| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/02880/И |
| Дугаар | 102/ШШ2020/02866 |
| Огноо | 2020-10-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2020/02866
| 2020 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2020/02866 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Э-ын А /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, А овогт Ч-ын О /РД: 00000000/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэмжийн мөнгө 2,854,800 төгрөг гаргуулах, цалингийн зээлийн батлан даагчаас нэрээ хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г нарын гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн эхний шаардлага хүүхдийн тэтгэлэгт 2,854,800 гаргуулах, хоёрт Хаан банктай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээнээс нэрээ хасуулах нэхэмжлэлийн шаардлагатай байна. 2019 оны 1 дүгээр сарын 14-ний Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, 2019 оны 03 сарын 18-наас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсаа өгсөн. Шүүхийн шийдвэр гарснаас өнөөдрийг хүртэл надад бэлэн болон дансаар 1,080,000 төгрөгийг хариуцагч Ч.О өгсөн. Амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр бодож нэхэмжлэл гаргасан. Би тэр хүнийг Н ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа мэднэ. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод энэ хүн ажил хийж байгаа цалингаас нь гаргуулья гэхээр ажилгүй байгаа учраас хүүхдийн тэтгэмжийн мөнгийг гаргуулах боломжгүй байна гэсэн хариуг өгдөг. Хүүхдийн тэтгэмж нь 2019 оны 1 дүгээр сарын 14-нөөс 2020 оны 7 сарын 30-ны хүртэл төлөгдөөгүй байгаа. Хоёр дах шаардлага болох 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн цалингийн зээлийн гэрээнд намайг гарын үсгээ зур гэсэн учраас зурсан. Харин дараа нь бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан. Тэр зээл авснаас хойш нэг ч удаа төлөлт хийгдээгүй гээд өр барагдуулах албанаас манай гэрт ирсэн. Ч.О нь Н ХХК-д ажилладаг тухайн байгууллагын хуулийн зөвлөх нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирсэн. Тэр хүн цалингаа аваад байгаа учраас бид шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох зээлийн гэрээнээс нэр хасуулах тухай асуудал яригдаж байна. Нэхэмжлэгч Э.А-г хоёр хүүхэдтэй нь орхиод өөр гэр бүл зохиогоод явсан. Анх Ч.О нь өөрийн гэр оронгүй нэхэмжлэгч Э.А-н гэрт амьдарч байсан. Тэр хугацаандаа тухайн зээлийн гэрээнд Чи зүгээр л гарын үсгээ зурчих чамд ямар нэгэн асуудал болохгүй би бүгдийн төлнө гэхээр нь гэр бүлийн хүндээ итгээд яг юу нь дээр зурж байгаагаа мэдээгүй гарын үсгээ зурсан. Тухайн зээлээс Э.А болон хоёр хүүхэддээ юу ч өгөөгүй. Хамтран зээлдэгч Э.А-г гэрээнд гарын үсэг зурчих гэж гуйсны дагуу гэр бүлийнхээ хүнд итгээд гарын үсэг зурсан, зээлийн мөнгийг гэр бүлдээ зарцуулаагүй, нэхэмжлэгч нэг ч төгрөг аваагүй, төөрөгдөлд орж гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр бус юм гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Уг гэр бүлийн асуудлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 0196 дугаартай шүүхийн шийдвэрээр О.Х, О.Т нарыг эх Э.А-н асрамжинд үлдээж, хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус Шүүхийн шийдвэр нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн хоёр дах шаардлага хүрээнд Ч.О нь Хаан банкаас 2018 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 14,709,996 төгрөгийг зээлсэн. Тус зээлийн гэрээнд нэхэмжлэгч Э.А нь батлан даагчаар бус хамтран зээлдэгчээр оролцсон. Тус мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. Зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 зүйлийн 451.1 дэх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Мөн Хаан банктай байгуулсан хэрэглээний зээлийн гэрээний 4.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90.1-т Хүүхдийн тэтгэлгийг төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос гадна шүүхийн шийдвэрт дурдсан мөнгөн болон бусад эд хөрөнгөөс гаргуулна. гэж заасан нь тус байгууллагад эрх нь байгаа гэдгийг харуулж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирсэн 0196 тоот баримтанд Тус шүүхийн шийдвэр дагуу ажиллагаа хийгдэж байгаа гэжээ. Мөн нэхэмжлэгч нийт 1,080,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргаж байх ба 1,080,000 төгрөгийг төлсөн үү 2,300,000 төгрөгийг төлсөн эсэх талаар ямар нэгэн баримт байхгүй байна. Уг асуудлыг нэхэмжлэгч талаас нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно. гэж заасан мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу хамтран зээлдэгч мөн тул эрх эдэлж, үүргийг хүлээх ёстой. Нэмж хэлэхэд Н ХХК-тай би ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч яаж нотлоод байгааг мэдэхгүй байна гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага бол манайд хамааралгүй асуудал байна. Нэхэмжлэлийн хоёр дах шаардлага болох Э.А-гаас Ч.О-д холбогдуулан цалингийн зээлийн гэрээний батлан даагчаас нэрээ хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Хаан банк нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2018 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн 201843528603 тоот зээлийн гэрээ байгуулж, 14,709,996 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэгцээнд зориулан авсан. Ч.О, Э.А нар Хаан банкинд хүсэл зоригоо илэрхийлсэн уг хүсэлтийг банкаас хүлээн авч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн хөрөнгө олгосон. Одоогоор зээлийн гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд хүчин төгөлдөр байгаа. Гэвч зээлдэгч нарын хувьд эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн. Үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү бүгд нийт 21,233,815 төгрөг болсон. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж заасан байгаа. Нэхэмжлэгч Э.А нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж хамтран үүрэг гүйцэтгэгч болсон. Иймд нэхэмжлэлийн хоёр дах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Ч.О-д холбогдуулан хүүхдийн тэтгэмжийн мөнгө 2,854,800 төгрөг гаргуулах, цалингийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээнээс нэрээ хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэлээ.
А/ Хүүхдийн тэтгэлэгийн төлөгдөөгүй үлдэгдэл 2,854,800 төгрөг гаргуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэлийн Э.А нь хариуцагч Ч.О-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэгийн төлөгдөөгүй 2,854,800 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00196 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Э.А, Ч.О нарын дундаас 2014 оны 4 дүгээр сарын 17-нд төрсөн хүү О.Х, 2017 оны 3 дугаар сарын 7-нд төрсөн хүү О.Т нарыг эх Э.А-гийн асрамжид үлдээж, тэднийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, насанд хүрсэн ч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоон, эцэг Ч.О-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хийгдэж байгаа болох нь тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 289 дүгээр гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 3/8540 дүгээр албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгийн төлбөрт 2019 оны үлдэгдэл 2,073,200 төгрөг, 2020 оны төлөгдөөгүй 781,600 төгрөг, нийт 2,854,600 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрийн шийдвэр, ... байгаа, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж зааснаар нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Д.О-д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэгийн төлөгдөөгүй үлдэгдэл 2,854,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Б/ Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага буюу зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн гэрээнээс нэрээ хасуулах шаардлагын талаар:
Хариуцагч Ч.О нь 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр энэ хэргийн гуравдагч этгээд Хаан банк ХХК-тай зээлийн ЗГ/201843528603 тоот гэрээг 4 жилийн хугацаатай байгуулж, 4,000,000 төгрөг зээлж авсан, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Э.А гэрээнд гарын үсэг зуржээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэ шаардлагынхаа үндэслэлийг ... зээлийн хөрөнгийг би аваагүй, гэрээнд гарын үсэг зурчих гэхээр нь зурсан, төөрөгдсөний улмаас гарын үсгээ зурсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм, гэрээнээс миний нэрийг хасч өгнө үү гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно., мөн 58.2-т Дараахь тохиолдлыг ноцтой төөрөгдсөн гэж үзнэ:, мөн 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн;, 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн., мөн хуулийн 58.3-т Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно:, 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн;, 58.3.2-т хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн;, 58.3.3-т хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн;, 58.3.4-т тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн. гэжээ. Нэхэмжлэгчийн тодорхойлсон ... зээлийн хөрөнгийг би аваагүй, гуйсных нь дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан гэж үзэх үндэслэлгүй, хуульд заасан дээрх үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Э.А-н хариуцагч Д.Очирбатад холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэгийн төлөгдөөгүй үлдэгдэл 2,854,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.3, 451 дүгээр зүйлийн 451.-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн гэрээнээс нэрээ хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР