Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0536

 

                                                                             

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0457 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: О ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/0716/З                                           

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0457 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, гараашийн үнэд 144,089,000 /нэг зуун дөрвөн сая наян есөн мянга/ төгрөгийг хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж нэхэмжлэгч ОХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар /хавсралт 85/-р О ХХК нь ХУД, **-р хороо, 300 м кв газар дээр баригдсан 20 автомашины нэгдсэн гаражийг нурааж, чөлөөлсөн шийдвэр гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид огт мэдэгдэлгүйгээр гаражийг нурааж чөлөөлсөн. Ийнхүү чөлөөлөхдөө өмчлөгч болох О ХХК, түүний захирал Д.О-д огт мэдэгдээгүй. Харин тухайн гаражийг чөлөөлж, нураасны дараа, хоосон тэгшилсэн үед нь мэдсэн. Уг захирамжийг гарахын өмнө болон гаргасны дараа ч мэдэгдээгүй, харин нэхэмжлэгчээс өөрөө очиж олж авсан. Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг захиргааны байгууллага хэрэгжүүлж, биелүүлсэн бол тухайн гаражийг өмчлөгч нь өөрөө буулгаж, зохих зардлаа ч нөхөх боломжтой байсан. Тухайлбал нэг гаражинд 2 ширхэг хучилтын хавтан байгаа, нэг хавтан нь өнөөдөр 500,000 төгрөгийн үнэтэй, нэг гаражинд дээр үеийн зузаан төмөр хоёр ширхэг хаалга, 6 метр урттай 22 ширхэг хавтан, 20 ширхэг даацын ялуу байсан. Дээрх материалыг өмчлөгч өөрөө салгаж авсан бол 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий материал байсан боловч үүнийг захиргааны байгууллага эвдэн устгасан.

2.2. Газрын тухай хуулийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасан. Дээрх заалтын дагуу О ХХК-д газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөхөөр зохицуулсан. Гэвч энэхүү мэдэгдлийг компанид /газрын хувийн хэрэгт О ХХК- ийн хаяг, болон компани улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тус компанийн захирал Д.О-н өнөөдөр барьж байгаа 997670** дугаарт утсаар ч болтугай мэдэгдээгүй/ өгөөгүй, ямар нэгэн мэдэгдэх хуудас, мэдэгдэл компанид өгсөн, хүргүүлсэн эсэх талаар баримтыг хариуцагч шүүхэд өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Захиргааны байгууллага хугацаатай мэдэгдэл өгөөгүй нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн. Харин Газрын тухай хуулийн 57.4-д зааснаар захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан хугацаанд О ХХК газрыг өөрсдөө чөлөөлөөгүй бол газрыг чөлөөлөх арга хэмжээ авах байсан ч мэдэгдэл өгөөгүй атлаа шууд чөлөөлсөн нь хууль бус болсон. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2002.12.31-ний өдрийн 965 дугаар захирамжаар /хавсралт 124/ О ХХК нь ХУД, **-р хороо, 300 м кв газрыг үйлчилгээний зориулалтаар анх авсан. Анхан шатны шүүх мэргэжлийн шинжилгээний байгууллагын дүгнэлт хэсэгт дээрх 20 гаражийн зах зээлийн үнийг 300 сая төгрөгөөр тогтоосон байхад зөвхөн өртгийн хандлагын аргаар тогтоосон хэсэг болох 144,089,100 төгрөгийг үнэлж, улмаар энэ хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2.3. Шинжээчийн дүгнэлтийн 3.1 дэх хэсэгт Барилга хот байгуулалтын сайдын 2022.03.31-ний өдрийн 74 дүгээр тушаалын хавсралт "Барилга байгууламжийн 2021 оны үнийн индексийн дагуу тооцсон дүн 259,360,380 төгрөг болж байна" гэсэн дүгнэлт байхад уг дүгнэлтийг үнэлэлгүйгээр, нэхэмжлэгчид хамгийн ашиггүй буюу бага хэсгээр тооцсон дүнг үндэслэн, шинжээчийн эцсийн үнийн дүнг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг буруугаар тайлбарлаж, нотлох баримтыг дутуу, буруу үнэлж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Газрын тухай хуулийн 4.1.7 -д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх" гэж заасан. Дээрх заалтын дагуу хэдийгээр ОХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон хэдий ч газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байхыг хуулиар ийнхүү хамгаалж, газрын талаарх төрөөс баримтлах зарчим болон хуульчлагдсан. Гэтэл Засаг даргаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, бусдын өмчлөх эрхийг үл харгалзаж, Улсын бүртгэлийн байгууллагын шийдвэртэй бусдын өмчлөх эрхэд зүй бусаар халдсан тул бид зохих баримтаа гаргаж, шүүхэд гомдлоо гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчийн зүгээс "Захиргааны ерөнхий хуулийн 100.1, 101.2, Иргэний хуулийн 497.1, 498.2-д заасны дагуу О ХХК-ийн өмчлөлийн 20 ширхэг гаражийг буулгахдаа Газрын тухай хуулийн зүйл заалтыг зөрчиж, алдаа гаргасны улмаас компанид учирсан хохирол 300,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж, ОХХК-д олгож өгнө үү" хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Үүнээс үзвэл хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа байсан эсэх, хариуцагчийн энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа болоод нэхэмжлэгчид учирсан хохирол хооронд шалтгаант холбоо байсан эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан юм. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг “ОСО" ХХК-ийн өмчлөлийн 20 ширхэг гаражийг буулгахдаа мэдэгдээгүй гэж буруутгаж, үүний улмаас 300,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлд дурдсаныг анхан шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэжээ.

3.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/MA2024/0449 дугаартай магадлалаас дурдвал, 4.2-т "Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; гэж заасны дагуу газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу сунгуулаагүй байх тул газар эзэмших эрх нь дуусгавар болсон этгээдийн хувьд газар эзэмшиж, тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгийг ашиглах эрхгүй”, 4.3-д "Учир нь Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно” гэж зааснаар тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгийг ашиглах эрхгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна", 4.4-д "Иймд уг захирамж нь хууль зөрчөөгүй байх тул хууль бус захирамжийн улмаас учирсан хохирол 20 ширхэг тоосгон гараашны үнэ 300,0 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх гомдлыг хангах боломжгүй", 5-д "Мөн нэхэмжлэгч болон өмгөөлөгч давж заалдах гомдлоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийг зөрчсөн, өөрсдөө буулгаж авсан бол дахин ашиглах боломжтой хавтангууд, 20 ширхэг гараашны төмөр хаалга гэх мэтийг бид авах байсан, энэ талаарх хохирлыг ч мөн нэхэмжилж байгаа" гэх дүгнэлтийг хийсэн байдаг.

3.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 20 гаражийг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний А/321 дүгээр захирамж (Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай)-ийн хавсралтын 85-д эрэмбэлж Хан- Уул дүүргийн 10 дугаар хороо, 49 дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлах тоосгон гарааш буулгах, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн билээ. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний А/321 дүгээр захирамжийн өөрт хамаарах хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд хандсан хэдий ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар, нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний А/321 дүгээр захирамж нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Гэтэл нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба хүч түрж, хууль зөрчиж, ямар нэг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр тус хуулийн этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буулгасны улмаас хохирол учирсан мэтээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг анхааран үзэлгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн мэтээр дүгнэж, хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 20 ширхэг гаражийг буулгахдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүйн улмаас хохирол учирсан гэх боловч энэхүү хохирлыг нэхэмжлэгч өөрөө хууль зүйн үндэслэлтэйгээр тодорхойлох учиртай.

3.4. Хэрэв нэхэмжлэгч 20 ширхэг гаражийг буулгах мэдэгдлийг хүлээн авснаар гаражийг зөөвөрлөх боломжтой, эсхүл гараж доторх аливаа эд хөрөнгийг зөөвөрлөх боломжтой байсан боловч чадаагүй тохиолдолд тухайн устсан хөрөнгийн үнийн дүнгээр нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх урьдчилсан нөхцөл бүрдэх юм. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний А/321 дүгээр захирамжийг биелүүлэх явцад учирсан хохирол бус, тус захирамжаар шийдвэрлэсэн асуудал буюу эрх зүйн үр дагаврыг "хохирол" хэмээн тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарах юм. Иймд хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч О ХХК-иас Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.2-т заасны дагуу О ХХК-ийн өмчлөлийн 20 ширхэг гараашийг буулгахдаа Газрын тухай хуулийн зүйл заалтыг зөрчиж, алдаа гаргасны улмаас компанид учирсан хохирол 300,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж, ОХХК-д олгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Анх нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 595 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 300 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрх олгож, 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ”-г байгуулсан.

3.1. Нэхэмжлэгч уг ашиглах эрх бүхий газартаа 20 авто машины гарааш барьж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн 22060051** дугаарт түүний өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгосон.

4. Улмаар нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/321 дүгээр захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газрыг чөлөөлөх байршлуудыг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд үүнд нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн гарааш байрлаж буй газар багтсан.

4.1. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргасан бөгөөд тус захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа болно.

5. Нэхэмжлэгчээс тус захирамжийг хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас учирсан хохирлыг гаргуулахаар маргаж байгаа бөгөөд шүүх уг шаардлагыг шийдвэрлэхийн тулд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, уг үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, буруутай үйл ажиллагаа, учирсан гэх хохирлын хооронд шалтгаант холбоо буй эсэх талаар зайлшгүй дүгнэх шаардлагатай байсан боловч энэ талаар тодорхой дүгнэсэнгүй.

6. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.1-д Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна, 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж тус тус заасан.

7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл захиргааны байгууллага нь тус захирамжийг хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж, газрыг чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 дахь хэсэг дэх бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг, мөн захиргаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байдлаар сонсох ажиллагааг явуулах гэсэн мөн хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна.

7.1. Тодруулбал, газрыг чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үйлдэж, мөн оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр чөлөөлөхийг шаардсан нь газрыг чөлөөлөхөд шаардлагатай арга хэмжээг авах бодит хугацаа олгосон гэж үзэхээргүй байх бөгөөд ийнхүү мэдэгдсэн нь мэдэгдэх сонсох ажиллагаа үр нөлөөтэй байх зарчимд нийцээгүй байна.

7.2. Улмаар тухайн захирамжийг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгчид тодорхой хэмжээний хохирол учирсан байх бөгөөд энэ нь захиргааны байгууллагын буруутай, хууль бус үйл ажиллагаатай холбоотой буюу Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх гэж зааснаар хариуцагчаас газрын зөрчлийг арилгаж нэхэмжлэгчийн өмчлөлийн гараашийг буулгахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзээгүй, харилцан тохиролцоогүйгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрх хөндөгдсөн гэж үзэхээр байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан бодитой, шууд хохиролд хамаарахаар байна.

7.3. Захиргааны зүгээс газар эзэмшигч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд урьдчилан сануулах, тодорхой хугацаа тогтоох зэргээр боломж олгох нь захиргааны үйл ажиллагааны зорилго, зарчимд нийцэх ба харин захиргаанаас ийнхүү зөрчлийг арилгуулах боломжит арга хэмжээ авсаар байхад газар эзэмшигчийн зүгээс үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох арга хэмжээ авах нь захиргааны бүрэн эрх юм.

7.4. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг хэрэгжүүлж гараашийг буулгасантай холбоотойгоор 300 000 000 (гурван зуун сая) төгрөгөөр хохирсон гэж тодорхойлсон.

7.5. Гэвч нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн Д ХХК-ийн үнэлгээний тайлангаар  түүний гараашийг Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын дагуу тоосгон гараашийн нэг ам метр талбайн жишиг үнийн аргаар тооцоолсон байх бөгөөд улмаар өнөөгийн үнэ цэнийг 233 658 000 төгрөгөөр, үүнээс элэгдэл хорогдлыг тооцоолж 144 089 100 төгрөгөөр үнэлжээ.

7.6. Энэхүү баримтад үндэслэн нэхэмжлэгчид учирсан хохирлыг 144 089 100 төгрөгөөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч Тогтоох хэсэгт захиргааны үйл ажиллагааг хэрхсэн болон нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар тодорхой тусгаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс Тогтоох хэсгийн 1 дэх заалтад зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

7.7. Эдгээр үндэслэлээр хариуцагчаас гаргасан“... нийслэлийн Засаг даргын А/321 дүгээр захирамжаар газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй ...” гэх,

нэхэмжлэгчээс гаргасан “... Барилга байгууламжийн 2021 оны үнийн индексийн дагуу тооцсон дүн 259,360,380 төгрөг байгааг шүүх үнэлээгүй” гэх гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдын хэн алинд нь хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай болох аливаа хүсэлтийг ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0457 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг баримтлан О ХХК-иас Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/321 дүгээр захирамжийг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, 144,089,100 /зуун дөчин дөрвөн сая наян есөн мянга нэг зуу/ төгрөгийг хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулан О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох  хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА  

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН  

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОДМАА