| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0029/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/53 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/53
2024 01 09 2024/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2024/0029/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч Т.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Г-д холбогдох эрүүгийн 2209031841345 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *** тоотод түр оршин суух, Т.Г /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "“О”" ХХК- ийн захирал Д.А-д өөрийгөө "“Н.Г” ХХК"-ийн тээврийн хөтчөөр ажилладаг, БНХАУ руу нүүрс ачиж гарах 2 автомашины гаалийн бүрдүүлэлтийн мөнгийг миний өгсөн данс руу шилжүүлчих" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан "“Н.Г” ХХК" болон "О" ХХК-уудын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Д.А-с 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийг иргэн Ж.Х-н нэр дээрх Хаан банкны 5099*** дугаартай дансаар, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 9,400,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5758**** дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 24,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь "“О”" ХХК-ийн захирал Д.А-д өөрийгөө "“Н.Г” ХХК"-ийн тээврийн хөтчөөр ажилладаг, БНХАУ руу нүүрс ачиж гарах 2 автомашины гаалийн бүрдүүлэлтийн мөнгийг миний өгсөн данс руу шилжүүлчих" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан "“Н.Г” ХХК" болон "“О”" ХХК-иудын ажил хэргийн хүрээнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Д.А-с 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийг иргэн Ж.Х-н нэр дээрх Хаан банкны 5099*** дугаартай дансаар, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 9,400,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5758*** дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 24,400,000 төгрөгийн хохирол учруулсан Залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Г-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Д.А-н “...би өөрийн “О” ХХК-ийн нэр дээр байх хоёр том оврын ачааны тээврийн хэрэгслээр Хятад улс руу нүүрс гаргах тээврийн ажил эрхэлдэг бөгөөд “Н** С ХХК”-д туслан гүйцэтгэгчээр 2022 оны 4 дүгээр сард ажиллаж байсан юм. Тус “Н.Г” С ХХК-аас тээврийн хөтөч болох Т.Г-г хариуцуулан томилсон юм. Би өөрийн хоёр машинаар БНХАУ-руу нүүрс гаргахаар болж Хятад талаас бүрдүүлэлтийн мөнгө шаарддаг бөгөөд үүнийг Т.Г нь над руу утсаар залгаж "2 машины бүрдүүлэлтийн мөнгийг миний өгсөн данс руу шилжүүлчих" гэж хэлсэн бөгөөд би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хүргэн Ж.Х-н Хаан банкны 5315*** дугаарын данснаас Ж.Х гэх хүний хаан банкны данс руу 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь мөн Т.Г-н хэлсний дагуу би өөрийн Хаан банкны 5301*** дугаарын данснаас Т.Гийн /8904***/ Хаан банкны 5758**** дугаарын дансанд 9.400.000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм.... ...Ингээд 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2 машин нүүрсийг БНХАУ-руу гаргасан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 20-ны “Н** С ХХК”-аас тээврийн хөлс 80 орчим сая төгрөг орж ирсэн байсан бөгөөд энэ дүнгээс БНХАУ-ын бүрдүүлэлтийн мөнгийг хассан байсан. Тэгээд би тус ““Н.Г” С” ХХК-ийн захирал Д дээр очиж лавлаж асуухад “Манай компани Хятад талтай харилцан тохироод бүрдүүлэлтийн мөнгийг тээврийн хөлснөөс суутгахаар тохирсон” гэж хэлсэн. Тэгээд Т.Г-д тээврийн БНХАУ-ын бүрдүүлэлтийн мөнгө гэж 24.400.000 төгрөг өгсөн талаараа хэлэхэд "Яах гэж бид нараас асуухгүй Т.Г-д мөнгө өгсөн юм бэ" Би энэ талаар мэдэхгүй өөрсдөө учраа ол" гэж хэлсэн юм.......Хятад талын бүрдүүлэлтийн мөнгийг Хятад улс руу шилжүүлэх ёстой бөгөөд тээврийн хөтөч Т.Г-д итгээд бүрдүүлэлтийн мөнгийг өмнө нь өгчихдөг байсан юм. Итгээд л өгчихсөн юм.... Т.Г-тэй уулзахад "Би мөнгийг нь БНХАУ-руу шилжүүлж бүрдүүлэлтэд ашиглаагүй юм" гэдгээ хэлсэн бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 27, 28-ны дотор 24.400.000 төгрөгийг асуудалгүй төлж барагдуулна гэж хэлсэн. Тэгээд өөрийн гараараа "24 сая төгрөг асуудалгүй өгнө, НШ*** " гэж бичиж өгсөн юм..., Тохирсон эсэх талаар мэдэхгүй, Т.Г мэдэж байсан болоод л Т.Г нь Хятад улс руу мөнгө шилжүүлэлгүй өөрөө авчихсан байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/, хохирогч Д.А-н дахин өгсөн “...Тухайн үедээ би мөнгөгүй байсан юмаа. “Н.Г”-н хөтөч Т.Г гэх залуу урьдчилгаа мөнгө болох 15,000,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Ж.Э-н дүү Ж.Х-д 15,000,000 төгрөгийн гялс шилжүүлчихээ гээд Т.Г-н өгсөн дансыг дүүдээ өгсөн. Тухайн үедээ Т.Г нь манай найзын данс руу шилжүүлчих гээд Хэрлэнбаяр гэх хүний дансны дугаарыг өгсөн байсан. Дараагаар нь би өөрөө Т.Г-н 5758*** гэсэн хаан банкны данс руу 9,400,000 төгрөг "Хятад бүрдүүлэлт” гэсэн утгатай шилжүүлсэн..., Би Т.Г гэх хүнийг огт танихгүй. Би “Н.Г” С-н хөтөч гэх залуу. “Н.Г” тээврийн байгууллагад итгээд хөтөч гэх залуу өөрөө над руу холбогдсон. Бүрдүүлэлтийг түргэн хийхгүй бол их хугацаа алддаг учир Цаг алдалгүй, тухайн үед мөнгө байхгүй байсан учир дүү Х-г мөнгө шилжүүлчих гээд хэлсэн юмаа. Тэгээд 2022 оны 05 сарын сүүлээр Т.Г гэх хүнтэй анх удаагаа уулзсан. Тухайн хүн нь надад 2022 оны 05 сарын 27-28-ны өдрүүдэд 24,400,000 төгрөгийг өгнө, өө. Би авчихсан юмаа. Гээд гараараа надад бичиг хийж өгчхөөд одоог хүртэл мөнгөө өгөхгүй, утсаа авахгүй байна..., ...Танихгүй. Нэг данс өгсөн. Тэр данс руу манай дүү Х мөнгө шилжүүлсэн. Т.Г над руу залгаад мөнгө нь орсон байна гэж хэлсэн. Тэгээд л орхичихсон. Нэг ч харж байгаагүй. Танихгүй. Сүүлд цагдаад өргөдлөө өгөх гээд дансаа шүүж үзэхэд Х гэх хүний данс руу орсон байсан... Хохирлоо нөхөн бардуулмаар байна. 24,400,000 төгрөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/, гэрч Ж.Х-н “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ах Д.А 8911*** гэсэн өөрийнхөө дугаараас залгаад 15,000,000 төгрөг Хятад талын гаалийн бичиг хөөцөлдөх гээд байна. Гялс шилжүүлчих гээд хаан банкны 5099**** гэсэн данс өгөхөөр нь би “Сандагаа хятад бүрдүүлэлт 2 машин” гэсэн гүйлгээний утгатайгаар 15.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/, ХААН банкны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 29/9070 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.Г-н 5758**** дугаартай дансны хуулга /хх-ийн 30-46 дахь тал/, хохирогч Д.А-с гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 10-16 дахь тал зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Г нь хохирогч Д.А-д учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Г хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын ялын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.Г-н хувьд амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн явуургүй муу заль, ахархан бодол, шууд санаатай, шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ
Иймд шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Г-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР