| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/64 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/64
2024 01 10 2024/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2024/0070/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Б.Өнөбат,
шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болортуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2409000000001 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Америкийн нэгдсэн Улсын Нью жерси мужид төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б.А /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 505 гэх шөнийн цэнгээний газарт иргэн Э.Б-тэй “эмэгтэй хүнийг түлхсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохих үйлдлээр зодож, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зовхи, нүдний дотор булан, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2023 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 505 гэх шөнийн цэнгээний газарт хохирогч Э.Б-тэй “өөрийн эгч М-тэй зүй бус харьцаж, түүнийг түлхсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгой нүүрэн тус газарт нь цохиж зодож эрүүл мэндэд нь зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зовхи, нүдний дотор булан, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.А-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 дахь тал/, хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 25-ны 01 цагийн үед ажлын газрын Т, З гэх залуусын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, *** нэртэй бааранд орсон. Тухайн бааранд ороод би архи согтууруулах ундаа хэрэглээгүй би орохоосоо өмнө 200 грамм архи уусан байсан. Тэгээд 02 цагийн орчим намайг баарны бүжгийн талбайд бүжиглэж байх үед миний зүүн нүд хэсэг рүү нэг хүн гараараа цохиод авсан. Тэр үед манай ажлын газрын хүмүүс салгасан. Намайг цохисон хүн өндөр туранхай мөрөө давсан урт хар үстэй шар өнгийн аляск өвлийн куртиктэй Хятадаар ярьдаг залуу намайг цохисон байсан. Тэгээд би тэр хүмүүстэй эвлэрэх гэж үзсэн. Гэтэл тэр хүмүүс над руу агсраад дайраад байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...миний зүүн талын нүд хөхөрч бүтэн харахгүй байна өөрөөр зовуурь байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/, гэрч Б.А-н “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 00 цагийн орчим Б.А, М, Ц нарын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** нэртэй бааранд орсон. Тэгээд тасалбараа бичүүлээд буцаж гараад МУИС-ын хажууд талд Си Юу руу орж 4 үүлээ нэг нэг сөүжүү уусан. Тэгээд буцаад *** байр руу ороод бүжгийн талбайд нь бүжиглэж байсан. Тэгсэн М нь нэг үл таних эрэгтэй хүнтэй маргалдсан. Тэгсэн Б.А хүрч очоод М-г өмөөрч тухайн залуугийн нүд рүү цохисон хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Тэгээд баарнаас гараад тухайн Б.А-д цохиулсан залуу болон хамт явсан залуучуудтай нь маргалдаж байгаад тухайн баарны хамгаалагч нарт хөөгдсөн. Тэгсэн Б.А-д цохиулсан залуу гомдолтой гэж хэлээд цагдаад дуудна гэж хэлсэн. Тэгсэн хамгаалагч нар нь цагдаа иртэл явуулахгүй гээд бид нарыг явуулаагүй. Тэгээд цагдаа ирээд би Б.А-н хамт цагдаагийн машинд суугаад юу болсон талаар хэлсэн тэгсэн Б эгч Б.А болон М эгчийг ирж авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14914 дугаартай “...Э.Б-н биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зовхи, нүдний дотор булан, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдэл, олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Э.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Б нь “Б.А-тай эвлэрч, хохирлоо барагдуулан авсан тул гомдол санал байхгүй” /хх-54/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.А хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР