Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 01/ХТ2022/01148

 

 

                                          Ч.А, О.М нарын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02706 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2251 дүгээр магадлалтай,

Ч.А, О.М нарын нэхэмжлэлтэй,

Ц.Б, Оросын Холбооны Улсын Х ч б т ө х-ийг у н газарт холбогдох,

Оросын холбооны Улсын Х ч б т ө х-ийг у н г болон Ц.Б нарын хооронд байгуулагдсан 72/19-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч Ц.Б-аас гэм хорын хохиролд 1,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч Ц.Б-гийн хохиролд 2,384,258 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Оросын Холбооны Улсын Х ч б т ө х-ийг у н г-ын төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Б, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.А, О.М нар нь Оросын Холбооны Улсын Х ч б т ө х-ийг у н г  болон Ц.Б нарын хооронд байгуулагдсан 72/19-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 1,200,000 төгрөг гаргуулах, орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээ байгуулахыг даалгах шаардлагаасаа татгалзсан. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч нараас 2,384,258 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02706 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.1-д заасныг баримтлан Оросын Холбооны Улсын Х ч б т ө х-ийг у н г  болон Ц.Б нарын хооронд байгуулагдсан 72/19-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.Б-гаас 1,200,000 төгрөг гаргуулах Ч.А, О.М нарын нэхэмжлэл болон Ч.А, О.М нараас 2,384,258 төгрөг гаргуулах Ц.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,550 төгрөг, хариуцагч Ц.Б-аас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оросын Холбооны Улсын Х ч б т ө х-ийг у н г , Ц.Б нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М, Ч.А нарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2251 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Оросын Холбооны Улсын Х ч б т ө х-ийг у н г-ын төлөөлөгч В.В.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.08-ны өдрийн 184/ШШ2020/02706 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 2251 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалтай дараах байдлаар санал нийлэхгүй. Тус шүүх хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүй, нэхэмжлэгч нараас шүүхэд нотлох баримтын шаардлагыг хангасан зохих журмын дагуу бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн аваагүй бөгөөд процесст оролцогчдын мэдүүлгийг буруу тогтоож, шийдвэр гаргасан иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, улмаар хариуцагчийн эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчид эзэмшиж буй эд хөрөнгө нь хууль ёсны ба хүчин төгөлдөр байдлыг баталгаажуулсан, нотлох баримтын шаардлагыг хангасан баримт бичгийг ирүүлээгүй болохыг анхааралдаа авч харгалзан үзээгүй болно. Мөн давж заалдах шатны шүүх дараах хамгийн чухал бөгөөд үндсэн нотолгоо, баримтуудыг огт авч хэлэлцээгүй ба тайлбар хийсэнгүй. Ийнхүү, иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг хууль ёсны эзэмшигч болохыг үндэслэлгүй тогтоосон. Гэхдээ Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу “эд хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа этгээдийг шударга өмчлөгч гэж хүлээн зөвшөөрдөг. Гэвч нэхэмжлэгч нар шүүхэд эд хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшиж буйг нотлох баримт бичиг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нарын танилцуулсан “Билгийн үүдэн” бүрэн дунд сургууль, А-н Ч нарын хооронд 2010.05.01-ний өдөр дугааргүйгээр байгуулсан гэрээг, шүүх өөрийн үндэслэлдээ ишлэл болгон ашигласан нь эд хөрөнгийг түрээслэх эсвэл ашиглах тухай албан ёсны баталгаатай гэрээ биш юм. Ийнхүү гэрээ нь олон нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ бөгөөд гэрээний зүйлд эд хөрөнгийг ашиглах талаар заагаагүй, түүний 1.1, 1.2-т үзүүлж буй үйлчилгээний зүйл, жагсаалтыг тодорхой тод зааж өгсөн, үүнд дулаан хангамж, цахилгаан хангамж, хог хаягдал, ачилт, орчин тохижилт, засвар орно. Үүнээс гадна, гэрээг хүчин төгөлдөр гэж тооцох боломжгүй, учир нь гэрээний 2.1, 2.2, 6.1.1-д заасны дагуу гэрээ хугацаатай байх боловч (өөрөөр хэлбэл, тодорхой хугацаанд хүчинтэй) гэрээний 9 дүгээр зүйлээр хүчинтэй байх хугацаа болон түүний сунгалтын хугацааг зааж өгөөгүй. Тиймээс гэрээний нэн чухал нөхцөлийг зөрчсөн тул түүнийг хүчин төгөлдөр бус болгож байна.

4.2. Анхан шатны шүүх өөрийн үндэслэлдээ ишлэл болгож байгаа төлбөрийн баримтууд нь нэхэмжлэгч нарыг шударга эзэмшигч гэж хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй, энэ нь эд хөрөнгийг ашигласны төлбөр биш, зөвхөн төлбөрийн зориулалт нь “ашиглалтын төлбөр” (цахилгаа, дулаан)-ийг зааж өгсөн. Төлбөрийг нэхэмжлэгч нар нь Төлөөлөгчийн газрын дансанд дур мэдэн, сар бүр тогтмол биш өөрийн дураар хийж байсан (хэргийн материалаас харж болно). Төлөөлөгчийн газар нь 8 дугаар байрны, 37  тоот оршин суугчдад хэзээ ч ашиглалтын төлбөрийг төлөх талаар нэхэмжлэл гаргаж байгаагүй, яагаад гэвэл эд хөрөнгө ашиглах гэрээгүйгээр байранд амьдарч байсан. Үүний зэрэгцээ, аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь ОСНААҮГ-тай ханган нийлүүлэгчид болон өмчлөгчийн төлөөлөгчийн байгууллагатай шууд байгуулагдсан бөгөөд бүрэн хэмжээгээр нь зөвхөн манай байгууллага төлдөг. Ийнхүү нэхэмжлэгчид нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрийн хэмжээг өөрөө дур мэдэн тогтоож, ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаагүйгээр байгууллагын дансанд байршуулсан. Заагдсан төлбөр нь үл танигдсан төлбөрийн ангилалд багтдаг ба өмчлөгчийн харилцах данснаас ямар нэгэн буцаалт хийх боломжгүй. Яагаад гэвэл харилцах дансаар бус харин банкинд төлбөр нэрээр тушаагдсан мөнгө нь хувь хүн бэлэн мөнгөөр тушаасан. Иймд хэргийн материалд авагдсан 27-33-р хуудасны баримтууд нь мөн нэхэмжлэгч нарыг үнэнч шударга эзэмшигч гэж хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй. 

4.3. Нэхэмжлэгч нарын эзэмшил хууль ёсны болохыг нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Үүний зэрэгцээ анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг “Плехановын нэрэмжит сургууль болон “Билгийн үүдэн” бүрэн дунд сургуультай 2006 оноос хийсэн түрээсийн гэрээгээр 37 тоотыг тасралтгүй ашигласан гэж үндэслэлгүйгээр тогтоосон бөгөөд үүнд ямар ч нотлох баримт мэдүүлээгүй, анхан шатны шүүх эдгээр дүгнэлтийг зөвхөн нэхэмжлэгч нарын үгийг үндэслэн хийсэн, хариуцагчид үүнийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэгч нарыг шударга ёсны эзэмшигчид гэж хүлээн зөвшөөрсөн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нар эд хөрөнгийг хууль ёсны үндэслэлгүйгээр ашиглаж байгаагаа ухамсарлаж байсан ба тэд түрээсийн гэрээг байгуулахыг Төлөөлөгчийн газар, Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам, Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх газарт удаа дараа хандсан нь хэргийн материалаар нотлогдсон, үүний зэрэгцээ Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн зөрчилтэй нөхцөлөөр гэрээ байгуулахыг шаардсан. Эдгээр шаардлагууд нь Монгол Улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2  дахь заалтыг зөрчсөн. Ч.А, О.М нар болон Төлөөлөгчийн газрын хооронд Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.6-д заасныг үндэслэн үүргийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх буруу тогтоосон.

4.4. Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заасны дагуу нэхэмжлэгч нар түрээсийн шинэ гэрээг байгуулах давуу эрх эдлэх эрхтэй гэж үзжээ. Гэхдээ энэ тохиолдолд манай байгууллагатай ямар нэг эд хөрөнгийг түрээслэх, дамжуулан түрээслэх гэрээ байхгүй байгаа нь дээрх заагдсан зүйлүүдийн заавал байх нөхцөл юм. Нэхэмжлэгч  нарыг  “Билгийн үүдэн” бүрэн дунд сургуультай байгуулсан 37 тоот орон сууцыг түрээслэх гэрээний үргэлжлүүлэгч болсон гэж ташаа тайлбарласан боловч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.6-д заасны дагуу “Эд хөрөнгийн дамжуулан түрээслэх гэрээний хугацаа, хуулийн 289.2.7-д заасны дагуу, үндсэн гэрээний хугацаанаас хэтрэхгүй байх ёстой. Иймд нэхэмжлэгч нарыг  хугацаа нь дуусгавар болсон түрээсийн гэрээний үргэлжлүүлэгч гэж тооцож болохгүй. Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн агуулгыг хэрэглэх боломжгүй юм, яагаад гэвэл түрээсийн болон дамжуулан түрээслэх гэрээ байхгүй. Үүнээс гадна Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.7-д зааснаар хөлслөгч нь эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх болон түүнийг шилжүүлэн түрээслэхийг зөвхөн хөлслүүлэгчийн зөвшөөрлөөр хийнэ. Мөн шилжүүлэн түрээслэх зөвшөөрөл олгосон нотлох баримт байхгүй.

4.5. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг харгалзан үзэхэд, хэрвээ эрх зүйн харилцаа тогтоогдоогүй бол хэн ч түүний хүсэл зоригийн эсрэг эрх зүйн харилцаа холбоо тогтоох, эсвэл гэрээ байгуулсан гэж хүлээн зөвшөөрүүлэх үүрэг өгч болохгүй. Анхан шатны шүүх маргааны зүйлийг 37 тоот орон сууц гэж үзэн үндэслэлгүй тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй, өмчлөх эрх нь Оросын Холбооны Улсын хөрөнгө болж байгаа бөгөөд үл маргаагүй. Үүнтэй холбогдуулан Иргэний хуулийн 547 дугаар зүйлийн 547.1.6 дахь заалтыг хэрэглэх боломжгүй. Төлөөлөгчийн газар нь Ч.А, О.М нарт гэрээ байгуулах тухай саналыг явуулах үүрэгтэй гэж анхан шатны шүүх тогтоосон. Төлөөлөгчийн газраас оршин суугчдад удаа дараа хандсан хэдий ч 72/19-01 тоот гэрээ байгуулахаас өмнө Төлөөлөгчийн газраас хандаж байсан нь баримтаар нотлогдсонгүй. Гэвч Ч.А, О.М нар мөн адил өмчлөгчийн төлөөлөгчдөд энэ асуудлаар хандсан нь баримтаар нотлогдоогүй. Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан эрхийг зөрчсөн. Иргэний хууль тогтоомж нь тэгш байдал, хүсэл зоригийн бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хэн нэгэн дур мэдэн оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй байх, иргэний эрхийг ямар ч хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчимд суурилдаг. Үүний зэрэгцээ, хэргийн материалд Төлөөлөгчийн газраас нэхэмжлэгчдэд гэрээний харилцаа байгуулах саналыг илгээсэн болохыг нотлох баримт хангалттай байгаа бөгөөд энэхүү боломжийг ашиглахгүйгээр Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2015.08.25-ны өдрийн 884 тоот “Оросын Холбооны Улсын  хил хязгаарын гадуур байрлах холбооны эд хөрөнгийг удирдах тухай” тогтоолтой зөрчилдөх нөхцөлийг шаардсан. Мөн уг тогтоолыг Төлөөлөгчийн газар өөрийн үйл ажиллагаанд удирдлага болгон ажилладаг.

4.6. Хэргийн материалд нэхэмжлэгч нар эд хөрөнгийг тухайн байрны үндсэн оршин суугчдын нэгэн адил эрх эдлэх сонирхолтой байгаагаа удаа дараа бичгээр мэдэгдэж, тэдэнд хөнгөлөлт олгохыг шаардсан болохыг нотолсон баримтууд багтсан болно. Өмчлөгчийн төлөөлөгчид, түүнчлэн бусад эрх бүхий байгууллагууд, үүний дотор Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх газрын Хилийн чанд дахь төрийн өмч хөрөнгийг удирдах Улсын Үйлдвэрийн газраас “Ч.А, О.М нарт хууль эрх зүйн үндэслэлгүй тул ямар нэгэн  хөнгөлөлттэй нөхцөлөөр хангах боломжгүй” гэсэн тайлбарыг удаа дараа өгч байсан, гэхдээ тэд гэрээ байгуулахаас, орон сууцаа чөлөөлөхөөс татгалзсан. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “... эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй.”, мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх үүрэгтэй ...” гэж тус тус заасан байдаг. Шударга бус өмчлөгч нь хууль ёсны үндэслэлгүйгээр өмч хөрөнгө эзэмшдэг аливаа этгээд биш буюу хүчин төгөлдөр гэрээгүй. Тиймээс өмчлөгч өөрийн үзэмжээр гэрээ байгуулах нь хууль тогтоомж болон бусдын эрхийг зөрчөөгүй бөгөөд гэрээний харилцааг байгуулахгүй байх шаардлага хууль бус юм. Үүнийг шаардаж буй нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Түүнчлэн анхан шатны шүүх Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн байршил, оршин суугаа газарт гаргах ёстой хэдий ч, тэдгээрийн аль нь ч нэхэмжлэл гаргасан үед тэрхүү газарт оршин сууж амьдардаггүй, нэхэмжлэлийн шаардлагаа өгөх байршилд байрладаггүй, үүнийг үл харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан.

4.7. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх нь зөрчигдсөн аливаа этгээд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж болно, гэхдээ нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй, яагаад гэвэл үүнийг үүсгэх үндэслэл байхгүй, өөрөөр хэлбэл өмчлөгчтэй хууль эрх зүйн харилцаа үүсгээгүй, удаа дараа түүнийг байгуулах саналыг нэхэмжлэгч нар  хүлээн аваагүй. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4 дэх  заалтыг хэрэглэх боломжгүй. Давж заалдах шатны шүүх 72/19-01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноор өмчлөгчийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу өмчлөгч өөрийн үзэмжээр өмчлөлийн зүйлийг чөлөөтэй өмчлөх, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Нэхэмжлэгч нар 8 дугаар байрны, 37 тоот орон сууцанд хууль бусаар оршин суусаар байгаа тул түүнийг чөлөөлөхөөс татгалзаж, ашиглахад санаатайгаар саад бэрхшээл учруулж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн дагуу өмчлөгч нь өөр этгээдийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг шаардах эрхтэй. Ийнхүү нэхэмжлэгчид эд хөрөнгийг хууль ёсны дагуу ашиглаж байгааг нотлох баримт бичиг байхгүй боловч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчид орон сууц ашигласны төлбөрийг санаатайгаар төлөөгүй гэж удаа дараа мэдэгдсэн ч анхан шатны шүүх тэднийг шударга ёсны эзэмшигч гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх ч мөн адил зөвшөөрсөн. Үүний үр дүнд Ч.А, О.М нар өмчлөгчийн эрхийг санаатайгаар, хорлонтой зөрчиж, гадаад улсын өмчийг хууль ёсны үндэслэлгүйгээр ашиглаж, эрх зүйн харилцаа тогтоох оролдлого хийхгүйгээр үргэлжлүүлэн ашиглаж байна. Үүнтэй хариуцагч нар санал нийлэхгүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр дурын ашиг сонирхол хөөж буй ямар ч этгээдэд өмчлөгчид хууль бус, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, түүний өмч хөрөнгийг хууль ёсны үндэслэлгүйгээр ашиглах боломжтой байх жишгийг бий болгож, харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэхүү шийдвэрийг  хууль ёсных болохыг нотолж байна. Дээр дурдсан зүйлийг харгалзан давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хууль бус, үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч Оросын Холбооны Улсын Х ч б т ө х-ийг уд н г-ын төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Ч.А, О.М нараас хариуцагч Ц.Б, Оросын Холбооны Улсын Х ч б т ө х-ийг у н г т холбогдуулан хариуцагч нарын хооронд байгуулагдсан 72/19-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч Ц.Б-гаас гэм хорын хохиролд 1,200,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч Ц.Б нэхэмжлэгч нарт холбогдуулан хохиролд 2,384,258 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох хохирол гаргуулах шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

7. Нэхэмжлэгч нараас “... В.В Б, Ц.Б нар 15 жил амьдран суугаа орон сууцны байрны түрээсийн гэрээг биднийг оролцуулалгүйгээр хийгээд, “байраа чөлөөлж өг” гэсэн маргаан үүсгэсэн. Тэдний хооронд байгуулсан 72/19-01 тоот гэрээ нь Монгол Улсын хуулийг зөрчсөн тул нэхэмжлэл гаргаж байна. Бид уг байрыг 15 жилийн турш хөлсөлж амьдрахдаа cap бүрийн төлбөрийг төлж, зөрчилгүй амьдарч байсан учир цаашид ч хөлслөн амьдрах давуу эрхтэй гэж үзэж байна... Иймд хариуцагч нарын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү. Ц.Б хаалга эвдсэн тул гэм хорын хохиролд 1,200,000 төгрөг гаргуулна...” гэснийг,

хариуцагч Оросын Холбооны Улсын Х ч б т ө х-ийг у н г  эс зөвшөөрч “... Гэрээ нь манай хилийн чандад байгаа төрийн байгууллага болон Ц.Б нарын хооронд байгуулагдсан. Нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон. 8 дугаар байр нь Орос Улсын өмч... 2015 оноос өмнө буюу Орос Улсын Засгийн газрын тогтоол гарахаас өмнө 50 центээр гэрээ хийх боломж байсан. 2015 оноос хойш Засгийн газрын тогтоол гарснаар боломжгүй болсон. Хуулийн дагуу нэхэмжлэгч нар Ц.Б-тай байгуулсан гэрээний талаар шаардлага гаргах, тайлбар тавих эрхгүй. Нэхэмжлэгч нар байрны хууль ёсны эзэмшигч гэсэн баримт байхгүй. Бид Монгол Улсын хууль болон олон улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй... Нэхэмжлэгч нар болон манай төлөөлөгчийн газрын хооронд гэрээний харилцаа бий болоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,

хариуцагч Ц.Б “...миний бие тус байрны хууль ёсны өмчлөгч болох ОХУ-ын Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар /ФГУП.ГЗС/-тай 2019.06.19-ний өдөр 72/19-01 тоот гэрээг хуулийн дагуу байгуулсан... Хаалга эвдэлж, хохирол учруулсан талаар баримт байхгүй. Нэхэмжлэгч нарын маргаад байгаа орон сууцны жижиг өрөөнд нь амьдарч байхад миний эд зүйлийг энэ хүмүүс гадаа гаргаж хаясан. Тус байрны хаалгыг өөрөө янзлаад нэг түлхүүрийг Орос Улсын төлөөлөгчид, нэг түлхүүрийг нэхэмжлэгч нарт өгөөд, үлдсэн түлхүүрийг нь өөрөө авсан байсан. Харин миний хохирлыг нэхэмжлэгч нар барагдуулах ёстой... нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.

Хариуцагч Ц.Б сөрөг нэхэмжлэлдээ “... Миний бие нь 8 дугаар байрны, 37 тоотыг эзэмшихээр cap бүрийн 223 ам.доллар, 20 центийг төлөхөөр албан ёсны гэрээ байгуулж, гэрээний дагуу 2019.06.24-ний өдрөөс 2019.12.07-ны өдрийг хүртэл төлбөрөө төлсөөр ирсэн. Гэвч тус байранд хууль бусаар оршин сууж байгаа иргэн Ч.А болон О.М нар нь түрээсийн байрнаас гарахгүй өдий хүрч, миний төлбөр төлсөн байранд үнэгүй амьдарч, элдэв хэл ам гарган доромжилж, миний сэтгэл санаа болон эд хөрөнгө, эдийн засгаар минь хохироож байгаад маш их гомдолтой байна. Иймд гэрээний дагуу 2019.06.24-ний өдрөөс 2019.12.07-ны өдрийг хүртэл төлсөн нийт төлбөр 892 ам.доллар, 80 цент буюу нийт 2,384,258 төгрөг, сөрөг нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 53,100 төгрөгийг нэхэмжлэгч нараас нэхэмжилж байна...” гэснийг,

нэхэмжлэгч нар эс зөвшөөрч “... Дотор нь айл амьдарч байгааг мэдсээр байж түрээсэлнэ гэж байхгүй. Хэрэв төлбөр нэхэж байгаа бол өгсөн этгээдээсээ нэхэх хэрэгтэй. Бид Ц.Б-тай ямар ч хэлцэл хийгээгүй...” гэж татгалзсан.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Тодруулбал, хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч нар нь ОХУ-ын өмчийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны, 8 дугаар байрны, 37 тоот орон сууцанд 2006 оноос хойш тухайн байрыг дамжуулан хөлслүүлэгч “Билгийн үүдэн” бүрэн дунд сургуультай гэрээ байгуулан оршин сууж байгаа. Дамжуулан хөлслүүлэгч “Билгийн үүдэн” бүрэн дунд сургуулийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх тул Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.6-д зааснаар тус сургуулийн буюу дамжуулан хөлслүүлэгчийн эрх, үүрэг нь хөлслүүлэгч буюу хариуцагч ОХУ-ын Хилийн чандад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газар (Төлөөлөгчийн газар)-т шилжинэ. Тодруулбал, нэхэмжлэгч нар болон дамжуулан хөлслүүлэгч нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ нь хугацаагүй байгуулагдсан байх тул тухайн гэрээг дуусгавар болсон гэж үзэхгүй, харин уг гэрээний эрх, үүрэг хөлслүүлэгч буюу хариуцагчид шилжсэн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар “шударга эзэмшигч” болох тул “... нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаагаа нотлоогүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн, тэднийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй, “Билгийн үүдэн” сургуультай байгуулсан гэрээ нь албан ёсных биш, гэрээнд хугацаа заагаагүй тул хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч болон Төлөөлөгчийн газрын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж шүүх буруу дүгнэсэн...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-4.3-т заасан хариуцагчийн (Төлөөлөгчийн газар) хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.  

10. Хэрэв хариуцагч (Төлөөлөгчийн газар) нь “Билгийн үүдэн” сургуультай байгуулсан гэрээний хугацаа дууссанаар Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.6-д заасны дагуу нэхэмжлэгч нарын гэрээний хугацаа мөн дууссан гэж үзэж байгаа бол тухайн орон сууцыг хөлслөх гэрээг шинээр байгуулахдаа 2006 оноос хойш амьдарч буй нэхэмжлэгч нарт Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заасан давуу эрхийг эдлүүлэх ёстой байсан. Гэтэл хариуцагч (Төлөөлөгчийн газар) нь нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээгээ хуульд заасан журмын дагуу цуцлалгүйгээр, мөн тэдэнд хуульд заасан давуу эрхийг нь эдлүүлэлгүйгээр хариуцагч Ц.Б-тай орон сууц хөлслөх гэрээг шууд байгуулсан нь уг хуулийг зөрчсөн, иймээс хариуцагч нарын хооронд байгуулагдсан маргаан бүхий гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн “хариуцагч байгууллага нь ОХУ-ын Засгийн газраас тогтоосон шинэ тариф болох өдрийн 8 ам.доллароор орон сууц хөлслөх шинэ гэрээ байгуулах саналыг нэхэмжлэгч нарт албан ёсоор хүргүүлсэн гэх баримт тогтоогдоогүй” гэж дүгнэснийг хууль хэрэглээний хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хяналтын шатны шүүхээс үгүйсгэх боломжгүй. Иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.4-4.7-д заасан хариуцагчийн (Төлөөлөгчийн газар) гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Энэхүү шүүхийн шийдвэрээр хариуцагч (Төлөөлөгчийн газар) нь дамжуулан хөлслүүлэгчийн гэрээний хугацаа дууссан гэж үзэж, шинээр орон сууц хөлслөх гэрээ байгуулах гэж байгаа бол тухайн орон сууцанд олон жил амьдарч буй хөлслөгчдөд (нэхэмжлэгч нарт)  Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заасан давуу эрхийнх нь дагуу гэрээний саналаа эхэлж албан ёсоор тавих ёстой гэж шийдвэрлэснээс бус өмчлөгчийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарлаагүй. Харин хөлслөгч буюу нэхэмжлэгч нар нь хөлслүүлэгчийн гэрээний саналыг хүлээн зөвшөөрөхгүй буюу татгалзсан тохиолдолд дээрх хуульд заасан давуу эрхийг шаардах боломжгүй бөгөөд хөлслүүлэгч буюу хариуцагч (Төлөөлөгчийн газар) нь тухайн нөхцөлөөр өөр этгээдтэй гэрээ байгуулах боломжтой юм. Иймд “шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан хариуцагчийн өмчлөх эрхийг зөрчсөн” гэх агуулга бүхий (Тодорхойлох хэсгийн 4.7) гомдол үндэслэлгүй болно.

13. Хариуцагч Ц.Б-гаас хохирол гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ц.Б-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалд хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй (нэхэмжлэгч О.М шүүх хуралдаанаас өмнө хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан) тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02706 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2251 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Оросын Холбооны Улсын Хилийн чандад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газрын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Оросын Холбооны Улсын Хилийн чандад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газрын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ                                  

                                 ШҮҮГЧИД                                 Г.БАНЗРАГЧ                                                                                                                                  

                                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД