 төгрөгөөр худалдаад авсан ба мөнгийг би өөрийн ******** тоот данснаас тухайн хүний өгсөн ********* тоот данс руу шилжүүлэн өгсөн. Ингээд би өөрийнхөө ******** дугаарын сим картыг худалдан авснаасаа хойш 7 хоногийн дараа хийж идэвхжүүлэхэд цагдаагаас залгасан ба удалгүй тухайн гар утсыг цагдаад хүлээлгэн өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. Надад гар утас зарсан хүн миний 150,000 төгрөгийг надад төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

7. Гэрч Ч.Д***ын ”...2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь нэг танихгүй залуу ирээд Самсунг А53 маркийн цагаан өнгийн гар утас барьчихсан код гаргуулъя гээд ирсэн. Тэгэхээр нь би гаргах гэсэн чинь чадахгүй байсан тул энэ утасны кодыг гаргахын тулд удаан хүлээх юм байна гэсэн чинь "Та тэгвэл сэлбэгт өгчхөөч" гэхээр нь би 150,000 төгрөгөөр л авна гэсэн чинь за егье гээд 5058160523 дугаарын дансанд би 150,000 төгрөг А53 гэсэн утгатай хийсэн. Тухайн утасныхаа кодыг 7 хоногийн дараа гаргаад би өөрөө барьсан юм. Ер нь би иймэрхүү асуудлаар *** цагдаад өмнө шалгуулж байсан учраас сайн мэддэг. Тэгээд гэмт хэргийн замаар алдсан утас байвал эзэн нь холбогдох байх гэсэн утгаараа өөрөө 2-3 сарын хугацаанд барьдаг. Тухайн гар утас зарсан гэх залууг одоо харвал танина. 30 орчим насны шар залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

8. Яллагдагч Х.Б*** *** “...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10-11 цагийн орчим *** эмийн сан ортол очер ихтэй байхаар нь гадаа гараад баруун талынх нь машины зогсоол дээр тамхи татчихаад тамхиа унтраах гэтэл зогсоолын боржур дээр цагаан өнгийн утас байхаар нь аваад өөр эмийн сан явж эмээ авсан. Тэгээд олсон утсаа машиндаа үлдээгээд мартчихсан байсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 07-ны өдөр *** аймаг руу явах ажил гараад *** *** гэдэг газар очоод нөгөө утасныхаа түгжээг гаргуулах гэтэл гаргахгүй, чи сэлбэгт өгөх үү? гэхээр нь тэгье гээд 150,000 төгрөгөөр сэлбэгт өгчхөөд явсан. Эмийн сангийн гаднаас олсон гэх гар утас цагаан өнгөтэй, А53 загварын гар утас байсан. Би тухайн гар утсыг түгжээг нь гаргаад хэрэглэе гэж бодсон юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээч гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулан шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Х.Б*** нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *** аймгийн *** сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг *** эмийн сангийн гадна бусдын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж шунахай сэдэлтээр завшиж бусдад 650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”  гэжээ.

Шүүгдэгч Х.Б*** нь хохирогч Г.М***ын гар утсыг авсан үйлдэл нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Х.Б*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгч Х.Б***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хохирол хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Хохирогч Г.*** 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр утсаа олж авсан тул гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Х.Б*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын хүрээнд  мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Х.Б***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Б***т оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглохоор тогтоов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй.

Бусад асуудал:

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт *** *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Х.Б***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаатай зорчих эрхийг ял оногдуулсугай.

3. Шүүгдэгч Х.Б***т оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглосугай.

4.Шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид  мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.з

6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.АЛГИРМАА