Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/02825

 

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/02825

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Б-ийн Д /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 0 тоот хаягт оршин суух, З овогт Ц-ийн М /РД: 00000000/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 4,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ггийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай Б.И ХХК нь корона вирусын эсрэг ашиглахаар ажилчиддаа зориулж маск худалдаж авахаар шийдвэрлээд компанийн борлуулалт хариуцсан менежер Б.Д-д 3,800 ширхэг маск худалдан авч, хангамжид хүлээлгэн өгөх үүргийг өгсөн. Энэ үүргийн дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр фэйсбүүкийн Маск болон гар ариутгагч худалдаа, хүргэлт гэх группт хариуцагч Ц.М-ийн оруулсан Гурван давхар шүүлтүүртэй Турк маск зарна, НӨАТ-тэй бол 1,550 төгрөг, НӨАТ-гүй бол 1 ширхэгийг нь 1,500 төгрөгөөр зарна гэх зарын дагуу нэг ширхэг маскийг 1,500 төгрөгөөр тооцож нийт 3,800 ширхэг маскийг 5,700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Хариуцагчийн үзүүлсэн 1 ширхэг маск нь насанд хүрсэн хүн зүүхэд тохиромжтой, 3 давхар байсан тул үнийг тус өдөр хариуцагчийн Хаан банкин дахь 5031530128 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл уг маск нь анх зар дээр бичигдсэнээсээ өөр хэмжээтэй буюу насанд хүрсэн хүний нүүрний хэмжээнээс жижиг, хэрэглэх боломжгүй байсан. Үүнийг мэдээд энэ талаар хариуцагчид нэн даруй буюу 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн. Нэхэмжлэгч 100 ширхэг маскийг хэрэгцээндээ хэрэглэсэн. Үүнээс хойш удаа дараа мөнгөө авья гэж нэхсэн боловч надад буцааж өгөх мөнгө байхгүй, буцааж өгнө гэсээр өнөөг хүрлээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, хариуцагчтай уулзахад доголдолтой маскаа хараад хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 3,700 ширхэг маскаа буцааж авсан. Маскны буцаалтын мөнгийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны дотор барагдуулна гэсэн бичгийг хийлгэж авсан. Хариуцагч нь 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 50,000 төгрөг, мөн сарын 4-ний өдөр 100,000 төгрөг, мөн сарын 5-ны өдөр 50,000 төгрөг, мөн сарын 8-ны өдөр 100,000 төгрөг, мөн сарын 9-ний өдөр 50,000 төгрөг, мөн 11-ний өдөр 150,000 төгрөг, 12-ны өдөр 50,000 төгрөг, 15-ны өдөр 50,000 төгрөг, 17-ны өдөр 100,000 төгрөг, 20-ны өдөр 100,000 төгрөг, 23-ны өдөр 50,000 төгрөг, 28-ны өдөр 50,000 төгрөг, нийт 900,000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл 4,650,000 төгрөгийг хариуцагч Ц.М-оос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.М-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Би 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 3,800 ширхэг маскийг нэг ширхэгийг нь 1,500 төгрөгөөр тооцож Б.Д-д худалдсан, тухайн үедээ Б.Д нь асуудалгүй маск байна гээд мөнгөө 12-ны өдөр миний данс руу шилжүүлсэн. 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр миний фэйсбүүк хаяг руу чиний маск гологдсон гэх зурвас ирсэн. Маск аваад буцаахдаа хүмүүс сольж өгөх гэсэн оролдлого гаргадаг учир би буцаах боломжгүй гэдгээ хэлсэн. Б.Д нь маскийг авахдаа өөрийн биеэр шалгасан болно. Б.Д нь цагдаад өргөдөл өгнө, чи манай Б.И ХХК-г луйвардсан гэх зурвасыг ирүүлсэн бөгөөд тэр өдөртөө Баянзүрх дүүргийн цагдаагаас ярьж байна, маргааш өглөө 10.00 цагт ирж уулз гэж дуудсан. Маргааш нь яваад очиход Б.Д намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд намайг цагдаагийн байгууллагын дэд дарга дээр дагуулж орсон, энэ юун хүн бэ гэж асуухад манай байгууллагын хуулийн зөвлөх, одоо чиний асуудлыг шийдээд өгнө гэх хариуг өгсөн. Тэгээд Б.Д чи цагдаагаар явбал ял авна, наад маскаа зараад мөнгийг нь өгч манай байгууллагыг хохиролгүй болго, эсхүл цагдаагаараа явья, манай байгууллага өдөр болгон дансаа шалгах боломжгүй тул миний данс руу мөнгийг хий гэж надаар өргөдөл бичүүлээд маскийг цагдаагаар дарамтлүүлж надад хүчээр буцааж өгсөн. Миний бие нь Б.Д-д хүлцэнгүй хандаж 20 хоногт 900,000 төгрөгийг өгч байхад өдөр бүр мөнгөө нэхэхээр нь би сольсон маскаа буцаагаад авах байх гэж бодсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

   Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Ц.М-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 4,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч ... маскийг Б.Д шалгаад асуудалгүй байна гээд авсан, цагдаагаар дарамтлуулж 3,700 маскийг надад хүчээр өгсөн, маскийг хүмүүс сольж буцаагаад өгөх явдал байдаг. Доголдолтой маск би зараагүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, Б.И ХХК нь корона вирусээс ажилчдаа урьдчилан сэргийлэхэд зориулж 3,800 ширхэг макс худалдаж авахаар борлуулалт хариуцсан менежер Б.Д-гээр дамжуулан хариуцагч Ц.М-той 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 3,800 ширхэг маскийг 1 ширхэгийг 1,500 төгрөгөөр тооцож, нийт 5,700,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож, худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ... Манай Б.И ХХК нь корона вирусын эсрэг ашиглахаар ажилчиддаа зориулж маск худалдаж авахаар шийдвэрлээд компанийн борлуулалт хариуцсан менежер Б.Д-д 3,800 ширхэг маск худалдан авч, хангамжид хүлээлгэн өгөх үүргийг өгсөн. Энэ үүргийн дагуу нэхэмжлэгч Б.Д нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр фэйсбүүкийн Маск болон гар ариутгагч худалдаа, хүргэлт гэх группт хариуцагч Ц.М-ийн оруулсан Гурван давхар шүүлтүүртэй Турк маск зарна, НӨАТ-тэй бол 1,550 төгрөг, НӨАТ-гүй бол 1 ширхэгийг нь 500 төгрөгөөр зарна гэх зарын дагуу нэг ширхэг маскийг 1,500 төгрөгөөр тооцож нийт 3,800 ширхэг маскийг 5,700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. гэх тайлбар, Б.И ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээс үзвэл Б.И ХХК нь ажлын хэрэгцээнд 3,800 ширхэг маск худалдаж авахаар Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т Хэлцлийг төлөөлөгчөөрөө дамжуулан хийж болно. гэж зааснаар Б.Д-гээр дамжуулан Ц.М-той макс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Д нь өөрийн нэрийн өмнөөс хариуцагч Ц.М-оос гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Б.И ХХК нь Б.Д-д шаардах эрхээ шилжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Д нь шаардах эрхгүй байх тул хариуцагч Ц.М-ид холбогдуулан гаргасан 4,650,000 төгрөг гаргуулах тухай Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.М-оос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР