Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/350

 

 

 

 

        

   2023       11        09                                          2023/ШЦТ/350

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Д.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ү-ад холбогдох эрүүгийн 2338000000374 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Ү-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ү- нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Б-ын эзэмшлийн улсын дугааргүй, ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 2.500.000  төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000374 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Д.Ү- нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Б-ын эзэмшлийн улсын дугааргүй,ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 2.500.000  төгрөгийн хохирол учруулсан үйл баримт зөрчлийн хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ү-ын өгсөн: “...Би тухайн мотоциклийг Д.М-өөс гуйж аваад өөрөөр нь асаалгаж авсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хороо орж айлд 2 шил архи уугаад сэрсэн чинь мотоцикль байхгүй болсон байсан. Миний толгойны хажууд хэдэн ширхэг Алтан навчис нэртэй тамхи үлдээсэн байсан. Би гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогч Б.Б-ын өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өглөө Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ачмаг нуур гэх газар хадам ах Д.М- Мах маркетад ямаа зарахаар Мөрөн сум руу миний өөрийн ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг унаж явсан. Тэгээд миний мотоциклийг хулгайд алдсан байсан. Ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан улсын дугаар байхгүй. Миний алдсан Мустанг-5 маркийн мотоциклийн зүүн хойд талын дохио хагархай, зүүн талын өвдөгний хамгаалалт хугархай, мөн мотоциклийн банк онгорхой. Би 2022 оны хавар 4 дүгээр сард 2,850,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би тэр үнээрээ үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Гэрч В.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гэрэлтэй цонхны хажуу талд манай гэрт Д.Ү-, Д.М- бид гурав шөнөжингөө архи согтууруулах ундааны зүйл уугаад маргааш өглөө нь буюу 2023 оны 07 дугаар сарын 27-ны өглөө хашаан дотор байсан Д.М-ийн ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг Д.Ү- унаад "архи олоод ирье" гээд байсан. Чи миний араар суучих гээд байхаар нь би хөл муутай гэж хэлээд суугаагүй. Тэгээд Д.Ү- мотоциклийг нь унаад явсан. Тэрнээс хойш угаасаа яваад ирээгүй. Бид гурав хашааны үүдэн дээр юм яриад сууж байсан. Тэгсэн Д.Ү- 13 дугаар хороо руу яваад ирье гээд мотоциклийг нь унаад явсан. Харин Д.М- өдөржин хүлээж байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,

Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өглөө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хороонд Дуут-Улаан махны үйлдвэрт бог мал оруулж өгөх байж байтал  Д.Ү-тай таараад бид хоёр 1 шил Хараа гэх архийг хувааж уусан. Тэгээд Д.Ү- бид хоёр Гэрэлтэй цонхны тэнд айлд очсон. Тэгээд би хашааны гадаа мотоциклынхоо хажууд суугаад Д.Ү- гэр рүү орсон. Удаач үгүй Д.Ү-, С- ахтай гарч ирээд тэр хоёр хоорондоо 13 дугаар хороо яваад ирье гээд яриад байсан. Тэгтэл Д.Ү- миний мотоцикль дээр суусан байсан. Намайг С- ахыгаа дуудаад ир гээд гэрт оруулсан. Тэгэх хооронд миний мотоциклийг унаад явсан ахиж эргэж ирээгүй. Манай хүргэн ах Б.Б-ын мотоцикль байгаа юм. Би хөдөөнөөс мал тууж орж ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-23 тал/,

“Ашид-Билүүн” ХХК-ийн шинжээчийн  2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ:-023-7564 дугаартай дүгнэлт: “...Үнэлэгдэж буй Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ цэнийг 2023 оны 08 дугаар сарын байдлаар 2.500.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 29-32 тал/,

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

           2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-12 тал )

           Шүүгдэгч Д.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өглөө би Мөрөн сумын 10-р хороонд архи ууж явж байгаад Д.М-төй таарсан. Тэгээд бид хоёр уулзаад дэлгүүрээс ганц шил архи аваад хашааны буланд хувааж ууж сууж байгаад бид хоёр архиа ууж дуусгаад гэрэлтэй цонхын дэлгүүрийн цаана байдаг Ц-н гэрт очиж нэг шил архи хувааж уусан. Тэгээд архи ууж байгаад би Д.М-ийн унаж явсан ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг нь унаад 13 дугаар хороонд очиж айлд очиж архи ууж байгаад мотоциклийг нь хулгайд алдсан байна лээ. Ийм л үйл явдал болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хохирлыг нь төлж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б-, гэрч В.С-, Д.М- нарын өгсөн мэдүүлэг, “Ашид-Билүүн” ХХК-ийн шинжээчийн  2023 оны 08 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ:-023-7564 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ү-ын  2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Б-ын эзэмшлийн улсын дугааргүй,ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 2.500.000  төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

             Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Ү-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

              “Хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн шууд санаатай үйлдлээр өмчлөгч, эзэмшигч нь тодорхой байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.

             Шүүгдэгч Д.Ү-ын үйлдэл идэвхтэй, хохирогчийн эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй, ухамсартай, уг мотоциклийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулж, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ү-ын  2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Б-ын эзэмшлийн улсын дугааргүй, ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 2.500.000  төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

              Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

             Шүүгдэгч Д.Ү-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-од  2.500.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ:-023-7564 дугаартай дүгнэлт “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

           Хэрэгт хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны хавар 4 дүгээр сард 2,850,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би тэр үнээрээ үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/ авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар шүүгдэгч Д.Ү-аас 2.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-од олгох нь зүйтэй байна.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

              Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Д.Ү-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Д.Ү-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ү-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

              Шүүгдэгч Д.Ү-ын хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 51-84 дугаар талд авагдсан .... түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Ү- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ү-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Ү-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс шүүгдэгч Д.Ү-ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Д.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Ү-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүгдэгч Д.Ү- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархан овогт Довдон Д.Ү-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-ыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Ү-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-аас мотоциклийн үнэ болох 2.500.000 (хоёр сая таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ү-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР