| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0030/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/75 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/75
2024 01 15 2024/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:185/2024/0030/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч Т.Батжаргал, А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Х.Онолт,
иргэдийн төлөөлөгч Ж.Цэдэндорж,
шүүгдэгч Г.Б,
шүүгдэгч Ж.С түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б нарт холбогдох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 230200000з0459 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, эмэгтэй, 45 настай, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ *** ажиллаж байсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.С /РД:/
Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, “Д***" ХХК-д менежер ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.Б /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.С нь нийтийн албан тушаалтан буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.3 дахь хэсэгт "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах/, 7.1.5 дахь хэсэг /албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах/, 7.1.7 дахь хэсэг /албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д 15.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно" гэж заасныг тус тус зөрчиж, иргэн Б.Б-н "Д" ХХК-ийн Монгол Улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг хурдан хугацаанд хийлгэх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтод заасан “...бүтээгдэхүүнд гаалийн зорилгоор магадлан шинжилгээг Монгол улсад мөрдөгдөж буй стандартын дагуу чанарын өндөр төвшинд, хурдан шуурхай хийх, дүгнэлт гаргах...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн МШД- №0122008664 дугаартай дүгнэлт гаргасны хариуд Б.Б-с өөрийн төрсөн дүү Ж.Ж-н Голомт банкны 2205*** тоот дансаар дамжуулан 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 150,000 төгрөгийн хахууль авсан,
мөн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн гаалийн улсын байцаагч Д.Ж-р түүний албан тушаалын тодорхойлолтод заасан "...бүтээгдэхүүнд гаалийн зорилгоор магадлан шинжилгээг Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу чанарын өндөр төвшинд, хурдан шуурхай хийх, дүгнэлт гаргах..." гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлж "Д" ХХК-ийн улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг явуулж, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн МШД-0122005913 дугаартай дүгнэлт гаргуулсны хариуд Б.Б-с өөрийн төрсөн дүү Ж.Ж-н Голомт банкны 2205**** тоот дансаар дамжуулан 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 300,000 төгрөгийн хахууль авсан;
Шүүгдэгч Б.Б нь "Д" ХХК-ийн Монгол Улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг хийлгэх буюу өөрийн хариуцсан ажлыг хурдан хугацаанд гүйцэтгэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн гаалийн улсын байцаагч Ж.С-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний төрсөн дүү Ж.Ж-н Голомт банкны 2205**** дугаартай данс руу өөрийн Хаан банкны 5014**** дугаарын данснаас 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 150,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.С нь нийтийн албан тушаалтан буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.3 дахь хэсэгт "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах/, 7.1.5 дахь хэсэг /албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах/, 7.1.7 дахь хэсэг /албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д 15.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно" гэж заасныг тус тус зөрчиж, иргэн Б.Б-н "Д" ХХК-ийн Монгол Улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг хурдан хугацаанд хийлгэх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтод заасан “...бүтээгдэхүүнд гаалийн зорилгоор магадлан шинжилгээг Монгол улсад мөрдөгдөж буй стандартын дагуу чанарын өндөр төвшинд, хурдан шуурхай хийх, дүгнэлт гаргах...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн МШД- №0122008664 дугаартай дүгнэлт гаргасны хариуд Б.Б-с өөрийн төрсөн дүү Ж.Ж-н Голомт банкны 2205**** тоот дансаар дамжуулан 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 150,000 төгрөгийн хахууль авсан,
мөн Д.Ж-р түүний албан тушаалын тодорхойлолтод заасан "...бүтээгдэхүүнд гаалийн зорилгоор магадлан шинжилгээг Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу чанарын өндөр төвшинд, хурдан шуурхай хийх, дүгнэлт гаргах..." гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлж "Д" ХХК-ийн улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг явуулж, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн МШД-0122005913 дугаартай дүгнэлт гаргуулсны хариуд Б.Б-с өөрийн төрсөн дүү Ж.Ж-н Голомт банкны 2205**** тоот дансаар дамжуулан 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 300,000 төгрөгийн хахууль авсан;
Шүүгдэгч Б.Б нь "Д" ХХК-ийн Монгол Улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг хийлгэх буюу өөрийн хариуцсан ажлыг хурдан хугацаанд гүйцэтгэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн гаалийн улсын байцаагч Ж.С-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний төрсөн дүү Ж.Ж-н Голомт банкны 2205**** дугаартай данс руу өөрийн Хаан банкны 5014***** дугаарын данснаас 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 150,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.С, Б.Б нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
Гэрч Д.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нүүрсний магадлан шинжилгээний дүгнэлтийг дээж хүлээн авснаас хойш 6-72 цагийн хооронд гаргах хугацаатай байдаг. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдалд тулгуурлаж буюу техникийн саатал, шинжилгээний ачаалал зэргээс хамаарч дээрх хугацаа өөрчлөгдөх тохиолдол байдаг. Үүнийг Гаалийн Ерөнхий газрын даргын баталсан “бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх журам”-д заасан байдаг. 2022 оноос өмнө шинжилгээг хийхдээ Нүүрс нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS:64572014 гэх стандартыг баримталж дүгнэлт гаргаж БТКУС-н кодыг гаргадаг байсан юм. Харин Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас дээрх стандартыг өөрчилж Стандарт хэмжил зүйн газрын техникийн хорооны С/28 дугаартай тушаалаар 2022 оны 7 дугаар сарын 04- ний өдөр шинэчлэн батлуулсан байсан. Тухайн стандартыг манай Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторид 2022 оны 8 дугаар сард мөрдөж ажилла гэсэн утгатай албан бичгээр ирүүлсний дагуу 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс манай байгууллага дүгнэлтийг дээрх стандартаар гаргаж эхэлсэн. Мөн тухайн үед дээрх стандарттай уялдсан БТКУС-н код буюу жагсаалт нь хэвлэгдэж гараагүй байсан учир дүгнэлтийг шинэ стандартаар бичиж, хуучин кодоор гаргаж явж байсан. Тухайн үед шинжилгээ хийх лабораторийн үйлчилгээний хөлс нь 170,000 төгрөг байсан. Харин үйл ажиллагааны дараалал нь аж ахуй нэгжээс хүсэлт авна, дараагаар гаалийн улсын байцаагч тухайн бичиг баримтын бүрдлийг шалгаж магадлан шинжилгээ хийлгэх шийдвэрийг бичиж дээжийг авч битүүмжлэн гаалийн төв лабораторид лацдаж хүргүүлнэ, улмаар Гаалийн төв лабораторийн дээж авагч байцаагч тухайн дээжийг цахим санд бүртгэж аваад нүүрсний дээжийг дээж авагч ажилтанд хүлээлгэн өгч бичиг баримтыг удирдах албан тушаалтнаар цохолт хийлгэж цахим санд бүртгэж шинжилгээний хураамж болох 170,000 төгрөгийн нэхэмжлэл үүсгэж хүлээн авдаг. Үүний дараагаар нүүрсний дээж авагч ажилтан тухайн дээжийг авч бэлтгэнэ. Харин шинжээчид удирдах албан тушаалтны цохолтын дагуу шинжилгээний дээжийг хүлээн авч шинжилгээнд хамруулдаг. Үүний дараагаар сорилтын дүнгийн хуудсыг бичиж дүгнэлтээ удирдах албан тушаалтнаар хянуулж гаргадаг. Шинжилгээг хурдан хугацаанд төлбөртэй хийх зохицуулалт байдаггүй. Бичиг баримт бүрэн, шинжилгээний хариу гарсан тохиолдолд аль эхэлж ирсэн шинжилгээний дүгнэлтийг эхэнд гаргадаг. Гэхдээ удирдах албан тушаалтны хяналтаас мөн шалтгаалах зүйл байдаг, Би "Д" ХХК-ийг болон тус компанийн ажилтан Б.Б гэх хүнийг танихгүй бөгөөд урьд өмнө нь харж, уулзаж байгаагүй. Би дээрх дүгнэлтийг харлаа. Уг дүгнэлтийг би тухайн компанийн хүсэлтээр 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №0122005913 дугаартай дүгнэлтийг гаргасан байна. Намайг дээрх дүгнэлтийг гаргахад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл дүгнэлт гаргасан компани болгоноо цээжлээд суудаггүй учраас сайн санахгүй байна. Би тухайн үед өдөрт хамгийн багадаа 5 болон түүнээс дээш дээжид шинжилгээ хийдэг байсан. Мөн техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг байсан учраас ажлын ачаалал их байдаг байсан. Би уг дээжийг хүлээн аваад 28 цагийн дотор шинжилгээ хийж дүгнэлтийг гаргасан байна. Дээжийг цахим сан дээр над дээр хуваарилсан үеэс эхэлж хүлээн авсан гэж тооцогдоно. Харин дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл надад байхгүй яагаад гэвэл би дүгнэлтээ гаргаад Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн үүдэнд байрлах хавтсанд хийчихдэг. Тухайн хавтаснаас шинжилгээ хийлгүүлж буй компани өөрийн нэрийг хэлээд дүгнэлтээ аваад явчихдаг. Дүгнэлтээ хүлээн авсан талаар тэмдэглэлийг дээж хүлээн авсан Гаалийн улсын байцаагч хариуцаж гарын үсэг зуруулдаг. Тухайн өдрийн оочир дарааллыг би санахгүй байна. Цахим сан дээрээс харж байж мэдэх байх. Манай лабораторийн хувьд шинжилгээ хийж байгаа шинжээчид аль болох хурдан гаргаад өгөөрэй гэж нэгнээсээ гуйх тохиолдол ганц нэг удаа байдаг. Харин Ж.С-н хувьд надад шинжилгээг хурдлуулаад өгөөрэй гэж гуйсан талаар би санахгүй байна. Ажлын ачаалал их байдаг учраас би үнэхээр санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх- ийн 24-25 дахь тал/,
Гэрч Ж.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай эгч Ж.С нь намайг дансаа түр хэрэглүүлээч гээд Голомт банкны 2205**** тоот дансанд Хаан банкны 5014**** тоот данснаас 2022.09.16-ны өдөр орсон 300,000 төгрөг, 2022.11.24-ний өдөр орсон 150,000 төгрөгийн орлогыг манай эгч Ж.С миний дансаар хүлээн авсан. Миний Голомт банкны 2205**** тоот дансны картыг манай эгч Ж.С ашигладаг учраас дээрх мөнгөний зарцуулалтыг бол би мэдэхгүй, манай эгч Ж.С мэднэ. 2022 оны зунаас эхлэн миний Голомт банкны 2205***** тоот дансны картыг манай эгч Ж.С ашиглаж байгаа. Би “Д” ХХК болон Б.Б гэдэг хүнийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дэх тал/
Гэрч П.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн цаг хугацаанд Гаалийн ерөнхий газрын даргын 2019.10.30-ны өдрийн А/226 дугаартай тушаалаар батлагдсан "Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах” журмаар зохицуулдаг байсан. Уг журмын 5.19 дэх хэсэгт “магадлан шинжилгээг Гаалийн тухай хуульд заасан хугацаанд хийж гүйцэтгэнэ” гэж ерөнхий байдлаар зохицуулсан ба Гаалийн тухай хуулийн 252.6 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэлд 1 сар, бусад тохиолдолд 3 сар” гэж хуульчилсан. Гаалийн төв лабораторийн хувьд ажлын 5 хоногийн хугацаанд гаргах чиглэлийг барьж ажилладаг. Тэрнээс албажсан зүйл байхгүй. Ихэвчлэн дээж сорьцны тооноос шалтгаалан хугацаа өөр өөр байдаг. Нэг шинжээч өдөрт дунджаар 5-10 дүгнэлт гарган ажилладаг. Шинжилгээ хийх төлбөрийг мөн журмаар зохицуулдаг ба ямар дээж шинжлэхээс шалтгаалан үнийн дүн харилцан адилгүй байдаг. Дээрх дүгнэлтийг гаргуулахын тулд ААН-ээс 170,000 төгрөгийг Төрийн санд тушаасан байна. Би "Д" ХХК болон тус компанийн ажилтан Б.Б гэж хүнийг танихгүй. Асуултад дурдсан дүгнэлтийг харлаа, миний гаргасан дүгнэлт мөн байна. "Д" ХХК-аас ирүүлсэн нүүрсний дээжийг 2022.11.11-ний өдөр 15 цагт хүлээн авч, шинжилгээг Ж.С байцаагч 2022.11.15-ны өдөр хийж, 2022.11.23-ны өдөр шинжилгээний дүгнэлтийг ААН-д гаргаж өгсөн байна. Миний хувьд шинжилгээний дүгнэлтийг тухайн бүтээгдэхүүнд тавигдах стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянан, барааны ангиллын кодыг баталгаажуулаад гарын үсэг зурсан байна. Тухайн дүгнэлтийг гаргахад хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй. Дээж хүлээн авсан, хүлээлгэн өгсөн бүртгэлийг цахимаар бүртгээд явдаг ба давхар цаасан бүртгэл байдаг. Лабораторид нүүрсний шинжилгээ хийх эрхтэй Ж.С, М, Д, Ж /өөрийн хүсэлтээр ажлаас гарсан/ гэж хүмүүс байдаг ба ААН- с хүсэлт ирсэн тохиолдолд даргын цохолтоор байцаагчийг томилдог. Хэрвээ дарга байхгүй бол миний бие цохолт хийдэг. Зохицуулсан журам байхгүй. Ж.С нь 2013 оноос хойш гаалийн улсын байцаагчаар ажиллаж байгаа ба өнөөдрийн байдлаар нүүрсний шинжилгээ хийдэг. Хувийн байдлын хувьд бага зэрэг өөрийнхөөрөө зантай, бусад зүйл нь хэвийн. Ажлын 5 хоног хэтэрсэн тохиолдолд удсан гэж үздэг. 2022 онд тоног төхөөрөмжийн хүртээмж муу байснаас болоод удсан тал бий, доо сайжруулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дахь тал/
Гэрч Ц.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Б нь манай төрсөн ах Ц.О-н бизнесийн хамтрагч бөгөөд 2022 оны 06 дугаар сард анх танилцаж байсан. Г.Б нь манай компанийн ямар нэгэн ажилтан биш бөгөөд бизнесийн хамтрагч гэх байдлаар ажилладаг. Манай компани нь хоол үйлдвэрлэл, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Зайсан Миний дэлгүүрийн 2 давхарт байх С*** шорлогийн газар, БНХАУ-руу нүүрс гаргах тээврийн үйл ажиллагаа явуулж байна. Гааль төв лабораторид Монгол Улсын хилээр гаргах нүүрсний дээжийг шинжилгээнд өгдөг бөгөөд тухайн хилээр гаргах нүүрс нь шинжилгээний бичигтэй байж хилээр нэвтэрдэг юм. Дээжийн төлбөрт ихэнхдээ 170,000 төгрөгийг төлдөг юм. Миний хувьд шинжилгээний төлбөрийг Гаалийн данс руу шилжүүлдэг бөгөөд бусад шинжилгээтэй холбоотой асуудлыг Г.Б эгч хариуцдаг. Шинжилгээний дүгнэлтийг хурдан гаргуулах эсэх асуудлыг би мэдэхгүй. Мөн тийм байдлаар мөнгө өгч байсан удаа байхгүй. Г.Б эгч манайхаас цалин авдаггүй бөгөөд бизнесийн хамтрагч гэдэг утгаар ашгаасаа хувь авдаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 27 дахь тал/
Ж.Ж-н Голомт банкны 2205**** дугаартай дансны хуулга / хх-ийн 159-161 дэх тал/
Б.Б-н Хаан банкны 5014***** дугаартай дансны хуулга /хх-ийн 171-172 дахь тал/
Ж.С-г ажилд томилсон тушаал, шинжээч, улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 106-116 дахь тал/
Магадлан шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн МШД- 0122005913, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн МШД-№0122008664 дугаартай дүгнэлт, дагалдах баримт болон дээж хүлээн авсан бүртгэл /хх-ийн 38-98 дахь тал/
Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн лавлагаа /хх-ийн 101-1022 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Прокуророос шүүгдэгч Ж.С, Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан байх бөгөөд Ж.С, Б.Б нарт холбогдох уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв. Харин шүүгдэгч нар нь хахууль өгөх болон авах үйлдэлд хэд, хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.С, Б.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.С, Б.Б нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй бөгөөд шүүгдэгч Ж.С-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 450.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнээс гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.С-н хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б-н хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах тухай прокурорын ялын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд амар хялбар аргаар ажлаа бүтээх, мөн амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн шууд санаатай, шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ
Иймд шүүгдэгч Ж.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.С, Б.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж.С-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Б-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,
-Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-д оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, Б.Б-д оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тус тус тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С, Б.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ж.С-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ж.С, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Т.БАТЖАРГАЛ
А.МӨНХСАЙХАН