Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2020/03039

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч Г.О-ын нэхэмжлэлтэй

 

           Хариуцагч Н.Н-д холбогдох 21.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, гэрч Г.с, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        

          Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Миний бие иргэн Н.Нтай 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 16.000.000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл бэлнээр өгч, наториатаар баталгаажуулж зээлсэн.

         Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 16.000.000 төгрөг, хүүд 5.600.000 төгрөг нийт 21.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

        

         Хариуцагч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Анх би 2012 онд Г.Сгэдэг хүнтэй “Вьетнам” авто засварын газар нээж ажиллуулж эхэлсэн.

         Бид бие биенийхээ бизнест 20.000.000-30.000.000 төгрөгийг нэгэндээ өгч зээлдэг асуудал зөндөө байсан ба эгч дүү хоёрын харилцаатай байсан.

         Би Г.Сэгчээс мөнгө зээлээд түүнийг нь 10 сарын дотор төлж дууссан.

         Тухайн мөнгийг төлж дууссаны дараа надаас 10 хувийн хүү нэхэж эхэлсэн. Ингээд хүүд 5.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн.

         Гэтэл Г.Сараа эгч “би Г.О эгчээс 10.000.000 төгрөгийг зээлж авсан. Байнга над руу яриад байна. Миний дүү очоод гэрээ байгуулчих. Янз бүрийн асуудалд оруулахгүй. Надад өгөх үлдсэн мөнгөө Г.От өгчих гэж хэлсэн.   

        Үүний дараа арван өдрийн турш над руу байнга ярьсан. Ингээд би граш дээр очдоггүй байж байгаад очсон чинь “одоо гялс очоод гэрээ хийе, иргэний үнэмлэх чинь байна уу?” гэхэд нь “байна” гэж хэлсэн.

        Тэгээд “МТ” шатахуун түгээх станц, “Аз” хүүхдийн их дэлгүүрийн хажууд байдаг нотариат руу бид гурав хамт орсон.

         Би тухайн үед 16.000.000 төгрөгийн гэрээ гэж ойлгоогүй. 5.300.000 төгрөгийн гэрээ хийх юм байна гэж ойлгосон.

        Тэгээд “яагаад 16.000.000 төгрөг болж байгаа юм бэ?” гэж асуухад “эгч нь Г.Оээс 10.000.000 төгрөгийн зээл авсан юм. Дараа нь асуудал болохгүй” гэж Г.Сараа эгч надад хэлэхэд би түүнд нь итгэсэн.

         Тэгэхэд нотариат мөнгөө ямар байдлаар өгч байгаа юм бэ? бэлэн бол гаргаад ирээ, бэлэн биш бол ямар дансаар өгөх бэ? гэж асуухад тэр хоёр дансаар авсан гэж гарын үсгээ зураа асуудал үүсэхгүй гэсэн.

          Хажуунаас Г.О эгч дансаар өгсөн гэж бичлээ гарын үсэг зур гэхэд зурсан.

         Түүнээс хойш 2 сарын дараа ажиллуулж байсан граш дээрээ ирэхэд Г.Сэгч “н.Нараа энд барилга барих гэж байгаа юм байна,биднийг гар гэнээ” гэхэд би бүх юмаа аваад гарсан.

          3 хоногийн дараа грашид ирэхэд өөрсдөө болон Г.Сараа эгч дахиад орсон байсан бөгөөд Г.Сэгч надад хэлэхдээ “900.000 төгрөгийн түрээсийн газрыг чи одоо дахин түрээслэх юм бол 1.500.000 төгрөгөөр түрээслэ” гэж хэлсэн.

         Ингэж энэ 2 намайг нийлж байгаад гаргасныг ойлгосон.

         Түүнээс биш би Г.Оийг сайн танихгүй, бидний хооронд мөнгө, төгрөг өгч авах хэмжээний найзууд биш байсан бөгөөд надад 16.000.000 төгрөгийг өгөөгүй. Энэ талаар өөрөө ч мэдээд, надтай утсаар ярьсан тухай тэмдэглэлийг шүүхэд өгсөн.

         Г.Сараа эгчид өгөх ёстой мөнгөө Г.О рүү шилжүүлээд, бидний хоорондын тооцоо дууссан. Шилжүүлсэн мөнгөнийхөө гүйлгээний утга дээр “Г.Сараа эгчээс авсан мөнгөө төлж байна” гэж би бичиж хийсэн.

         Харин 16.000.000 төгрөгийн тухайд худлаа юм чинь гэж бодоод хаяасан байсан.

         Гэтэл намайг цагдаа дээр дуудаж, эрэн сурвалжилж байна гэхээр нь яваад очтол мөнгө нэхсэн байсан. Бараг залилан хийсэн гэж. Би яагаад ингэж байгаа талаар Г.Отэй ярьтал Г.Сараа зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа учраас ийм байдалд хүрлээ.Чамд хамаагүй зүйлдээ гэсэн.

         Одоо хүртэл энэ хоёр хамт ажиллаад, Г.О автомашин орж, гарахыг нь бичээд сууж байна. Нэгийгээ худлаа хэлж гаргачихаад, ингэж болохгүй биз дээ.

          Би л хууль хүчний байгууллага дээр очиж байна. Энэ тухай Г.О эгчийн надтай ярьсан яриан дээр бүх зүйл байгаа.

         Мөн гэрээ байгуулсны дараа намайг граш руу дагуулж яваад 16.000.000 төгрөгийг өгсөн гэж Г.Сараа хэлж байна. Тийм зүйл болоогүй. Тэгээд ч граш 16.000.000 төгрөгийг хадгалахаар газар ч биш. Байнга олон хүний хөлтэй байдаг.

       Миний хувьд мөнгө аваагүй болохоор төлөхгүй. Намайг өөрийн өгөх ёстой 5.300.000 төгрөгөө төл, эгч нь Г.От өгөх 10.000.000 төгрөгөө төлнө гэж хэлсэн. Тэрнээс биш Г.О эгч бид хоёрын хооронд 100 төгрөг өгсөн, авсан зүйл байхгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         

        Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Н.Нд холбогдуулан 21.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч “би Г.Отэй “Зээлийн гэрээ” байгуулсан үнэн. Гэхдээ энэ мөнгийг бэлнээр, дансаар алинаар нь ч аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

        Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

       

        Зохигчид 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 16.000.000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл эргэн төлөх нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан болох нь гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

        Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож, гарын үсгээ зурж, баталгаажуулсан байх тул талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дансаар хүлээн авсан. /Нарантуяа/” гэж хариуцагч гарын үсгээ зурсан талаар маргахгүй байна.

 

         Гэвч шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч “нэхэмжлэгчээс 16.000.000 төгрөгийг аваагүй. Бид хоёрын хооронд өмнө ч, одоо ч нэг ч төгрөгийн өр, авлага, бие биедээ зээлсэн мөнгө байхгүй. Тухайн үед би ийм мөнгө аваагүй зурахгүй гэхэд Г.с, Г.О хоёр зүгээр зураа, дараа нь болно гэхээр нь зурсан. Тэгэхэд нотариат мөнгөө ямар байдлаар өгч байгаа юм бэ? бэлэн бол гаргаад ирээ, бэлэн биш бол ямар дансаар өгөх бэ? гэж асуухад тэр хоёр дансаар авсан гэж гарын үсгээ зураа асуудал үүсэхгүй гэсэн. Яагаад энэ гэрээг хийсэн бэ? гэхээр би Г.сд мөнгө өгөх ёстой байсан. Г.с, Г.От мөнгө өгөх байсан. Г.Снадад өгөх мөнгөө Г.Оийн данс руу хийгээрэй гэхэд нь өгөх ёстой мөнгөө бүгдийг нь Г.От өгөөд, Г.Сараа бидний хоорондын тооцоо дууссан.Г.О намайг өөрөөс нь мөнгө аваагүй гэдгийг мэдэж байгаа. Бид хоёрын утсаар ярьсан тэмдэглэл дээр энэ тухай бий” гэх тайлбар,

 

      Гэрч Г.С“Г.О 16.000.000 төгрөгийг бэлнээр Н.Нд грашин дээр өгсөн” гэх мэдүүлэг, тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж, баримтаар нотлож чадаагүй,

 

       Мөн хавтас хэрэгт авагдсан  нэхэмжлэгч Г.Оийн “Хаан” банкны 5020-2864-22, “Г.О, Г.Снарын хамтран эзэмшдэг “Хаан” банкны 5077-1376-77 дугаартай Депозит дансны хуулгуудаар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч дансаар 16.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдоогүй,

 

        Хариуцагч Н.Н, гэрч Г.сд өгөх ёстой мөнгөө нэхэмжлэгчид өгсөн гэдгээ “Хаан” банкны 5077-1376-77 дугаартай Г.Оийн данс руу 8 удаагийн үйлдээр нийт 5.300.000 төгрөгийг “гүйлгээний утга дээрээ н.Сараагаас авсан мөнгөө төлж байгаа” гэж бичиж шилжүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөөс нь авсан зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн мөнгө гэдгийг баримтаар няцааж нотлоогүй ба дээрх мөнгийг хүлээн авснаа зөвшөөрч, 16.000.000 төгрөгийг хариуцагчид гэрээний дагуу бэлэн болон бэлэн бусаар өгсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

       Түүнчлэн талуудын хооронд ярьсан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт “Монгол улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг эдлэж, хэнийг ч хууль бусаар мөрдөн мөшгиж эрх чөлөөг хязгаарлахыг хориглохоор” заасан байх ба уг ярианы бичлэг нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, мөрдөн мөшгих үйлдлээр олсон бичлэг гэж үзээд, гагцхүү энэ эрх хуулиар байгуулагдсан байгууллага, албан тушаалтанд хадлагдаж байдаг тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

       

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр  шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн    

        115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

       1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Нд холбогдох 21.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

        

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА