Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/020

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Ж.Уранцэцэг, 

Нарийн бичгийн дарга: Д.Соёлмаа, 

Иргэдийн төлөөлөгч: Д.Гантулга,

Хохирогч:Д.Цогтмаа, түүний өмгөөлөгч О.Баатарзул

Шүүгдэгч Н.Батболд, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар Н.Батболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201605000262 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, Иөншөөбү овгийн Норовсамбуугийн Батболд. /Регистрийн дугаар ТЯ73052718/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Батболд нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах “Шунхлай” ХК-ийн  шатахуун түгээх станцын талбайд Б.Ганбаттай марган, улмаар зүүн шанаан тус газар нь цохиж, ар дагз хэсгээр газар унагаж, гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулан санаатай алсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Батболдын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн:

...Б.Түмэннасан нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд 20 кг алттай газар байна гээд очиж үзэхээр  болж 2016 оны 9 сарын 04-ний өдөр Б.Түмэннасангийн таньдаг                         2 геологич ах бас хөлсний жолооч, Б.Ганбат, Б.Түмэннасан бид зургуулаа ирсэн. Ингээд нөгөө газраа олохгүй шөнө болоод Бөмбөгөр суманд ирж машиндаа хоноод өглөө хоолонд ороод сумаас гарч тэр өмнө уурхай ажиллаад угаагаад орхисон шороотой газраа олж дээж аваад өдөр нь буцаад Баянхонгор аймгийн төвд ирсэн. Манай ахын хүүхэд болох Б.Оюунболдынд унд уусан, гарсан цагийг нь сайн мэдэхгүй байна. Б.Оюунболдынхоос гараад “Шунхлай” нэртэй шатахуун түгээх газраас  бензин хийлгэхэд нийт 163,000 төгрөг болсон. Б.Түмэннасан нь Б.Ганбатаа мөнгөө төлөөрэй гэхэд Б.Ганбат нь мөнгө дууссан гэхэд Б.Түмэннасан нь яахаараа мөнгө дуусдаг юм гэхэд  Б.Ганбат нь би 500,000 төгрөг авсан бас өөрөөсөө 100,000 төгрөг аваад гарсан нийт 600,000 төгрөг дууссан гэж байсан. Тэгэхэд Б.Түмэннасан нь яахаараа дуусдаг юм буугаад ир гээд машинаас буугаад явсан. Б.Ганбат нь машинаас буусан. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би араас нь очиход талийгаач Б.Ганбат нь надаас тамхи өгчих гэхэд би өгсөн. Б.Түмэннасан 200 гаран мянган төгрөгөөр бензин хийсэн хоол, унд идэж, уухад 100,000 төгрөг болсон байх гээд одоо чамд ядаж 200,000 төгрөг үлддэг юм байгаа биз дээ гээд хэрэлдээд байсан. Би наанаас нь боль боль ийш тийшээ утасдаж байгаад 163,000 төгрөг төлчих байлгүй энд хэрүүл хийгээд байх шаардлага байхгүй гэхэд Б.Ганбат  намайг чи юу юм гээд гараа зангидаад өөдөөс алхаад баруун гараараа далайхад нь би зөрүүлээд баруун шанаан тус газарт нь нэг удаа гараараа цохиход Б.Ганбат чанх хойшоо дагзаараа савж, шатахуун түгээх станцын цементэн шалан дээр унаад босохгүй болохоор нь очоод яав гээд хоёр хацрыг нь алгаараа зөөлөн массаж хийхэд ухаан ороод толгой өвдөөд байна гээд толгойгоо бариулмаар байна гэхэд нь би Б.Түмэннасантай хамт өргөөд машинд суулгасан. Талийгаач Б.Ганбатын хамраас  цус гарсан.

...Б.Амар, Ц.Ганболд нар хамрын цусыг тогтоох гээд байсан. Би дүү Б.Оюунболд руу залгаад 163,000 төгрөг хэрэгтэй байна хамт яваа хүмүүст шатахууны  мөнгө байхгүй байна ах нь хотод очоод буцаагаад явуулъя мөн манай захирал толгойгоо бариулах гээд байна гэхэд за би яваад очъё гээд удаагүй хүрээд ирсэн.

... Б.Ганбатыг аваад нэг эмнэлэг дээр ирэхэд тэр нь хувийн эмнэлэг байх шиг байсан. Эмнэлэгт ороод сувилагчид нь үзүүлэхэд наад хүн чинь хүнд хүн байна гээд эмч рүүгээ залгаад бид нарыг нэгдсэн эмнэлэг рүү яв гэж хэлсэн. Тэгээд Б.Ганбатыг аваад Оюунболдын машинд суулгаад эмнэлэг явахаар болоход  би буугаад үлдсэн.

Ингээд би шатахуун түгээх станц дээр буцаж ирээд машинаас өөрийнхөө цүнхийг бас өөрийнхөө гар утсаа аваад буцаж таксинд суугаад дэлгүүрээс нэгж аваад “Петровис” гэдэг шатахуун түгээх станцын урд буугаад үлдсэн. Тэндээсээ дахин өөр таксинд суугаад Энхмаа гэж хүүхдийн христийн сүмд / Баянхонгор сумын 4 дүгээр баг 6 дугаар гудамжинд/ очоод уулзах гэхэд байхгүй байсан.

Миний хувьд болсон явдалд маш их харамсаж байна би уул нь талийгаачийг өмөөрөх маягтай үг хэлсэн боловч талийгаач надруу гараа зангидаад дайрах шинжтэй алхаад ирэхэд нь би нэг удаа цохисноос болж ийм хэрэг боллоо” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-180/,

...Миний хувьд талийгаач  намайг цохих гээд дайрахад нь өөрийгөө хамгаалахаар цохиж авсан. Би талийгаачийн амь насыг санаатайгаар хохироох бодол байгаагүй.

...Би талийгаачийн утсыг аваагүй, өөрийнхөө цагаан өнгийн мөнгөлөг LG маркийн гар утсыг цүнхтэйгээ авч явсан.

... Талийгаач хэдэн төгрөгтэй явсан талаар мэдэхгүй байна. Талийгаач 500000 төгрөг, дээр нь өөрийнхөө 100 000 төгрөгийг оруулж хэрэглээд дууссан гэж байсан. Б.Түмэннасан нь хоёр удаа 100000 гаран мянган төгрөгөөр шатахуун хийсэн. 100 000 төгрөгөөр хоолонд орсон гэхэд үлдсэн мөнгө нь хаана байгаа  юм гээд маргалдаад байсан гэх мэдүүлэг. 1-р хх-ийн 175-187/

Шүүгдэгч Н.Батболд  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би анх талийгаач Б.Ганбаттай Сүмд танилцсан. Талийгаач Ганбат эхнэртээ манай ангийн хүүхэд гэж хэлсэн байна. Талийгаач Ганбат 1969 онд төрсөн би 1973 онд төрсөн.  Талийгаач Б.Ганбат сүмд ирэхдээ компанийхаа хүмүүст хулхидуулаад, ганцаардаад явж байна. Байр захиалсан 43 захиалагч маань хохирч үлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн байцаагдаж байгаа гэсэн. Одоо зөв сайхан явмаар байна, бурханд итгэмээр байна гэж хэлж байсан.  Бид хоёр танилцаад найзууд болсон. Намайг  “Вlue star” гэдэг компанийхаа хувьцаа эзэмшигчээр авсан. Боловсрол, мэргэжил сургалтын төвийнхөө дэд захирлаар томилно гээд хамтран, бүтэн сар ажилласан. Б.Түмэннасан нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд 20 кг алттай газар байна гээд очиж үзэхээр  болж, 2016 оны 9 сарын  04-ний өдөр гарсан. Газраа олж чадахгүй  будилсаар байгаад шөнө болсон. Бөмбөгөр суманд ирж машиндаа хоноод өглөө нь хоолонд орсон. Тэр газраа өдөр нь олоод 4 шуудай шорооны дээж авсан. Баянхонгор аймгийн төвд ирээд дүү Б.Оюунболдынд хоол унд идээд тэнд 10 минут болсон.  “Шунхлай” шатахуун түгээх станц дээр ирээд  бензин хийлгэхэд нийт 163,000 төгрөг болсон. Б.Түмэннасан нь Б.Ганбатыг мөнгөө өгөөрэй гэхэд талийгаач Б.Ганбат нь мөнгө байхгүй дууссан гэсэн. Яахаараа дуусдаг юм гээд бухимдаад хэрэлдээд машинаас буусан. Машинаас хол очоод  хэрэлдээд байсан. Би талийгаач Б.Ганбатыг хамгаалах гэж очсон. Яагаад хамгаалах  болсон юм  гэхээр Б.Түмэннасан нь Сүхбаатар аймагт хүн цохиод мэдрэл муутай болгоод эрүү үүсчихсэн шалгагдаж байсан ч ял эдлээгүй, талийгаач Б.Ганбатаас том биетэй байсан. Мөн Улаанбаатар хотод найз  Тэгшээ гэдгийг  толгойнд нь цохиод жаахан хэл амтай наашаа  гарсан юм. Тэгээд Б.Ганбаттай хэрэлдээд байхаар нь талийгаачийг цохиод авах болов уу гэж бодоод өмөөрч очсон.  Яваад очиход Ганбат тамхи өгөөдөх гэсэн би тамхи өгсөн. Уг газар шинжилгээ хийсэн бол тамхины иш байх ёстой. Тэр хоёр тохиролцохдоо талийгаач Б.Ганбат Баянхонгор явах бензин, тос, хоолны зардлыг даана гэсэн юм билээ. Намайг хамт ажилладаг болохоор бас дүү маань Баянхонгор аймагт амьдардаг болохоор дагуулж явсан. Тэр хоёр хэрэлдээд байсан 600000 төгрөгтэй гарсан юм байна тэр нь дууссан юм байна гэж ойлгосон. Битгий хэрэлдээд бай хүмүүс хараад байна ичмээр юм  гайгүй машин тэрэг уначихаад 163000 төгрөг төлөхгүй гээд муухай юм аа гээд 80001350 гэх Б.Түмэннасангийн дугаараас дүү Б.Оюунболд руу залгаад  163,000 төгрөг хэрэгтэй байна арга байна уу гэхэд Б.Оюунболд ямар ч байсан яваад очъё гэсэн.

Зогсож байхад чи муу юу  гээд байгаа юм гээд талийгаач Б.Ганбат над руу дайрсан  би цохисон түүнийгээ хүлээж байгаа. Яаж цохисон талаар мэддэггүй. Би  даралт болон толгойны эм уудаг, биедээ байнга авч явдаг. Би 1998 онд толгойдоо хүнд гэмтэл аваад хоригдож  байсан болохоор эмчлүүлж чадаагүй одоо тэр нь илэрч байгаа. Хүнтэй юм ярьж байгаад ярьсан зүйлээ мартдаг, ээрдэг. Би хятадад 3 сар болоход 1 сарыг нь эмчилгээнд  зарцуулсан. Хийлгэсэн эмчилгээ нь энд байгаа. Би найзынхаа үхэлд харамсаж байна. Хэрэг хийснээ үнэнээр нь хэлж байгаа. Талийгаач толгойгоо бариулмаар байна гэсэн хувийн эмнэлэг явсан. Би үнэхээр Б.Ганбатыг нас барчихна гэж бодоогүй. Хувийн эмнэлэгийн сувилагч толгой,  хамраас нь цус гарч байна хүнд хүн байна эмнэлэг аваад яв гэсэн.

Би үнэхээр айсан яачих бол гэж бодсон нас барчихна гэж бодоогүй. Машинаас цүнхээ аваад эмнэлэг рүү явж байгаад болиод буцаад явсан. Улаанбаатар хотод очоод 05 хоноод найз .Амараа руу утсаар залгаад асуухад цагдаа нар чамайг асууж байна. Зугтааж болохгүй шүү хэрэг чинь хүндэрнэ гэсэн. 2016 оны 09 сарын 10-ны өдөр буюу 05 хоногийн дараа энэ тухай  мэдээд Сүхбаатар дүүргийн цагдаа дээр очсон. Яагаад очсон юм гэхээр талийгаач Б.Ганбат Сүхбаатар дүүргийн хошууч н.Батсайхан гэдэг хүн дээр байцаагдаж байсан учраас очсон. Тэнд байцаалт өгсөн. Талийгаачийн гар утсыг би аваагүй, гар утасны 300000 төгрөгийг төлнө.  Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулна.

Хохирогч Д.Цогтмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Төмөрчин овогт Болдын Ганбаттай миний бие 2006 онд танилцаж, өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа. Манай нөхөр Б.Ганбат нь барилгын “Вlue star” гэдэг компанитай юм.

... 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн орой нь гэртээ байхдаа Баянхонгор аймаг явна газар үзнэ гээд сэрүүлэг тавь өглөө 06 цагт явна гэж байсан. Би хэнтэй явах юм гэхэд арван жилийн ангийнхаа хүүхэд болох Н.Батболдтой бас ганц 2 хүний нэр хэлж байсан. Би тэр хүмүүсийн талаар сонсож байгаагүй танихгүй хүмүүс байсан болоод би нэрийг нь тогтоож аваагүй. Сүүлийн үед энэ найз Н.Батболдтойгоо нийлээд хамтарч юм хийнэ гээд байсан.

...Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн өглөөний 06 цаг өнгөрч байхад гэрээсээ ганцаараа гарч явсан. Ажил дээрээ очоод тэндээсээ явна гэж байсан.

Ингээд яваад Баянхонгорт байгаа талаараа зураг явуулсан байсан ч холбоо барихгүй утас нь холбогдохгүй байхаар нь гайхаад байж байсан чинь цагдаагаас залгаад болсон явдлыг хэлсэн.

Миний хувьд тод санаж байгаа нь Н.Батболд гэж найз бас тэр очих гэж байгаа газрынх нь эзэнтэй явна гэж байсан нэрийг нь би санахгүй байна. Өөр бусад ямар хүмүүстэй яаж юугаар явсан талаар нь мэдэхгүй надад хэлээгүй ямар ч байсан машинтай явж байгаа юм шиг байсан. Тэр машин нь хэний машин болох талаар нь би мэдэхгүй байна. Биедээ 91713355 гэсэн дугаартай “Samsung Note”маркийн цагаан өнгийн утастай явсан. Биедээ хэдэн төгрөгтэй явсан талаар нь надад мэдэх зүйл алга. Тодорхой хэмжээнд мөнгө төгрөг байсан байх” .

Талийгаачийн ажил явдалд нийтдээ 9305550 төгрөгийн зардал гараад байгаа.

...Талийгаачийн биедээ авч явсан “Samsung Note”маркийн утас байхгүй байгаа хуучин утас байсан. Энэ утсыг 300 000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг. /1-р хх-44-48/

Хохирогч Д.Цогтмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний бие хань Б.Ганбаттай  2006 оны 01 сард танилцаад 10 жил хамт амьдарсан. Бидний дундаас 2007 онд охин төрсөн. Маш их ухаантай сэргэлэн хүн байсан, 2008 онд “Вlue star” гэдэг барилгын компани байгуулаад захирлаар нь ажиллаж байсан. 2013 онд “Аpple town” компани байгуулж, хотхон барихаар иргэдээс захиалга авч, үйл ажиллагаа явуулж байгаад захиалгын хугацаа хэтэрсэн гээд шүүхэд дуудагдсан. Хүнд байдалд ороод үүнээсээ гарахын тулд янз бүрийн аргаар мөнгө, төгрөг олох гээд уурхай олсон гээд Баянхонгор явахаар шийдсэн юм шиг байна лээ.  2016 оны 09 сард хөдөө явах ажилтай боллоо алтны сорьц авч ирнэ гэж ярьсан. Ажлаасаа шууд явна гээд 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гарсан. Баянхонгорт ирчихлээ гээд надруу зургаа явуулж байсан. 2016 оны 09 дүгээр сарын  04-ний орой талийгаачийн утасруу нь нэлээн залгасан. Утас нь холбогдохгүй байсан. 2006 оны 09 дүгээр 05-ны орой цагдаагаас дуудаж яаралтай ир, нөхөр чинь эмнэлэгт байгаа гэсэн. Дуулаад шууд наашаа гарсан. Уулзаж амжаагүй. Охин бид хоёрын амьдралыг авч явж байсан. Байр түрээслэж амьдардаг байсан. Нас барсанд  нь үнэхээр харамсаж, гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 9325.555 төгрөгийг нэхэмжилж байна.

Гэрч Б.Түмэннасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Бөмбөгөр сумын нутагт байх “Бумбатын ам” гэх газарт ирж, өмнө нь уурхайн угаасан шорооноос дээж аваад Баянхонгор аймгийн төвд ирээд Н.Батболдын дүү гэх Б.Оюунболд гэх залуугийнд хоол идээд Улаанбаатар хот руу явахаар бензин авах гэж “Шунхлай” нэртэй шатахуун түгээх станц дээр 17-18 цагийн үед ирээд бензин хийлгэсэн. Тэгэхэд 163,000 төгрөгийн шатахуун ороод би Б.Ганбатад 163,000 төгрөг болж байна мөнгөө төл гэхэд Б.Ганбат нь мөнгө байхгүй би хотоос 600,000 төгрөгтэй гараад дуусчихлаа гэхэд нь би 600,000 төгрөгийн бензин аваагүй биз дээ яагаад мөнгөгүй болдог юм гээд буугаад ир гэхэд буугаад ирсэн. Тэгээд би 600,000 төгрөгөөр бензин хийгээгүй биз дээ чи хоёр удаа 100 гаран мянган төгрөгөөр бензин аваа биз дээ. Хэрвээ чи 600,000 төгрөгтэй гарсан бол чамд одоо 200 гаран мянган төгрөг байх ёстой тэрийгээ яасан юм гэхэд Б.Ганбат нь тэгвэл би 300 гаран мянган төгрөгтэй гарсан юм байна гэхэд Н.Батболд хажууд ирээд зогсож байгаад Б.Ганбатыг чи юу гээд солиороод байгаа юм  300 гаран мянган төгрөгтэй гарчихаад зургаан зуун мянган төгрөг зарцуулсан гээд байгаа юм уу? чи залилангийн нөхөр үү” гээд хэлэхэд Б.Ганбат нь “чи намайг яагаад хуцаад солиороод байгаа юм гээд байна” гэхэд Н.Батболд нь тэгвэл хоёулаа зодолдох уу? гээд өөдөөс нь алхахад мөн Б.Ганбат чамтай зодолдсон ч яадаг юм гээд бас өөдөөс нь алхахад Н.Батболд өөдөөс нь баруун гараараа Б.Ганбатын зүүн шанаан тус газарт нь нэг удаа цохиод авсан. Тэгэхэд Б.Ганбат тас гэдэргээ саван цементэн талбай дээр унасан би тэгэхэд нь Н.Батболдыг “боль яагаад байгаа юм” гээд Б.Ганбат дээр ирэхэд Б.Ганбат нь өндийгөөд суусан. Тэгэхэд хамраас нь их цус гарч байхаар нь би эмнэлэг оръё гээд Н.Батболдтой хамт Б.Ганбатыг өргөөд машинд суулгасан.  

...Тэгэхэд Б.Ганбат нь би машинаас бууя гээд буухад нь би машины араас цэвэр ус аваад Б.Ганбат нойлын цаас барьчихсан хамрынхаа цусыг арилгаад тонгойгоод суусан байхаар нь толгой дээрээс нь ус хийж өгсөн. Тэгэхэд Б.Ганбат өөрөө нүүрээ угааж байсан. Энэ хооронд Н.Батболд нь Б.Оюунболд гэж дүүгээ дуудсан байсан. Тэгээд Б.Ганбатыг  Н.Батболдын  дүү Б.Оюунболдын машинд суулгаад Н.Батболд, Б.Оюунболд бид гурав аваад явсан. Тэгэхэд Б.Оюунболд нь бариа засал хийлгэдэг эмнэлэг дээр ирсэн байсан.

Тэр хувийн эмнэлгийн сувилагч нь юм уу нэг эмэгтэй “манайх наад хүнийг чинь барихгүй 103 дээр оч” гэхэд  Н.Батболд нь “та хоёр Б.Ганбатыг аваад эмнэлэг явж бай би такси бариад машин дээр очоод шатахууны  тооцоо хийгээд араас чинь очъё” гээд явсан.

Би Б.Оюунболдын хамтаар шууд 103 дээр ирээд Б.Оюунболд бид хоёр Б.Ганбатын хоёр талаас нь сугадаад Б.Ганбат өөрөө алхаж эмнэлэгт орсон. Тэгээд эмчилгээ хийлгэсэн юм.

...Би шатахуун түгээх станц дээр үлдсэн хэдрүүгээ буюу жолооч Ц.Бархас ахын утасруу залгаад ярихад Н.Батболд ирээд шатахууны мөнгө олж ирнэ гээд Б.Ганбатын

утас өөрийнхөө цүнхийг аваад явсан одоо ингээд ирэх байх мөнгө төгрөг өгөөгүй байна” гэсэн би Н.Батболдын утасруу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд ирэхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-56-61 /

Гэрч Б.Амарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

2016 оны 9 сарын 03-ны өдөр Б.Түмэннасан нь над руу утсаар залгаад Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд өмнө ашигласан уурхайн угаасан шороог очиж үзээд дээж авах гэсэн юм та мэргэжлийн хүний хувьд тус болооч  гээд маргааш өглөө эрт явна шүү гэсэн.

Маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад надруу залгаад манайд ирсэн.

Би найз Ц.Ганболдтой яриад хамт явах болж, Улаанбаатар хотоос машинд зургуулаа гарч Баянхонгор аймагт ирээд шууд цааш гарч Бөмбөгөр суманд орой 23 цагийн үед очсон.  

...Машиндаа хоноод өглөө нь 10 цагийн үед цайны газарт хоол идээд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас хойшоо гарч хуучин уурхайн овоолсон шороон дээр очоод                  4 шуудайны тал шороо аваад буцаад Баянхонгор аймагт 17 цагийн үед ирсэн.

.. Шатахуун түгээх станц дээр ирээд бензин хийлгээд байх шиг байсан. Тэгээд бензинний мөнгө, төгрөг гээд байсан би нарийн сайн ойлгоогүй зүүрмэглээд сэрэхэд гэнэт эмнэлэг болоод явсан тэгтэл нэгийгээ тэвэрчихсэн байсан би халамцуу байсан болоод сайн ойлгоогүй.

..Нэг мэдэхэд талийгаач залууг нэг жижиг тэрэг ирээд аваад явсан. Тэгээд цагдаа сэргийлэх болсон миний хувьд болсон явдлыг хараагүй сүүлд нь асуухад Н.Батболд гэдэг залуу нь тэр талийгаачийг цохиж авсан гэж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-66 /

Гэрч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

....  Н.Батболд нь талийгаач Б.Ганбатыг нүүрэн тус газарт нь цохиж аваад талийгаач газарт унаж Н.Батболд, Б.Түмэннасан хоёр босгох гээд байж байгаа харагдсан. Тэгээд нөгөө хоёр Ганбатыг хоёр талаас нь сугадаад машинд суулгасан.  Тэгэхэд Б.Ганбатын хамраас цус гараад машины суудал цус болсон. Б.Ганбатыг машинд өргөж Б.Амар бид 2 хоёрын хөлөн дээгүүр хөндлөн хэвтүүлээд хаалга хаагаад Б.Түмэннасан, Н.Батболд нар цааш явсан.  

...Б.Ганбат нь хөндлөн хэвтэж байгаад гэнэт босоод  хаалга онгойлгоод идсэн хоолоороо бөөлжөөд эхэлсэн тэгснээ машинаас буугаад ганц хоёр алхаад явахад нь би араас нь очиход жолооч ирсэн би сугадаад Б.Ганбатыг замын хашлага дээр суулгасан. Тэгэхэд Б.Ганбат нь бас бөөлжөөд байсан. Энэ үед шатахуун түгээх станцын ажилтан бөөлжсөн байхыг хараад би цэвэрлэдэг юм наад хүнээ холдуул  гээд байсан жолооч яах вэ? гэхэд нь би Б.Ганбатыг аваад цааш яваад  суулгахад бас дахин бөөлжөөд байсан.

...Энэ үед Б.Түмэннасан, Н.Батболд хоёр байхгүй байж байгаад нэг харсан чинь шатахуун түгээх станцын баруун урд талд хүмүүстэй уулзаад зогсож харагдсан. Би хамт ямар хүмүүс байна гээд харсан чинь Б.Амар хажууд Н.Батболдын дүү залуу болох Б.Оюунболд ирсэн байсан. Тэгэхэд Б.Ганбат  гайгүй бөөлжөөд суугаад байснаа толгой өвдөөд байна бариад өг гэхээр нь би тэд нарт хэлье гэж бодоод тэд нар луу очих гэхэд өөдөөс Н.Батболд ирээд наадах чинь гайгүй юу? яаж байна гэхэд нь би толгой нь өвдөөд бариад өгөөч гээд байна гэхэд Н.Батболд та бариад өгөөч гэсэн би чадахгүй гэж хэлсэн чинь Н.Батболд та Б.Ганбат дээр очоод байж бай гээд нөгөө хэд рүүгээ явсан. Би буцаад Б.Ганбат дээр ирээд хамраас нь цус гараад байхаар нь цэвэрлээд байж байтал гэнэт хажууд машин хүрээд ирсэн.

... Б.Ганбатыг машинд суулгаад өөрт байсан ажлын бээлийг өгөөд хамрынх нь цус тогтохгүй байна наад бээлийгээрээ дараад яваарай гээд өгсөн. Тэр машиныг Н.Батболдын дүү барьчихсан хажууд Б.Түмэннасан суусан Б.Ганбатыг аваад тэр дөрөв явсан гэх мэдүүлэг./1-р хх-68-70  /

Гэрч Ц.Бархасдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Шунхлай нэртэй шатахуун түгээх станц дээр ирээд А-92 шатахуун хийлгэхэд нийт мөнгө нь 163,000 төгрөг болж мөнгө төлөх болоход Б.Түмэннасан нь Б.Ганбатаас мөнгөө өг гэхэд Б.Ганбат нь мөнгө дууссан гэсэн. Ер нь бол Улаанбаатар хотоос гараад бензин хийхэд Б.Ганбат нь хийж санхүүг нь барьж яваа хүн шиг байсан. Б.Түмэннасан нь юу гэсэн үг вэ нөгөө бензинний мөнгө чинь дууссан юм уу гэхэд Б.Ганбат нь машинаас буусан. Тэгэхэд Б.Түмэннасан бас машинаас буусан би мөн машинаас бууж жорлон явсан...намайг машин дээрээ ирэхэд Б.Ганбатынх нь хамраас цус гарсан байдалтай ёо ёо гээд хажууд нь Н.Батболд Б.Түмэннасан хоёр байж байсан... Би машинаа урагшлуулаад буцаад буугаад ирсэн чинь Б.Ганбат нь шатахуун түгээх станцын талбай дээр бөөлжсөн байсан.

... Б.Ганбатыг Н.Батболд, Б.Түмэннасан нар нь машинд суулгаад явсан. Ингээд Ц.Ганболд, Б.Амар бид гурав хүлээгээд байж байхад 15 минут хиртэй болоод Н.Батболд нь ганцаараа бор саарал өнгийн Соната маркийн эмэгтэй жолоочтой дотор нь хоёр жоохон хүүхэд суусан машинтай ирээд өөрийнхөө бичгийн цаасны хэмжээтэй арьсан бор цүнхийг мөн Ганбатын цагаан өнгийн гар утсыг аваад 100,000 төгрөг оллоо одоо 63,000 төгрөг олчих юм бол шатахууны  мөнгө болох гээд байна гэсэн. Б.Ганбатын талаар юу ч хэлээгүй буцаад нөгөө ирсэн таксиндаа суугаад явсан гэх  мэдүүлэг /1-р хх-73-78 /

Гэрч Б.Оюунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 9 сарын 4-ний өдөр манай аавын дүү болох Н.Батболд нь утсаар танай аймагт явж байна Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд очоод буцахдаа уулзъя, яараад байна орой боллоо гээд 19-20 цагийн үед над руу 80001350  дугаар утсаар залгаж ярьсан.

Маргааш нь буюу 2016 оны 9 сарын 05-ны өдрийн 18 цагийн үед байх 80001350 гэсэн дугаар утсаар залгаад би Баянхонгор аймаг руу орж явна гээд хэлэхээр нь би клубээс гарч гэртээ ирэхэд тэд нар ирсэн.

Н.Батболд нь “ТОҮОТА LAYD CRUISER”  100 маркийн 46-58 УНН улсын дугаартай машинтай, машиндаа зургуулаа явсан.

... Ингээд тэд нар манайд хоол идээд эртхэн явъя гээд явсан. Манай гэрт 10 гаран минут болоод гарсан. ...би клуб дээрээ байж байтал 10 минут хиртэй болоод бас нөгөө 8001350 гэсэн дугаараас залгаад Н.Батболд нь “ Шунхлай" шатахуун түгээх станц дээр байна гээд бензин тосны талаар яриад байх шиг байсан миний утас сайн сонсогдохгүй болохоор нь би одоо очлоо гээд гарсан. Намайг яваад очиход Б.Түмэннасан, Н.Батболд ах хоёр замын хажууд зогсож байсан.

... Ганбат гэж хүний толгойг бариулах гэж байгаа гээд толгойг нь бариулах шаардлагатай байна гэсэн би яагаад унасан талаар нь асуугаагүй. Тэгээд би эхлээд “Ган зүү” эмнэлгийн эмч Ж.Ганзул руу залгаад хүний толгой бариулах гэсэн юм гэхэд яасан юм цохиулсан юм уу гээд асуухад нь би толгой нь өвдөөд байгаа юм бариулах гэсэн юм гээд хэлэхэд Ж.Ганзул нь сувилагч ажил дээр байгаа очоод бариулчих гэсэн.

...”Ганзүү” эмнэлэгт ирсэн...Тэр Б.Ганбат гэж хүний хамраас нь цус гарсан толгойны ар тал, дагз хэсэгт хавдсан байдалтай нилээн зовиуртай  хальт харсан хүнд бол согтуу хүн шиг болсон байсан. Энэ хүн манайд ирэхдээ эрүүл зүгээр байсан болохоор би гайхаад байсан... “Ган зүү” эмнэлгийн сувилагч нь тэр хүнийг хараад яаралтай тусламж руу яв би барихгүй гээд бид нар эмнэлэг явсан.

...Машинаа асаагаад хөдөлсөн чинь машинд Н.Батболд ах байхгүй Б.Түмэннасан талийгаач хоёр сууж байсан би цаадах чинь хаана байна гэхэд Б.Түмэннасан нь мөнгө өгөөд ирье гээд явсан гэж байсан. ...гэх мэдүүлэг /1-р хх-81-84 /

Гэрч Г.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний бие нь 2016 оны 9 сарын 5-ны өдөр 09 цагт гараатай байсан учир өглөөний 09 цагт ажлаа авсан... “ТОҮОТА LAYD CRUISER”  100 маркийн 46-58 УНН улсын дугаартай машин ирж зогсоод банк дүүргэчих гэхээр нь би дүүргээд 163,000 төгрөг болсон тэгээд мөнгөө авах гэхэд жолоочийн хажуу талд буюу урд талд сууж байсан хүн нь хойно байгаа хүмүүстээ шатахууны мөнгөө өгөөрэй гээд хэлээд байсан. Тэгэхэд араас нь нэг хүн мөнгө байхгүй гэхэд тэр урд сууж байсан хүн нь яахаараа байдаггүй юм мөнгө төгрөг байхгүй бол хэлэхгүй яасан юм. Одоо яах юм гэж хэлээд тэр урд сууж байсан хүн машинаас буусан . Энэ хүний нэрийг сүүлд нь цагдаа нар ирээд нэрийг нь мэдсэн Түмээ буюу Б.Түмэннасан гэж байсан. Тэгэхэд машины араас хоёр хүн ар араасаа цувраад бууж ирсэн. Тэр гурван хүн хамтдаа шатахун түгээх станцын баруун урд зүг рүү буюу машины араар гараад явсан.

...Эргээд харсан чинь нөгөө гурван хүний нэг нь  газар хэвтсэн нөгөө хоёр нь хөөе яав гээд байсан. Тэр хэвтэж байсан хүнээ Б.Түмэннасан бас хамт байсан нэг хүнтэй өргөөд машиндаа оруулаад байсан.

...Тэр машинд оруулсан хүн нь машины хаалгыг онгойлгоод бөөлжөөд байхаар нь би жолоочид нь ахаа энд хүн бөөлжүүлж болохгүй би дараа нь цэвэрлэдэг юм гэж хэлээд ажлын байрандаа орсон. Тэгээд байж байхад нөгөө утсаар яриад зогсоод байсан хоёр хүн дээр цэнхэр өнгийн машин ирээд нөгөө бөөлжөөд байсан хүнээ суулгаад явсан. Тэгэхдээ Б.Түмэннасан гэж хүн нь одоохон мөнгийг чинь авч ирж өгнө санаа зоволтгүй гэсэн.

... Тэгтэл дахин нэг машин ирээд дотроос нь нөгөө эрээн өнгийн өмдтэй хар малгайтай залуу бууж ирээд машиндаа ороод буцаад нөгөө ирсэн машиндаа суугаад явсан гэх мэдүүлэг. /1-р хх-86-88 ху/

Гэрч Ц.Номинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“ Би 2016 оны 09 сарын 05-ны орой өөрийнхөө 84-77 БНХ дугаартай “Карина” маркийн машинаар 19 цагийн үед байх Баянхонгор сумын 9 дүгээр багт байх “Шунхлай” шатахуун түгээх станцаас 10000 төгрөгийн талоноор түлш авсан. Намайг шатахуун түгээх станц дээр ертөнцийн зүгээр баруун урдаас нь буюу цэргийн анги талаас ирээд зогсоход “Тоёота-Ланд” 100 маркийн машин байсан... Тэр машин нь шатахуун өгөх хэсэгт зогсоод хөдлөхгүй байсан.

Тэгэхэд түгээгч эмэгтэй  ирээд одоо энэ машин хөдөллөө гэж байсан. Тэгэхэд тэр машины хажууд гурван хүн байх шиг харагдсан. Нэгийгээ машинд түшээд суулгаж байсан гэх мэдүүлэг /1-р хх-90/

Гэрч Г.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие “Шунхлай” ХХК-ийн  Баянхонгор аймаг дахь салбарын эрхлэгчийг 2010 оны 12 сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хийж байна. Манай хоёр салбарт хяналтын камер байдаггүй гэх мэдүүлэг /1-р хх-93-94  /

Гэрч Э.Одмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний бие 2016 оны 09 сарын 05-ны өдөр таксинд явах санаатай явж байхад хар цээж өмссөн материалыг нь сайн ажиглаагүй нэг эрэгтэй хүн төв замаас суусан “Шунхлай” шатахуун түгээх станц гэж хаана байдаг юм тэнд хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд тэнд очоод машинаас цүнх авна  гэсэн.  Ингээд Тээврийн товчооны “Шунхлай” дээр ирээд “Тоёота-Ланд” 100 маркийн 46-58 УНН дугаартай машин дээр ирээд хоёр хүнтэй уулзаж байснаа машинаас барьдаг эрэгтэй хүний цагаан цааснаас арай том хэмжээтэй цүнх аваад буцаад машинд суугаад эмнэлэг ороод бууя гээд явсан. Ингээд эмнэлэг явж байтал “Их номгон” дэлгүүрийн харалдаа утсаараа нэг хүн рүү залгаж сонсож байснаа утсаа тавиад за за больчихлоо “Петровис” дээр хүргээд өгчих гээд би Онцгой байдлын урд талын “Петрови”с дээр ирсэн. Тэгэхэд надад 2000 төгрөг өгөөд буусан.. гэх мэдүүлэг  /1-р хх-96- 97/

Гэрч Ж.Ганзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 9 сарын 5-ны орой 19 цаг 23 минутад намайг гадуур ажилтай явж байхад 99025041 гэсэн дугаараас боксын холбооны Б.Оюунболд залгаад манай найз зодоон цохион хийж байгаад тархи нь хөдөлсөн юм шиг байна бариулах гэсэн юм гэж ярьсан. Тэгэхэд нь би тэг тэг манай бага эмч ажил дээрээ байгаа би гадуур ажилтай явна манай ажил дээр очоод бариулчих гээд утсаа тавьсан. Тэгээд удаагүй байхад манай бага эмч З.Цэнд-Аюуш өөрийнхөө 89874727 гэсэн дугаараас залгаад эмчээ энэ хүн чинь хүнд хүн байна толгойноос нь цус гарсан байна гэхээр нь би сувилагчаа тэгвэл чи наад хүнээ хурдан 103-руу яв гэж хэл гэж хэлсэн гэх мэдүүлэг. /1-р хх-98-100/

 Гэрч З.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний бие 2016 оны 9 сарын 5-ны өдөр ээлжтэй байсан юм....намайг өвчтөндөө бариа хийж байтал нэг хүн хаалгаар шагайгаад хүний толгой бариулах гэсэн юм эмчтэй чинь ярьсан гэхэд нь би за тэгвэл оруулаад ир гэж хэлсэн  нэг хүнийг хоёр талаас нь сугадсан байдалтай оруулаад ирсэн. Тэр хүн нь хөл дээрээ тогтож чадахгүй, явж чадахгүй, хамраас нь цус гарсан бас толгойны ар дагз хэсгээс цус гарсан байдалтай, бөөлжлөө гээд хэлж байсан. Би тэр хүнийг нь хараад наад хүн чинь яасан юм гэхэд тэр хүнийг авчирсан гурван  хүний нэг нь юмнаас унасан гэж хэлж байсан. Би тэгэхээр нь эмч Ж.Ганзул руу залгаад энэ хүн чинь хүнд хүн байна гэхэд эмч утасны цаанаас яаралтай тусламж руу аваад яв гэж хэлсэн. Яаралтай эмнэлэгт үзүүл гэж хэлсэн.  

...Би тэр хүний хойд талд нь зогсоод харахад толгойны ар дагз хэсгээс цус гарч байгаа харагдсан гэх мэдүүлэг. /1-р хх-101-103 ху /

Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2016 оны 9 сарын 5-ны өдөр 17 цагт ээлж аваад байж байхад 19 цаг өнгөрөөд 20 цаг дөхөж байсан байх би яг одоо цаг минутыг нь мэдэхгүй. Яаралтай  хуудас нээсэн уг хуудсанд цаг минут нь тодорхой байгаа байх гаднаас нэг эрэгтэйг  хоёр эрэгтэй хүн хоёр талаас нь түшсэн байдалтай орж ирсэн. Тэр бие муу хүн нь хамраас нь цус гараад сайн тогтоогүй толгойны ар дагз хэсэгт хавдсан өөрөө зовиураа хэлэхгүй хамрынхаа цусыг өөрөө арчиж байгаад  бөөлжлөө гээд байсан. Би муу хүн байна гээд яаралтайгаар тухайн өдрийн дотрын эмч С.Эрдэнэчулуун, гэмтлийн эмч Д.Ганзориг, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч М.Дуламсүрэн нарыг дуудаж үзүүлсэн. Миний хувьд монитор залгаад даралт, пүльс, амин 5 үзүүлэлтүүдийг нь үзээд судаснаас биохими, цусны ерөнхий шинжилгээнд дээж аваад байж байхад дотрын эмч С.Эрдэнэчулуун, гэмтлийн эмч Д.Ганзориг эмч нар орж ирсэн... Энэ хооронд миний хувьд хаяг тодорхойгүй биеийн байцаалт байхгүй бас тэгээд хамт явсан хоёр хүнээс нь хаяг, нэрийг нь асуусан боловч мэдэхгүй гээд байсан учир 103-н сувилагчаар дамжуулж цагдаад мэдэгдсэн.

...Тэр хүнд эмчилгээ хийж байхад гар хөл нь татаад байсан би тэгэхэд энэ хүн тархиндаа хүнд гэмтэл авч гэж бодсон мөн эмчилгээ хийгээд байхад биеийн байдал сайжирахгүй байсан. Тэгээд эрчимт рүү оруулсан  гэх мэдүүлэг. /1-р хх-106-108 /

Гэрч Д.Ганзоригийн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие 2016 оны 9 сарын 5-ны өдрийн 17 цагаас гэмтэл, мэс засал, эрчимт эмчилгээний тасагт жижүүртэй байхад хүнд хүн ирлээ гээд 103-д орж ирэхэд хүлээн авахын орон дээр ухаангүй байдалтай нэг эрэгтэй хүн байсан. Тэгэхэд нь би яаралтайгаар дотор эмч С.Эрдэнэчулуун, мэдрэлийн эмч М.Дуламсүрэн нарыг дуудаж үзүүлээд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэхээр болж эмчилгээг яаралтайгаар хийсэн. Хийсэн эмчилгээ авсан арга хэмжээ өвчтөний түүх дээр бүгд байгаа. Өвчтөн Б.Ганбатыг анх үзэхэд өвчтөний биеийн байдал маш хүнд, ухаангүй, тархины комын байдалтай хамраас нь цус гараад хатчихсан тэрийг нь сувилагч Б.Болормаа цэвэрлэсэн дагзны хэсэгт хавдартай байсныг нь би өвчтөнд тархины няцралын хүнд зэрэг гэж урьдчилсан онош тавьж эмчилгээг эхлүүлсэн бөгөөд шөнөжингөө эмчилгээг хийж маргааш нь эрчимт эмчилгээний эмчид хүлээлгэж өгөөд би өөрийн тасагтаа ажиллаж байгаад өдрийн 14 цагт буусан юм  гэх мэдүүлэг. /1-р хх-112- 113 /

Гэрч М.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 9 сарын 05-ны өдөр 103-аас жижүүр яриад яаралтай хүн үзүүлье гээд дуудахад нь очиж үзэхэд 40 гаран насны эрэгтэй хүлээн авахын орон дээр хэвтсэн байдалтай жижүүр эмч С.Эрдэнэчулуун, Д.Ганзориг сувилагч Б.Болормаа нар байсан. Намайг уг өвчтөнг үзэхэд биеийн байдал маш хүнд ухаангүй... тархины хүнд гэмтэлтэй, хүүхэн хараа өргөссөн, гэрлийн урвал байхгүй, эвэрлэгийн рефлекс сул үүссэн, үе үе гар хөл нь чичирхийлж татсан, булчингийн тонус чангарсан, шөрмөсний рефлекс өндөр үүссэн байдалтай байсан. Би үзээд жижүүр эмч Д.Ганзоригтой ярилцаад эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлэх болоод явсан гэх мэдүүлэг./1- р хх-114-115 /

Гэрч Ч.Отгондаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Болдын Ганбат гэж өвчтөн нь 2016 оны 9 сарын 5-ны орой яаралтай тусламжийн тасагт ирээд манай эрчимт эмчилгээний тасагт шилжин хэвтсэн. Миний хувьд уг өвчтөнг ирэхэд байхгүй байсан. Харин маргааш нь буюу 2016 оны 9 сарын 6-ны өглөөний 09 цагт ирэхэд манай тасагт уг өвчтөн ирсэн байсан. Учир нь 2016 оны 9 сарын 5-ны өдөр манай тасагт Д.Ганзориг эмч жижүүрт хонож байгаад уг өвчтөнг хүлээн авсан байсан. Ингээд би ээлж хүлээж аваад уг өвчтөнг 09 цаг 30 минутад үзэхэд өвчтөний биеийн байдал маш хүнд, ухаангүй, гүн комын байдалтай, хурхирсан өндөр халуурсан, байнга гар хөлөндөө таталт өгсөн, зүрх амьсгалын дутагдлын шинжүүд илэрсэн, байнга хүчил төрөгчөөр амьсгалсан сахиургүй өвчтөн байсныг үзээд өмнө хийж байсан эмчилгээн дээр нэмж эмчилгээ бичээд өвчтөнд тархины битүү гэмтлийн шинж байж болзошгүй, тархины эдийн няцралын хүнд зэрэг, тархины багана дарагдалт , ухаангүй байдлын 3,4 дүгээр зэрэг, амьсгал зүрх судасны хурц дутагдалт гэсэн онош тавиад эмийн эмчилгээг эрчимтэй үргэлжлүүлж нэмэлтээр шинжилгээ / тархины зураг, цээжний рентген зураг/ авахаар болж эмчилгээ хийж байхад өвчтөн 10 цаг 50 минутад биеийн байдал муудаж сэхээн амьдруулах арга хэмжээ аваад зохиомол амьсгалын аппаратанд авсан боловч 12 цагт зүрх амьсгал дахин зогсч сэхээн амьдруулалт хийсэн боловч үр дүн өгөхгүй 12 цаг 10 минутад нас барсан юм гэх мэдүүлэг. /1-р хх-117/

Гэрч Г.Мөнгөнсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт холбоо мэдээллийн инженерээр 2007 оны 7 сарын 1-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Тээврийн товчооны уулзвар буюу “Шунхлай” шатахуун түгээх станцын хажуугийн уулзварт байх 3 ширхэг камер нь 2016 оны 9 сарын 5-ны өдөр ажиллаагүй байсан учир нь тухайн камеруудын тэжээлийн блок 2016 оны 8 сард Баянхонгор аймагт болсон үерийн үед цахилгааны хэлбэлзлээс болж шатаж Улаанбаатар хотруу захиалж 2016 оны 9 сарын 10-ны өдөр хэвийн ажиллагаанд оруулсан учир 2016 оны 8 сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 сарын 10-ны өдрийг хүртлэх тухайн 3 тооны камерын бичлэг байхгүй хадгалагдаагүй  гэх мэдүүлэг. /1-р хх-119 /

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаар дүгнэлт: “Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт, эдийн няцрал, зүүн гарын сарвуу, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлээс гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт, эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ... гэх /1-р хх-ийн 148-149/

Сэтгэцийн шинжээчийн дүгнэлт: Н.Батболд нь сэтгэцийн ямар нэг өвчингүй.

...Н.Батболд нь сэтгэцийн хувьд дээр дурьдсан гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан. Одоогийн байдлаар Н.Батболд нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт. /1-р хх-ийн 155-156/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /1-р хх-5-06 /

-Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-7-8, 11-13, 19-22, 29-31 /

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-9-10/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл: /1-р хх-16-18 /

-Хураан авах тогтоол:/1-р хх-23-24/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 34/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 09 сарын 27-ны өдрийн 8339 дугаар биологийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 141/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 09 сарын 29-ний өдрийн 8338 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 142-143/

- Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 148-149/

-Шүүх сэтгэцийн гэм судлалын магадлагаа /1-р хх-ийн 155-156/

-Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 161-162/

-Хохирогч Д.Цогтмаагаас ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримтууд /1-р хх-ийн 198-204/

-Гэрч Б.Ганцэцэг, Б.Гантөмөр, Б.Түмэннасан, Б.Амар, Ц.Ганболд, Ц.Бархасдорж, Б.Оюунболд, Г.Бадамцэцэг, Ц.Номинцэцэг, М.Эрдэнэбат,  Г.Дэлгэрцэцэг, Э.Одмаа, Ж.Ганзул, З.Цэнд-Аюуш, Г.Даваасүрэн, Б.Болормаа, С.Эрдэнэчулуун, Д.Ганзориг, М.Дуламсүрэн, Ч.Отгондаваа, Г.Мөнгөнсүх, Д.Эрхэмбаяр, Э.Мөнхцэцэг, Н.Энхмаа нарын мэдүүлэг /1-р хх-ийн 50-127/

-Хохирогч Д.Цогтмаагийн тайлбар болон мэдүүлэг /1-р хх-ийн 44-48/,

-Талийгаач Б.Ганбатын Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд эмчлүүлж байсан өвчтөний түүх /1-р хх-ийн 207-228/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 229,232/

-Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2002 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 808 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 242-243/

-Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шүүгчийн “Тэнсэн суллах” тухай захирамжийн хуулбар /1-р хх-ийн 244-245/,

-Ялтан Н.Батболдын засрал хүмүүжлийн тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 246/

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 247-250/

-Ялтан Н.Батболдын зан байдлын тодорхойлолтын хуулбар /2-р хх-ийн 01-02/

-Улаанбаатар хотын Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын                 27-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 03-16/

-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар “Ялаас өршөөн хэтрүүлэх” тухай шүүгчийн захирамжийн хуулбар /2-р хх-ийн 17-20/

-Шүүгдэгч Н.Батболдын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 23/

-ХААН банкны Баянхонгор салбарын тодорхойлолт /2-р хх-ийн 25/

-Дансны хуулга /2-р хх-ийн 26-27/

-Капитал Банкны Баянхонгор салбарын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 701/2031 тоот албан бичиг / 2-р хх-ийн 28/

-Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1140 тоот адбан бичиг /2-р хх-ийн 29/

-Баянхонгор аймгийн автотээврийн  төвийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 116 тоот албан бичиг /2-р хх-ийн 31/

-Дархан хотын эрүүгийн шүүхийн 1989 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 42-47/

-Сэлэнгэ аймгийн Эрүүгийн шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 252 дугаар магадлалын хуулбар /2-р хх-ийн 48-49/

-Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2002 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 808 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 51-52/

-Тэнсэн суллах тухай 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /2-р хх-ийн   53-54/

-Дархан хот дахь Сум дундын шүүхийн 1994 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 188 дугаар  таслан шийдвэрлэх  тогтоолын хуулбар /2-р хх-ийн 58-59/

-Ялтан Н.Батболдын засрал хүмүүжлийн тодорхойлолтын хуулбар /2-р хх-ийн 60/

-Дархан-Уул аймаг дахь 1998 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 302 дугаар таслан шийдвэрлэх  тогтоолын хуулбар /2-р хх-ийн 65-81/ болон шүүхийн  хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримт зэргийг шинжлэн судалсан  болно.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв

Шүүгдэгч Н.Батболд нь Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 07 сарын 30-ны өдөр 302 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа болоогүй байхад дахин Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2002 оны 12 сарын 02-ны өдрийн 808 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 6 жил 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж ялгүй болох хугацаа тасарсан  байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-д заасан зүйл анги нь Өршөөл үзүүлэх тухай 2006, 2009 оны хуулиудын 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь хэсэг, 2015 онд анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3. дахь хэсэгт тус тус зааснаар өршөөлд хамааруулахгүйгээр заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д заасан ялгүй болох хугацаа өнгөрөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Батболд нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2002 оны 12 сарын 02-ны өдрийн 808 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 6 жил 07 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгүүлж 2007.10.18-ний өдөр 1 жил 24 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн сулласан боловч 2008.09.29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар дахин  ял шийтгүүлсэн нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д зааснаар ялгүй болох хугацаа тасарсан байх тул түүнийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1-т зааснаар  ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-д заасан хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн нь  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасан “урьд нь хүнд буюу онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд” гэсэн хуулийн заалтад хамаарагдаж байх тул шүүгдэгч Н.Батболдыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцов.

Шүүгдэгч Б.Батболдын  цагдан хоригдсон нэг зуун гучин хоёр  хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Хохирогч Д.Цогтмаа нь гэмт хэргийн улмаас учирсан нотлох баримтаар 9325550 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд  хэрэгт цугларсан нотлох баримтаар 8365550 төгрөгийн хохирол тогтоогдож, 1200000 төгрөгийн хохирлын талаарх нотлох баримт хуульд заасан шаардлага хангаагүй тул хэрэгсэхгүй болгож, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батболд нь гар утасны үнэ 300000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд оршуулгын  зардал  8065550 төгрөг,  нийт 8365550 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Батболдоос гаргуулж, хохирогч Д.Цогтмаад олгохоор шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Ганзүү” эмнэлэгийн камерийн бичлэг бүхий “СD” нэг ширхэгийг уг хэргийг шийдвэрлэж, хадгалах хугацаа  дуустал хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.2,  298 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

1. Шүүгдэгч Иөншөөбү овогт Норовсамбуугийн Батболдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, зааснаар шүүгдэгч Н.Батболдыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батболдыг арван  жил, зургаан сар,  арав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар шүүгдэгч Н.Батболдод оногдуулсан арван  жил, зургаан сар,  арав хоногийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй .

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч Н.Батболдын цагдан хоригдсон нэг зуун гучин хоёр  хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Батболдоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол 8365550 / найман сая  гурван зуун жаран таван мянга таван зуун тавин/  төгрөгийг  гаргуулж, хохирогч Д.Цогтмаад олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “CD” нэг ширхэгийг уг хэргийг шийдвэрлэж, хадгалах хугацаа  дуустал хэрэгт  хавсаргасугай.

8. Уг хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Н.Батболдыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсугай.       

10. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.       

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Батболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА

                      ШҮҮГЧ Н.БААСАНБАТ

                                   Д.БАТЦЭНГЭЛ