Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2019/0730

 

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2019/0730

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Б, О.О, иргэдийн төлөөлөгч Л.Ц,

Нэхэмжлэгч: Н.Ч.

Нэхэмжлэгч: Б.Б.

Хариуцагч: Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Хариуцагч: Эрдэнэс таван толгой ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо.

Гуравдагч этгээд: Б.Э-ын баг,

Гуравдагч этгээд: Б.Ж-ын баг

Гуравдагч этгээд:Л.Б-ийн баг

Нэхэмжлэлийн шаардлага:Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлт нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны ЭТТ/2018/02221 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ч, хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Эрдэнэставан толгой ХК-ийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Ц.С, гуравдагч этгээд Б.Ж-ын багийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, иргэдийн төлөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас анх тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Нэхэмжлэгч нар нь Сангийн яамнаас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар албан бичгээр тендерт холбогдуулан дүгнэлт гаргасан болохыг Эрдэнэс таван толгой ХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03/2339 дугаар албан бичиг болон, түүнд хавсаргасан материалаас олж мэдсэн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

Төрийн өмчийн хуулийн этгээд Эрдэнэс таван толгой ХК-с зарласан Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2018/02221 дугаартай тендер шалгаруулалтад нэхэмжлэгч Н.Ч, Б.Б нар бусдын хамт 4 хүнтэй зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг болон оролцсон бөгөөд Эрдэнэс таван толгой ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос манай багийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж дүгнэсэн болно.

Уг тендер шалгаруулалтад иргэн О.Ч нарын баг тендер ирүүлсэн боловч Эрдэнэс таван толгой ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос тэдгээрийн ирүүлсэн тендерийг хянаад тус багт ажиллах Ч.Энхбаярын татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн гэрчилгээг ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй тендер гэж үзэн тендер шалгаруулалтаас хассан байжээ.

Иргэн О.Ч уг Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу сангийн яаманд хандан гомдол гаргасан байсан.

Сангийн яам гомдлыг хянаад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтээр О.Ч нарыг хассан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа өөр үндэслэл гарган дахин тендер шалгаруулалт зарлахыг үүрэг болгосон нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Үүнд:

Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна гээд захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1, 11.1.2 т заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг ойлгоно гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно гэж, мөн зүйлийн 13.2-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж тус тус заасан байна.

Сангийн яам нь иргэн О.Ч-ийн гомдлыг хянаад хууль зүйн үр дагавар үүсгэсэн шинэ захиргааны акт гаргахдаа эрх нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч нарыг оролцуулаагүй хуулийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 15, 31, 32 дугаар зүйлүүдэд заасан О.Ч-ийн гомдолтой танилцах, мэдээлэл авах, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхийг минь зөрчсөн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тогтоосны дотор 52.1.5-д захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх, 52.1.7-д энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх-ээр тус тус заасан байна. Монгол Улсын Сангийн яам нь дээрх хуулийн заалтын дагуу хяналтыг тавихдаа зохих журмыг мөрдөж байгаа эсэхийг хянах, гомдлыг хянах эрх хэмжээтэй байна. Тодруулбал, Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянах гэдэг нь зөвхөн гомдолд туссан асуудлыг хянаж шалгах буюу гомдлын хүрээнд шалгаж шийдвэрлэх, мөн зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих гэдэг нь хууль болон өөрийн батлан гаргасан дүрэм, журам, захиалагчаас нэгэнт гаргачихсан тендерийн баримт бичгээ мөрдсөн эсэхийг хянах гэсэн ойлголт юм.

Гэтэл Монгол Улсын Сангийн яам нь О.Ч-ээс захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянахдаа гомдлын хүрээнээс давж буюу захиалагчийн тендер зарласан зарлалд хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьсан атлаа зөвлөх багийн танилцуулга ирүүлэхийг шаардсан нь зөрчил гэсэн дүгнэлт өгч уг үндэслэлээр дахин тендер зарлахыг мэдэгдэж байгаа нь илтэд хууль бус бөгөөд дээрх хуулийн заалтуудад нийцэхгүй байна.

Монгол Улсын Сангийн яам нь иргэн О.Ч-ийн гаргасан гомдлыг хянаж, дахин тендер зарлах шинэ захиргааны акт гаргахдаа түүний гомдлыг танилцуулаагүй, гомдлыг хэлэлцэхэд юу яригдсан нь тодорхойгүй болно.

Хэрэв О.Ч гомдолдоо зарлалд хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьсан атлаа зөвлөх багийн танилцуулга ирүүлэхийг шаардсан нь зөрчил гэсэн гомдол гаргасан бол уг гомдлыг Монгол Улсын Сангийн яам хүлээн авч хянах эрх зүйн болоод хууль зүйн үндэслэл байгаагүй юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д зааснаар Сангийн яам тендерийн шалгаруулалтад хяналт тавихдаа захиалагч болон үнэлгээний хороо нь хууль, журам, тендерийн баримт бичгийг зөрчсөн эсэхийг л хянах ёстой.

Түүнчлэн тендерт оролцохыг урьсан зарлал нь өөрөө захиргааны актын шинжийг агуулаагүй, шууд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд зарлал ойлгомжгүй, тодорхойгүй асуудал байсан бол тендерт оролцох сонирхолтой этгээд /О.Ч/ нь захиалагчаас бичгээр болон утсаар, амаар тайлбар, лавлагаа авах эрхтэй байсан бөгөөд бид ч ийнхүү тодруулж, асуудлыг тодорхой болгож байна. Нөгөө талаас Монгол Улсын Сангийн яам захиалагчаас гаргасан зарлалыг зөрчилтэй гэсэн хууль зүйн үндэслэл огт байхгүй юм.

Үүнээс гадна захиалагчаас тендер зарласан зарлалын 1 дэх заалтаар хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьсан, 3 дахь заалтад зөвлөх багийн танилцуулга ирүүлэхийг шаардсан нь хэм хэмжээ агуулаагүй тул эрх зүйн зөрчил гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Монгол хэл зүйн талаасаа ч энд зөрчилтэй асуудал огт байхгүй, ялангуяа хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолтой байгаа хуульчдад ойлгомжгүй, зөрчилтэй агуулга тусгаагүй байна. Тухайлбал, захиалагчийн гаргасан зарлалаас харвал татварын асуудлаар хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэж байгаа этгээд нь хувь хүн байх, ингэхдээ хэрэв тэр нь хуульч байхаас гадна татварын болон нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн зөвлөх, итгэмжлэгдсэн этгээдийн эрхтэй байгаа бол дангаараа /ганцаараа/ тендерт оролцох боломжийг хязгаарлаагүйгээс гадна ийм олон мэргэшил, ур чадвар нэг хүнд байх боломжгүй нь тодорхой тул эдгээрийг эзэмшсэн хэд хэдэн хувь хүн оролцох боломжтой бөгөөд ингэхдээ заавал эдгээр шаардлага хангасан хүмүүсээс бүрдсэн баг оролцоно гэж ойлгогдохоор тодорхой байхад Монгол Улсын Сангийн яам ийнхүү дүгнэлт хийж байгаа нь илтэд нэг талыг баримталсан гэж үзэхээр байна.

Иймд зарлал зөрчилтэй гэдгээр тендерийн үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл огт байхгүй байхад Сангийн яам ийм дүгнэлт хийж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна.

Эдгээрээс гадна хэрэв О.Ч зарлалтай танилцаад, зарлалыг захиргааны акт гэж үзсэн бол, тэгээд эс зөвшөөрсөн бол захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээр 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан.

Ийнхүү хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл, захиргааны байгууллагад гомдол гаргаагүй байсан нь уг зарлалыг ойлгосон, эсхүл зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ нь түүнээс тендерт оролцохоор материалаа ирүүлсэн байгаагаас үзэхэд тэрээр уг зарлалыг ойлгож, зөвшөөрсөн гэдэг нь нотлогдож байгаа юм.

Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно гэж, мөн зүйлийн 35.2-т тухайн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно гэж заасныг тайлбарлан хэрэглэжээ.

Ингэхдээ хуульд баг гэсэн ойлголт байхгүй байхад тендерт баг оролцохоор зарласан нь хууль бус гэх агуулгатай тайлбар хийсэн нь Монгол Улсын Сангийн яам хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3-т заасан хувь хүн гэдэг ойлголт нь цорын ганц хүн байх гэсэн ойлголт огт биш юм. Өөрөөр хэлбэл хувь хүн гэдэг нь эрх зүйн ойлголт, нэр томьёо бөгөөд эрх зүйн харилцаанд оролцох бодгаль хүний эрх зүйн байдал, статусыг тогтоосон томьёолол тул энэ нь нэг хүн гэдэг ойлголт бишээс гадна, хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3 дахь заалт нь хувь хүн гэдэг статустай эрх зүйн этгээд хэд хэдэн хүн оролцохыг хориглосон заалт биш болно.

Баг гэдэг нэр томьёо нь эрх зүйн ойлголт биш боловч хүмүүс үйл ажиллагаагаа хамтран явуулахдаа хэрэглэж заншсан зохион байгуулалтын хэлбэр буюу ердийн харилцаанд өргөн хэрэглэгддэг ойлголт. Иймд баг-аар оролцоно гэсэн нь хуулийн зөрчил гэж үзэх үндэслэл байхгүй байна. Жишээлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байдаг.

Шүүх хуульд хүн нэхэмжлэл гаргана гэж заасан учир 2-оос дээш хүмүүс нийлж, нэгтгэж нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлаагүйтэй адил юм.

Дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, нэхэмжлэгч нарын тендерээ шударгаар үнэлгээ хийлгэж хууль ёсны ашиг сонирхол, эрхийг хөндсөн тул хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг минь хамгаалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Ч-аас тус шүүхэд хандан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 тоотоор гаргасан дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахгүй. Нэгэнт тендерийн үйл ажиллагаа явагдахгүй, татварын маргаан шүүхээр шийдвэрлэгдээд явж байна. Өөрөөр хэлбэл бидний хувьд ач холбогдолгүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцох шаардлагагүй гэж үзэж байна. гэв.

Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Нэг. Нэхэмжлэгчээс Монгол Улсын Сангийн яам Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2018/02221 дугаартай тендер шалгаруулалттай холбогдох гомдол хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийг баримтлаагүй, зөрчсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах туухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино гэж заасан.

Мөн тендерт оролцогч нарын гомдол гаргах хугацаа, түүнийг ямар хугацаанд шийдвэрлэх, гаргах шийдвэрийн төрлийг хуулийн Долдугаар бүлгийн 54, 55, 56 дугаар зүйлээр тус тус тусгайлан зохицуулсан байдаг. Монгол Улсын Сангийн яам тендер шалгаруулалттай холбогдох гомдлыг тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй,эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасны дагуу тендерт оролцогч нараас ирүүлсэн гомдлыг холбогдох материалд үндэслэн 14 хоногт багтаан хянан шийдвэрлэдэг.

Ийнхүү тендер шалгаруулалтын гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээ буюу 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасны дагуу тендерийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хууль бус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хянан шийдвэрлэдэг.

Хоёр: Нэхэмжлэгч Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянах гэдэг нь зөвхөн гомдолд туссан асуудлыг хянаж шалгах буюу гомдлын хүрээнд шалгаж шийдвэрлэх, мөн зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих гэдэг нь хууль болон өөрийн батлан гаргасан дүрэм, журам, захиалагчаас нэгэнт гаргачихсан тендерийн баримт бичгээ мөрдсөн эсэхийг хянах гэсэн ойлголт юм гэж дурдсан байна.

Гэтэл Монгол Улсын Сангийн яам нь О.Ч захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянахдаа гомдлын хүрээнээс давж буюу захиалагчаас тендер зарласан зарлалд хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьсан атлаа зөвлөх багийн танилцуулга ирүүлэхийг шаардсан нь зөрчил гэсэн дүгнэлт өгч уг үндэслэлээрээ дахин тендер зарлахыг мэдэгдэж /энэ нь заавал биелэгдэх шинжтэй захиргааны актын үр дагавар үүсгэсэн болно/ байгаа нь илтэд хууль бус бөгөөд дээрх хуулийн заалтуудад нийцэхгүй байна гэжээ.

Хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Монгол Улсын Сангийн яамны эрх үүргийг тодорхой зааж, захиалагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахыг хуулиар даалгасан. Захиалагч хуулийн 46 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Сангийн яам тендерийн гомдлыг хянахдаа хууль болон өөрийн батлан гаргасан дүрэм, журам зөрчигдсөн эсэхийг хянадаг. Монгол Улсын Сангийн яам нь тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлын дагуу тендер шалгаруулалтыг хянан үзээд хэрэв хууль, журам зөрчигдсөн тохиолдолд хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргадаг эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага болно.

Гурав: Нэхэмжлэгч Монгол Улсын Сангийн яаманд зарлалыг хянах, зарлал буруу гарсан гэх үндэслэлээр тендерийг хүчингүй болгох эрх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгоогүй болно гэжээ.

Хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно гэж заасан бөгөөд захиалагч татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч буюу татварын болон хууль, эрх зүйн зэрэг олон салбарыг хамарсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зарласан.

Тендерийн урилгад хувь хүн санал ирүүлэхээр заасан хэдий ч зөвлөх баг сонгохоор зөрүүтэй урилга зарласан нь хуулийн 37 дугаар зүйлд заасан зөвлөх сонгох үнэлгээний арга сонгох журмыг зөрчсөн, цаашид тендер шалгаруулалтын үнэлгээ хийх боломжгүй байдал бий болсон.

Монгол Улсын Сангийн яам тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянан үзээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад энэ хуулийг захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх гэж заасны дагуу захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй байдаг. Захиалагч зөвлөх үйлчилгээний тендерийг зарлахдаа хуулийн 35, 37 дугаар зүйлийг зөрчсөн тул Монгол Улсын Сангийн яам хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлтэй юм.

Дөрөв: Нэхэмжлэгч Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно гэж тодорхой заасан бөгөөд 35.2-т тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно гэж, 35.3-т тухайн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно гэж заасныг тайлбарлан хэрэглэжээ. Ингэхдээ хууль баг гэсэн ойлголт байхгүй байхад тендерт баг оролцохоор зарласан нь хууль бус гэх агуулгатай тайлбар хийсэн нь Монгол Улсын Сангийн яам хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэжээ.

Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно гэж тодорхой заасан байдаг бөгөөд хуульд баг гэсэн үг байхгүй болно. Сангийн яам хууль тайлбарлах субъект биш бөгөөд хуулийг тайлбарлаагүй, тодорхой заасан заалтыг үндэслэл болгон хуулийн хүрээнд шийдвэр гаргасан болно. Харин дээрх тендер шалгаруулалт нь татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч буюу татварын болон хууль, эрх зүйн зэрэг олон салбарыг хамарсан байх тул захиалагч хувь хүн биш хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтыг үндэслэн хуулийн этгээдийг сонгох ёстой байсан.

Мөн нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Б.Б, Н.Ч нараас Эрдэнэс таван толгой ХК-аас зарласан Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2018/02221 дугаартай тендер шалгаруулалттай холбогдуулан Сангийн яамнаас гаргасан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хариу тайлбар гаргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоох шийдвэр гаргана гэж заасан.

Эрдэнэс таван толгой ХК нь тус тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шаардлагагүй болсон тухай мэдэгдсэн нь Сангийн яамны шийдвэрийг биелэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй төдийгүй тендер шалгаруулалт зохион байгуулагдахгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгчид аливаа ашиг сонирхол бий болохгүй юм. гэв.

Хариуцагч: Эрдэнэс таван толгой ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон болон Ц.Сарантуяа нар нь шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Иргэн И.Чинбат, Б.Б нарын Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Эрдэнэс таван толгой ХК-ийн тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрдэнэс таван толгой ХК нь Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2018/02221 дугаартай тендер зарлан, тендер сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан.

Тус тендерт оролцогч иргэн О.Ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу Монгол Улсын Сангийн яаманд тендер шалгаруулалттай холбоотойгоор ... тендер шалгаруулалтыг хууль бус болсон гэдэг үндэслэлээр гомдол гаргасан.

Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянаж, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 тоот гомдол хянасан тухай албан бичгээр иргэн О.Ч-ийн гомдлыг үндэслэлгүй байна, захиалагч хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэсний зэрэгцээ дараах хариуг Эрдэнэс таван толгой ХК-д өгсөн.

Уг албан бичигт ... Захиалагч 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зарлалын 1 дэх заалтад хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна гэсэн боловч 3 дахь заалтад нь зөвлөх багийн танилцуулга, багийн ахлах нь хууль зүйн чиглэлээр, багийн 1 гишүүн татвар, санхүү, нягтлан бодогчийн чиглэлээр гэж багийн шаардлага тавьж өгсөн байгаа нь хоорондоо зөрчилдөж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно гэж тодорхой заасан бөгөөд 35.2-т тухайн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно гэж, тухайн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно гэж тус тус заасан.

Иймд хуулийн дээрх заалтын алинд ч хамаарахгүй баг гэдэг зүйлийг сонгон шалгаруулахаар зарласан нь хуулийн үндэслэлгүй байх тул хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулахаар зарласан нь хуулийн үндэслэлгүй байх тул хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахыг үүгээр мэдэгдье ... гэсэн байсан.

Сангийн яамны шийдвэр нь Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага... гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно гэж заасны дагуу эцсийн шийдвэр болох тул захиалагч уг тендерийг хүчингүй болгож, дахин зарласан.

Эрдэнэс таван толгой ХК нь Тендерийн хуулийн дээрх заалт, Сангийн яамны 2018 оны 6-1/6421 тоот албан бичгийг үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд О.Ж-ын багийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх, нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Миний хувьд гуравдагч этгээд Б.Ж-ын багийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Хураангуй жагсаалтад үлдсэн оролцогчдын дунд тендер сонгон шалгаруулалтыг явуулж өгөөч гэсэн байр суурьтайгаар орохоор төлөвлөж байсан. Тендерийн маргаан анхан болон давж заалдах шатны шүүхээр хянагдаж шийдвэрлэгдсэн байна. Сангийн яамны шийдвэрийн зөв, буруу эсэхийг шийдвэрлэсэн нь зөв байх гэсэн саналтай байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ч, Б.Б нар анх тус шүүхэд хандан Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны ЭТТ/2018/02221 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаа: Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлт нь хууль бус байсан болохыг тогтоолгох хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгч нарын энэхүү эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-ны гаргасан Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны ЭТТ/2018/02221 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий, нэхэмжлэгч Н.Ч-ын гаргасан Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлт нь хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б, А.Б, Х.Н нараас Эрдэнэс таван толгой ХК-ийн 2013-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт, иж бүрэн шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 210022565 дугаар актаар нийт 37.123.025.098.34 төгрөгийн зөрчилд бүгд 11.301.389.295.30 төгрөгийн төлбөрийг төлүүлэх-ээр шийдвэрлэснийг Эрдэнэс таван толгой ХК-иас эс зөвшөөрч 2018 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын А/232 дугаар тушаалаар татварын харилцаатай холбоотой үүссэн маргаанд авах хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулжээ.

Улмаар Эрдэнэс таван толгой ХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан журмын дагуу 2 шатлалт тендер сонгон шалгаруулалтыг зарлан, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Өдрийн сонин болон Эрдэнэс таван толгой ХК-ийн http://www.erdenestt.mn цахим хуудаст дэлгэрэнгүй жагсаалтад мэдүүлэг ирүүлэх тухай зарыг тавьжээ.

Тус нийтлэгдсэн зарын дагуу тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9 цагт өмгөөллийн 6 фирмээс мэдүүлэг ирүүлснийг тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн ...шаардлага хангасан нэг ч компани хураангуй жагсаалт ирүүлээгүй хэмээн үзэж, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэж,

2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Өнөөдөр, Зууны мэдээ сонин болон Эрдэнэс таван толгой ХК-ийн http://www.erdenestt.mn цахим хуудаст дэлгэрэнгүй жагсаалтад мэдүүлэг ирүүлэх тухай зарыг дахин тавьжээ.

Тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагт өмгөөллийн 13 этгээдээс мэдүүлэг ирүүлснийг тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн ...хураангуй жагсаалтад орох тендерийн зарыг өөрчлөлт оруулан боловсруулж дахин зарлахад бэлэн болов хэмээн шийдвэрлэж, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 03/2039 дүгээр албан бичгээр Б.Ж, Л.Б, Б.Э, Б.Б нарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д заасан журмын дагуу хураангуй жагсаалт гаргахтай холбоотойгоор саналын урилга болон ажлын даалгаврыг олгохоор шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж, О.Ч ...шаардлага хангаагүй гэж үзэж, ...тендерээс татгалзсан болохыг мэдэгджээ.

Иргэн О.Ч-ээс Сангийн яаманд хандан гомдол гаргасантай холбогдуулан Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/6201 дүгээр албан бичгээр Эрдэнэс таван толгой ХК-нд гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг үр хугацаагаар түдгэлзүүлэх тухай албан бичгийг хүргүүлж,

Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дүгээр гомдол хянасан тухай албан бичгээр иргэн О.Ч-т ...захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг өгч, Эрдэнэс таван толгой ХК-д хандан захиалагчийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зарлалын 1, 3 дугаар заалт хоорондоо зөрчилдөж байна, хуулийн заалтад байхгүй баг гэдэг зүйлийг сонгон шалгаруулахаар зарласан нь хуулийн үндэслэлгүй тул тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг тус тус мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулан, иргэн О.Ч-ээс Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дүгээр гомдол хянасан тухай албан бичгийн хүрээнд Эрдэнэс таван толгой ХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 03/2039 дүгээр албан бичигтэй холбогдуулан шүүхэд гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дүгээр гомдол хянасан тухай албан бичгээр Эрдэнэс таван толгой ХК-д Татварын харилцаатай холбогдон үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/201802221 дугаартай тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг даалгасантай холбоотойгоор Эрдэнэс таван толгой ХК-иас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03/2339 дүгээр албан бичгээр тус сонгон шалгаруулалтад оролцогч Б.Б-д тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж,

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Өдрийн сонин, Өнөөдөр сонинд Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тухай ЭТТ/201802221 дугаартай тендер шалгаруулалтын зарыг нийтлүүлжээ.

3. Нэхэмжлэгч Б.Б, Н.Ч нараас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Сангийн яаманд холбогдуулан зөвхөн гомдолд туссан асуудлыг шалгах буюу гомдлын хүрээнд шалгаж шийдвэрлэх ёстой байсан, О.Ч-ийн гомдлыг шийдвэрлэх хүрээнд бидний оролцоог хангах ёстой байсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр, "Эрдэнэс таван толгой ХК-д холбогдуулан Сангийн яамны хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан гэх үндэслэлээр маргаж тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасанчлан тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дангаараа тендер ирүүлсэн этгээд, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд-ийг хэлэхээр заасан байх бөгөөд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журамтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан мөн хуулийн 4 дүгээр бүлэг, 35 дугаар зүйлийн 35.1-д Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно, 35.2-т Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно хэмээн тухайн зөвлөх үйлчилгээний тендерийн оролцогч этгээдийн статусыг тухайлан хуульчлан заасан байна.

Үүнтэй холбогдуулан, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдийн тайлбараар, Эрдэнэс таван толгой ХК нь Татварын харилцаатай холбоотой үүссэн маргаанд авах хуулийн зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар болон 2018 оны 7 дугаар сарын 30 болон 9 дүгээр сарын 06-ны өдрийн Өнөөдөр, Зууны мэдээ сонин, http://www.erdenestt.mn болон https://www.tender.gov.mn/[1] цахим хуудаст нийтлүүлсэн зөвлөх үйлчилгээний тухай зарлалдаа зөвлөх үйлчилгээний багийн танилцуулга, багийн ахлагч хуульч байх, багийн 1 гишүүн нь нягтлан бодогч байх зэрэг багийн шаардлага тавьсан болох нь тогтоогдож байх тул хуулийн ... заалтад ... хамаарахгүй баг гэдэг зүйлийг сонгон шалгаруулахаар зарласан нь хуулийн үндэслэлгүй байх тул хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахыг мэдэгдсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дүгээр албан бичиг хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яам нь захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих бүрэн эрхтэй бөгөөд тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасанчлан тендерт оролцогчоос гаргасан гомдлыг авч хэлэлцэн, хууль зөрчсөн захиалагчийн үйлдэл болон шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгох эрхтэй. Хуулиар олгосон энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д хуулийн этгээд, хувь хүн хэмээн хуульчлан заагдсан шаардлагыг хангахгүй, баг гэх этгээдийг шалгаруулахаар тусгасан Эрдэнэс таван толгой ХК-ийн тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг хуульд нийцүүлэхийг шаардсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн байна.

5. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д заасанчлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан журмын дагуу тендерт оролцогчоос захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэгч захиргааны байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд тусгайлан зааснаас бусад харилцаанд Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй. Үүнтэй холбоотойгоор хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргаж буй тендер шалгаруулалтын гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт үйлчлэхгүй гэж тайлбарлаж буй нь буруу.

Гэвч энэхүү нөхцөл байдал нь гомдлыг хянан шийдвэрлэгч захиргааны байгууллагын Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан шийдвэр гаргах ажиллагааны оролцогчийг тодорхойлох бүрэн эрхийнхээ хүрээнд иргэн О.Ч-ээс гаргасан гомдлыг шийдвэрлэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дүгээр албан бичгийг гаргахдаа нэхэмжлэгч Н.Ч, Б.Б нарыг оролцогчоор тодруулаагүй, нэхэмжлэгч нарын оролцоог хангаагүй байдлыг хууль бус хэмээн үзэж, нэхэмжлэлийн энэхүү үндэслэлийг шүүхээс хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс хариуцагч Сангийн яамны маргаан бүхий акт болох 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дүгээр гомдол хянасан тухай албан бичгийг хуульд нийцсэн хэмээн үзсэн тул Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дүгээр гомдол хянасан тухай албан бичиг болон актыг үндэслэн гаргасан хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар хуралдааны ... тендерийн зарыг өөрчлөлт оруулан боловсруулж дахин зарлах-аар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Б-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлага,

Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дүгээр гомдол хянасан тухай албан бичгийг хууль бус байсан болгохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Н.Ч-ын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн, Эрдэнэс таван толгой ХК-ийн тендер сонгон шалгаруулалт зарлах үндсэн шалтгаан болсон татварын акттай холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 128/ШШ2019/0306 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2019/0510 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэж, Эрдэнэс таван толгой ХК-иас цаашид Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тухай ЭТТ/201802221 дугаар тендер шалгаруулалтыг явуулах шаардлагагүй болсонтой холбоотойгоор гуравдагч этгээд Б.Э, М.Ц /Л.Б-ийн баг/ нараас шүүх хуралдаанд оролцох шаардлаггүй болсон болохоо бичгээр гаргаж өгсөн,

нэхэмжлэгч Н.Ч-аас дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлээ дэмжих шаардлагагүй болсон ч нэхэмжлэлээсээ татгалзахгүй хэмээн шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдэгдсэн, үүнтэй холбоотойгоор хариуцагч нарын төлөөлөгч болон гуравдагч этгээд Б.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нараас энэхүү маргааныг шүүхээс нэг мөр эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд уг асуудлыг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэн, нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн тул хэргийг хэлэлцэн, шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 52 дугаар зүйлийн 52.1.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Ч, Б.Б нарын гаргасан Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох болон хууль бус байсан болохыг тогтоолгох, Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны ЭТТ/2018/02221 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах шаардага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М

ШҮҮГЧ М.Б

ШҮҮГЧ О.О