Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/03219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч Т.О нэхэмжлэлтэй

 

      Хариуцагч “Г.Б” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалингаас суутгасан 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянав.

 

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Т.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Миний бие 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Глобалбридж групп” ХХК-д хуулийн зөвлөхийн албан тушаалд Б/24 дугаартай тушаалаар томилогдож, “Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаагүй байгуулсан.

         Ингээд 2020 оны 01 дүгээр сараас Г.Б  ХХК-д шилжүүлэн ажиллуулсан бөгөөд албан ёсны шийдвэр танилцуулаагүй, ажилтантай зөвшилцсөн зүйл байхгүй Г.Б  ХХК-тай “Хөдөлмөрийн гэрээ”-г шинэчлэн байгуулаагүй.

        Мөн “Глобалбридж групп” ХХК-ийн дэд захирал Н.Басан гэж хүн хууль бус байдлаар дарамтлан, цалин буусан байхад хэд хоног өгөхгүй хаах мөн утсаар дарамталсан учраас Б.С захиралд хэлж, цалингаа авсан. Дээрх үйлдлийн талаар хуулийн байгууллагад хандаж байгаагүй.

       Энэ нөхцөл байдлын улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, ажлаа хүлээлцэж, амралтын мөнгөө аваад, ажлын 18 хоног амраад дахин ажилдаа ирээгүй. Г.Б  ХХК-ийн захирал Б.Сын хувьд намайг сүрдүүлж дарамталсан зүйлгүй.

     Иймээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалингаас суутгасан 500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

       Цалингаас суутгасан 500.000 төгрөг гаргуулахын тухайд компани ажилчдын цалингаас сар бүр 50.000 төгрөгийг хуримтлал суутгаж аваад, ажлаас гарах тохиолдолд буцаан олгодог тул нэхэмжилж байна гэжээ.

      

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Т.О 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарыг дуустал “Глобалбридж групп” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Г.Б  ХХК-д шилжин ажиллахыг зөвшөөрч ажилласан байдаг.

       “Глобалбридж групп” болон Г.Б  ХХК-иуд харилцан хамаарал бүхий компаниуд боловч гүйцэтгэх удирдлага, үйл ажиллагааны хувьд тус тусдаа бие даасан хуулийн этгээд.

        Нэхэмжлэгч Т.Оийг Г.Б  ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллах хугацаанд компанийн удирдлага Б.С болон хамт олны зүгээс ердийн ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд аливаа дарамт шахалт үзүүлэх зэрэг зохисгүй байдлаар харилцаж байгаагүй.

Харин Т.О Г.Б  ХХК-д ажиллахаасаа өмнө өмнөх компанийн удирдах ажилтан Н.Басантай маргалдан, хувийн таарамжгүй харилцаатай байсан нь өөрийнх нь тайлбараас харагдаж байна.

          Иймээс дээрх нөхцөл байдлаас нэхэмжлэгчийн зөвшилцөлгүй шилжүүлэн, хууль зөрчиж ажиллуулсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд өөрийнхөн гаргасан өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн.

          Гэхдээ өргөдөлд дурдсанчлан ажил олгогчийн саналаар ажлаас чөлөөлөөгүй гагцхүү Т.О ажлаас гарсны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах гэж байгаа тул “ажил олгогчийн санаачлагаар” гэж бичээд өгөөч гэж захирал Б.Сыг гуйсан учраас түүний хүсэлтийн дагуу тушаалыг төлөвлөж хийсэн. Энэ хоёр хүн хоёулаа шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож байна.

          Түүнчлэн Т.Оийн “ажлаа өг, өргөдлөө өг” гэж утсаар дарамталсан гэх тайлбар бодит байдалд нийцэхгүй худал зүйл юм.

Харин нэхэмжлэгч өмнөх ажил дээрх асуудлаасаа шалтгаалан “Глобалбридж ХХК-д цаашид ажиллах сонирхолгүй байгаагаа байгууллагын захиргаанд мэдэгдэж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өргөдлөө өгөөд, ажлаа хүлээлцээд, амралтаа авъя гэж хэлээд гарсныг удирдлага зөвшөөрөөд амралт олгож, амралтын мөнгийг шилжүүлээд, дахин ажилдаа ирээгүй.       

Иймээс ажлаас чөлөөлөх тушаал үндэслэлтэй, ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу гарсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

           Мөн 500.000 төгрөгийг байгууллага суутгаж авсан тул буцааж төлөхийг зөвшөөрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  

       Нэхэмжлэгч Т.О, хариуцагч Г.Б  ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалингаас суутгасан 500.000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.

     

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж өгөөч” гэсэн нэхэмжлэгчийн гуйж, бичсэн өргөдлийн дагуу ажлаас чөлөөлөх тушаал гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.     

 

        Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

        Хариуцагч, нэхэмжлэгч Т.Оийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Б/24 дугаартай тушаалаар “Глобалбридж групп” ХХК-д хуулийн зөвлөхийн албан тушаалд туршилтын хугацаагаар ажилд авч, “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаартай “Шилжүүлэн ажилд томилох тухай” тушаалаар Г.Б  ХХК-д ажиллуулсан талаар талууд маргахгүй байна.

 

       Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч “намайг “Глобалбридж групп” ХХК-ийн дэд захирал Н.Басан дарамталсан учраас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Г.Б  ХХК-ийн захирал Б.С дарамталсан зүйл байхгүй. Миний хувьд 4 сарын цалинг хэд хоног өгөөгүй учраас хүсэлт гаргаад, захирал Б.С шийдэж өгснийг, 5 дугаар сард амралтын мөнгөний хамт авсан. Ингээд амарч ирээд ажилдаа ороогүй ба ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцэж байна.

 

        2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/130 дугаартай тушаалын “Тушаах” хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 39 дүгээр зүйлийн 39.2, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлан, ажлаас чөлөөлжээ.

     

       Талуудын тайлбараас харахад, хариуцагч “нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн”, нэхэмжлэгч “ажлын талаар алдаа дутагдал гаргаагүй байхад ажлаас халсан” гэж маргаж байгаа хэдий ч 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б-116 дугаартай “Ээлжийн амралтын олговор олгох тухай” Г.Б  ХХК-ийн захирлын тушаал, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Ажил хүлээлцэх хуудас”, “Эд хөрөнгө хүлээлцсэн байдал” хүлээн авсан ажилтан Б.С, хүлээлгэн өгсөн ажилтан Т.О, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Т.Оийн  “Н.Басан дэд захирлын дарамт шахалтын улмаас ажлаасаа чөлөөлөгдөж байгаа тул ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдөл зэрэг бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн санаачлагаар хариуцагч ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

 

       Тэрээр нэхэмжлэгч “ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласнаас үзэхэд,

 

       Нэхэмжлэгч Т.О амралтын 18 хоног амраад, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа ирэх байсан боловч ажлаас халах 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тушаал гарах хүртэл ажилдаа ирээгүй мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажлаа хүлээлцсэн тухай маргаагүй, “Глобалбридж групп” ХХК-ийн захирал Н.Басан дарамталснаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгоход ажил хийх боломжгүй болсон, дарамталсан талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, үгүйсгэж нотлож чадаагүй, холбогдох хуулийн байгууллагуудад хандсан баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн хийгээгүй үйлдэлд, өөр хүний тогтоогдоогүй үйлдлийг хамаатуулсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дугээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасанчлан ажилтны өөрийн санаачлагаар “Хөлмөрийн гэрээ”-г дуусгавар болохыг зохицуулсан заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.

 

     Иймээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, 500.000 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

      Мөн нэхэмжлэгч Г.Б  ХХК-д шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг танилцуулаагүй, ажилтантай зөвшилцөөгүй, “Хөдөлмөрийн гэрээ”-г шинэчлэн байгуулаагүй гэх тайлбарыг гаргаж маргасан ба өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтан ажил үүргээ гүйцэтгэсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтантай адил байна гэж үздэг тул 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Т.О хариуцагч байгууллагын олгосон амралтын мөнгө 1.036.534 төгрөг, 5 сарын үлдэгдэл цалин 247.515 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл шилжин ирж ажиллласан компаниас сар бүр 1.300.000 төгрөгийн цалин авч байсан нь бичгийн баримтаар нотлогдож, Г.Б  ХХК-д хуулийн зөвлөхөөр шилжин ажиллах нөхцөл, тушаалыг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна гэж үзлээ.

 

      Тэрээр нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй.

     

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.850 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас цалингийн суутгал гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15.650 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн      

       115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б  ХХК-иас 500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

 

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.850 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 15.650 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           

       5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АРИУНАА