Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/998

 

 

 

 

 

 

 

 

  2023        10           03                                      2023/ШЦТ/998   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2023/0978

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч М.Улсболд,

шүүгдэгч Е.С /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.С-д холбогдох эрүүгийн 2302003820223 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа Хархорин худалдааны зах дээр гар утасны засвар, алт мөнгөний дарханы ажил хийдэг, Сонгинохайрхан дүүрэг, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суудаг, ам бүл 5, эцэг, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Е.С /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Е.С нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 08 цагийн орчим Төрийн ордны урд талын Чингис хааны хөшөө буюу хориглосон хэсэгт нэвтрэх үед төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хууль сахиулагч, хохирогч М.Г-н тавьсан шаардлагыг биелүүлэхгүйгээр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн,

2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн авто машины зогсоол дээр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенц”-ын II жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай нийт 0,3690 грамм цэвэр жинтэй мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Е.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Нүүрсний хулгайн хэрэг гараад өвлийн хүйтэнд Монголчууд 3 хоног жагссан. Төрийн ордон руу яваад орчих нэг ч хүн байгаагүй. Хэн ч гарч ирж тайлбар хийгээгүй. Тэрэнд бухимдаад ганцаараа очсон. Би 2022 оноос хойш хар тамхи хэрэглэж эхэлсэн. Одоо ухаарч байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс:

2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 126 дахь тал)

2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Ууганбатын илтгэх хуудас (1-р хавтаст хэргийн 127 дахь тал)

Албан тушаалын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 163-166 дахь тал)

Хохирогч М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2023 оны 2-р сарын 12-ны өдөр Төрийн ордны хамгаалалтын бүсэд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл өглөө 8 цагийн үед дээгүүрээ цээж нүцгэн залуу Сүхбаатарын хөшөөний хажуугаар гүйгээд гараад ирсэн. Тэгээд Төрийн ордон руу чиглээд ирсэн тул би шатны доод хэсэгт очоод та нэвтэрч болохгүй гэж хэлээд асуухад надад хандан орилоод холд би орох хэрэгтэй байна гэж хэлээд шууд Төрийн ордон тал руу шат өгсөөд гүйсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөлгүй орж болохгүй гэж шаардлага тавьсан. Тэгтэл миний гараас мултраад дээш гүйгээд шатны дээд хэсэг Чингис хааны хөшөө байдаг хэсэг рүү гарсан. Би тухайн үед зөвшөөрөлгүй орж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Миний шаардлагыг үл биелүүлэн Чингис хааны хөшөөний талбай хэсэг дээр гарсан..., ...Төрийн ордны хамгаалалтын тухай хуулийн 8-р зүйлд зааснаар Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгээс урд талын шат хүртэл зөвшөөрөлгүй хүн нэвтрэхийг хориглоно гэсэн заалт байдаг бөгөөд миний хувьд уг хуулийн дагуу зөвшөөрөлгүй нэвтэрч болохгүй гэсэн шаардлага тавьсан..., ....тухайн иргэн намайг явуулахгүй, зөвшөөрөлгүй дээш нэвтэрч болохгүй гэх үед намайг түлхэээд дээш гүйсэн. Тэгээд би араас нь яваад дээд тал хэсэгт очиж барьж авах үед намайг цохих гэж 3-4 оролдсон. Гэхдээ нэг цохилт нь миний эрүүнд хальт хүрсэн. Тэрнээс өөрөөр надад гэмтэл учирсан зүйл байхгүй. Харин хууль сахиулах чиг үүргийн үйл ажиллагаа алдагдсан. ” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 180 дахь тал)

2023 оны 5-р сарын 02-ны өдөр СД бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 182-184 дэх тал)

2023 оны 4-р сарын 17-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хавтаст хэргийн 186 дахь тал)

2023 оны 5-р сарын 10-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (1-р хавтаст хэргийн 3 дахь тал)

2023 оны 5-р сарын 10-ны өдөр Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 4-8 дахь тал)

2023 оны 5-р сарын 10-ны өдөр Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 16-18 дахь тал)

2023 оны 5-р сарын 12-ны өдрийн 298 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хавтаст хэргийн 35-36 дахь тал)

2023 оны 7-р сарын 19-ний өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хавтаст хэргийн 37 дахь тал)

Гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүүхдийн паркийн хашаанд ороод зогсоход Е.С Н*** клуб орчихоод ирье гээд Заяа бид хоёрыг машинд үлдээгээд явсан. Нээх удаагүй буцаж ирээд машинд суусан. Машинд суунгуут нь би одоо хаачих юм бэ гэхэд Е.С чигээрээ очоод хашаанд тулаад зогсчих гэхээр нь би хөдлөөд хашаанд тулаад зогссон. Дөнгөж зогссон чинь энгийн хувцастай цагдаа нар цонх тогшоод байсан би сандарсандаа хаалга тайлж өгөхөөс айгаад байж байтал машины цонх хагалаад бид хэдийг баривчилсан юм. Тэр үед Е.С амандаа цагаан цаастай зүйл хийсэн байсан. Цагдаад баривчлагдаж байх үедээ амнаасаа нулимаад гаргаж байсан. Тэр нь машины зүүн хойд дугуйны хажууд унаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 41 дэх тал)

Гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 18 цагийн үед Баку буюу Е.С-н гэрийн гадаа яваад очиход Е.С гэрээсээ гарч ирсэн. Төгөлдөр, Е.С бид 3 уулзаад юм ярьж байсан чинь Е.С хүүхдийн парк орох хэрэгтэй байна гэхээр нь Т бид 2 хүүхдийн парк хүргэж өгөөд зогсоол дээр нь зогссон чинь Баку буюу Е.С эндээс лок авах гэж байгаа талаар хэлсэн..., ...Е.С машинаас буугаад минут ч болоогүй байж байгаад буцаад машинд орж ирээд суусан. Тэгээд хөдөлсөн чинь энгийн хувцастай цагдаа нар цонх тогшиход Төгөлдөр хаалга онгойлгож өгөөгүй цоожилсон чинь цонхыг нь хагалаад хаалга онгойлгоод бид гурвыг баривчилсан юм. ...Е.С хүүхдийн парк дээр ирээд тийшээ зогсчих гээд хэлээд зогсоогоод лок авчихаад ирье гэж буусан юм. Орж ирэхдээ авсан үгүйгээ хэлж амжаагүй ийшээ хөдлөөд зогсчих байрлал олоод зогсчих гэх үед л цагдаа нар ирсэн юм...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 43 дахь тал)

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяагийн 2023 оны 5-р сарын 26-ны өдрийн 2314 дугаартай “...1.2.3. шинжилгээнд ирүүлсэн “...Е.С S-12...” гэсэн хягтай шээснээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2-р жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 61-62 дахь тал)

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяагийн 2023 оны 5-р сарын 30-ны өдрийн 2315 дугаартай “...1.2.3. ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэв тэнцэж байна. Хагархай тарианы шил, хуванцар соруул, хуйлсан AP1702399 гэсэн сери дугаартай 500-тын мөнгөн дэвсгэрт, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаас, гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2-р жагсаалтад багтдаг болно. 4. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 4,4559гр, цэвэр жин 0,3690 гр байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 66-68 дахь тал)

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...1.Е.С нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт  мэдээлэл үгүй байна. Е.С нь 2023.05.10-ны өдөр Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 2.Е.С нь мансууруулах, сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Харин Е.С нь Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. 3. Е.С нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Е.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх 446 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 78-79 дахь тал)

Яллагдагч Е.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид 3 надад байсан “мөс” гэх бодисыг тээврийн хэрэгсэл дотор нь цуг хэрэглэсэн. Тэгээд би тэр 2-т хүүхдийн парк орох хэрэгтэй байна гээд дагуулаад очсон. Хүүхдийн паркийн зогсоол дээр 20 цагийн үед очиж зогсоход нь би өөрийн найз Б над руу явуулсан зурагтай локыг нь авахаар очсон. Тэгээд би газраас локоо авчихаад буцаад машинд суутал энгийн хувцастай цагдаа нар ирээд цонх тогшоод хаалга онгойлго гэхээр нь би сандраад нөгөө авсан цаастай юмаа шууд амандаа хийчихсэн юм. Тэгтэл цагдаа нар цонх хагалж хаалга онгойлгоод намайг чирж буулгасан. Машинаас гарсан хойноо би нөгөө цаастай зүйлээ нулимж гаргасан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 108 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Е.С нь 2023.02.12-ны өглөөний 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт дэвсгэр Төрийн ордны урд талын Чингис хааны хөшөө буюу хориглосон хэсэгт зөвшөөрөлгүйгээр цээж нүцгэн, орилж хашгирсан зүй бус байдалтай гүйн ирж хууль бусаар нэвтрэхийг завдах үедээ Төрийн тусгай хамгаалалтын албаны шалган нэвтрүүлэгч офицер хохирогч М.Г-н тавьсан хууль ёсны шаардлагыг үл хэрэгсэн түүнийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

Мөн тэрээр 2023.05.10-ны оройн 20 цагийн орчим хориглосон экстази, метамфетамин, амфетамин зэрэг сэтгэцэд нөлөөт бодис /хар тамхи/-ыг хэрэглэсэн явж байх үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн авто машины зогсоол дээр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенц”-ын II жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай нийт 0,3690 грамм цэвэр жинтэй мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис /хар тамхи/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Е.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Е.С-н хувьд хар тамхи, мансууруулах бодисын олон давтамжтай, гүнзгий хэрэглээнд орж донтсон байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Е.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Г-н зүгээс шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.Г нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болон бусад хор уршгийн талаар нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Е.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл анги, хэсгүүдэд заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тохирох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргажээ.

Шүүгдэгч Е.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  1 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлүүлэх ялын хэмжээг тогтоов.  

Мөн шүүгдэгч Е.С-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Төрийн ордны урд хэсгийн хяналтын камерын, цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг, нэгжлэг хийх үеийн бичлэг бүхий 3ш СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа цэвэр жин нь 0,3690 гр жинтэй мөс гэх нэршилтэй цайвар өнгийн талстлаг бодис, AP1702399 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хагархай тарианы шил, хуванцар соруул зэрэг /хар тамхи, түүнийг татаж хэрэглэх зориулалт бүхий/ эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Е.С-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Е.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Е.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.С-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Е.С-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хохирогч М.Г нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болон бусад хор уршгийн талаар нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэвэр жин нь 0,3690 гр жинтэй мөс гэх нэршилтэй цайвар өнгийн талстлаг бодис, AP1702399 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хагархай тарианы шил, хуванцар соруул зэрэг /хар тамхи, түүнийг татаж хэрэглэх зориулалт бүхий/ эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газар /хэлтэс/-т даалгаж, эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын болон энгэрийн камерын бичлэг, нэгжлэгийн үеийн бичлэг бүхий 3 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Е.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ж.БОЛДБААТАР