Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 736

 

 

 

 

 

 

 

2020           6             04                                           2020/ДШМ/736

 

Б.С, Э.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/356 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор С.Гансэлэмийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Б.С, Э.Т нарт холбогдох 2005004660298 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Бын С, 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

2. О овгийн Эын Т, 2000 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, эгч нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

Б.С нь 2020 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар сургуулийн спорт зааланд маргааны улмаас Э.Тгийн нүүрэн тус газар гараар цохиж биед тархи доргилт, доод эрүү ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, ухархайн урд доод ирмэг дайран зүүн хоншоорын хөндийн урд хана даган үргэлжилсэн шугаман хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, уруулын булан, хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Э.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар сургуулийн спорт зааланд маргааны улмаас Б.Сийн нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Бын Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт, О овогт Эын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.С, Э.Т нарт мэдэгдэж, Б.С, Э.Т нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, Э.Т бусдад төлөх төлбөргүй бөгөөд өөрт учирсан хохиролтой холбогдох цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Сээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор С.Гансэлэм бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.С, Э.Т нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй. Ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзнэ. Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, зөвтгөж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд “нэмэлт тайлбар байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.С, Э.Т нар нь 2020 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар сургуулийн спорт зааланд маргааны улмаас харилцан зодолдож Б.С нь Э.Тгийн нүүрэн тус газар гараар цохисноос биед нь “Тархи доргилт, доод эрүү ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, ухархайн урд доод ирмэг дайран зүүн хоншоорын хөндийн урд хана даган үргэлжилсэн шугаман хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, уруулын булан, хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Э.Т нь Б.Сийн нүүрэн тус газарт гараараа цохисноос “Зүүн зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч, шүүгдэгч Э.Тгийн “...С намайг “зүгээр тоглооч шалчигнаад байх юм” гээд бид хоёр маргаж байтал С миний нүүр рүү гараараа цохиод миний ухаан балартсан. ...” гэх /хх 19-20/,

хохирогч, шүүгдэгч Б.Сийн “...Би уурлаад нүүр рүү нь гараараа зүүн талын шанаа руу нь цохитол Т зөрүүлж намайг цохиод бид хоёр харилцан 2-3 удаа цохилцтол найзууд ирж бид хоёрыг салгатал миний хамраас цус гараад футболк урагдсан байхаар нь би Т дээр очоод “андаа чи яаж байгаа юм бэ” гэтэл миний урдаас нүүр рүү цохиод бид хоёр дахиж 2-3 цохилцтол дахиж найзууд салгасан. ...” гэх /хх 23-24/,

гэрч У.Чингүүний “...Гэнэт Т, С хоёрын орилж байгаа чанга чимээ гарахаар нь эргээд хартал хоёулаа заамдалцаад нэгнийхээ нүүр рүү цохиж байсан. ...” гэх /хх 26-27/,

гэрч Э.Энхзоригийн “...С эхлээд Тгийн нүүр рүү цохитол Т зөрүүлж цохиод хоорондоо барьцалдаад харилцан 2-3 удаа цохилцоход нь бид нар дундуур нь орж салгасан. ...” гэх /хх 28/,

гэрч Б.Баттүвшингийн “...С чанга дугарахаар нь эргээд хартал юунаас болсныг нь мэдэхгүй Т рүү дөхөж очоод нүүр рүү нь гараараа цохитол Т Стэй барьцалдаад хоёулаа зууралдахаар нь бид нар очиж тэр хоёрыг салгаж холдуултал Сийн хамраас цус гараад футболк нь урагдчихсан байсан. ...Т Сийн нүүр рүү цохитол С зөрүүлж цохиод хавирч газар суулгах үедээ нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохисон. ...” гэх /хх 29/,

гэрч Б.Батмөрөнгийн “...Тгийн нүүр рүү гараараа цохитол Т өрөлт аваад С дахиад нүүр рүү нь цохитол Т зөрүүлж цохиод хоёулаа харилцан зодолдох үед бид нар салгаад холдуултал ...Тгийн урдаас дайртал Т эхэлж нүүр рүү нь цохиод хоёулаа харилцан зодолдож байхад С Тг хавирч газар хагас суулгаад нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохисон. ...” гэх /хх 30/,

гэрч Б.Ууганзаяагийн “...эргээд хартал С, Т хоёр дахиад нүүр рүүгээ цохилцоод зодолдож байсан. ...” гэх /хх 31-32/,

гэрч Э.Энх-Алдарын “...Т, С хоёр хоорондоо харилцан зодолдсон. ...” гэх /хх 33-34/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “...Э.Тгийн биед тархи доргилт, доод эрүү ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, ухархайн урд доод ирмэг дайран зүүн хоншоорын хөндийн урд хана даган үргэлжилсэн шугаман хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, уруулын баруун булан, хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх шинжээчийн 1699 дугаартай /хх 38-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “...Б.Сийн хувьд зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх шинжээчийн 1903 дугаартай /хх 43-44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “...2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Б.Сийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд: Зүүн нүд бүрэлзэнэ, хамар битүүрнэ. ...Хэсэг газрын үзлэгт: ...Хамрын нуруу тэмтрэхэд эмзэглэлтэй, хамрын амьсгал зүүн талд саадтай байсан учир зураг авахуулахаар явуулсан байна. Б.Сийн биед нэмэлтээр хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулхах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь №1903 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.  ...” гэх шинжээчийн 272 дугаартай /хх 47-49/ дүгнэлтүүд, Э.Тгийн өвчний түүхийн хуулбар /хх 90-106/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 108/ Б.Сийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 109/, компьютерт томографийн оношилгоо /хх 62/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Сийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт, Э.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар, Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирчээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелүүлэх хугацааг тогтоох асуудлаар, эсхүл тогтоох боломжгүй талаар шүүхийн шийтгэх тогтоолд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурор С.Гансэлэмийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан ба шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд гүйцэтгэх талаар шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь нэг талаас шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шалгуурыг хангахын зэрэгцээ,

нөгөө талаас шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын хүрээнд шийдвэр хэзээ биелэгдэх нь тодорхой байх ёстой бөгөөд шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүйгээс үүсч болох хууль зүйн үр дагавар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх зүйн байдалд нөлөө үзүүлэх онцлогтой болно.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоох боломжгүй, эсхүл тогтоож байгаа талаар хууль зүйн дүгнэлт заавал хийж байвал зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилсанд тулгуурлан шүүгдэгч Б.С, Э.Т нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш дээрх хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/356 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.С, Э.Т нарт мэдэгдсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ