Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2020/03138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч Д.Н

 

         Нэхэмжлэгч А.Н нарын нэхэмжлэлтэй

           

         Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах ШШГГ холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н, Н.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Д.Н, Н.Т нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01690 дугаартай Шийдвэрээр “Хаан” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б ХХК ХХК болон Д.Н, Н.Тнараас 79.908.639 төгрөг гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг, хариуцагч нар эс зөвшөөрч гомдол гаргахад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 01690 дугаартай Магадлал, 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 00018 дугаартай Тогтоол гарч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

        Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.А шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж хийсэн гэж үзэж байна.

        Барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Г.Пхотхоны 103-03 тоот, Ү-2205043034 дугаарт бүртгэлтэй мөн Г.Пхотхоны 105-171 тоот, Ү-2205044409 дугаарт бүртгэлтэй Н.Т, П.Бнарын өмчлөлийн байруудыг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуудлага худалдаагаар худалдан зарж борлуулсан.

       Бидний хувьд дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

           

          1.Төлбөр төлөгч Д.Нгийн гаргасан өөрсдөө эд хөрөнгөө буюу орон сууцнуудаа худалдан зарж борлуулж төлбөрийг төлөх саналыг хүлээж аваагүй ба өөрсдөө зарж борлуулах 1 сарын хугацаа олгоогүй.

             2.Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан “Мэдэгдэл”-ийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Д.Н, Н.Тнарт өөрсдөд нь биечлэн өгөөгүй бөгөөд Д.Нгийн зээ охин Т.Сд гардуулж өгсөн.

           Энэ “Мэдэгдэл”-ийг Д.Н нэг сарын дараа хугацаа хоцорч хүлээн авсан. Н.Т, Н.Т нар байр зарагдах хүртэл мэдээгүй. Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд оролцоогүй.

            3.Дуудлага худалдаа явуулж байгаа талаар төлбөр төлөгч Д.Н, Н.Т, Н.Т нарт мөн мэдэгдээгүй.

            4.Байрны худалдан борлуулах үнийн саналыг хүлээн аваагүй.

          Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний үнийн дүн хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн, энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргаж дахин үнэлгээ гаргуулах шүүхээр шийдвэрлүүлэх, талаар хуульд заасан эрх үүргийг төлбөр төлөгч Д.Н, Н.Т, Н.Т нарт танилцуулж, эрх үүргийг тайлбарлан өгөөгүй.

          Дээрх байдлуудаас шалтгаалан зах зээлийн үнэлгээгээр Д.Н 103-03 тоот байр 80.000.000 төгрөг, Н.Тгийн 105-171 тоот байр 95.000.000 төгрөг нийлээд 175.000.000 төгрөгт үнэлэгдэн, шийдвэр гүйцэтгэлээс гаргасан хөрөнгийн үнэлгээгээр 71.000.000 төгрөг, 80.000.000 төгрөг нийт 151.000.000 төгрөгөөр үнэлэгдэх байрууд маань тус бүр 42.000.000 төгрөг, 40.000.000 төгрөгөөр үнэлэгдэж худалдан борлуулагдаж бидний эрх ашгийг ноцтой хохироож байна.

         Үүний цаана орон байр худалддаг ченжүүдтэй хуйвалдан байруудын үнийг 50 хувь унагааж үнэгүйдүүлэн дуудлага худалдаагаар оруулан өндөр үнээр борлуулан ашиг олдог нөхөд байхыг үгүйсгэх аргагүй гэж хамгийн ядуу доод түвшний арга ядсан иргэн би хардаж байна.

  Мөн Иргэний хуульд 70 хувь гэж заасан заалт байхгүй байхад 70 хувиар гэж дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна. Яагаад нэг байрыг дуудлага худалдаанд оруулж зарж болохгүй хоёуланг нь оруулсныг олйгохгүй байгаа.

          Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2015/01690 дугаартай Шийдвэрээр Д.Б ХХК ХХК, Д.Н, Н.Тогтоомаа нараас 80.453.570 төгрөгийг гаргуулж “Хаан” банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 03736 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 313 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бичигдэн ирсэн.

Нэхэмжлэгч Д.Н, Н.Т нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдаагүй гэжээ.

            1.Төлбөр төлөгч Д.Нгийн гаргасан өөрсдөө эд хөрөнгөө худалдан борлуулж төлбөрийг төлөх саналыг хүлээн аваагүй 1 сарын хугацаа олгоогүй

            2.Эд хөрөнгийн үнэлгээ тайлан дүнг танилцуулсан “Мэдэгдэл”-ийг төлбөр төлөгч Д.Н, Н.Тнарт биечлэн мэдэгдэж өгөөгүй, Д.Нгийн зээ охин Т.Сд гардуулж өгсөн байдаг бөгөөд энэ мэдэгдлийг Д.Н нэг сарын хугацаа хоцорч хүлээн авсан. Н.Т, Н.Т нар байр зарагдах хүртэл мэдээгүй, шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд оролцоогүй.

            3.Дуудпага худалдаа явуулж байгаа талаар төлбөр төлөгч Д.Н, Н.Т, Н.Т нарт мэдэгдээгүй.

            4.Байрны худалдан борлуулах үнийн саналыг хүлээн аваагүй, хөрөнгө хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргаж дахин үнэлгээ гаргуулах шүүхээр шийдвэрлүүлэх хуульд заасан эрх үүргийг төлбөр төлөгч нарт танилцуулаагүй, тайлбарлаж өгөөгүй гэжээ.

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нарт төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч бүрэн төлөөгүй тул төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Г.Пхотхоны 103-3 тоотод байрлах 57 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууц, 105 дугаар байрны 171 тоотод байрлах 57 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 225/04, 225/05 дугаартай Тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 225/05, 19280566/07-225 дугаартай Тогтоолоор хурааж, төлбөр төлөгч Д.Н, Н.Т, өмчлөгч Ц.Пүрэвдорж, Н.Т, П.Бнараас 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4/13588, 13589, 13590, 13591, 13592, 13593 дугаартай албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад үнийн саналаа ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч “Хаан” банкнаас 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр барьцаа хөрөнгөнд шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/223, 4/227 дугаартай Тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Файн-Эстимэйт” ХХК, “Мөнх-Оргил трейд” ХХК-иудыг томилж үнэлгээ тогтоолгоход 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 105-171 тоот, 57 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг 80.968.750 төгрөгөөр, 103-3 тоот, 57 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг 71.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг.

         Дээрх орон сууцнуудыг үнэлсэн үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4/16481, 16482, 16483, 16484, 16485, 16486 дугаартай “Мэдэгдэп”-ийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Д.Нд гардуулан өгч мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаанд худалдан борлуулах эрхтэй талаар мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч нараас нэг сарын хугацаанд өөрөө худалдан борлуулах хүсэлт гаргаагүй.

 Мөн төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрээс хэсэгчлэн 15.750.000 төгрөгийг төлсөн бөгөөд төлбөрийг бүрэн төлөөгүй учраас хуульд заасны дагуу барьцаа хөрөнгө болох хоёр байрыг албадан дуудпага худалдаанд оруулахад хэдэн төгрөгөөр худалдан борлуулагдах нь тодорхойгүй тул үлдэгдэл төлбөрт нэг байрыг дуудлага худалдаанд оруулах боломжгүй юм.

       Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан байгаа эхлээд 70 хувиар дуудна, борлогдохгүй бол 50 хувиар гэж.

Иймээс Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Н, Н.Т нар, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/01690 дугаартай Шийдвэр, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1697 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2019/00018 дугаартай Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдааны Тогтоолоор Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Н, Н.Т, Д.Б ХХК ХХК-иас 79.896.139 төгрөг 25 мөнгө гаргуулан, нэхэмжлэгч “Хаан” банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 12.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Г.Пхотхоны 105 дугаар байрны 171 тоот, 57 метр квадрат талбайтай, 2 өрөө, Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Г.Пхотхоны 103 дугаар байрны 03 тоот, 46.2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцууд мөн 06-74-ОРО улсын дугаартай, NE11004974 арлын дугаартай, “Nissan note” маркийн ногоон өнгийн суудлын автомашин зэрэг үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэвээр байна.

        

Тэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Г.Пхотхоны 103 дугаар байрны 03 тоот, 46.2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч Д.Н,

 

Баянгол дүүрэг, 25 дугаар Г.Пхотхоны 105 дугаар байрны 171 тоот, 57 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч Н.Т, Ц.Пүрэвдорж, П.Бнар болох нь Ү-2205044409, Ү-2205043034 дугаарт бүртгэлтэй, 000366801, 000185395 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнүүд олгогдсоноор нотлогдож байна.

       

          Нэхэмжлэгч нар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх бусад ажиллагааны талаар маргаж байна.

 

          Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 03736 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” Шүүгчийн захирамж, 00313 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 225 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Ат шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 19280566 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай Тогтоол гарчээ.

 

          Улмаар хариуцагч 2019 оны 8 дугаар сарын сарын 29-ний өдрийн 225/02, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 225/4 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж,

         

          2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 225/01, 19280566/07-225 дугаартай Тогтоолоор эд хөрөнгүүдийг хурааж,   

         

          Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талуудад үнийн саналаа ирүүлэхийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны 4/13594, 4/13588, 4/13589,4/13590,4/13591,4/13592,4/13593 дугаартай “Үнийн санал авах тухай” мэдэгдлийг хүргүүлэхэд, төлбөр төлөгч Д.Н “үл хөдлөх эд хөрөнгүүдээ “Корона” вирусийн хорио бүрэн дууссанаас хойш нэг сарын хугацаанд худалдан борлуулж бүрэн шийдвэрлэж болно гэж мэдэгдэж байна” гэсэн хүсэлтийг гаргасныг төлбөр авагч зөвшөөрөх боломжгүй талаарх албан бичиг болон үнэлгээ тогтоолгох хүсэлтээ ирүүлсэн нь бичгийн баримтаар тогтоогдож, хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй нийцэж байна.

 

          Дээрх “Мэдэгдэл”-ийн дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4/223,4/227 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол гарч, хөрөнгө үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК, “Файн эстимэйт” ХХК-иудыг шинжээчээр томилжээ.

 

        2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Шинжээч нар 56/Ш дугаартай дүгнэлтээ ирүүлж, хариуцагч, төлбөр төлөгчид 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 4/16481, 4/16482,4/16483, 4/16484,4/16485,4/16486 дугаартай “Мэдэгдэл”-ээр  Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Г.Пхотхоны 103 дугаар байрны 03 тоот, 46.2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг 80.968.750 төгрөг,

 

        Баянгол дүүрэг, 25 дугаар Г.Пхотхоны 105 дугаар байрны 171 тоот, 57 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг 71.000.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг хүргүүлсэн нь нотлогдож байна.

 

        Иймээс нэхэмжлэгч нар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хууль зөрчиж явагдсан, төлбөр төлөгч нар “Мэдэгдэл”-ийг хүлээн аваагүй тухайн үед гэрт байсан 21 настай, их сургууль төгссөн, зээ охин н.Сугармаад өгсөн байсныг хүлээн зөвшөөрөхгүй, бид нартай хамт амьдардаггүй, түр манайд ирсэн байсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зах зээлийн үнийн 70 хувиар тооцож тогтооно гэсэн заалт байхгүй” гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа мөн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Д.Нд “Эд хөрөнгө битүүмжүүлсэн Тогтоолыг мэдэгдэж, гарын үсэг зуруулан түүний зээ охин Т.Сд “Албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20261, 20260, 20266, 20265, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2 дахь дуудлага худалдаанд оруулах 2227, 22228 дугаартай Тогтоолуудыг хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасанчлан шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдснээр тогтоогдож, нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх үйл баримтуудыг үгүйсгэж баримтаар нотлож чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан, зээ охинд баримт гардуулсныг зөвшөөрөхгүй гэх тайлбараа баталсан баримтууд хэрэгт авагдаагүй ба хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     

        115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Н, Н.Т нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АРИУНАА