Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2026/0484

 

        

 

 

 

 

 

Ү ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0470 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ү ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч Ц.Б, Ц.М

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0987/З                                          

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0470 дугаар шийдвэрээр “...Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ҮХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М нарт холбогдуулан гаргасан 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-212500000** дугаар актын тэмдэглэх хэсгийн 6, 7, 8 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Маргаан бүхий НА-212500000** дугаар захиргааны акт 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарсан, дээрх захиргааны акт гарсан цаг хугацаанд Улсын дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001/XT2025/0011 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр нь манай компанийн жонш олборлож экспортод гаргах үйл ажиллагаатай шууд хамааралтай бөгөөд жишиг үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүхий үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэж заасны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол буюу Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтооолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн тогтоолоор түдгэлзүүлсэн нөхцөл байдлыг татварын улсын байцаагч нар үнэлээгүй. Тухайлбал, татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М нар татварын хяналт шалгалтыг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд хийсэн нь нөхцөл байдлыг бодитоор үнэлэх боломжит хугацаа байсан. Гэтэл Ү ХХК-ийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн гэрээний үнээр АМНАТ-ийг тайлагнасыг буруутгах үндэслэл болохгүй, олон улсын жишиг үнэ гэх хийсвэр үнээр тооцож татвар ногдуулж байгаа нь хууль хэрэглээний хувьд компанийн эрх ашгийг дордуулж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг бүрэн бодитой үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх дараах үндэслэлээр эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

3.1. Хариуцагч татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М нар нь 2125100204 дугаар томилолтын дагуу Ү ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалтыг явуулжээ.

3.2. Маргаан бүхий 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-212500000** дугаар нөхөн ногдуулалтын актаар 443,324,526.07 төгрөгийн нөхөн татвар, 460,335,325.3 төгрөгийн торгууль, 718,794,388.88 төгрөгийн алданги, нийт 1,622,454,240.025 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

3.3. Нэхэмжлэгч Ү ХХК-иас дээрх нөхөн ногдуулалтын актын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоосон хэсэг болох ТЭМДЭГЛЭХ НЬ хэсгийн 5, 6, 7, 8 дахь хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын  маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн НА-212500000** дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.

3.4.  Ийнхүү    нэхэмжлэгч   хуулийн   этгээдээс    НА-212500000**    дугаар   нөхөн ногдуулалтын   актын   ТЭМДЭГЛЭХ     НЬ   хэсгийн     6, 7, 8   дахь    хэсгийг    хүчингүй болгуулахаар маргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3.5. Учир нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.3-д “суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах”, гэж,

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:”, 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:”, 47.2.1-т “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;”, 47.3-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна:”, 47.3.3-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална”, 47.10-д “... энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Ү ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн хувьд 2021 онд экспортод гаргасан 14,138.22 тонн хайлуур жоншны борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнийг баримтлан АМНАТ үндсэн төлбөр 5.0 хувь, нэмэлт төлбөр 5.0 хувь тооцож, тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тайлагнан төсөвт төлөх үүрэгтэй байна.

Гэтэл хэрэгт авагдсан гаалийн мэдээгээр Ү ХХК нь 2021 онд 14,138.22 тонн хайлуур жоншны хүдрийг БНХАУ-д экспортод гарган худалдан борлуулсан болох нь тогтоогдож байхад тэрээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2021 онд 14,071.59 тонн жоншинд 7,640,825,779.12 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрт 382,041,288.94 төгрөг төлөхөөр тайлагнан, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд илгээж баталгаажуулсан байна.

Дээрхээс үзэхэд ҮХХК 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11209100821E000045 дугаартай гаалийн мэдүүлгээр экспортолсон 66.63 тонн жоншны тоо хэмжээг дутуу тайлагнасан, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр огт тайлагнаагүй, экспортод гаргасан 14,071.59 тонн жоншны борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр тооцож тайлагнасан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “...Маргаан бүхий НА-212500000** дугаар захиргааны акт 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарсан, дээрх захиргааны акт гарсан цаг хугацаанд Улсын дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001/XT2025/0011 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр нь манай компанийн жонш олборлож экспортод гаргах үйл ажиллагаатай шууд хамааралтай бөгөөд жишиг үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай 81 дүгээр тогтоолоор Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг 1 дүгээр хавсралт ёсоор, зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан бөгөөд тус тогтоолын 2 дугаар хавсралтын 5-д экспортод гаргаж буй хайлуур жоншны АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжийг www.indmin.com цахим хуудаст байршсан олон улсын худалдааны /international Commercial Terms/ FOB /free on board/ нөхцөлөөр зарлагдсан үнэ байхаар тогтоосон.

Уг тогтоолын 2 дугаар хавсралтын 5-д заасан ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг цахим эх сурвалжтай холбоотойгоор А ХХК нарын нэр бүхий 13 компаниас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан маргаж, Улсын дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2025/0011 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Улмаар Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дугаар хавсралтад заасныг Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг цахим эх сурвалжийг www.fastmarkets.com гэж 2025 оны 38 дугаар тогтоолоор өөрчилсөн байх бөгөөд энэ нь маргаан бүхий зөрчлийг гаргасан цаг хугацаанд үйлчлэхээргүй байна.

Тодруулбал, хариуцагч нараас маргаан бүхий актыг гаргахдаа зөрчил гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2016 оны  81 дүгээр тогтоолыг хэрэглэсэн нь зөв бөгөөд тус тогтоолыг шүүхээс хүчин төгөлдөр бус болохыг тогтоогоогүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.8. Ийнхүү нэгэнт нэхэмжлэгч Ү ХХК нь Засгийн газраас зарлан, тогтоосон олон улсын хөрөнгийн биржийн зах зээлийн үнээр бус, хайлуур жоншийг экспортолсон гэрээний дүнгээр мэдүүлж, тухайн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцсон нь, мөн ашигт малтмалын нөөц ашигласны нэмэгдүүлсэн төлбөрийг тайлагнаагүй нь дээр дурдсан хууль тогтоомжид нийцээгүй, түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар ногдуулсан төлбөрийг хуулийн хугацаанд нь төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт хууль зүйн үндэслэлтэй.

3.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ

                       

                        ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

 

                       ШҮҮГЧ                                                          Ц.ОДМАА