| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2019/0691/З |
| Дугаар | 128/ШШ2019/0810 |
| Огноо | 2019-11-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2019/0810
| 2019 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 128/ШШ2019/0810 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,
Нэхэмжлэгч: Т т ХХК
Хаяг: Хариуцагч: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга.
Хаяг: Нэхэмжлэлийн шаардлага: ...Зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгосон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/661 дугаар болон 11-ний өдрийн 01/725 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, учирсан хохиролд 59.950.000 төгрөгийг гаргуулах.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г, Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Б.Б, гэрч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд гадна зар сурталчилгааг байрлуулъя, зохих ёсоор ашиглая гэсэн хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг хянаж үзээд 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс 1 жилийн хугацаатай буюу 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх зөвшөөрөл олгосон. Зөвшөөрлийн дагуу 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гадна зар сурталчилгааны байгууламж байршуулах, ашиглах, ашиглалтын гэрээ-г байгуулж, 2 цэгт тулгуурт байгууламжийг байрлуулахаар тохиролцсон. Тус гэрээний 1.3-д 1 жил ашиглах төлбөр нь 11.520.000 төгрөг байна гэж заасан. Гэрээ болон зөвшөөрөл зохих ёсоор гарч бид үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5.760.000 төгрөгийг 3 хоногийн дотор төл гэсэн нэхэмжлэх ирсэн. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 5.760.000 төгрөгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дансанд төл гэсэн нэхэмжлэхүүд ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэхийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус нэхэмжлэхэд заасан төлбөр буюу нийт 11.520.000 төгрөгийг зохих ёсоор төлсөн. Төлбөрөө төлсөн учраас үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Төлбөр төлснөөс хойш Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хойш бидэнд хандсан зүйл байдаггүй. Б.Х гэх нягтлан бодогч нэхэмжлэхээ өгч, бид зохих ёсоор төлөөд явсан. Үүнд талууд маргадаггүй.
Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 04, 11-ны өдрүүдэд төлбөрөө зохих ёсоор төлөөгүй учраас зөвшөөрлийг хүчингүй болгож, гэрээг цуцалж байгааг мэдэгдэж зар сурталчилгааны самбарыг буулгах шийдвэр гаргасан байсан. Актын үндэслэлд гэрээний 1.3, 4.11-д заасан төлбөрийг төлөх талаарх холбогдох заалтыг иш татан зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг. Зөвшөөрлийг хүчингүй болгосон актын хувьд хуулийг зөрчсөн, хууль бус акт байна гэж үзэж дараах 3 үндэслэлээр маргаж байгаа.
Нэг: Гэрээний төлбөр зохих ёсоор төлөгдсөн талаар. Тус Гэрээний дагуу байгууламжийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ашиглахаар талууд харилцсан тохиролцсон. Мөн гэрээний 1.3-т заасны дагуу гэрээгээр байгууламж байршуулах нэг жилийн хураамжид 11,520,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөхөөр тусгасан байдаг. Харин Ажлын албанаас ...байгууламжаа барьж дуусгаад төлбөрөө төлж болно гэж тухайн үед амаар хэлж байсан тул бид дээрх төлбөрийг төлөхийг хойшлуулж байсан юм.
Гэтэл Ажлын албанаас 4 сарын дараа гэнэт 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр болон 4 дүгээр сарын 09-ний өдөр манай компанийг гэрээний 1.3, 4.11-т зааснаар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж үзэж, гэрээний 6.1-т заасны дагуу гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа бөгөөд 3 хоногийн дотор байгууламжийг буулгах талаар мэдэгдсэн юм. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ цуцлах үндэслэлгүй бөгөөд төлбөрөө хууль болон гэрээнд зааснаар төлсөн тул дээрх үйлдэл нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болж буйг сануулж, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй талаараа удаа дараа тус албанд учирлаж, мэдэгдсэн байна. Гэвч Ажлын алба нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгууламжийг албан хүчээр буулгаж, авч явсан билээ. Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу ...гэрээтэй холбоотой асуудал буюу зохицуулагдаагүй хэсгийг Иргэний хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, биднийг төлбөрийн үүргээ зөрчсөн гэж хэлж байгаа боловч бидэнд нэмэлт хугацаа зааж өгсөн. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Мэдэгдэл өгч сануулсан нэхэмжлэхийг бидэнд ирүүлсэн учраас уг нэмэлт хугацааг тогтосон хугацаанд нь зохих ёсоор төлбөр мөнгөө төлсөн. Тэгэхээр үүргийн зөрчил гэж үзэхгүй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно гэж заасан. Манай компани 11.520.000 төгрөгийн үүргээ зохих ёсоор төлж, барагдуулсан. Энэ нөхцөл байдалд үүргээ гүйцэтгээгүй, төлбөрөө төлөөгүй гэж үзэх нь үндэслэлгүй байна.
Уг үндэслэлгүй нөхцөл байдал нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын удирдлага солигдсонтой холбоотой. Хууль болон журамд үндэслэхгүйгээр шинээр томилогдсон Засаг даргын үгээр шийдвэр гаргасан байдал ажиглагдаж байгаа. Төрийн бодлого залгамж чанартай байх ёстой. Өмнөх шийдвэрийг дараагийн хүн үгүйсгээд явах нь залгамж чанарыг үгүй хийж, хууль үндэслэх зарчмыг алдагдуулж байна. Асуудалд субъектив байдлаар хандсан нь харагдаж байгаа юм.
Хоёр: Итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн талаар. Захиргааны байгууллага нь дээр дурдсаны дагуу нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг илтэд зөрчиж, хохирол учруулаад байгаа болно.
Хэрэв нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн ч зөрчил үүссэн гэж байгаа тухайн цаг хугацаандаа зөвшөөрлийг цуцалж шийдвэр гаргаагүй бөгөөд хожим нь төлбөрийг төлүүлж, байгууламжийг үргэлжлүүлэн хэвийн ашиглах явцад уг шийдвэрийг гаргасан байдаг.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгайлсан зарчим болох хууль ёсны итгэл хамгаалах зарчим-д харшлах юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний төлбөрийг хожимдуулсан хэдий ч хариуцагч нь үүнийг зөвшөөрч нэхэмжлэгчид итгэл үзүүлсэн үйлдэл хийж, төлбөр төлөх хугацааг дахин тогтоосон билээ. Гэтэл тус албаны зүгээс нэхэмжлэгч төлбөрөө төлсний дараа зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байгаа тул дээрх актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-т заасны дагуу захиргааны байгууллагын шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Гэвч хариуцагч байгууллагын шийдвэр гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний төлбөр аль хэдийн заасан хугацаанд төлөгдсөн байсан тул захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалтай тохироогүй буюу захиргааны илрүүлсэн зөрчил нэгэнт арилсан гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд дээрх байдлаар гэрээ цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Гурав: Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан сонсох ажиллагааг явуулаагүй. Шийдвэр чиглэгдэж, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэж, саналыг нь сонсож, сонсох ажиллагааг явуулах ёстой. Гэтэл шийдвэрийг гаргахдаа буюу зөвшөөрлийг цуцалж байгаа үйлдэл, үйл ажиллагаандаа ямар нэгэн байдлаар сонсох ажиллагааг явуулалгүй процесс алдааг гаргасан. Сонсох ажиллагааг хуульд зааснаар зохих ёсоор хийж байж шийдвэрийг гаргах нь зүйтэй байсан. Гэтэл сонсох ажиллагааг хийлгүйгээр шууд хэн нэгний үүрэг даалгавраар, үндэслэлгүйгээр, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан нь актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.
Дээрх 3 үндэслэлээр маргаан бүхий акт хүчингүй болох ёстой. Иймд захиргааны байгууллага хууль бус үйлдэл гаргасан учраас түүнээс учирсан хохирлыг барагдуулах ёстой. Бид учирсан хохиролд 59.950.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд 1 дүгээрт 2 ширхэг тулгуурт самбарын өртөг байгаа. Уг байгууламжийг Улаанбаатар хотод дэлхийн стандартын дагуу барьсан. Энэ нэлээд өндөр өртгөөр бий болсон. Нэг самбар маань 25.323.440 төгрөгийн өртөгтэй гэж мэргэжлийн байгууллагын программаар тооцоолж тогтоосон байгаа. Мөн Гэрэлт эрин ХХК-иар 52.000.000 төгрөгийн 2 самбарыг босгуулахаар Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Үүгээр 2 самбар 52.000.000 төгрөгийн өртгөөр бүтээгдсэн гэдэг нь нотлогдож байгаа. Ажил гүйцэтгэх гэрээ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар анхан шатны баримт болно. Барилга, хот байгуулалтын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн программаар тооцоолоход энэ хэмжээний зардал гарсан болох нь батлагдаж байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн компаниас төлбөрөө нэхэмжилсэн албан бичгийг бидэнд ирүүлсэн. Бид самбарыг гэрээнд заасан хугацаанд ашиглаагүй учраас самбарыг босгосон өртгөө нөхөн олж чадаагүй.
Ашиглаагүй хугацааны төлбөрт 1.950.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр самбарыг буулгасан. 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл самбарыг ашиглаад цаашид гэрээ сунгагдах эсэх асуудал яригдах байсан. 2 сарын хугацаанд самбарыг ашиглаагүй гэж үзвэл 1.950.000 төгрөгийг илүү төлсөн байгаа.
Мөн самбарыг хууль бусаар буулгасны улмаас манай компани олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байгаа. 1 өдрийн 100.000 төгрөгөөр самбарыг түрээслүүлдэг ханшаар тооцоход 60 хоногийн 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт 59.950.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, дээрх хууль бус актыг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Газрын алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон бусад мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны Зөвлөл нь гадна зар сурталчилгааны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталгаажуулдаг.
Нэхэмжлэгч Т т ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар дараах 6 байршилд 7 ширхэг гадна зар сурталчилгааны тулгуурт байгууламж байршуулах зөвшөөрөл авсан байна.
Үүнд:
1. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/206 дугаар тушаалаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Барс худалдааны төвийн ард талд 4*9м хэмжээтэй, 2 талт 1 ширхэг /2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/303 дугаар тушаалаар гэрээг сунгасан/,
2. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, М-Ойл шатахуун түгээх станцын хойд талд 4*9 м хэмжээтэй 2 талт 1 ширхэг,
3. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/13 дугаар тушаалаар 14 дүгээр хороо Нарантуул Олон улсын худалдааны төвийн урд талд 4*9м хэмжээтэй 2 талт 1 ширхэг.
4. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежийн хашаанд 6*14м хэмжээтэй 1 талт 2 ширхэг,
5. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/188 тушаалаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайвны гүүрний баруун доор 4*9м хэмжээтэй 2 талт 1 ширхэг,
6. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/188 тушаалаар Энхтайвны гүүрний зүүн доор 4*9м хэмжээтэй 2 талт 1 ширхэг.
Дээрх тулгуурт байгууламжууд байршуулсан төлбөрт нэхэмжлэгч нь Нийслэлийн төсөвт 48,000,000 төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй байсан.
Гэвч нэхэмжлэгч нь 17,280,000 төгрөгийг төлж бусад 4 ширхэг тулгуурт байгууламжуудын хураамжийг заасан хугацаанд төлөхгүй гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн.
Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам-ын 4.7.4-т заасныг баримтлан гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрөө хугацаандаа төлөөгүй 2 тулгуурт байгууламжийг 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-ны өдрүүдэд албадан буулгасан.
Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зөрчилгүй, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан мэтээр илт худал тайлбарлаж, төрийн захиргааны байгууллагын хууль ёсны дагуу мэдэгдсэн шаардлагыг биелүүлээгүй үйлдлээ зөвтгөсөн нь цаашид ч энэ мэт хууль, журмыг зөрчсөн байдлаа арилгах талаар арга хэмжээ авахгүй, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг мөрдөж ажиллах хариуцлагагүй байгууллага гэдгээ илэрхийлж байна гэж үзэхээс аргагүй байна.
Холбогдох хууль журмын дагуу зөвшөөрөл авч эрхээ эдэлсэн ч түүний үр дагавар үүргээ биелүүлээгүй, журам, гэрээг зөрчсөн нэхэмжлэгч Т т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх зүйн үндэслэлгүй байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхтайвны гүүрний 2 талд байршуулсан хоёр самбарыг яагаад буулгах болсон гэвэл Т т ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 03-нд Гадна зар сурталчилгааны байгууламж ашиглах талаар гэрээ байгуулсан байгаа. Тус гэрээний 1.3, 6.1-д гэрээ байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор сурталчилгааны байгууламжийн төлбөрийг төлнө гээд төлбөрийг заагаад, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дансыг бичсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч тал төлбөрийн нэхэмжлэхээ 2018 оны 11 сард ирүүлсэн учраас бид нар тэгж төлсөн гэж тайлбарлаж байна. Төлбөрийн нэхэмжлэхийг бид хүргэж өгдөггүй. Гэрээ байгуулагдсан учраас Т т ХХК 30 хоногийн дотор төлбөрөө төлж гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Гэрээнд төлөх төлбөрийн хэмжээ, төлөх данс тусгагдсан байгаа. Гэтэл 11 сард төлснийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба хүлээн зөвшөөрсөн нь хуулгаар батлагдаж байна гэсэн байна. Энэ хуулга бол төлбөрөө хэрхэн төлөх вэ гэсэн хүсэлтийн дагуу манайхаас ирж авсан үйлдэл. Гэрээнд манайхаас төлбөрийн нэхэмжлэхийг авсны дараагаас хугацаа тоологдоно гэсэн заалт байхгүй. Гэрээний заалтад 30 хоног гээд бичсэн байгаа. Нэхэмжлэгч бид хугацаа хэтрүүлээгүй, зохих ёсоор төлсөн гэж байгаа нь гэрээний заалтын дагуу зохих ёсоор төлсөн гэж үзэхээргүй байна. Зохих ёсоор төлснийг хүлээн зөвшөөрснөөр дансны хуулга өгөөгүй бөгөөд хэд оны хэдэн сард төлбөрийг шилжүүлсэн болохыг батлах зорилготой гарсан дансны хуулга учраас бид нотлох баримтаар өгсөн.
Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийг нэхэмжлэгчийн зүгээс ярьсан бөгөөд тус зохицуулалт нь Захиргааны Ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 буюу захиргааны гэрээг зохицуулсан зохицуулалтаас үүдэлтэй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэсэн зохицуулалт иш татсан нь хугацаа хэтэрсэн гэдгээ яриад байгаа юм шиг ойлгомжгүй байгаад байна.
Захиргааны Ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийг сонсох ажиллагаатай холбоотой ярилаа. Хэрвээ Иргэний хуулийн 222 дугаар зүйл орж ирсэн бол үүнтэй холбоотойгоор Захиргааны Ерөнхий хуулийн 58 дугаар зүйл буюу Захиргааны гэрээний зохицуулалт зайлшгүй яригдана. Тэгэхээр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаал, гэрээнд ямар үндэслэлээр гэрээ хүчингүй болгохыг заасан тохиолдолд дараа нь ямар нэгэн байдлаар захиргааны акт буюу шийдвэр гаргахгүй. Төлбөрөө хугацаандаа төлөөгүй, техник стандартын шаардлага хангаагүй бол цуцална гэж тодорхой заасан байхад нэхэмжлэгчээс дахин захиргааны шийдвэр гаргах гээд байгаа нь үндэслэлгүй юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба нь 4 дүгээр сард Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлд Захиргааны байгууллага нь захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй гэж заасны дагуу гэрээнд заасан төлбөрийг төлүүлэх, төлөөгүй тохиолдолд самбарыг буулгах үүргээ биелүүлэх үйл ажиллагааны хүрээнд мэдэгдэх хуудас өгсөн. Хуульд заасан үүргээ биелүүлэхийн тулд 2019 оны 01 дүгээр сарын 17, 2019 оны 4 дүгээр сарын 04, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний тус тус өдрүүдэд мэдэгдэл хүргүүлэн, бүртгэлээ хийсэн 3 хуудас баримтыг шүүх хуралдаанд нотлох баримтаар өгсөн байгаа. Энэ баримтад Т т ХХК-ийн захирал н.Б өөрийн гараар нэрээ бичин хүлээж авсан. Үүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер буюу Захирагчийн ажлын албанаас ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, тогтоосон хугацааны дотор хууль болон гэрээ зөрчсөн самбараа буулгахгүй бол улсын зардлаар буулган тус зардлаа бид нараас нэхэж авах юм байна гэдэг мэдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. Т.Гантөмөр даргын 2019 оны 01/725 дугаартай ...гэрээгээ биелүүлээгүй учраас самбарыг буулгах болон өөрсдөө буулгаагүй тохиолдолд улсын хөрөнгөөс зардлыг гаргана. Хэрвээ өөрсдөө буулгана гэвэл тогтоосон хугацаанд буулга гэсэн агуулга бүхий мэдэгдлийг захиргааны шийдвэр гэж үзэхгүй. Учир нь гэрээнд тусгагдсан байгаа Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн Наймдугаар бүлэгт заасан зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасан. Мөн хуулийн 84-д захиргааны гэрээний биелэлтийг тухайн гэрээг байгуулсан байгууллага, зөвшөөрөл олгосон байгууллага өөрөө гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд тухайн зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний үүргээ биелүүлэх шаардлага бүхий мэдэгдэх хуудсыг өгөхөд биелүүлээгүй тохиолдолд албадлагын арга хэмжээ авна. Албадлагын арга хэмжээндээ ямар хугацаанд буулгахыг мэдэгдэх хуудсандаа тусгасан.
Улмаар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу албадлага хэрэглэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр тус самбаруудыг буулгасан байгаа. Цаашдаа ч Т т ХХК-ийн самбарууд төлбөрийн зөрчилтэй учраас мэдэгдэх хуудас өгсөн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Улаанбаатар хот, Монголд Улсдаа байхгүй дээд зэрэглэлийн стандартын шаардлага хангасан тухайгаа болон ажил гүйцэтгэх гэрээнд гарсан хөрөнгийг ярьж байна. Дээд зэрэглэлийн, цаашаа ямар компанитай гэрээ хийсэн эсэх нь хамааралгүй бөгөөд тухайн байршил дээр самбар босгох гэрээ байгуулж, зөвшөөрөл авсан л бол гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Олон улсад дөхсөн стандарттай самбар учраас гэрээний үүргээ зөрчиж болно гэсэн зохицуулалт байхгүй учраас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанаас тус самбарыг албадан буулгасан нь хуульд ёсны дагуу хийгдсэн үйл ажиллагаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т т ХХК анх тус шүүхэд хандан Зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгосон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний 01/725 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, учирсан хохиролд 59.950.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2019 оны 4 дүгээр сарын 04-ний 01/661 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах хэмээн нэмэгдүүлсэн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам[1]-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрлийг олгоно хэмээн заасны дагуу нийтийн эзэмшлийн талбайд гадна зар сурталчилгааны байгууламж байршуулах зорилгоор нэхэмжлэгч Т т ХХК-д:
- Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/206 дугаар тушаалаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Барс худалдааны төвийн ард талд 4*9м хэмжээтэй 2 талт 1 ширхэг тулгуурт байгууламж байршуулах /2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/303 дугаар тушаалаар хугацааг сунгасан/,
- 2018 оны А/13 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, М-Ойл шатахуун түгээх станцын хойд талд 4*9 м хэмжээтэй 2 талт 1 ширхэг тулгуурт байгууламж байршуулах,
- 14 дүгээр хороо Нарантуул Олон улсын худалдааны төвийн урд талд 4*9м хэмжээтэй 2 талт 1 ширхэг тулгуурт байгууламж байршуулах,
- Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежийн хашаанд 6*14м хэмжээтэй 1 талт 2 ширхэг тулгуурт байгууламж байршуулах,
- 2018 оны А/188 тушаалаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайвны гүүрний баруун доор 4*9м хэмжээтэй 2 талт 1 ширхэг тулгуурт байгууламж байршуулах,
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайвны гүүрний зүүн доор 4*9м хэмжээтэй 2 талт 1 ширхэг байгууламж байршуулах зөвшөөрлийг тус тус олгож,
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/206 дугаар тушаалаар батлагдсан байршилд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 17/06-363 дугаар Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг-г байгуулж, жилд төлөх хураамжийн хэмжээг 5.760.000 төгрөг байхаар,
2018 оны А/13 дугаар тушаалаар батлагдсан 4 байршилд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 18/06-39 дугаар Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг-г байгуулж, 2 байгууламжийн жилд төлөх хураамжийн хэмжээг 5.760.000 төгрөг байхаар, 2 байгууламжийн жилд төлөх хэмжээг 6.720.000 төгрөг байхаар,
2018 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан 2 байршилд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 18/06-233 дугаар Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг-г байгуулж, байгууламж тус бүрийн жилд төлөх хураамжийн хэмжээг 5.760.000 төгрөг байхаар тус тус тогтоожээ.
2. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар ... Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжуудыг албадан буулгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо-г байгуулан, улмаар 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хөрөнгө гаргах тухай А/75 дугаар тушаалаар ...Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/09 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 01 дүгээр зөвлөмжийн дагуу ... журмын шаардлагыг зөрчсөн ... байгууламжийг албадан буулгах ажлыг гэрээний үндсэн дээр зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг тайлагнан ажиллахыг Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэст үүрэг болгосонтой холбоотойгоор хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/661 болон 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/725 дугаар албан бичгүүдээр Т т ХХК-нд ...гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын 18/06-233 дугаар бүхий гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 4 дүгээр зүйлийн 4.11 дэх заалтыг тус тус зөрчсөн тул дээрх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгож байгааг үүгээр мэдэгдэж байна... гэсэн мэдэгдлүүдийг хүргүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд албадан буулгажээ.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэдийгээр нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зөрчсөн байлаа ч хариуцагчаас тухайн хугацаанд зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаагүй, Ажлын албанаас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болон 27-ны өдөр тус бүр 3 хоногийн дотор 100200000909 тоот дансанд төлбөр төлөхийг шаардсан нэхэмжлэх ирүүлснээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2.-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасанчлан нэмэлт хугацаа тогтоож өгсөн. Энэ хугацааны дотор нь бид төлбөрийг төлсөн. Манай компани өөр ийм үнийн дүнтэй сурталчилгааны байгууламжийн гэрээг байгуулаагүй тул бидний төлсөн төлбөр эдгээр самбарынх гэдэг нь тодорхой харагдана. Бид гэрээний төлбөрийг зохих ёсоор төлсөн, итгэл хамгаалагдах зарчим үйлчлэх ёстой. Иймд маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан 59.950.000 төгрөгийн гаргуулж өгнө үү хэмээн тодорхойлон маргаж байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт тус тус заасанчлан нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримтад хамаарах Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан 2 байршил болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайвны гүүрний зүүн болон баруун доор, дунд голын зам дагуу гадна зар сурталчилгааны 2 байгууламж байршуулах тухай 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 18/06-233 дугаар Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээ-г талууд бичгээр байгуулан, гэрээний
1.2. Гэрээний хугацаа 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 1 /нэг/ жилийн хугацаатай байна.
1.3. Гадна зар сурталчилгааны байгууламжийн хураамжийг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Төрийн сан банкны Зар сурталчилгааны орлого 100200000909 тоот дансанд төлнө.
3. Захирагчийн ажлын албаны эрх үүрэг
3.5. Гэрээ батлагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гадна зар сурталчилгааны байгууламжийг барьж байгуулаагүй тохиолдолд гэрээг цуцалж зөвшөөрлийг хүчингүй болгох,
3.6. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгож, гэрээг цуцлах,
4. Гадна зар сурталчилгааны байгууламж эзэмшигчийн үүрэг
4.2. тогтоосон хугацаанд хураамжийг төлөх,
4.4. Эзэмшигч нь гэрээ батлагдсан өдрөөс хойш эрх бүхий байгууллагаас угсралтын ажил эхлэх зөвшөөрөл авч 30 хоногийн дотор байгууламжийг барьж байгуулах,
6. Хүлээх хариуцлага
6.1. Гэрээний нөхцөлийг хангаагүй тохиолдолд гэрээ цуцалж зөвшөөрлийг хүчингүй болгоно.
6.2. Эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ, зөвшөөрөл хүчингүй болж байгууламжийг буулгасан ...тохиолдолд хураамжийг эргүүлэн олгохгүй... зэрэг нөхцөлүүдийг гэрээнд тус тус заажээ.
5. Хэргийн оролцогчдийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Т т ХХК нь 18/06-233 дугаар Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээ-г 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулснаас хойш 86 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Гэрэлт Эрин ХХК-тай төмөр хийцийн байгууламжийг бэлтгэн нийлүүлж, суурилуулан хүлээлгэн өгөх ажил гүйцэтгэх гэрээг /30 хоногийн хугацаатай/ байгуулан, сурталчилгааны байгууламжийг тухайн байршилд суурилуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн огноо бүхий Ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн огноо бүхий Гэрэлт эрин констракшн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /15.600.000 төгрөг/-аар тус тус тогтоогдож байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хариуцагчаас нэхэмжлэгч Т т ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 18/06-233 дугаар Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээ-ний 3.5, 4.4 дэх заалтуудыг,
Т т ХХК-с самбар түрээс ЭТ гүүрний доор дунд голын зам дагуу гэсэн тайлбартайгаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5.760.000 төгрөгийг,
Т т ХХК-с самбар түрээс ЭТ гүүрний зүүн талд дунд голын зам гэсэн тайлбартайгаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5.760.000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 130-138 хоногийн дараа хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2018 оны 11 дүгээр сарын 22 болон 30-ны өдрийн огноо бүхий Голомт банкны орлогын мэдүүлэг баримт, хариуцагчаас гаргаж өгсөн дансны хуулгаар тус тус тогтоогдож байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь 18/06-233 дугаар Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээ-ний 1.3, 4.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.
6. Хэдийгээр төлбөрийг хугацаа хожимдуулан төлсөн нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ажлын албанаас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний болон 27-ны өдрийн огноо бүхий хоёр нэхэмжлэхийг бидэнд ирүүлснээр хариуцагчаас үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг бидэнд тогтоож өгсөн. Манай компанид өөр ийм үнийн дүнтэй гэрээ байхгүй, бид төлбөр төлөх дансыг мэдэхгүй байсан тул энэ нэхэмжлэхийн дагуу төлсөн төлбөр нь маргаж буй 2 байршлын төлбөр гэдэг нь тодорхой хэмээн тайлбарлаж байх боловч
гэрээ нь эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж эсхүл дуусгавар болгохоор талуудын хооронд харилцан тохиролцсон, хүсэл зоригийн илэрхийлэл болохын хувьд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасанчлан талуудаас гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхийг шаарддаг.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 219.3-т тус тус заасанчлан үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж өгөх эсэх асуудал нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх хэмжээний асуудал.
Тухайн тохиолдолд хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулах агуулгаар төлбөрийн нэхэмжлэхийг Т т ХХК-д хүргүүлээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө 2018 оны 11 дүгээр сарын 21, 27-ны өдрүүдэд самбарын түрээс төлөх нэхэмжлэл авъя гэсэн хүсэлтийг гаргаж бичүүлэн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар, гэрч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нягтлан бодогч Б.Х-ны шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Тодруулбал, тухайн үед нэхэмжлэгч компани ижил үнийн дүн бүхий 5 сурталчилгааны байгууламжийн төлбөрөөс нэгийг ч төлөөгүй, нэхэмжлэх бичээд өгөөч гэсэн дагуу л бичсэн, тухайлан Энхтайвны гүүрний хоёр тал гэж хэлээгүй, нэхэмжлэх дээр ч тэгж бичээгүй гэх гэрчийн мэдүүлэг болон гэрээний 1.3, 3.5, 3.6, 4.2, 4.4 зэрэг хэд хэдэн заалтыг зөрчсөн үүрэг гүйцэтгэгчид үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох хүсэл зориг байгаагүй Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд байхгүй. Төлбөр төлөх дансыг мэдээгүй гэдэг худлаа, гэрээний 1.3 дахь заалтад данс, хугацааг тодорхой заасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэх, холбогдох бусад баримтаар хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс Т т ХХК-д гэрээний үүргийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоогоогүй, нягтлан бодогч Б.Х-ны гарын үсэг бүхий 2018 оны 11 дүгээр сарын 21, 27-ны өдрийн огноо бүхий нэхэмжлэхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасанчлан үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан гэж үзэх боломжгүй.
Энэ хүрээнд, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь бодит байдалд тогтоогдож байхад нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нягтлан бодогчоос төлбөрийн нэхэмжлэх бичиж өгсөн гэх үйл баримтыг нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааг зөвтгөж, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болгон авч үзэж, уг актын улмаас учирсан гэх хохиролын асуудлыг шийдвэрлэх нь эрх зүйт төрийн хууль ёсны зарчимд нийцэхгүй тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Үүнтэй холбогдуулан, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/206, 2018 оны А/13 болон 2018 оны А/188 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч Т т ХХК-нд нийт 7 байршилд гадна зар сурталчилгааны байгууламж байршуулах зөвшөөрөл олгогдсоны 5 байгууламжид холбогдох жилд төлөх хураамжийн хэмжээ нь байгууламж тус бүр 5.760.000 төгрөгөөр тогтоогдсон,
эдгээр тулгуурт байгууламжийг байршуулсны төлбөрт нэхэмжлэгч нь нийт 48.000.000 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээс 2018 оны 11 дүгээр сарын 22 болон 30-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр нийт 17.280.000 төгрөгийг л төлж, үлдсэн төлбөрийг төлөөгүй болох нь хэргийн оролцогчдийн тайлбар, хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17/06-363 дугаар гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18/06-39 дугаар гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 18/06-233 дугаар гэрээгээр тус тус тогтоогдож байгаа,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд 2 ширхэг тулгуурт самбарын нэхэмжлэхийг гардан авсан гэх нөхцөл байдалтай холбоотойгоор Т т ХХК-ийн захирал Н.Б-ийг гэрчээр оруулах хүсэлтийг гаргасны дагуу шүүхээс Н.Б-ийг гэрчээр асуусан ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1, 34 дүгээр зүйлийн 34.5-д заасныг үндэслэн шүүх Н.Б-ний мэдүүлгийг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 56 дугаар зүйлийн 56.4, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасныг тус тус үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад холбогдуулан гаргасан Т т ХХК-ын Зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгосон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/661 дугаар болон 11-ний өдрийн 01/725 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, учирсан хохиролд 59.950.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М