Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 38

 

 

 

А.Кулизагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2018/00345 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 11-02 тоотод оршин суух, Казбек овогт Ауганбайн Күлизагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Кулиза түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, төрийн албан хаагчид олгох ажлын үр дүнгийн урамшуулал болох 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлийн агуулга: “Би өндөр настай эхийнхээ хамт амьдардаг. Улсад 35 жил ажилласан. 1987 оноос хойш Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт үйлчлэгчээр ажилласан. 2015 оноос хойш эрүүл мэндийн шалтгаанаас болж Улаанбаатар хотод онош тодруулж эмчилгээ хийлгэсэн. 2016 онд ээлжийн амралтаараа мөн хэвтэн эмчлүүлсэн. 2017 оны 11 сарын сүүл 12 сарын эхээр буюу ээлжийн амралттай байх хугацаандаа Ховд аймгийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Би 2017 оны 12 сарын 26-ны өдөр ажилдаа орох ёстой байсан. Өмнөх долоо хоногт албаны даргатай уулзах гэсэн боловч өрөө нь цоожтой байсан. Тэгээд нягтлантай уулзаад ээлжийн амралтаараа эмнэлэгт хэвтвэл нөхөж амардаг гэж сонссон. Би нөхөж амаръя гэж хэлсэн. 2016 онд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж ирсний дараа шууд ажилдаа орсон. Тэгэхэд нягтлан ээлжийн амралтаараа эмчилгээ хийлгэсэн бол нөхөж амрах ёстой гэж хэлж байсан юм. Тэгээд нягтлантай уулзахад нягтлан болно гээд 12 сард 4 хоног байсан. 12 сарын 29-ний өдөр амралтын өдөр байна гээд нэг хоногийг хасаад 3 өдөр болгоод 1 сарын 09-ний өдөр ажилдаа ирэх юм байна гэж хэлсэн. Тэгж байтал 2018 оны 01 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дууссан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаал өгсөн. Би албаны даргын өрөөнд орж үндэслэл, шалтгааныг нь асуухад албаны дарга эмнэлэгт хэвтэж, акт авсан. 12 сард цэвэрлэгээний талаар гомдол гарсан гэж хэлсэн. Харин нягтлан хөдөлмөрийн гэрээ дууссан тохиолдолд ажил олгогч тал үндэслэл шалтгаангүйгээр ажлаас халах бүрэн эрхтэй гэж хариу хэлсэн....Ер нь манай дарга яс үндэс, өнгө зүс, зүс царайгаар дэндүү ялгаварлан гадуурхаж харьцаж байгаа гэж үзэж байгаа. Намайг хөдөлмөрийн гэрээ дууссан гэсэн үндэслэлээр биш энэ үндэслэлээр ажлаас халсан гэж үзэж байгаа....Мөн хөдөлмөрийн гэрээ дууссан гэж байна. Би хөдөлмөрийн гэрээг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр гэж бодож байгаа. Яагаад гэвэл 2017 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгэхэд ганцхан минийхийг анзаарахгүй нэг жилийн хугацаатай байгуулсан байна гэж бодсон. Тэгээд бусад хүмүүсийн хөдөлмөрийн гэрээг үзэхэд 1 жилийн хугацаатай байгуулагдсан байсан. Тийм гэрээ байгуулчихаад яагаад ганцхан миний хөдөлмөрийн гэрээг дуусгасан юм бэ....300,000 төгрөгийн асуудал байна. Тамгын газраас мэргэжилтэн бид хоёр ижилхэн шүүхэд хандаж, шийдвэр гарч байсан....Би нягтлангаасаа энэ талаар асуухад Б.Мөнхбат дарга А.Күлиза болоогүй, давж заалдах гомдол гаргах байсан ч Цэцэгсүрэн давж заалдаагүй, болоогүй гэж хэлсэн гэж надад хэлсэн....Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 2,969,220 төгрөг гаргуулах, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, төрийн албан хаагчид олгох ажлын үр дүнгийн урамшуулал болох 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

 

                Хариуцагчийн хариу тайлбар: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд дээр хөдөлмөрийн гэрээний хугацааг зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн 23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй; 23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж заасан байдаг. Хуулийн дээрх заалтуудын дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанаас хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээн дээр 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл гэж байгуулсан. Гэрээн дээр талууд гарын үсэг зураад баталгаажуулсан. Энэ гэрээний дагуу хөдөлмөрийн харилцаа үүссэн. Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дууссан учраас хугацааг нь дуусгавар болгоод, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасныг баримталж тушаал гаргасан. 2017 он гэж тушаал дээр заасан нь техникийн шинжтэй алдаа юм. Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлээд 2017 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болох байсан. Гэтэл 12 сарын 30, 31-ний өдөр нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон долоо хоног бүрийн амралтын өдөр байсан. 2018 оны 01 сарын 01-ний өдөр бүх нийтээр амрах баярын өдөр. Энэ гурван өдөр ажлын бус өдөр байсан. Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу хугацаа тоолох эцсийн өдөр нь ажлын бус өдөр байвал түүний дараагийн өдөр хугацаа дуусна гэж заасны дагуу 2017 оны 12 сарын 31-ний өдрийн хугацаа маань 2018 оны 01 сарын 02-ны өдөр болж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Талууд хөдөлмөрийн гэрээгээ хүлээн зөвшөөрөөд, гарын үсэг зураад хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ хугацаатай гэрээний хугацаа дуусгавар болгож чөлөөлсөн нь үндэслэлтэй.    Талууд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь тодорхой....Олон улсын валютын сантай Монгол улс гэрээ байгуулсан учраас төрийн албан хаагчийн цалин нэмж болохгүй гэсэн үүрэг хүлээсэн. Тийм учраас нэг удаагийн урамшуулал олгоё гээд 2017 оны төсвийн тодотголоор суулгаад, 2017 ондоо багтааж өгөх зорилго тавьсан байдаг. Тухайн зориулалтаар төрийн албан хаагч нарт 300,000 төгрөгийг олгосон. Одоо энэ мөнгийг нэмж олгох бололцоотой юу гэхээр эх үүсвэр нь болохгүй. Санхүүгийн гүйлгээг бүлэг хооронд шилжүүлж болдоггүй....Сахилгын шийтгэлтэй хүн энэ мөнгийг авахгүй байхаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүрэг хүлээлгэсэн. Тухайн үед А.Күлиза сахилгын шийтгэлтэй гэдэг үндэслэлээр аваагүй байх гэж бодсон. Хөдөлмөрийн гэрээний 1.9 дээр тодорхой байна. Үүнийг нэхэмжлэгч ажлын үр дүнг дүгнэх хугацаа гэж нэхэмжлэлдээ бичсэн байсан. Үүн дээр ажлын үр дүнг дүгнэх хугацаа гэж бичээгүй байна. Харин хөдөлмөрийн гэрээний хугацаа гэж бичиж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-д заасны дагуу байгуулав гээд гэрээн дээр тодорхой заасан. Энэ гэрээний хугацаа дуусахаар хөдөлмөрийн харилцаа дуусна.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

                Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2018/00345 дугаар шийдвэрээр 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Казбек овогт Ауганбайн Күлизаг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,741,493 /хоёр сая долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Күлизад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 227,727 /хоёр зуун хорин долоон мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанаас төрийн албан хаагчид олгох мөнгөн урамшуулал 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Күлизад олгосугай.

            4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Күлизагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд даалгасугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,050 /арван хоёр мянга тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч А.Күлизад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанаас улсын тэмдэгтийн хураамж нийт 138,664 /нэг зуун гучин найман мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Үндэслэх хэсэгт зохигч талуудын харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцэхгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч А.Кулиза хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.9-т 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай гэж ямар ч эргэлзээгүйгээр тодорхой тусгажээ. Уг хөдөлмөрийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурснаар хуульд заасны дагуу хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ болно. Мөн хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан үндэслэлийг тусгаагүй, байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь  буруу гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Монгол улсын Их хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын нэг дэх заалтад 2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300000 төгрөгийн урамшуулал олгох журмыг Засгийн газарт даалгасан. Хэрэгт нэхэмжлэгч А.Кулизагийн ажлын үр дүнг үнэлсэн баримтгүй, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж заасны дагуу 2017 оны төсвийн жил дууссан байхад анхан шатны шүүх нэг удаагийн буцалтгүй тусламжийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч А.Күлиза нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, төрийн албан хаагчид олгох ажлын үр дүнгийн урамшуулал болох 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Анхан шатны шүүх “хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба нь ажилтан А.Күлизатай тохиролцож, байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, мөн түүнд урьд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

            Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж болно, ийм хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох  үндэслэл байхаар хуульд заасан, мөн 2017 оны төсвийн жил дууссан байхад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж,  ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зүйл, хэсгийг заавал баримтлах, ажилтанд урьдчилан мэдэгдэх, зэрэг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна.

            Өөрөөр хэлбэл ажил олгогчийн санаачилгаар ажилтан А.Күлизагийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, түүнийг ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргахдаа “ажлаас нь чөлөөлж байгаа шалтгаан, үндэслэлийг дурдаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй” байна.

            Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,741,493 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

            Мөн нэхэмжлэгч А.Күлизад сахилгын шийтгэл ногдуулсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/07 дугаартай тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул нэг удаагийн буцалтгүй тусламж 300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Харин нэхэмжлэгч А.Күлизагийн ажлын үр дүнг үнэлсэн баримтгүй, 2017 оны төсвийн жил дууссан зэрэг нь нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.

            Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2018/00345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                    Б.ДАМБА

                                                                      

                                                                                   М.НЯМБАЯР