| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0033/э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2017-03-21 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч
Хохирогч Ш.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар
нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 02 сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Н.Н
Шүүгдэгч Н.Ннь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 сарын 24-ний орой 22 цагийн орчимд ... тоотын гадаа бусдыг илдэт үл хүндэтгэн иргэн Ш.Гыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, мөн цагдаа дуудах гэлээ гэсэн шалтгаанаар түүний гар утсыг нь авч шидэн санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тэр орой М гэх залуутай айлын хаалга андуураад тогшсон. Тэгээд уучлаарай гээд хаалгыг хаахдаа хүчтэй саваад хаасан нь үнэн, хохирогч шөнө орой болсон байхад айлын хаалга нээж хаадаг хэн бэ гээд уурлаад гарч ирсэн тэгэхээр нь хаалга андуурсан байна гэж хэлээд доошоо гараад явж байтал араас цамцнаас зуураад цагдаа дуудна гэж хэлсэн. Би гараа угз татаад автал Г унасан. Би Гыг гараараа татаж босгоод гараад явсан. Тэр үед хохирогч болон ээж дүү нар нь араас гарч ирсэн. Тэгээд бид 2 айл андуурчихаж бид нар явлаа гэж хэлээд явсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ш.Гы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны орой гэртээ хоолоо идээд сууж байтал цонх эхлээд тогшсон, дараа нь хаалга тогшихоор нь би ахыгаа байна гэж бодоод хаалгаа нээтэл айл асууя гээд нэг залуу хаалга гараараа чагталаад байсан. Асуу асуу гэхэд асуухаа болилоо гэж хэлээд хаалга хүчтэй савж хаасан. Хаалганд миний гар хавчуулагдсан тул би араас нь гарсан юм. Манай орц гэрэлгүй байсан ба Ннамайг түлхэж унагасан. Тэгээд Ннамайг утсаараа цагдаа дуудах үед миний утсыг гар мушгиж аваад тасласан, эргүүлж өгөхдөө яаж өгсөнийг санахгүй байна, миний гараас гар утсыг авч шидээгүй. Тэгтэл манай гэрийнхэн бүгд гараад ирсэн. Тэр 2 залуугийн нэг нь машиныхаа урд таглаж зогсоочихоод байсан ба манай дүү машины номерыг харсан байсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 10 сарын 24-ний 22 цагийн орчимд охин Г ажлаасаа ирээд байж байсан ба охин гал тогооны өрөөнд байсан ба гэнэт хаалга онгойлгоод охин гараад явахаар нь араас нь удалгүй гарах үед охин Г энэ хүн намайг зодоод байна гэж байсан. Харахад юүдэнтэй цамцтай хүн байсан зодож байхыг нь хараагүй юм тэгээд гараад очтол охин Г энэ хүн миний гарыг эвгүй болгочихлоо гэж байсан тэгээд охин Г цагдаа руу явсан... Охин Г ирэхдээ гараа шохойдуулаад шөнө 02 цагийн орчимд ирсэн... Тухайн үед манай орц гэрэл гэгээ байхгүй харанхуй байсан.....” гэсэн мэдүүлэг
Гэрч Х.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 10 сарын 24-ний орой... Нөөрийн машинтайгаа 2,5 литрийн Боргио нэртэй пивийг дунд нь ортол уучихсан халамцуу байсан. Тэгээд би Нтай хамт нөгөө пивийг нь машин дотор хувааж ууж дуусгаад ... миний машин болох ... улсын дугаартай Ист маркийн машин дотор байсан 2,5 литрийн Боргио пивийг аваад 5 дугаар цэцэрлэгийн хашааны гадаа машин дотор хувааж ууцгаасан... Нын гэр лүү явах замдаа офицерийн 80 айл гэдэг нэртэй газрын замын хойд талын 2 давхар нийтийн байранд миний таньдаг үсчин байдаг юм. Тэгээд тэр үсчинг байна уу үгүй юу гэж үзэхээр уг нийтийн байранд таньдаг үсчин байдаг юм. ...Нбид хоёр хамт уг нийтийн байрны орцруу ороод номерийг нь санахгүй байна уг айлын хаалгыг тогшиход ... эмэгтэй хаалгаа тайлж өгөхөөр нь би энд үсчин хийдэг эмэгтэй байдаг уу гэж асуухад нөгөө эмэгтэй тийм хүн байхгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би аан за айл андуурчихлаа уучлаарай гэж хэлээд хаалгыг нь хаах гэтэл нөгөө эмэгтэй өвдөгөөрөө хаалга тулаад хаахгүй бид хоёр луу уурлаад хэл амаар доромжлоод дайраад байхаар нь уучлаарай гээд хаалгыг нь хаах гэтэл орилоод байсан юм. Тэгэхээр нь би Нт хаалгыг нь хаачих хамт гаръя гэж хэлээд би эхэлж гараад машиндаа суух гэж байтал араас удалгүй Нгарч ирээд машинд суугаад хөдлөх үед нөгөө эмэгтэйн дүү бололтой нэг эмэгтэй гарч ирээд машины дугаар харсан... Тэгтэл Нажлын үүднээс машинаас буугаад зугтаачихсан юм. Тэгээд би ажил дээр ирэхэд бид 2-луу дайраад байсан эмэгтэй ирчихсэн сууж байсан....” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 10 сарын 24-ны өдрийн 22 цагийн үед гэртээ унтах гээд байж байтал гадаа нэг юм чанга дуугарахаар хүмүүс хоорондоо хэрэлдээд байхаар нь гараад очтол манай эгч Г, эмээ М 2 гэрийн гадаа гарчихсан нэг улаан хүрэн өнгийн малгайтай цамцтай залуутай хэрэлдээд байхаар нь та болиочээ гэж хэлэхэд намайг нэг юм хэлээд түлхээд байхаар нь би айсандаа холдсон. .....Яг зодож байхыг нь хараагүй гэсэн мэдүүлэг,
Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн ... дугаартай дүгнэлтэнд: “...Ш.Гы биед тархи доргилт, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт
Ашид билгүүн ХХК-ны ... дугаартай үнэлгээнд:
“...Note 2 маркийн гар утасны дэлгэц 100,000 төгрөг...” гэсэн дүгнэлт
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 16, 38/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17, 38, 60, 101/
Дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох тогтоол /100/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байна.
Шүүгдэгч Н.Нын үйлдэлд Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэрэг нь бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс сэдэлт, зорилгоороо ялгагдах ба шүүгдэгч Н.Нын гэмт үйлдэлд танхайн гэмт хэргийн субъектив болон объектив шинж бүрэн хангагдаагүй, уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ... тоотод оршин суух хохирогч Ш.Гы гэрийн хаалгыг шүүгдэгч Н.Ннь айл андуурч тогшсоноос тэдний хооронд маргаан үүсч бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Ш.Гы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би ахыгаа байна гэж бодоод хаалгаа нээтэл 2 залуу айл асууя гээд хаалга гараараа чагталаад байсан. Асуу асуу гэхэд асуухаа болилоо гээд хаалга хүчтэй савж хаасан...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Мын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгэхээр нь би аан за айл андуурчихлаа уучлаарай гэж хэлээд хаалгыг нь хаах гэтэл нөгөө эмэгтэй өвдөгөөрөө хаалга тулаад хаахгүй бид хоёр луу уурлаад хэл амаар доромжлоод дайраад байхаар нь уучлаарай гээд хаалгыг нь хаах гэтэл орилоод байсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 10 сарын 24-ний 22 цагийн орчимд охин Г ажлаасаа ирээд байж байсан ба ... гэнэт хаалга онгойлгоод охин гараад явахаар нь араас нь удалгүй гарах үед охин Г энэ хүн намайг зодоод байна гэж байсан. Харахад юүдэнтэй цамцтай хүн байсан зодож байхыг нь хараагүй юм “ гэсэн мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Хохирогч Ш.Гы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Ннамайг утсаараа цагдаа дуудах үед миний утсыг гар мушгиж аваад тасласан, эргүүлж өгөхдөө яаж өгсөнийг санахгүй байна, миний гараас гар утсыг авч шидээгүй...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас шүүгдэгч Н.Ннь цагдаа дуудах гэлээ гэсэн шалтгаанаар түүний гар утсыг нь авч шидэн санаатай гэмтээсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, нотолгоогүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Н.Ннь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Ннь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн прокурорын газраас Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Н.Ныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Н.Нт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгсосугай.
4.Шүүгдэгч Н.Ннь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН