| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 183/2019/00114/И |
| Дугаар | 001/ХТ2022/01147 |
| Огноо | 2022-11-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2022/01147
С.А-ын хууль ёсны төлөөлөгч
Д.С, Б.Ө нарын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02347 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар магадлалтай,
С.А-ын хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Ө нарын нэхэмжлэлтэй,
“М ц” боловсрол, сургалтын байгууллагад холбогдох,
Гэм хорын хохиролд 17,425,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюуны гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.А-ын хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Ө нар хариуцагч “М ц” боловсрол, сургалтын байгууллагаас гэм хорын хохиролд нийт 17,425,130 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02347 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “М ц” боловсрол, сургалтын байгууллагаас гэм хорын хохиролд 12,377,730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-ын хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Ө нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,047,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 245,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М ц” боловсрол, сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 212,993 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “12,377,730” гэснийг “10,427,104” гэж, “5,047,400 гэснийг “6,998,026” гэж өөрчилж, 2 дахь заалтын “212,993” гэснийг “181,783” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,994 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.07-ны өдрийн 183/ШШ2020/02347 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 42 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр 10,427,104 төгрөгийн шаардлагын хүрээнд эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчид болох Д.С, Б.Ө нар 2018.10.17-ны өдрөөс 2018.10.22-ны өдрийн хооронд С.А-ын хамт Япон улс руу явсан, эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн үйл баримт тогтоогдсон. Шүүх Япон улсад ирж, очих онгоцны зардалд С.А болон түүний асран хамгаалж авч явсан 1 хүний зардалд нийт 5,087,700 төгрөг, зочид буудлын зардалд 4,027,847 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журамтай нийцжээ” гэж хэргийн хууль зүйн үндэслэлийг дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн “... харин шүүх эмчилгээний зардалтай холбоотой хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй...” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг 10,427,104 төгрөг гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч сургалтын гэрээ байгуулж, сургалтын төлбөрийг төлөөгүй бөгөөд гэм хороос учирсан гэм хорын зардлыг хуваарилахдаа зөвхөн “М ц” -т 100 хувь дангаар хариуцуулахаар шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Учир нь “М ц” Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 11 дүгээр зүйлийн 11.2.9, 11.2.10, 11.2.11, 12 дугаар зүйлийн 12.8.6, Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэмд заасан “суралцагчийн аюулгүй байдлыг хангах үүрэг”-ээ биелүүлсэн бөгөөд зөрчөөгүй. 2018.10.12-ны өдөр ангийн багш Т.Э-О, туслах багш Н.Н нар хүүхдүүдийг салхинд гаргаж байх үед С.А гулгуураас гулгаад буух үедээ гараа эвгүй дарснаас болж гэмтэл үүссэн гэж хоёр багш нь ярьж тайлбарласан, хөндлөнгөөс хүүхэд болон багш нөлөөлж гэмтээсэн зүйлгүй. Гэмтлийн эмнэлэг хүлээн авч үзээд рентген зураг авч, гипс тавьж, тэр даруй шаардлагатай эмчилгээг хийсэн. Бид хүүхэд цэцэрлэгт сурах хөгжих, нөхцөл боломжийг бүрэн хангаж ажилласан. Хуулийн дагуу үүрэг, хариуцлага хүлээсэн албан ёсны ажлын гэрээ хийсэн эрхлэгч, анги даасан багш, туслах багш нар нь өдөр тутмын үйл ажиллагаагаа хариуцдаг ба хариуцлага алдсан тохиолдолд багш нар өөрсдөө хариуцлага хүлээдэг. Тухайн өдөр буюу 2018.10.12-ны өдөр ангийн багш Т.Э-О, туслах багш Н.Н нар С.А-ын хажууд хариуцан ажиллаж байсан. Тоглоомын талбай нь “Жигүүр Гранд” ХХК барьсан бөгөөд тоглоомын стандарт шаардлага хангасан, эрх бүхий байгууллагаас стандарт шаардлагыг хангуулсны үндсэн дээр зориулалтын дагуу ашиглагдаж байгаа.
4.2. Харин Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.12-т “Цэцэрлэг нь хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулна”, 14.2-т “Эцэг, эх, асран хамгаалагч дараах үүрэгтэй”, 14.2.7-д “хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, цэцэрлэгийн эрхлэгчтэй гэрээ байгуулах үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан. Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа нь жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр эхлэн дараа жилийн 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болдог бөгөөд энэ нь боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын ажил хэргийн хүрээнд нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголт юм. Тухайн хичээлийн шинэ жил эхлэх бүрд эцэг, эх нь сургалтын гэрээг байгуулах үүрэгтэй болохыг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.7-д зааснаар хуульчилсан гэж үзэх бөгөөд Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан эцэг, эх үүргээ хэрэгжүүлсэн эсэх нөхцөл байдал нь гэм хорын хохирлын хэмжээг багасгах, урьдчилан сэргийлэхэд хамааралтай. Дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно”, 9.3-т “Байгаль, цаг уурын болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан тогтоосон онцгой дэглэм, хорио цээрийг харгалзан цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүрд нь өөрчилж болно.” 9.4-т “Цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг энэ хуулийн 9.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг түр хугацаагаар хаахыг хориглоно.” гэж хуульчилсан ба 2018-2019 оны хичээлийн жил бүх нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа сургалтын хуваарь өөрчлөгдөөгүй болно.
4.3. Иймд нэхэмжлэгчийн эцэг, эх нь сургалтын гэрээ байгуулаагүй, сургалтын төлбөрт нэг ч төгрөгийг цэцэрлэгт төлөөгүй байхад нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг “М ц” -т 100 хувь дангаар хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ” гэсэнтэй нийцээгүй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ эцэг, эх биелүүлээгүй нь гэм хорын хохирлын хэмжээг ихэсгэх, багасгах эсэх, ямар хэмжээнд хариуцах вэ? гэдгийг шүүх нарийвчлан дүгнэж үзээгүй, хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нягтлан үзэлгүй гэм хорын хохиролд 12,377,730 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. Хуулиар хүлээсэн үүргээ нэхэмжлэгчийн эцэг, эх биелүүлээгүй буюу 2018 оноос 2019 оны хичээлийн жилийн сургалтын гэрээг байгуулаагүй. Хэрэв эцэг, эх, суралцагчийн гэрээг 2018 оноос 2019 оны хичээлийн жилд шинэчлэн байгуулснаар сургалтын үйл ажиллагааны явцад гэм хорыг ямар журмаар( даатгал, эрсдэлийн сан зэрэг хэлбэртэй)ямар хэмжээнд хэрхэн хариуцах нь тодорхой болж талуудын хооронд итгэлцлийг хамгаалж, хүүхдийн эрх илүү хамгаалагдах учиртай бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирлыг багасгах ач холбогдолтой. Хэрэв нэхэмжлэгчийн эцэг, эх нь 2018-2019 оны хичээлийн шинэ жилд сургалтын гэрээг байгуулж, төлбөрөө төлсөн бол гэм хороос үүссэн асуудлыг хэнд ямар хэмжээнд хариуцуулах вэ?, урьдчилан сэргийлж даатгал болон бусад аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл тодорхой байх хууль зүйн үндэслэлтэй. Талуудын хооронд тогтсон уламжлал нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авах бүрд суралцагчийн эцэг, эх тухайн жил бүр хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, цэцэрлэгийн эрхлэгчтэй гэрээ байгуулах хуулиар хүлээсэн үүргээс нэхэмжлэгчийн эцэг, эх чөлөөлөгдөхгүй, нэхэмжлэгч 2016, 2017 онуудад цэцэрлэгийн үйлчилгээ авсан нь 2018-2019 оны хичээлийн жилд хамаарна. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж дүгнэн үзэх боломжгүй. Боловсролын болон сургуулийн өмнөх боловсрол олгох, сургалт хүмүүжлийн харилцаанд заавал гэрээ байгуулахыг хууль тогтоогч шаардсаныг Иргэний хуулийн дагуу ердийн харилцаанд мөрдөгддөг гэрээ байгуулагдах нөхцөлтэй адилтган шүүхээс үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4.4. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нисэх онгоцны зардал 2,213,000 төгрөг, хамт харгалзан явсан нэг хүний онгоцны зардал 2,874,400 төгрөг, зочид буудлын зардал 4,027,847 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч “М ц” -ийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Шинжээч томилуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.07.01-ний өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгч С.А-ад учирсан эрүүл мэндийн гэм хор нь хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл, Монгол Улсад эмчлэгдэх боломжтой, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2020.04.30-ны өдрийн хохирлын үнэлгээгээр 6,424,609 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд эдгээр дүгнэлтийн асуудлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаагүй, шинжээчийн дүгнэлт гаргах явцад Япон улс руу явсан нисэх онгоцны билет, зочид буудлын баримтуудыг шинжээчийн дүгнэлтэд тусгуулах эрхээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эдлээгүй нь дээрх нөхцөл байдлын хариуцагч болно. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2-т “гэм хор учруулах үед цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
4.5. Нэхэмжлэгч Япон улс руу зайлшгүй явах шаардлагатай байсан гэх нөхцөл байдал 2019.07.01-ний өдрийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн, хохирлын хэмжээг ‘‘Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2020.04.30-ны өдрийн хохирлын үнэлгээгээр 6,424,609 төгрөг гэж тогтоосон, нэхэмжлэгч нь хариуцагчтай сургалтын гэрээ байгуулаагүй, сургалтын төлбөрөө төлөөгүй учраас хариуцагч “М ц”-ээс нисэх онгоцны зардал 2,213,000 төгрөг, хамт харгалзан явсан нэг хүний онгоцны зардал 2,874,400 төгрөг, Япон улсад байрласан зочид буудлын зардал 4,027,847 төгрөг зэрэг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн дагуу хохирогчид төлөгдөх зайлшгүй бүх зардалд хамаарагдахгүй. Иймд шүүх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг хэрэглэж 2018.12.19-ний өдрийн байдлаар Япон иен 23,46 төгрөгийн ханштай гэсэн баримтаар нийт 3,262,183 төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан болох нь нотлогдож, зочид буудлын зардалд 139,053 иен буюу Монголбанкны зарласан ханшийн лавлагаагаар “2018.12.19-ний өдрийн байдлаар Япон иен 23,46 төгрөгийн ханштай гэсэн баримтаар 4,027,847 төгрөгийн зардал гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “М ц” боловсрол, сургалтын байгууллагаас гэм хорын хохиролд 12,377,730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-ын хууль ёсны төлөөлөгч нарт олгож”, “М ц” -ээр 100 хувь төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хууль зүйн үндэслэлгүй.
4.6. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэм хорын хохиролд хамаарах зардлуудыг нэхэмжлэгчид учирсан эрүүл мэндийг сэргээх, эмчилгээ хийлгэхэд шууд шалтгаант холбоотой нөхцөл байдал, үйл баримтыг нэхэмжлэгч нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүхэд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн С.А-ын Япон улсын Тайто эмнэлгийн Гэмтэл согог эмчилгээний тасагт ... 2018.10.17-ны өдөр үзлэг, шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 139,053 иен буюу 3,262,183 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтууд, төлбөрийн нэхэмжлэл болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк буюу нэхэмжлэгчийн эцэг, эхийн хамаарал бүхий банкнаас олон улсын карт хооронд хийгдсэн нөхцөл байдалд ч хамааралтай. Харин нэхэмжлэгчийн тухайн эмнэлэгт хийлгэсэн оношилгооны дагуу шууд төлөгдсөнийг нотолсон болон Япон улсын Тайто эмнэлгийн Гэмтэл согог эмчилгээний тасагт нэхэмжлэгчийн эрүүл мэндийг сэргээн засахад ямар эмчилгээ хийгдсэн нь тодорхойгүй бөгөөд эмчилгээ хийгдсэн эсэхтэй холбоотой нэмэлт нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлээгүй боловч үзлэг, шинжилгээ хийлгэхэд гарсан зардалд 30,633 иен буюу 718,650 төгрөгийг “М ц” -ээр 100 хувь төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг Япон улсад эмчлүүлэх, нисэх, зочид буудалд байрлах талаар нэхэмжлэгчийн эцэг, эх нэг ч удаа “М ц” -т хандан хүсэлт тавиагүй болно.
4.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасныг нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2018.10.17-ны өдөр эмчилгээний зардал 139,053 иен, буудлын зардал 171,690 иен, ирж очих тийз гурван хүний зардал 10,135,100 төгрөгийг нэхэмжилдэг, эдгээр нь 2018.10.12-ны өдрөөс 2018.10.24-ний өдрийг хүртэл цаг хугацаанд хамааралтай гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлдог. Гэвч валютын ханшны лавлагааг “2018.12.19-ний өдрийн байдлаар Япон иен 23,46 төгрөгийн ханштай” гэсэн баримтаар нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон нь гэм хорын хохирлын тооцоог тооцоход үндэслэл тодорхойгүй болгох хэргийн үйл баримтыг зөв эргэлзээгүй дүгнэхэд хангалтгүй байхад шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч С.А-ын хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Ө нараас хариуцагч “М ц” боловсрол, сургалтын байгууллагад холбогдуулан гэм хорын хохиролд 17,425,130 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 12,377,730 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 10,427,104 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн.
7. Нэхэмжлэгчээс “... 2018.10.12-ны өдрийн 15:30 цагийн үед “М ц” -ээс залгаж, С.А- цэцэрлэгийн гаднах байрны тоглоомын талбай дээр гулсуураас гулгаж байхдаа гэмтсэн гэж хэлсэн. “М ц” нь Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийн 2.1.2-т заасан үүргээ зөрчсөн. Тухайн үед С.А-ыг Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж рентген зураг авхуулахад зүүн гарын тохойн буглаг ясны дисталь хэсэгт зөрүүтэй, хөндлөн бүтэн хугарсан, хагалгаа хийх шаардлагатай гэсэн. Иймд 2018.10.17-ны өдөр Япон улс руу явж эмчлүүлсэн тул эмчилгээний зардал 139,053 иен буюу 3,262,183 төгрөг, буудлын зардал 171.690 иен буюу 4,027,847 төгрөг, 2 талын онгоцны тийз гурван хүний зардал 10,135,100 төгрөг, нийт 17,425,130 төгрөгийн хохирол учирсныг гаргуулж өгнө үү...” гэснийг,
хариуцагч эс зөвшөөрч “...тухайн өдөр ангийн багш, туслах багш нар хүүхдүүдийг гадна салхинд гаргаж байх үед С.А нь гулсуураас гулгах үедээ гараа эвгүй дарснаас болж гэмтэл үүссэн. Хөндлөнгөөс хүүхэд болон багш нөлөөлж гэмтээгээгүй. Тухайн үед гэмтлийн эмнэлэг үзээд рентген зураг авч, гипс тавьж, тэр даруй шаардлагатай эмчилгээ хийгдсэн... С.А-ын эцэг, эх нь 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэгтэй албан ёсны гэрээ байгуулаагүй, ямар ч төлбөр төлөөгүй, энэ нь хүүхдэд анхаарал хандуулахгүй гэсэн үг биш боловч байгууллагын дотоод дүрэм, журамд захирагдах ёстой. Цэцэрлэгийн зүгээс хууль, дүрэм зөрчөөгүй... Тухайн өдөр ангийн багш Т.Э-О, туслах багш Н.Н нар хариуцлага алдсан, хариуцлагаа өөрсдөө хүлээх ёстой. Тоглоомын талбайг стандартын дагуу хийж тохижуулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...хариуцагч нь С.А-тай сургалтын гэрээ байгуулалгүйгээр 2018-2019 оны сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтдаа хамруулан, үйлчилгээ үзүүлж байсан тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.2-т заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ, С.А нь 2018.10.12-ны өдөр тоглоомын талбайд биедээ гэмтэл авсан болох нь тогтоогдсон, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 11 дүгээр зүйлийн 11.2.9, 11.2.10, 11.2.11, 12 дугаар зүйлийн 12.8.6, Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэмд заасан “суралцагчийн аюулгүй байдлыг хангах үүрэг”-ээ хариуцагч байгууллага биелүүлээгүйгээс суралцагч С.А-ын эрүүл мэндэд гэм хор учирсан байх тул түүний хууль ёсны төлөөлөгч нар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар С.А-ыг Япон Улсын Тайто эмнэлгийн Гэмтэл согог эмчилгээний тасагт үзлэг, шинжилгээ хийлгэхэд 21,395 иен, Япон Улсын Мицүй Кинэн эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийлгэхэд 107,340 иен, эмчилгээний сиди хуулах үйлчилгээ 1080 иен, Япон Улсын Тайто эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийлгэхэд 9238 иен, нийт эмчилгээний зардалд 139,053 иен буюу тухайн үеийн Монголбанкны зарласан ханш 23,46 төгрөгөөр тооцоход 3,262,183 төгрөг, мөн 2018.10.17-ны өдрөөс 2018.10.24-ний өдөр хүртэл хугацааны зочид буудлын зардалд 139.053 иен буюу 4,027,847 төгрөг, онгоцны зардалд С.А болон түүнийг харгалзан авч явсан нэг хүний зардал 5,087,700 төгрөг, нийт 12,377,730 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн.
9. Давж заалдах шатны шүүх дээрх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... анхан шатны шүүх эмчилгээний зардалтай холбоотой хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй, нэхэмжлэгч 2018.10.17-ны өдөр Япон улсын Тайто эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн, 2018.10.22-ны өдөр тус эмнэлэгт эмчилгээний үр дүнг харахын тулд давтан үзлэг хийлгэсэн байх тул эдгээр төлбөрийг гаргуулах нь зүйтэй, харин 2018.10.18-ны өдөр Япон улсын Мицүй Кинэн эмнэлэгт давхардуулан үзлэг хийлгэсэн боловч ийнхүү үзүүлэх шаардлагатай байсан гэх үндэслэл шалтгаан тодорхой биш, нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас тус эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардал 107,340 иен буюу 2,518,196 төгрөг, сиди хуулах 1080 иен буюу 25,336 төгрөг, нийт 2,543,532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэжээ.
10. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзлээ.
11. С.А- нь “М ц” -ийн сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байх үедээ (тоглоомын талбайд тоглож байхдаа) гэмтэл авсан нь тогтоогдсон тул хариуцагч байгууллагыг суралцагчийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ, иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-ийн дагуу “...хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай... эс үйлдэхүйгээрээ бусдад гэм хор учруулсан...” гэж үзэх ба энэ тохиолдолд мөн хуульд зааснаар хариуцагч байгууллага хариуцлагыг хүлээнэ. Иймд “...хариуцагч гэм буруугүй, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй этгээд хариуцлагаа өөрсдөө хүлээнэ...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
12. Мөн нэхэмжлэгч нар нь хүүхдийнхээ биед учирсан гэмтлийг Япон улсад очиж эмчлүүлснийг “зайлшгүй гарах зардал биш” гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй тул энэ талаарх (Тодорхойлох хэсгийн 4.4-4.6-д заасан) гомдлыг хангах боломжгүй.
13. Түүнчлэн “... нэхэмжлэгч нар сургалтын гэрээ байгуулаагүй байхад Иргэний хуулийн дагуу гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, гэм хорын хохирлыг “М ц” -т 100 хувь дангаар хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д нийцэхгүй... ” гэсэн агуулга бүхий уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-4.3-т заасан гомдол үндэслэлгүй. Хэдийгээр талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч С.А нь тухайн хичээлийн жилийн эхнээс (2018.09.01-ээс 2018.10.12-ны өдрийг хүртэл) сургалтад хамрагдаж байсан үйл баримтыг үгүйсгэх боломжгүй юм. Түүнчлэн “гэрээ байгуулсан бол хариуцлагыг хуваарилах байсан” гэх үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй байна.
14. Нэхэмжлэгч нар өөрт учирсан хохирлыг нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны албан ёсны ханшаар тооцож шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т нийцэх тул энэ талаарх гомдол (Тодорхойлох хэсгийн 4.7) үндэслэлгүй болно.
15. Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 181,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД